АРДЧИЛАЛ  гэдэг  үгийн утга учир, мөн чанарыг  би хувьдаа мэдэхээ байлаа. Энэ үгийн үнэ цэнэ  гэж одоо ер нь байна уу. 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаас хойшхи хорин дөрвөн жилд  монголчууд бидний айдас  түгшүүр, өлсгөлөн, цуглаан тэмцлээр олж авсан тэр ардчилал хэчнээн агуу, юутай ч үл зүйрлэх эерэг боломжуудыг бидэнд уг нь авчирч өгөв дөө. Тэр үед  сэтгэлд гийж байсан гэрэл гэгээ, хүсэл мөрөөдөл минь улам л бараантан бүүдийсээр,бухимдсаар...

Уг нь энэ хугацаанд бидний олж авсан сайн сайхан  зүйл багагүй бий л дээ. АРДЧИЛАЛ-ын үрээр өөрсдийгөө өрөөл бусадтай жишиж, хүрч болох оргил, унаж мэдэх ангалаа ч олж харах  оюуны мэлмий нээгдсэн. Эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөний болон газар нутгийнхаа баялгийн үнэ цэнэ гэж  юу болохыг хэн нэгний элдэв уриа лоозонгоор бус сэтгэл зүрхээрээ мэдэрч, үүнийгээ хэн нэгний албадлаггүйгээр илэрхийлдэг болсон болоод ч  би ийн бичиглэж байгаа юм.

Гэвч нийгэм маань өнгөн дээрээ ардчилсан мэт атлаа дотоод  ертөнцдөө  тэр чигээрээ  айдас, болгоомжлол, элдэв хуйвалдаан, улс төрийн заваан махинаци, хүндийн хүнд суртал, авилга, албан тушаал, эрх мэдэл, өмч хөрөнгийн наймааны  хар сүүдэрт  улам л бараантан булингартаж , тэр хэрээр бидний  олж авсан үнэ цэнэтэй үзэл санаа арчигдах боллоо. Миний  ойлгодгоор ардчиллын  хамгийн үнэ цэнэтэй зүйл болох  нийгэм  дэх  ШУДАРГА ЁС  улам л алслан алдарсаар байна. Харамсалтай нь ардчиллыг  Монголд  бий болгосон, болголцсон  гэж  цээжээ  дэлддэг  нөхдүүдийн гараар энэхүү  үнэ цэнэ нь арчигдаж  байгаад  дотор харанхуйлах юм.

Үүнийг улиглан үзэг цаас шүүрэхийн учир өнгөрсөн долоо хоногийн  пүрэв  гарагт болсон их хурлын чуулгантай холбогдох  юм аа.  Эл чуулганаар “давхар дээл”-ээ  тайлсан Х.Баттулгын оронд  ҮХАА-н сайдаар  Ш.Түвдэндоржийг  томилсон. Чухам  эл томилгооноос   ардчилалын хамгийн эрхэм  үнэт зүйлс  байхгүй болж байгааг  олон нийт мэдэрсэн  болов уу. Яг эндээс  өнөөгийн улстөрчдийн  үнэн царай, байгаа байдал тод харагдав.

Энд ямар нэг үзэл санаа, итгэл үнэмшлийн  талаар дурсаад ч хэрэггүй  юм. Тэр тусмаа  хүнд байх  ёстой  ёс  суртахууны  наад  захын  төлөвшил, хэм хэмжээ  томилсон, томилогдсоны  аль алинд   нь байхгүй  болохыг  бид харлаа. Эрх мэдэл, албан тушаалын төлөө ичиж  зовох  аливаа  ёс  цөм  умартагдан,  шаардлага гарвал үзэл бодол, итгэл үнэмшил, найз  нөхөд  гэдэг  юу ч биш  болж  урваж  шарваж, юугаа ч худалдаж  болдгийн  тод  жишээ  болов. Энэ улстөрчид  эрх мэдэл, албан тушаалд юутай ихээр  шунан тачаадаж байна вэ?

Х.Баттулга  бусдаасаа  илүү шудрага, мундаг нэгэн  байгаад  сайдын “давхар дээл”-ээ  тайлсан  юм  биш ээ. Тийм л байсан бол анхнаасаа  өмсөх хэрэггүй байлаа. Би өмсөхгүй ээ гэх эрх түүнд байсан. Нэгэнт  хөдөлгөсөн  галт  тэргээ  замын талдаа ороод байхад хаяад буух нь хэр оновчтой  байв даа. Хамгийн гол нь түүний  энэ  шийдвэр  нэгэнт нүүрлээд  байгаа эдийн  засаг, санхүүгийн  хямрал  дээр  засаглалын  хямрал үүсэх  эхлэлийг  тавьж  байгаагаараа  дэмий хэрэг боллоо. Яадаг  ч байсан  үлдсэн жил гаруйн хугацаагаа  дуусгаад  алдаа, оноогоо  нэг кабинетийнхантайгаа  хуваалцах  жудаг  түүнд  дутсан.  Хэрвээ  өөрийнх нь гомдоллоод  байгаа  хөрөнгө  мөнгийг нь хангалттай шийдээд өгсөн бол  “давхар дээл”-ээ  тэрбээр  тайлахгүй л байх байсан шүү дээ. Энэ нэгэнт болоод өнгөрсөн явдал.

Харин түүний оронд томилогдсон Ш. Түвдэндоржийн “давхар дээл” өмсөх  гэж яарч байгаа дүр байдал  тун ч  өрөвдөлтэй  байлаа. Ямар ч хямдхан  товарщ байж вэ. Тэр сайд болоод  үлдсэн  нэг жил гаруйн хугацаанд  Женкогийн  хийж  чадаагүйг чадаж, амжуулаагүйг амжуулна гэвэл үлгэрийн далай. Ёстой гонжийн жоо.

“Шунал тачаалыг  захирч бай. Тэгэхгүй бол тэр чамайг захирах болно ”  гэдэг үг  санагдаж байна. Уг нь мань хүн Х.Баттулга, өөрийн улс төрийн угсаа гарвалаа бодсон ч “давхар дээл”-д  алийгаа алдталаа  ийн тэчьяадах хэрэггүй  байлаа. Албан тушаалд тэмүүлэх асар их шуналаа  тэр нуухыг хүссэнгүй.

ҮХАА-н сайдаар тэрбээр ажиллаж  болно л доо. Гэхдээ  УИХ-ын  гишүүнээсээ татгалзаад  сайд болсон бол жинхэнэ эрүүл процесс  болох  байсан.  Хэрвээ  түүнээс  ийм зориг, зан суртахуун, жудаг  гарсансан  бол Монгол Улсын  Ерөнхийлөгчийн “давхар дээл”-ийг дан болгох  үзэл санаа  хийгээд  Х.Баттулгын  сайдын суудлаа  орхисон үйл явдлын аль алинтай    нийцэх, хамгийн чухал нь  зөв шударга, эрүүл тогтолцоо, ардчиллын  эрхэм  үнэт зүйлсийг  дархлаажуулсан  алхам  болох байсан билээ.

Тэрбээр улстөрийн далд  наймаагаар  өөрийгөө төдийгүй  өнөө бидэнд ус, агаар мэт хэрэгтэй, улам бүр үгүйлэгдэж  байгаа ардчиллын хамгийн үнэт зүйлсийг  худалдаж  орхисон  нь  маш  хорлонтой үр  дагавартай юм. Ийм  заваан юмнаас  л салах гэж  хориод  жил  зүтгээгүй гэж үү.

ҮХАА-н  сайдын  мэдлийн  200 гаруй тэрбум төгрөг, манай улсын эдийн засгийн өсөлтийн  ихэнхи хувь  хамаардаг, дотоодын нийт бүтээгдхүүний 24.3  хувийг эзэлдэг салбар  түүний  тэвчээрийг  шалгахдаа  тун таагүй, муухай дүр зураг  үлдээлээ.

Нэг талаас  нийгэм, улстөрд  тогтсон ханцуй доторх наймаа, элдэв  хуйвалдаан, идээ бээрийг  хагалж  шахан, эрүүлжүүлж  тунгалагшуулах  үзэл  санаанд  энэ үйл  явдал том  цохилт өглөө. Х.Баттулгын хэлснээр  түүнийг  Алтангадас  бүлэглэл, Алтанхуяг  хоёр эд  бараа шиг  худалдаад авч болно гэж  зөв  тооцоолжээ. Ш. Түвдэндорж  төдийгүй  АН-ынхан  өөрсдөө  АРДЧИЛАЛ-ын  үнэт зүйл, утга  учрыг  тоохоо больж байгаа нь  энэ томилгооноос  харагдлаа. Өөрт  ашигтай  бол  чөтгөртэй  нөхцөж, шулмастай ч явалдаж, юугаа ч  зарж, худалдаж , урваж  чадах нам, үзэл санааны ялгаралгүйгээр  нэгдсэн бүлэглэл Монголыг цаашид  хэрхэн  самарч   түйвээх бол. Хор уршгийг нь төсөөлшгүй.      Улстөрийн сонгууль  болгоны  дараа  бие биенээсээ  өшөө  хорсол, хонзон  авдаг  нам, бүлэглэл, фракцуудын  зөрчилдөөн  улс орныг туйлдуулан  хямрааж, ард  олныг  ядууруулдаг  жишиг  ийм үйл явдлаар  улам бэхждэг аюултай.   Олон олон монголчуудын сэтгэл зүрхэндээ хүсэж, мөрөөдөж, хүлээж байсан   ардчилал  энэ  биш билээ.