Коминтерн гуай Монгол дахь ноёрхлоо дахин тогтоосон нь
Ойрмогхон МАХН-ын бага хурал боллоо. Хуралд оролцогчид болон зохион байгуулагчдын хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд МАХН-ын түүхэнд тохиосон анхны нээлттэй,
Үүнээс арваад жилийн өмнө Хятадын түрэмгийлэгчдийг хөөж гаргах санаачлага Монголын тэргүүний эх орончдоос төрж улмаар 1920 онд Нийслэл Хүрээнээ өөр өөрийн зиндаагаар гурван дугуйлан зэрэг багуулагдсан нь Ноёдын, Түшмэдийн, Ардын гэж нэрлэгдэж байлаа. Бүгд Богд хааныг хүрээлсэн ба зорилго нь харийн түрэмгийлэгчдийг хөөж гаргаад, Богд хаанаа тойрон хүрээлж шашин төрөө мандуулах нэгэн адил санаатай байв. Харин Эрхүүгийн большевикууд эднийг өөр нүдээр харж байлаа. Тэднийхээр Ардын гэх дугуйлангийнханы зорилго ард түмнийг төлөөлж нийгмийн бусад давхрагынхаа эсрэг чиглэх ёстой ажгуу. Ингээд Түшмэдийн болон Ардын дугуйланг нийлүүлж Ардын нам гэгчийг байгуулсан ба тэднийхээ цугларалтыг 1921 оны 3-р сарын 1-нд Хиагтад зохион байгуулжээ. Өдгөө зориуд шоглож байгаа юм шиг “эх орончдын өдөр” хэмээн тэмдэглэх болсон энэ өдөр тус тоглоомын байгууллага-намын гаргасан баримт бичигт Монгол улсын ирээдүйг “...алсдаа Хойд Хятад, Өмнөд Хятад, Төвд, Шинжаантай нийлж холбооны улс болно” гэж зорилт болгон тодорхойлжээ. Уг нь эдгээр эх орончид “алсдаа Хятадтай нэгдэнэ” гэж бодож байгаагүй, энэ бол Эрхүүгийн согтуу большевикуудын тулгасан бодол гэж найдахыг хүснэм. Энэ согтуучуудыг Москвагаас Коминтерн гэгч шууд удирддаг байлаа. Монголын хууль ёсны Засгийн газартай сөргүүлэн Ардын түр Засгийн газар гэгчийг Коминтерн бас байгуулж өглөө. Харин зун нь Богд хаанаа хүлээн зөвшөөрсөн зөвшлийн шинэ засаг буй болгож мөнөөх гурван дугуйлангийнхан өөр өөрийн төлөөлөгчийг багтаасан эвслийн маягийн Засгийн газар байгуулжээ.
Хоорондоо зөрчилтэй боловч өөрийн гэсэн тусгаар шашин төрөө мандуулах хүсэлтэй эл гурван бүлэглэл эцэстээ Коминтернийн урмыг хугалжээ. Ингээд Бошгыг халах залуучуудын эвлэл хэмээх коммунист хийрхүү байгууллагыг байгуулж тэдний эсрэг тухирсан нь нэлээд амжилт олж 1920 онд бөөгнөрсөн эх орончдын толгойг залгиж дуусав. Гээд залуус өөрснөө удалгүй ухаан сууж жинхэнэ эх орончид болон хувирлаа. Энэ үед өөрсдийгөө Коминтерн гэх Ренчино, Рыскулов, Амгаев нарын буриадууд МАХН-ыг багагүй шаналган түйвээж байсан хэрэг. Байнгын даралт шахалтанд тэсэхээ больсон МАХН сүүлдээ Коминтернийн үгэнд орохоо больж, эдгээр төлөөлөгчдийг нь ээлж дараалан хөөж явууллаа. 1921 онд Монголын эх орончдын хүсэл хяслаар тоглож өөрийн дэглэсэн жүжигтээ Коминтерн эцэстээ дүгнэлт өгч чадахаа болин “жижиг хөрөнгөтний хувьсгал” гэж томъёолохдоо хүрсэн юм. Явж явж Коминтерн Монголд ноёрхол тогтоож чадсан юм байхгүй шахагдах дээрээ туллаа. МАХН нь илүүтэй чөлөөт үзэл бодлын индэр болсон юм. Улс орны хөгжлийн гарц замналын асуудал нээлттэй хэлэлцүүлгээр ордог, хоорондоо ичиж нэрэлхэх айх юмгүй зөрөлцөн маргалддаг, асуудлыг илүүтэй зөвшлөөр шийддэг боллоо. Залуучуудын эвлэлийн террор хар аяндаа үгүй болсон гэсэн үг.
Хяналтаас нь улам бүр гарч бие даасан бодлого явуулах болсон МАХН нь Коминтерн гуайн толгойны ганц өвчин боллоо. Түүний тулгасан коммунист бодлогыг яавч хүлээж авахгүй, ерөнхийлөн удирдах шахалтыг нь шулуухан үгүй гэхгүй мөртөө биелүүлэхгүйгээр үл барам ар худрагаар нь бүрэн бие даах арга хэмжээг идэвхийлэн явуулах аж. Сүүлдээ цагаандаа гарч “үлгэрлэвээс Швейцари лугаа адил хөгжих” тухай тунхаглах нь тэр. Энэ бол үзэл бодлын хувьд төвийг сахиж түүний хэлсэн шаардсаныг үл хэрэгсэн дүлий дүмбэ оргино гэсэн үг. Энэ бол алсдаа дэлхийд ноёрхолоо тогтоох санаархалтай Коминтерн гуайд бараг л үхлийн цохилт болж мэдэхээр зүйл. Иймээс аль ч нээлттэй нийгэмлэгт зөвшилцөлд хүрэхийн тулд байдаг хоорондын зөрчлийг ашиглахаар шийдлээ.
1928 онд Коминтерн өөрийн дээрэмчдийн бүлгийг Улаанбаатарт илгээж десант буулгалаа. Энэ нь ерөнхийдөө тэр үед Америкт байсан цуут гангстер Аль Капони өөр хотын мафийг гартаа оруулахын тулд Чикагогоос гэнэтийн десант буулгаж алж хяддаг байсантай туйлын төстэй технологи. Коминтернийн явуулсан олон улсын дээрэмчид юун түрүүн МАХН-ын удирдлагад байсан гомдогсод, мөчөөрхөгчид, аймхайчууд, нээнтэгтэй болсон улсыг түүж нэгтгэв. Тэдэнд туслуулахаар юмны учир ойлгохгүй залуучууд хүүхдүүдийг Тверийн морин цэргийн сургууль, Москвагийн КУТВ, Улаанбаатарын намын сургуулиас цуглуулжээ. Ингээд МАХН-ын 7-р их хурал гэгчийг зарлан хуралдууллаа. 49 хоног хуралдсан энэ их хурал хараал ерөөл, ял зэмлэл, буруутгал егүүтлээр дүүрсэн юм. Туслах бүлгийн өнөө залуучууд хурлын үед үймүүлэх, хашгирах, шүгэлдэх, алга таших зэрэг ажлыг хамаандаар гүйцэтгэж байсан боловч чухам юунд орж яах гэж байгаагаа өөрснөө ч төдийлөн ойлгоогүй юм. “Хөдөөний арван гурвын фракц” гээч Коминтерн гуайн зохиосон хуурамч бүлэглэл МАХН-ын албан ёсны удирдлагыг авахаар томилогдсон байна. Тэдний тавьсан илтгэл, шаардлага зэрэг нь орос хэлээр бичигдсэн байсан нь одоо ч Улсын архивт хадгалагдаж байгаа. Гэвч Коминтерн төрийн эргэлт хийж чадсан боловч эргээд даргаар итгэж тавих хүн олж чадахгүй байсан учир бие биенээ туршиж өөрт нь эргэж матаж байх гурван хүнийг зэрэгцүүлэн дарга болгож бантагнуулжээ. Хожим эргээд Коминтерндээ алуулсан Элдэв-Очир, Гэндэн, Лхүмбэ гурав ингэж цоорон гарч ирсэн юм. Эндээс Ерөнхий сайдаар томилогдсон Жигжиджав ч тун удалгүй бөндийснийг амиа хорлосон, буу алдсан гэх мэт янз бүрээр тайлбарладаг.
МАХН-ыг самарч дахин эрхэндээ оруулсан Коминтерн дараа нь нийт Монгол орныг харин ч нэг самарсан даа. 1932 онд ард түмний зэвсэгт бослого гарч байж Монгол орон Коминтернээс арай гэж нэг салж билээ. Харин чонын амнаас гарсан Монгол улс Сталин хэмээх барын аманд орсон юм. “МАХН яасан бэ” гэж үү? Эргэлт буцалтгүй улаан коммунист бүлэг болсон. Эх орон, улс үндэстэн гэдэг асуудал үргэлж хоёр дугаарт тавигдах болж алж хядах, хэлмэгдүүлэх, цөлөх, баривчлах, гадуурхах, халах, доромжлох, хаах, хориглох, хураах, дээрэмдэх ажлаар дагнах болсон доо.
Түүхийн өндөрлөгөөс эргээд харж байхад тухайн үед МАХН хэт биеэ дааж Коминтерний эрхшээлээс нэг мөсөн мултрах гэж дэндүү чармайсан нь өөрт нь нөхөшгүй хохирол болсон мэт. Тэвчээртэй хүлээцтэй байж хохирлыг өөр дээрээ зохих хэмжээгээр аваад явж байсан бол хожим үндэстнээ тэрчигээр нь баллуулахгүй ч байсан юм бил үү? Мангас бол мангас, түүнээс тийм ч амар ганц хөнтрөлтөөр салчихдаг юм биш ажгуу.
2007 оны 8 дугаар сар 14
Зочин
Zochin