Мэдээллийн ба мэдээллийн бус хэрэгсэл
Саяхан гадаад явж байгаад ирсэн чинь Нийгмийн толь сонинд миний “ярилцлага” гээч юм зурагтайгаа гарчихаж. “УИХ-ыг тараая” энэ тэр гээд л би жаал өвчигнөсөн болж таарав.
Лондонд өдөр тутмын долоон сонин гардаг бол Улаанбаатарт 13, Токиод арван эфэм ажилладаг бол манайд 17. Зурагтын арав гаруй төв 30 орчим программыг монгол хэлээр цацаж байна. Вэбсайтууд эрчимтэй нэвтэрч байна. Унаж босон байж сэтгүүлүүд буй болж эхлэж байна. Хүн болгон өөр өөрийн юмтай байх гэсэн нүүдэлчин аашнаас болж тооны хувьд арай л хэтэрч байгаа байх, гэхдээ энэ бол өөрийн эрсдэлээр чөлөөт өрсөлдөөнд орж байгаа учраас муу ч юм юу байхав дээ, аяндаа зах зээл зохицуулна. Голдуу санаанаасаа зохиож хүн гүтгэн нийгмийн талбарт гарч ирсэн шар хэвлэлүүд аяндаа хумигдаж эхэллээ. Мэдэхгүй юм байхгүй мөртөө мэддэг юм байхгүй мэргэжлийн бус “сэтгүүлч” гэгчид зах зээлээс шахагдаж байна. Нэг хэсэг сэтгүүлч, баармэн хоёр ажилгүй болно гэж үгүй, нэгнээс нь хөөгдөөд л түүнийгээ муулсаар нөгөөд нь очдог байсан үе ч өнгөрч мэргэжлийн хүмүүс ажлаа гардах болж эхэллээ. Мөнгөөр хүн алдаг, төрд юун түрүүн худалдагддаг ёс зүйгүй сэтгүүл зүй явуургүй л болж байна даа. Нэг л үгээр хэлэхэд мэдээллийн хэрэгслэл манайд жинхнээрээ дөрөв дахь засаглал болон хувирч байна. Дөрөв дахь засаглал гэдэг нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах хуульчлагдсан эрх мэдлүүдийг ард түмний нэрийн өмнөөс хянах нийгмийн үүргийг нь хэлж буй хэрэг. Иймээс л хэвлэл бол ардчилсан нийгмийн гол тулгуур багана мөнөөс мөн. Мэдээллийн хэрэгслэлүүд цаанаа эзэнтэй байдаг. Иймээс эзний захиалга, сонирхол орсон нь илт харагдана. Жишээ нь Өнөөдөр сонин Багабандид талтай, ТВ5 Нямдоржийг өмөөрөмтгий, ТВ9 Ерөнхийлөгчийн өмч, Өдрийн сонин болохоор түүнд дургүй, Ийгл телевиз Хойд Америкийн хөрөнгө оруулагчдыг үзэж чаддаггүй. Гэхдээ үүнд гаж юм юу байна? Бүгд зэрэгцэн оршиж байгаа болохоор хэрэглэгчийн л таашаал, сонголт, энд л ардчилалын үнэ цэн бий. Тархи угаана гэсэн үг бий, энэ нь төрийн хяналтанд буй ганц сувгаар засварласан мэдээг хүнд зориуд шахахыг л хэлж байгаа юм. Чөлөөт нийгэмд тархи угаах гэсэн ойлгол байдаггүй.
Хяналттай төр л ард түмний төр мөн. Хяналтгүй бол яадгийн жишээг ХХI зуун гарсан эхний дөрвөн жилд яруу тодоор үзүүлсэн. Тэр жилүүдэд идэж уусан, шамшигдуулсан, хууль дэгийг завхруулсан явдлын зах нь цухуйхад л жагсаалтыг нь тоолж барахгүй байна. Түүнээс гадна хяналтгүй төр нийгмийг ялзруулсан нь өдгөө идээ бээр нь тал тал тийшээ цацна. Өдгөө бид унхиагүй увайгүй төртэй боловч тэр нь юутай ч ард түмний хяналтанд байгааг манай сэтгүүлчид улам бүр тод харуулж байна. Саяханы ослын шуугиан бол үүний нэг тод жишээ. Нисдэг тэрэг алга болсныг сэтгүүлчид нөгөө “гурван өндөрлөг” гэгчээс түрүүлээд мэдчихжээ. Хариуцлагагүй гайхлууд янз бүрээр бултаж, бурууг биен рүүгээ чихэх, замхруулах гэж оролдох бүр манай сэтгүүлчид яаж ийж байгаад л үнэнийг нь уудлаад гаргаад ирнэ. Задлан шинжилгээ хийж үрэгдэгсэдийг бараг л Улаанбаатараас амьгүй гарсан шахам албан дүгнэлт гаргахаас өмнө эмч, гэрчүүдтэй уулзаж гурвын гурван хүн осгож осолдсоныг тогтоож амжив. Ер нь мэргэжлийн чадварлаг сэтгүүлчид бүхий манай мэдээллийн хэрэгслэл нийгмийг нээлттэй хяналттай болгоход голлох үүрэг гүйцэтгэж чаддаг болжээ.
Бүх юмыг мэддэг чаддаг байсан уран сайханчид маань өдгөө дагнасан төрлөөр мэргэшсэн сэтгүүлчид болж хувирлаа. Нэвтрүүлэгч Жаргалмаа, спортын тоймч Тамир, аялал хөтлөгч Бадамсамбуу, Алтай нар, залуусын нэвтрүүлгийн Өөдөө, ярилцлагын мастер Мөнхбаясгалан, Ганчимэг нар, фельтонч Цэнддоо, Өнөөдөр сонины фото сурвалжлагчид, хитийн Давааням, Үлмэдэхийн Ариунаа, интернэт мэдээний Манлай, Оюунаа нар, шар сонины Дашренчин, улс төр эдийн засгийн анализ хийдэг Алтантуяа, Отгонжаргал, Эн Ти Ви-ийн хэвлэлийн тоймч хүүхэн, Улс төрийн сонин-ы Баатархуяг, Уянга нар, олон улсын тоймч Гантулга, танайд хонодог Алтантүрүү, цэнгээнт нэвтрүүлгийн Ёолк гээд дав дээр нэрлэхэд л олон мэргэшсэн ланжгарууд буй болжээ. Сэтгүүлч гэхээр л заавал бичиж ярьж дуулж хөгжимдөж байх албагүй, энэ нь дотроо олон төрөл ангид хуваагддаг нарийн мэргэжил. Олон ургалч үзлийн дунд зах зээлд тохируулан бодлого санхүүг нь аваад явдаг, өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн менежмент хийнэ гэдэг бүр ч ярьвигтай ажил. Эн Ти Ви-ийн Гаабий, Буянбадрах нар, Өнөөдөр-ийн Балдорж, Өдрийн сонин-ы Мягмарсүрэн Форум-ын Ганболд, Зууны мэдээ-ийн бас нэг Ганболд, Оллоо-ын дахиад нэг Ганболд гээд сэтгүүл зүйн чадварлаг менежерүүд нэгэнт илт товойн гарчээ.
Уул нь аль 1999 онд Tөр өөрийн мэдээллийн хэрэгслэлтэй байж болохгүй хууль гарсан юм. Харин Үндэстнээ ёзоороор нь удирдахаар шийдсэн нэгэн хойтон жилээс нь энэ хуулийг үл тоомсорлон өөрийгөө магтуулдаг бүхэл бүтэн сүлжээ буй болгожээ. Хэдийгээр голлох мэдээлийн хэрэгслэлийг хэдэн жилийн өмнөөс олон нийтийн гэсэн статустай болгосон боловч одоо ч иргэдийн хурлын гэдэг нэрийн дор үнэ өртөг өндөртэй нийгмийн ямар ч ач холбогдолгүй хэвлэл орон нутагт угжаар оршин тогтносоор байна. Зөвхөн Улаанбаатар гэсэн нэртэй хөгийн сонинг тэжээхийн тулд жилд 120 сая төгрөг цацдаг гээд бод доо. Олон нийтийн гэгдэх болсон хэрэгслэлүүд ч мундраа хутгаж гарлаа. Ард түмнийг төлөөлсөн гэгдэх эрхмүүдийг нь төр томилоод л эхэлсэн. Бүлэглэлүүдийн хоорон дахь бөөн тэмцэл, хуйвалдаан. Гадаад бодлогыг хариуцахаар нэр дэвшигдсэн дипломатич Гомбосүрэн гуайг хорь дөнгөж гарсан пижин инглиштэй охин ялаад гараад ирэх жишээтэй. Төрийн гараар орж салмайгаад үлэг гүрвэлийн олдмол яс шиг болчихсон, нийгэмд нөлөө ч үгүй, хэрэгцээ ч үгүй нүднээс гарчихсан юмыг цуглуулга хийх гэж байгаа юм шиг эрхэндээ оруулах гэж тэгэж үхэлдэх хэрэг байдаг л юм байх даа. Мөнгө хийхээр амьтай дүр гаргаж салганадаг тэрхүү барагдашгүй өртөгтэй ёроолгүй сав ёсоороо хальж байхад замд нь саад бологсод их байх юм. Үнэндээ тэндээс сэтгүүлчид гараад явчихсан, сэтгүүлч болох замдаа орсон. Бидэнд зах зээлийн журмаар өрсөлдөн мэдээллийг үнэн зөв түргэн шуурхай хүргээд зогсохгүй мэдээлэл, мэдлэг, уран сайхан, зугаа цэнгэлийг жишгийн хэмжэнд өгдөг 30 программ байхад төрийн нэр барьж татвар төлөгчдийн мөнгийг хуурайлсан энэ салга амбан ч бас юу билээ! Ерөөсөө хэрэг байгаа юм уу!?
Францад сонгуулийн үеэр хөнддөг нэг гол сэдэв нь Төв телевиз байдаг. Барууныхан засгийн эрхэнд гарангуутаа Төв телевизийн хувьцаанаас олон нийтийн нэрийн өмнөөс Засгийн газар эзэмших хувийг 20 хувь хүртэл бууруулж хувьцаагаа зарчихдаг. Зүүнийхэн засаг авуутаа хувьцаг худалдаж аван төрийн оролцоог 50 хувь хүртэл өсгөнө. Аль нь байлаа хуулиараа Засаг алтан хувьцаагаа барьж байдаг учир бусад хувьцаа эзэмшигчид өөрийнхийгээ зарахдаа заавал төрөөс асууж зөвшөөрөл авна. Төрийн бодлого, үндэсний аюулгүй байдал гэдгээр үүнээ тайлбарладаг. Ийм жишээгээр Монгол телевиз, Монголын радиог үнэ дуудан зарж орхиё л доо. Олон нийт алтан хувьцаагаа л авна биз.. ОНҮРТ гэсэн аймаар товчлолтой энэ үлэг гүрвэл амьд үлдэх ганц шаанс нь энэ байна. Дуудлагаар зараад үнэ хүрэх юм нь үнэндээ хэдэн байшин нь шүү дээ. Заавал амьдруулах шаардлагатай юм бол ийм арга хэмжээ авах, эс бөгөөс хөөрхийг ингэж тамлаж зовоох хэрэг юун, мөрөөрөө одог л дээ. Биднийг иргэншиж соёлжиход Монгол телевиз, Монголын радио асар их үүрэг гйүцэтгэсэн. Тэгснийхээ шан гэсэн шиг үхэшгүй Кашэй болчихоод хүүхэд хөгшид айлгаад байж болохгүй шүү дээ!
2007 оны 6 дугаар сар 23
Sod-Erdene.B