76 гайхал өөрсөддөө 250 сая төгрөг авч өөрийн үзэмжээр захиран зарцуулахаар үгссэн байсныг Цэц унагаж орхив. Цэц шудрага явдал тогтоож байна гэхээсээ 250 саяыг Нямдоржоор сольж байгаа бололтой. Цэцийн гишүүд ч мах яснаас бүтсэн нүгэлт хүн, ардаа авгай хүүхэдтэй, тэд нь бусад дээдсийн эхнэрүүдэд атаархаж оройд эрүүний шөл уулгаж л байгаа биз. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авахгүй, ингэхээр хонь бүтэн хоцорч, чоно нь цадна. Тугал нь турахгүй мөртөө эх нь эцэхгүй. Цэцэн шийдвэр!

Цэцийн шийдвэр хүлээж авагдвал 20 тэрбум төгрөг сулраад ирж байга юм. Үүгээр мөн ч их юм хийж болно доо. Жишээ нь биен тамир спортыг овоо хөгжүүлж болж байна. Манай одоогийн залучуудын ихэнх нь чөлөөт цагаараа хийх юмаа олж ядаж байх шиг. Иймээс ч баар цэнгээний газраар хэсэж, тамхи архинаас авахуулаад мансууруулах бодис хүртэл хэрэглэж сурна. Компютэрийн өвчин гээч юм буй болж сураг дуулахнаа голохын аргагүй олон хүүхэд сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа аж. Монгол орны ирээдүй болсон залуусын олонхитой нь баар ресторан, компютэр тоглоомын газар таарч болно. Монголын нэг нойморын проблем бол архидалт. Нийгмийн энэ өвчинд залуу үеийн даанч дээ гэмээр олон хувь нь хамрагддаг. Биен тамир, спорт хөгжүүлснээр тэднийг архинаас бүрэн холдуулна гэж байхгүй, гэхдээ л олон залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж олимпын аваргаа байг гэхэд эрүүл саруул иргэн олныг төрүүлж болмоор.

Нийтийн биен тамир бол бас хөөрхөн хөрөнгө оруулалт шаарддаг зүйл. Монгол улс мөнгөгүйн зовлонгоос мөнгөтэйн зовлонд шилжиж байна. Мөнгийг үрэн таран хийх хамгийн амархан арга нь шууд бэлнээр нь тараах. Гэтэл хүүхдэд гэж тарааж буй нийт мөнгөний хэдэн хувь нь дотоодын архи спирт үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулагдах бол. Судлагаа хийж үзэх учиртай л юм. Мөнгө иргэдээр дамжин зах зээлийн эргэлтэнд орох нь мэдээж эдийн засгийн утгаараа сайн л даа. Гэхдээ тэр нь архи тамхи гэсэн зүйл рүү орохоор эргээд нийгмийн моралийг унагадаг, гэмт хэрэг зөрчлийг ихэсгэдэг, өвчин зовлон дагуулдаг гээд бодохоор өсөлт нь удалгүй бууралт болж хувирдагт асуудал байна.

Улаанбаатарын Орчлон хорооллын биен тамирын цогцолборыг хэрэг болгож очиж үзвээ. 2 метр гүн 25 метрийн бассэйны зэрэгцээ бага насны хүүхдэд зориулсан жижиг бассэйнтай юм. Бялдаржуулах танхимд зах зээлд гарсан бүхий л тоног төхөөрөмж өрөөтэй. Дээд давхарт нь том заал байгааг газрын теннис, гар бөмбөг, волейбол, сагсан бөмбөг тоглоход зориулж олон талын ашиглалттайгаар тохижуулжээ. Тэр том талбайд заалны хөл бөмбөг тоглосон ч болно. Гол нь цогцолбор дэлхийн стандартаар бүтээгдсэн учир ариун цэвэр, агааржуулалт тав тух байх ёстой нормоороо. Жорлон, халуун ус, саун зэрэг нь зэгсэн зэрэглэлд багтахуйц. Энэ цогцолборыг 1,3 тэрбум төгрөгөөр босгосон аж. Хувийн хэвшлийнхэн өөрсдийнхөө хөрөнгө санаачлагаар босгоод орлого олоод байгаа зүйл шүү дээ.

Өөрөөр хэлбэл 76 гайхалын хөгжим авна, мод тарина, клубын засвар хийнэ, халуун ус барина гэх мэтээр амлалтаа биелүүлж буй царай гаргахад нэхэж буй ганц жилийн мөнгөөр ийм цогцолбор 15-ийг босгох нь байна. За яахав, гурвынх нь мөнгийг ийм сайхан уужим сэтгэл гаргасанд нь уяраад өөрсөдөд нь бэлнээр нь бэлэг болгоод өгчихье. 12 цогцолбороо Улаанбаатарын дүүрэг болгонд байгуулчихвал хэдэн мянган хүүхэд залуус чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөх байр сав, тоног төхөөрөмжтэй болчиж буй нь тэр. Хойтонгийн мөнгөөр нь бусад том хотуудад ийм цогцолбор босгочихвол чухам энэ л юун түрүүн амнаасаа унагаж нэрийг нь барих дуртай АРД ТҮМЭН-д зэгсэн сайн буян болохсонж. Мөнгийг ард түмний тусын тулд зөв, ухаалаг зарцуулдаг дивтаатуудтай бол тэднийгээ үхэн үхтэл нь нэг насаар нь сонгосон ч яахав дээ.

Хүүхдэд гээд л сард 10 сая доллар тарааж буйгаар сарын 9 ийм цогцолбор босгоод байж болох нь байна шүү дээ. Халуун ус гэж баг болгонд нэг амбаар барьж нүглийн нүдийг гурилаар хуурах хэрэг байна уу. ХХI зуун гарчихаад байна шүү дээ. Улс орон гээд байгаа маань ч ер нь үнэн хэрэгтээ Улаанбаатар болоод цаана нь 20-30 хот л болчихлоо шүү дээ. Мэдээж биен тамирын хэдэн цогцолбор барьснаар улс орны хөгжлийн асуудлыг тэр чигээр нь шийдчихгүй. Энд зөвхөн мөнгийг зөв, үр ашигтай, нийтэд хүртээмжтэй зарцуулах тухай л ярьж байна.

 

2007 оны 2 дугаар сар 27