Бас алин брадигабуд[1] нугууд 

Бодь-ийн сэтгэлтэн нугууд дор ч 

Бишрэл байхгүй үйлдсэн нугууд 

Тэдгээр бүгдийг би наминчилмой.


Дээдийн номыг өгүүлэгч нугууд дор ч 

Бишрэл байхгүйг үйлдсэн хийгээд 

Номд ч бас биширч эс үйлдсэн 

Тэдгээр бүгдийг би наминчилмой.


Би бээр үргэлжид мэдэхгүй учраас 

Дээдийн номыг тэвчсэн хийгээд 

Эцэг эх нугууд дор эс биширсэн 

Тэдгээр бүгдийг би наминчилмой.


Тэнэг хийгээд нялхас[2] хийгээд 

Хүсэл шунал уур мунхаг болон 

Омог дээрэнгүйгээр түйтгэрлэгдэн үйлдсэн 

Тэдгээр бүгдийг би наминчилмой.


Би арван зүгийн ертөнцөд 

Арван хүчтэн бүхнийг тахих болтугай.

Би бээр арван зүгийн ертөнц бүгдийг 

Зовлон бүхнээс гаргах болтугай.


Амьтан санаанд багташгүй бүгдийг 

Арван газар нугуудад байгуулах болтугай.

Арван газар нугуудад орших болоод ч

Алин бүгдээр бурхан болох болтугай.


Хэдийг хүртэл зовлонгийн далайгаас 

Тэднийг гэтэлгэн үйлдэж чадахыг хүртэл 

Амьтан нэг бүрийн тулд ч 

Олон галавт хичээх болтугай.


Дээд Алтангэрэлт хэмээн нэрийдэх 

Үйл бүгдийг арилган үйлдэгч

Гүнзгий нугуудыг үзүүлсэн үүнийг 

Амьтан тэдгээр номлох болтугай.


Алин хэн бээр мянган галавт 

Машид барагдашгүй хилэнцийг үйлдсэн

Агшин нэгд сайтар наминчилснаар 

Тэдгээр бүгд арилах болно.


Алин бээр үйлийн түйтгэр нугуудыг 

Ашид түргэн үнэнхүү барах 

Дээд Алтангэрэлт буян номын 

Наминчилгаа эдгээрээр наминчилснаар 


Их эрдэнэ гарахын орон дээд арав 

Арван газарт орших болтугай.

Бурханы эрдмийг үзэх болтугай.

Орчлонгийн далайгаас гэтлэх болтугай.


Бурхан-далай мөрөн хийгээд 

Эрдэм-далай гүнзгий тэр

Бурханы эрдэм хязгаарлашгүйгээр 

Бүхнийг болгоож төгсгөх болтугай.


Зуун мянган самади хийгээд 

Санаанд багташгүй тогтоолууд ба 

Эрх хүч бодь-ийн гишүүнээр 

Арван хүчийн дээдэд болох болтугай.


Тааллын сэтгэлээр бурхад нугууд 

Надад нэн болгоон соёрх.

Нигүүлсэнгүй төгөлдөр сэтгэлээр 

Эндүүрлийг машид барин соёрх.


Би бээр зуун галав нугуудад 

Урьд хилэнц алинг үйлдсэн 

Тиймийн тулд би гаслангийн сэтгэл 

Харамсах хийгээд гаслан айдсаар нэрвэгдэв.


Хилэнцийн үйлнээс айж үйлдсэн 

Сэтгэл минь үргэлжид доодод болов.

Хаана хийгээд хаана одон үйлдсэн 

Би бээр алинд ч баясах байхгүй.


Бурхан бүгд нигүүлсэнгүй төгөлдөр 

Бүх амьтны аюулыг арилгаснаар 

Эндүүрлийг машид барин соёрх

Аймшиг нугуудаас намайг гэтэлгэн зохио.


Миний нисванисын үйл нугуудын 

Хирийг түүнчлэн заларсан бээр арилга.

Бурхан нугууд бээр намайг 

Нигүүлсэнгүйн усаар угаан соёрх.


Хилэнц бүгдийг наминчилж үйлдье

Урьд би бээр алин үйлдсэн ба 

Одоо би бээр хилэнцийг үйлдсэн 

Тэдгээр бүгдийг би наминчилъя.


Эндүүрч үйлдсэн үйл бүгдийг 

Дахин давтахгүй боомилж үйлдье

Хорлож би бээр алин үйлдсэн 

Хилэнц түүнийг нууж үл үйлдмүй.


Биеийн үйл гурван янз хийгээд

Хэлний үйл дөрвөн янз болон 

Бас сэтгэлийн үйл гурван янз 

Тэдгээр бүгдийг би наминчилмой.


Аливаа бие ба хэлээр үйлдсэн

Сэтгэлээр нэн санасан болон

Арван үйлүүдийг үйлдсэн нугууд 

Тэдгээр бүгдийг би наминчилмой.


Арван хар нүглийг тэвчээд

Арван буяныг шүтэж үйлдээд

Арван газарт би орших хийгээд

Арван хүчийн дээдэд болох болтугай.


Миний хилэнцийн үйл алин тэдгээр

Муу хүсэшгүй үрийг олгогч бөгөөд 

Бурханы мэлмийн өмнө суугаад

Бүгдийг сайтар наминчлан үйлдмүй.


Энэ замбуутивд алин хэн нугууд 

Өөр ертөнцийн бусад оронд ч 

Аливаа буяны үйлийг үйлдсэн 

Алин бүгдэд даган баясмой.


Бие, хэл, сэтгэлээрээ ч 

Би бээр буян алинг бүтээсэн 

Миний буяны үндэс түүгээр 

Дээд бодь-д хүрэх болтугай.


Орчлонд буурах, бадрах эглийн оюунаар 

Машид эс барагдах хилэнц алинг үйлдсэнээ 

Тэнцэшгүй арван хүчтэний мэлмийн өмнө одоод 

Тэр бүх хилэнцийг тус тусад нь наминчилъя.


Төрлийн доройтол, сансрын доройтол хийгээд 

Ертөнцийн доройтол, башир сэтгэлийн доройтол 

Биеийн явдал элдвээр буурсан зэргээр 

Би бээр хилэнц алинг хураасан түүнийг наминчилмой.


Нялхас мунхарч үйлдсэн, нисванисын доройтол ба 

Хилэнцийн нөхөр лугаа уулзсан доройтол хийгээд 

Сансрын доройтол, шуналын доройтол болон 

Уур мунхгийн харанхуйн доройтол хийгээд 


Алжаахын доройтол, цагийн доройтол хийгээд 

Буян бүтээхэд тотгор учруулахын доройтол бүхнийг 

Тэнцэшгүй ялгуусны өмнө илтэд суугаад 

Тэр бүх хилэнцийг тус тусад нь наминчилж үйлдье.


Алтан өнгөт сүмбэр уул мэт бурхан

Эрдэмийн далай адилд мөргөх болой.

Ялгуусан тэдгээр нугуудад авралыг одуулъя 

Ялгуусан тэдгээр бүгдэд магнайгаар мөргөе.


Хир үгүй алтан өнгөт алтан гэрэлт лагшин 

Хир үгүй тийн ариун биндэрьяа гишүүн мэлмий 

Бурхан наран цог алдар гарахын орон 

Нигүүлсэнгүйн гэрэл ариунаар мунхгийн харанхуйг арилгагтун.


Гишүүн машид хир үгүй машид сайн байдалт үзэсгэлэнтэй 

Бурхан наран гишүүн хир үгүй алт адилаар түгсэн 

Нисванисын галаар энэлсэн сэтгэлтэн бадарсан гал адилд 

Чадагч сарны гэрэл адилаар цэнгүүлэн зохио.


Лагшин найргийн гучин хоёр эрхтэн гишүүн үзэсгэлэнтэй 

Үлгэр найргийн сайн гишүүнээр нэн үзэсгэлэнтэй 

Цог жавхлан, буян бадран мэндэлсэн гэрлэн тороор 

Гурван ертөнцөд харанхуйн дотор нар мэт оршино.


[1]Бурханы шавь. 3-н зүйл ухаан, 6-н зүйл илт мэдэхүйд мэргэшсэн хувилгаан. Их хөлгөн номд оршсон. Үнэнхүү гэгээрэлд хүрсэн хувраг.

[2]Уур ихт, ухаан муут, арчаагүй нэгэн. Тэд бүгдээрээ шунал, муу сэтгэл, уурын мунхагт нэрвэгдсэн. Бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүглээрээ үйлийн түйтгэрт нэрвэгдсэн байдаг.