2023.04.19.

Ирэх жилийн УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажил хэдийнэ эхэлжээ. Одоо эрх баригчид сонгуулийн хуулийг санаа зорилгодоо нийцүүлж найруулдаг эхний үе шат ид үргэлжилж байна. Сонгууль бүрийн өмнө тэгдэг уламжлалтай. Энэ удаад намын удирдлага, тэдний хүрээлэл УИХ руу жагсаалтаар шууд явж орохоор тооцоолжээ. Гишүүдийн тоог 152 ч юмуу болгоно. Баталгаатай нь дээр биз. Төрийн ордондоо багталцаж байвал олуулаа суугаад хэрэлдэж л байг. Харин ингэхийн тулд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Эхэндээ “Өөр аргагүй юм шиг байна” гэж алсуур цухуйлгаж байснаа хэдхэн хоногийн өмнө ард түмнээсээ санал асуух болоод явчихлаа. Нэгэнт дээдэс хүссэн тул энэ бүгд зөв зүйтэйг нотолж өгөх Үндсэн хуулийн онол, цэцийн дүгнэлт, хуулийн гаргалгаа, мэргэжлийн судлаачид, зардал мөнгө бүгд бэлэн. Сөрөг болон жижиг намуудад суудал олдох магадлал нэмэгдэх учраас дагаад намирч буй. Бид ямар санал өгөх бол ёс төдий юм.

Харин би энд олон жил бодож явсан, эсвэл саяхан толгойд орж ирсэн, мартсан байсан санаа, саналуудаасаа ганц нэгийг хэлсүгэй. Гарзтай юм биш. Зарим нь “глобал”, зарим нь гудамжинд таардаг тагны түвшний, бараг “улны” сэдэв, этгээд, марзан, эсвэл нэлээд бодож боловсруулсан байж болох.

х                             х                                х

Израил улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1967 оны 11-р сарын 22-ны 242-р тогтоолын дагуу Палестины эзлэгдсэн газар нутгаас цэргээ гаргах ёстой гэж дэлхийн улсууд хэдэн арван жилийн турш шаардсаар сүүлдээ залхсан мэт орхижээ. Израилчууд үл тоож, АНУ-аас жил тутам авдаг хэдэн тэрбум долларын цэргийн тусламж, бэлэн сойсон 100 шахам цөмийн цэнэгт хошуу хоёртоо эрдэж Палестин байтугай тэднийг дэмжсэн арабын улсуудыг хааш нь ч хөдөлгөхгүй өдий хүрсэн байна. Бүхэл бүтэн жаран өнгөрөх нь. Одоо цэргийг нь гаргаж нутгийг нь буцааж өгүүлэх саналтай хэвээрээ явдаг.

х                             х                                х

ОХУ зорилгодоо хүрсэн бол Украинд хийж буй байлдааны ажиллагаагаа бушуухан дуусгах хэрэгтэй. Оросууд хаана хүрээд зогсох, тэдний хувьд ялах, ялагдахын шалгуур юу болохыг би мэдэхгүй, гагцхүү гадаад, дотоодгүй харааж ерөөж байгаачлан энэ том гүрэн задарч бутраад том хүч чадлаа алдах юм бол Монгол Улсыг тусгаар тогтоож буй хоёр хөршийн тэнцвэр алдагдана. Бидэнд найдвартай ар тал гэж үгүй болно. Урдуур орж хамгаалах тухай бол ярилтгүй.

х                             х                                х

Хамтралын хурлаар малын саравч барих талаар хэлэлцэх гэтэл банз байхгүй тул шууд социализм байгуулах асуудал руу орлоо гэдэг шиг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатарын амьдралыг зөв зохион байгуулж, барилгажилт, газар олголт, зам, дэд бүтцийг эмхэлж цэгцэлж чадахгүй болмогцоо зөвхөн аварга том төслүүд, их наяд төгрөг, тэрбум доллароос доошоо юм ярихаа больжээ. Сүүлдээ бяр амтлагдаж “Хотын түгжрэлийг шийдэхэд их гүрнүүдийн шахалт, лобби орохыг би хувьдаа зөвшөөрөхгүй” хэмээн даналзсан байна. Монгол Улсын нийслэлийг улам ихээр түгжрүүлэх хорон санаа өвөрлөсөн их гүрнүүдийг сайхан илчиллээ.  

Нийслэлчүүд ээ, энэ хүнийг яавал газарт буулгаж үндсэн ажлыг нь хийлгэх вэ? Миний санал бол хотын даргын албан тушаалд өөр хүнийг томилж хот төлөвлөлт, барилга байшин, замын асуудлыг хариуцуулья. Надад хэд хэдэн нэр байгаа боловч энэ удаад хилийн чанадад амьдарч байгаад саяхан буцаж ирсэн иргэн Цоггэрэлийн Уянгыг нэрлэе. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ховдын засаг даргаар хаанаас ч юм нэг эмэгтэйг олоод илгээсэн шигээ одоо нийслэлийн ИТХ-д суугаа, бүгд хотын хурган дарга нарын суудлыг эзэгнэж давхар давхар куртик нөмөрсөн мануухайнууддаа намын даалгавар өгч томилуулахад яагаад болохгүй гэж?

Харин Сумъяабазарынхаа зиндааг бууруулахгүйгээр Засгийн газарт нийслэл Улаанбаатарыг төлөөлсөн сайдаар томилж оруулья. Том том яриад сууж байг. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг бол шууд хал, тэгээд ч УИХ-ын гишүүнтэйгээ үлдэх учраас уйлж дуулаад байхгүй.

х                             х                                х

Нийслэлийн түүхэн төвд үлдэж хоцорсон хамгийн үнэ цэнэтэй, гарын таван хурууг ч гүйцээхгүй хэдхэн барилгын нэг - МУИС-ийн 1-р байрыг нурааж өндөр цамхагаар солихоо аль хэдийнэ шийдчихээд энэ хавар гэнэт зарлаж ажлаа эхлүүлэх гэж байгааг хууль, дүрмийн дагуу таслан зогсоох хэрэгтэй. Бүр анхнаасаа хичээлийн ба оюутны байрууд, багш нарын орон сууцтайгаар төлөвлөж монголын ууган их сургууль ирээдүйд өргөжиж хөгжихөд хангалттай орон зай үлдээснийг Д.Лүндээжанцан, С.Нямзагд, Ц.Балхжав нарын гараар, газрын наймаагаар алга болгочихоод одоо кампус энэ тэр гэж худлаа ярихаа болиосой. Мартсанаас, их, дээд сургуулиудыг хотоос гаргана гэсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын удаа дараачийн мэдэгдлүүд хаачив?

[Үргэлжлүүлнэ]