Шавхагдашгүй талбар

Амьдрал ахуйд нь хэрэгтэй элдэв багаж зэвсэг олныг бодож олоод байх онцын шаардлагагүй, дээр нь нүүдлийн амьдралд мөнөөх оюуны бүтээл нь ачаа дараа болохоос цаашгүй тул үе үеийн нүүдэлчид хамаг ур ухаанаа хувцас хунартаа шингээж иржээ. Нэгэн цагт байгалийн хатуу ширүүн нөхцөлөөс биеэ хамгаалах зорилгоор бодож олсон дээл хэмээх хувцасны эсгүүр, загвар цаг хугацааны явцад бараг төгс хэлбэрээ олсон аж. Гэхдээ угийн хээмсэг ганган, дээр нь аливааг дэгжин чамин болгож дэглэх онцгой авъяастай бидэнд монгол дээл ураа шавхаж, гараа гаргах урлалын талбар хэвээр байгаа юм.

Гоё хадгаламж


XVII зууны үеэс халх эхнэр түнтгэр босоо мөртэй дээл өмсөх болжээ. Үсээ дэрийлгэн хавчих болсноор эрдэнийн чулуун шигтгээтэй олон тооны мөнгөн хавчаар хэрэглэж эхэлсэн аж. Мөн толгойн боолт болон туйв хэмээх үсний уутанд хөрөнгө чинээнээсээ хамаараад 5-20 хүртэл мөнгө шингээдэг байсныг судлаачид тооцоолжээ. Үүнд эхнэрээ бүлтийтэл гоёх монгол эрийн хүслээс гадна түүнийг хөрөнгөө хадгалах амьд агуулах болгон ашиглах уужуу ухаан ч багтсан юм.

Этностиль


Америкчуудын дунд амьдралын хэв маяг болтлоо түгсэн Оддын дайн киноны баатар Амидала гүнжийн хувцасыг халх эхнэрийн өмсгөлөөс сэдэвлэжээ. 2011 онд Хар хунгаар Оскарын Шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн Натали Портманы үс, толгойн гоёл монгол соёлыг америкчуудад таниулсан байна. Даяаршлын эринд монголчуудыг бусдаас ялгах нэгэн зүйл нь уламжлалт хувцас дээл юм.   

Зарлигтай гоёл


XVII зуунд монголчууд Манжийн эрхшээлд орсноор олон зүйл өөрчлөгджээ. 1759 онд “Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйн бичиг” хэмээх хуулиар төрийн хувцасны заалт бүхий тусгай бүлэг оруулан мөрдүүлэх эхэлсэн байна. Эндээс монголчуудын дээл дөрвөлжин энгэртэй, ханцуйдаа нударгатай болсон аж. Загварын уг өөрчлөлт манж дээлээс улбаатай боловч манай зарим эрдэмтэн манж дээлийг Юань гүрний үеийн монгол дээлийн хуулбар гэдэг ч одоогоор нотлогдоогүй байна. 1911 онд төрийн хувцасны дээрх хуулийг өөрчилсөн ч дээлийн загварыг огт хөндөөгүй юм.

Моод


XX зууны эхэн гэхэд Хүрээ соёл нэгэнт өөрийн хэв шинжийг олсон байжээ. Малын бэлчээрт хөдөө хээр явах шаардлагагүй учир дээлийг хөнгөн нимгэн басхүү хээнцэр дэгжин урлах боломж бүрджээ. Нударгатай урт ханцуй, өргөн ороосон дурдан бүс, өндөр зах, нарийн эмжээр, мөнгөн товчтой дээл асаасан Х.Чойбалсан дэгжин шаавай харагдана. Зуун жилийн дараа дээлийн өндөр захыг Д.Дагвадорж эргүүлж сэргээсэн юм. Өмнө нь ихэс ноёдынхоо хувцасны загвар руу хязгааргүй тэмүүлэх боловч түүнийг хэзээ ч яг таг давтаж болдоггүй байсан бол өдгөө хөрөнгө чинээтэй нэгнээ монголчууд даван гарахыг хичээх болсон байна. 

Мартагдсан гоёл


Социализмын үед үндэстний үзэлтэн хэмээн адлагдаж явсан эрдэмтэн Б.Ренчинийг ардын уламжлалт соёл, утга зохиолоороо бахархах үзлээр нь дайрдаг байсан ч тэрбээр үргэлж монгол дээлтэй явдаг нэгэн байжээ. Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ гэж халагласан Б.Ринченийг нас барснаас 15 жилийн дараа монголчууд ардчилсан Үндсэн хуулиар улс төрийн эрх олж авснаас гадна язгуур соёлоороо бахархах дархтай болсон юм. Нэгэн цагт хотжин суурьших хэрээр суурьшмал иргэдийн өдрийн тутмын хэрэглээнээс шахагдсан монгол дээлээр Б.Чимид, Р.Гончигдорж нар байтугай казах үндэстэн К.Зардыхан гоёсон ч хэн ч, юу ч хэлэхээргүй цаг ирээд 20 жилийн нүүрийг үзэж байна.

Найман зуун жил


Өнгөрсөн хорин жилийн эхэнд бөхчүүд монголчуудын дээлийн өнгийг тодорхойлж байлаа. Олон зууны турш хөгжсөөр сонгодог загвараа олсон монгол дээлийн материал, эмжээр, товч зэргээр бусдыг хошуулагч Б.Бат-Эрдэнэ, Чингис хааны зургаас үлгэр авсан дээл, мөн үеийн малгай болон хожуу цагийн монгол хувцасны элемент болох сампин зангидсан оройтой малгай асаасан Н.Батбаяр хоёрын хувцсанд үнэ төдийгүй олон зууны ялгаа бий. 

Язгуурын дээл


Өнгөрсөн наадмаар зарим улстөрчдийн дээл олны анхаарал татсан юм. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Бухын толгой хэмээх газраас олдсон булшнаас гарсан дээл Монголын эзэнт гүрний үед хамаарах олдвор юм. XIII зууны язгууртны тус дээл нь түрэг дээлээс ялгарах зөв дарсан мөөрөлжин (ташуу) энгэртэй мөн энгэр, хормойдоо угалз шагласан, ханцуй нь урд тал руугаа нарийссан хийцтэй байжээ. Өдгөө энэ олдвор Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна. Уг дээл Рашид ад Дины Судрын чуулган номын чимэг зурагт дүрсэлсэн язгууртны дээлтэй олон зүйлээр, тухайлбал бэлхүүс барьсан бүчтэй бүсэлхий зэргээрээ дүйж байгаа юм. Харин үүнээс үлгэр авсан “жинхэнэ монгол” дээлээр гангарсан улстөрчид өнгөөр бус загвараар бусдыг дагуулав.

Хошуучлагч




Дээлээр гоёхыг хүсэгчид Д.Сосорбарамыг баримжаа болгох нь олонтаа. Тэрбээр XIII зууны үеийн бүсэлхий нь ширээстэй дээлийн загварыг авч энгэр болоод ханцуйг мөн ширж, товчтой болгосны дээр бариу бүсэлхийний бүчийг нь ч сампин зангидсан товчоор сольсон байна. Энэ загвар одоо бэлтэй бөгөөд бэлхүүстэй эрчүүдийн гоёо болжээ. Тухайлбал, өнгөрсөн наадмаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар энэхүү загвараар хийсэн гоёмсог дээлээр гангарсан. Урлаг соёлын одод ч бас дутсангүй. Төрийн соёрхолт дуучин Д.Болд гэхэд л ийм загвартай дээлээ Swarovski-ийн үнэт чулуугаар гоёсон түүхтэй.

Холимог


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны наадам, НҮБ-ын нэгдсэн чуулганы индэр дээр энэ дээлээр гоёсон билээ. Босоо зах, мөөрөлжин энгэр, ширээстэй ханцуй бас ширээстэй бүсэлхий дээр өргөн суран бүс зүүсэн зэрэг үе үеийн монголчуудын дээлийн загвар хийц холилдсон энэ дээлийн угалз, хээг эсгүүрийн дараа хэвлэн буулгажээ.

Ялгаа


Савхи, ноолуур, үйтэн хуар, торгон дээлээр гангардаг үе нэгэнт өнгөрч байна. Шинэ үеийнхэн даруухан мөртөө чамин, чанар сайтай солонгос болон энэтхэг даавуугаар дээлээ өнгөлдөг болжээ. Улаан дээлийг цагаан хоргойгоор эмждэг явдал шувтарч, өнгө дагуу эмжүүлдэг болсон тухай үйлчид ярилаа. Том мөнгөн товч, үйтэн хуар, хоргой эмжээр, магнаг торго зөвхөн настайчуудад шилжжээ.

Хос бол хослол


Морины зүс, дээлийн өнгөөр ижилсэн гангардаг хөдөөгийн гоёог суурин иргэншилд нэвтрүүлж буй олны танил хосууд. Ганц наадмаар ч бус цагаан сараар дээлээр ижилссэн энэ хос гэрэл зургийн дуранд өртсөнийг бүгд санаж байгаа.

Баруунжуулалт


Үйлчид хуучны загвараас сонгон авч зураачаар шинэ үлгэр гаргуулдаг аж. Түүнчлэн монгол дээлийн загварыг европ хувцасны эсгүүртэй сүлэн нийцүүлж шинэ моод гаргах нь ч бий. Сампин зангидсан товч, шилбэ бүхий тууш энгэртэй пиджакийг үндэсний маягтай гэхээс өөр үггүй. 

Давхарлага


Монголчууд хүйтнээс хамгаалах зорилгоор хувцасны гадуур давхац хувцас буюу хэвнэгийг өмсдөг байсан нь хожим хүрэм, хантааз, дах бий болох үндэс суурь болжээ. Хүрэмний энгэр нь баруун тийш зөрсөн, урт өргөн ханцуйтай, зах нь өндөр, хормой нь бүснээс ялимгүй доогуур татахаар урт байдаг бол дах нь ноолуурлаг, үслэг арьсыг гадагш харуулан хийсэн, энгэр нь зөрөхгүй тууш задгай, зах өндөр, хормой урт бас өргөн байдаг. Харин хантааз нь ханцуйгүй байдгаараа онцлог, дугуй зах, дан эмжээртэй байх нь голцуу. Гишүүн Ц.Цэнгэлийн гоёл нь дах ч биш, хантааз биш байгаагаараа онцлогтой. Үслэг мөртлөө урт ханцуй, хормойгүй, энгэр нь зөрөөгүй. Бас тэрээр дүдү хэмээдэг хуучны үеийн ороолтоор гоёжээ. Д.Арвин гишүүний хувьд хантаазны дугуй зах, дан эмжээртэй байх онцлогийг эвдсэн харагдана.

Хүрээ гоёл


Нийслэл Хүрээ үүсэн бий болсон үеэс Хүрээ хүүхнүүдийн гангараа нь олон хошмогтой, уран нарийн хийцтэй хантааз болж эхэлсэнийг Т.Ганди сайдын гоёлоос харж болно.

Урт шар дээл


Н.Багабанди нэршлийг гаргаж ирэхэд улс төрчдийн гоёлын дээл гял цалын оргилд хүрсэн юм. Н.Энхбаярын алдарт урт шар дээл алтан утастай, таван өнгөөр солонгордог улс орноо мандахын бэлгэдэл болгож хормойгоороо газар, уул, ус дүрсэлсэн гэж шуугиулж байлаа. Харин манжууд биднийг морь мал мэт үзсэний тэмдэг гэгддэг нударгыг хассан нь бошгыг халсан үеийг санагдуулна.

Хувьсал






Мөнгөн бүс, булган малгай, угалзтай монгол гутал жийсэн Н.Энхбаярын үеийнхэн. Зарим хүнд феодалоороо дуудуулж явсан нэгэн Ц.Элбэгдоржийн ерөнхийлөгчийн үетэй харьцуулан харвал дээдсийн гоёл хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болно. Улс төрчид, олны танил хүмүүсийн дээл, гутал, бүс аль болох даруухан тал руугаа хандаж байна.

С.Содбаатар Д.Батбаяр Үндэстний тойм сэтгүүл №105