Бүжиглэгч үгүй бүжиг
Нэгэн Сүфи арш нинж хайр, баяр жаргалаар халгиж цалгиж байлаа. Тэрээр хэзээ ч Бурханд мөргөж, элдэв юм гуйж хүсдэггүй байж. Амьдрал нь бүхэлдээ талархал болж хувирсан түүнд сүм хийд рүү явж, Бурханы нэрийг давтах мэтийн үйл илүүц байжээ.
Нэгэн Сүфи арш нинж хайр, баяр жаргалаар халгиж цалгиж байлаа. Тэрээр хэзээ ч Бурханд мөргөж, элдэв юм гуйж хүсдэггүй байж. Амьдрал нь бүхэлдээ талархал болж хувирсан түүнд сүм хийд рүү явж, Бурханы нэрийг давтах мэтийн үйл илүүц байжээ. Хэн нэгэн түүнээс Бурхан байдаг эсэхийг асуусан бол тэр зүгээр л инээх байсан – Энэ инээд нь байгаа, эсвэл байхгүй гэсэн үг биш. Амьдрал ундарч халгиж байхад өөр юу хэрэгтэй юм бэ гэсэн үг.
Энэ өвөрмөц байдалд нь Бурхан хүртэл гайхаж, өөрөө түүн дээр иржээ:
- Би чамд үнэхээр их баярлаж байна. Хүмүүсийг ийм л байгаасай гэж би хүсдэг. Даанч тэд хоногийн нэг цагт нь залбирал үйлдсэн бол үлдсэн хорин гурван цагт нь түүний эсрэг бүхнийг хийж явдаг. Сүм рүү орохдоо чин ариун сүсэгтэн болсноо, сүмээс гарахдаа нөгөө их сүсэг бишрэлээ тэндээ орхичхоод, дасал болсон хорсол шунал, бохир заваан бүхэндээ эргэн шумбадаг.
Би чамайг ажаад л байлаа. Чи өөрөө залбирал болж хувирчээ. Энэ бол жинхэнэ зам мөр. Чи амьдарч, хайрлаж, халгиж байна. Бурханыг өөр юугаар нотолж чадах вэ. Үүний чинь төлөө би чамайг адислая. Надаас юу дуртайгаа хүсч болно гэхэд арш:
- Та өгөөмөр нигүүлсэнгүй ажээ. Гэвч би энэ байгаадаа л дүүрэн хангалуун байна. Өөрийг багтаах зай алга, өршөөн соёрх гэж хэлжээ.
- Би чамайг ингэх байх гэж бодсон. Тэгвэл өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө хүсч болно шүү дээ. Үй түмэн хүн үнэн талархал, баяр баясгалан гэж юу болохыг мэдэхгүй өвчин зовлонд нэрвэгдсэн байна. Би чамд ид шидийн хүч өгье. Чи тэр бүх хүмүүсийн амьдралыг өөрчилж чадна гэж Бурханыг өгүүлэхэд арш:
- Хэрэв шаардаж байгаа бол би таны бэлгийг нэг болзолтойгоор авъя гэжээ.
- Чи үнэхээр хачин хүн юм аа. Тэр болзол чинь тэгээд юу юм бэ? гэхэд
- Миний болзол: Сохор хүн хараа орж болно. Гэхдээ надаас хамаарч хараа орсон гэж тэр хүн ч, би өөрөө ч мэдэхгүй яваг. Сүүдэр минь хувхай модонд тусах төдийд тэр мод дахин амилж, цэцэг жимсээр дүүрч болох юм. Гэвч би өөрөө түүнийг мэдэх ёсгүй. Энэ болзлыг зөвшөөрч байгаа бол тааллаараа бол. Эс бөгөөс намайг урьдын гунигт ертөнц рүү чирэх хэрэггүй. “Би” гэгчийн шоронд дахиж ормооргүй байна гэжээ.
- Чи зүгээр нэг хачин хүн биш, ховрын ховор бодгаль юмсанж. Чиний хүссэн ёсоор болог. Хаа явсан газар чинь гайхамшиг биелнэ. Гэхдээ тэр бүхнийг чамайг хийсэн гэж хүмүүс мэдэхгүй, чи өөрөө ч мэдэхгүй. Би болзлыг чинь ямагт санаж байя гэж Бурхан хэлжээ.
... Боломж үргэлж бий: Хувь хүн гэгээрч, түүний баяр баясгалан, адис ивээл бүх хүн төрөлхтөнд нөлөөлнө. Гэвч энэ бүхэн чиний ар хударгаар өрнөг. Тэр тухай таамаглах ч осолтой. Таамаг төдий нь эго-г үүсгэж, чиний баяр жаргал, уярал хайрыг үгүй хийж мэднэ.
Тийм учир, миний авшигтан аврагч дүрэнд орж болохгүй. Энэ дэлхий олон аврагчдыг мэднэ, гэвч аврагдаагүй. Учир нь, тэдгээр аврагчид Сүфи арш шиг сэрэмж сэхээтэй байсангүй. Тэд өөрийн эрхгүй ид чадалдаа онгирч сагсуурч, элдэв шидээрээ эго-г тэжээж эхэлдэг. Тэгсэн хойно гайхамшиг нь гай гамшиг болж хувирдаг.
Энэ дэлхий дээрх хосгүй гайхамшиг бол бүжиг дундаа бүжигчин өөрөө алга болох. Тэгсэн хойно бүжиг чинь юу хийхээ өөрөө мэдэг. Чи хайрлах учиртай, хайран дотроо хайлах учиртай. Тэр хайр чинь юу чадахаа хийг. Чи өөрөө замхарсан учраас “Би хийж байна” гэж бодохгүй.
- Ошо “Зүрхэн судар”