Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Баялгийн хараалыг хариулж бас болно
Чили бол зэс эрдэнийн орон. Дэлхийн зэсийн нөөцийн 38 хувийг эзэмшиж, гуравны нэгийг үйлдвэрлэдэг тус улсын эд баялгийн бэлгэдэл болбоос “улаан алт” хэмээн өргөмжлөгдөх аранжин зэс болой.
Баялгийн хараалд өртсөн он жилүүд
Чили бол зэс эрдэнийн орон. Дэлхийн зэсийн нөөцийн 38 хувийг эзэмшиж, гуравны нэгийг үйлдвэрлэдэг тус улсын эд баялгийн бэлгэдэл болбоос “улаан алт” хэмээн өргөмжлөгдөх аранжин зэс болой. Зэс, молибден төдийгүй алт, мөнгө, төмрийн хүдрийн баялаг ихтэй тэдний амьдрал бүхэлдээ эрдэс баялгаас хамаарах жаргал зовлонг түмэнтээ туулж байж тогтвортой хөгжилд шилжсэн амжилтын түүх юм. Эдүгээ Чили улс төрийн тогтвортой байдал, сайн засаглал, амьдралын чанар, хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлэх орны нэг болжээ. Эдийн засгийн эрх чөлөө өндөртэй энэ улсад хөрөнгө оруулагчид байнга татагдана.
Чилид уул уурхайн баялагтаа дулдуйдсан эдийн засаг 1970- аад оны дунд үе хүртэл үргэлжилсэн бөгөөд манайх шиг экспортын орлогын 80-90 хувь нь зэсийн орлогоос хамаардаг байв. Баялгийн үнээс шалтгаалсан эдийн засаг хөөсрөх ч, хагарах ч үе олонтой. Төсвийн алдагдал ДНБ-ний 25 хувьд хүрч, хөөрөгдсөн инфляц жолоогоо алдан 1000 дахин нэмэгдэн гаарч байсан цаг бий, тэдэнд. Энэ тухайгаа тэд “нартайд бялуурч, бороотойд хонхолзож амьдардаг байсан он жилүүд” хэмээн егөөдөн хэлдэг.
Зэсээс хамаарах эдийн засгийн савалгаанд иргэдийн сэтгэлзүй ч дасан баялгийн үнэ зах зээлд нэмэгдэх нартай өдрүүдийг хүлээх хандлага бий болов. “За жаахан тэсчихвэл удахгүй зэсийн үнэ нэмэгдэж амьдрал сайжирна” хэмээн сэтгэлзүйн залхууралд орно. Бороотой өдрүүдийн борог амьдрал эхлэхэд гарц хайн эрсдэл хийхийн оронд зээл аван бэлэнчилж, эдийн засгийн мөчлөг эргэхийг хүлээн гэртээ гэдэс алдахгүй хэвтэхийг чармайх болж гэнэ. Ийнхүү байгалийн баялагтай орны ард иргэд тархиа ажиллуулан, биеэ шавхах сонирхолгүй болж, зээл дамнан амьдарч эхэлдэг нь баялгийн хараалын тахал мэт аюул болой.
Мэдлэгт тулгуурласан эдийн засаг төрөлжинө
1970 оны дундаас Чилид төрөөс үнэ тогтоодог төвлөрсөн эдийн засгийн тогтолцоог халж, чөлөөт зах зээлийн зохицуулалт руу шилжих алхамуудаа эхэлжээ. Тэд эдийн засгаа төрөлжүүлэн эрдэс баялгаас бусад бүх төрлийн бүтээгдэхүүнийг уламжлалт бус хэмээн нэрлэх болов. Уламжлалт бус экспортийн бүтээгдэхүүн болох хулд, яргай загас, гахайн мах, дарс, жимс, мод, модон бүтээгдэхүүний экспортод эргэлт гаргахын тулд эрэл хайгуул хийж эхэлсэн бөгөөд судалгаа шинжилгээний байгууллагууддаа хөрөнгө оруулан шинэ бүтээлийг хөхиүлэн дэмжих бодлого баримтлав. Чухам энэ үеэс үр шимийг нь хэдэн арван жилдээ хүртэх инновацийн шинэчлэл амьдралд бодитой нэвтэрч эхэлсэн гэнэ. Тухайлбал: Өнөөдөр Чили хулд загасны худалдаагаар дэлхийд удаалж байна. Хулд загасыг нутагшуулахад “Чилийн сан” онцгой гавьяа байгуулсан хэмээн үнэлэгддэг. Тус сан бол экспортийн бүтээгдэхүүний санааг олох, инноваци технологи нэвтрүүлэн нутагшуулах талдаа домог болсон байгууллага. Тэдний түүх ч бахархам. Хулд загас үржүүлэх бүтэлгүй туршилт арваад жил үргэлжилсэн ч чиличүүд бууж өгөөгүй бөгөөд олон удаагийн алдагдлын дараа сэрүүн цаг агаар, далайтай хил залгаа газарзүйн тогтоц талаасаа ижил төстэй Норвегийн туршлагыг амжилттай нутагшуулжээ. 1980 оны эхээр 36 загасны аж ахуй энэхүү бизнесийг эрсдэл хүлээн зориглон эхлүүлсэн ба эхний жил 1200 тонн загас худалдаалсан бол дараагийн жилд 2100 болтлоо нэмэгдсэн аж. Тус улс 1985-1986 онуудад хулд загасны экспортоор нэг сая ам.доллар олж чадсан бол 1991 онд 159 сая ам.доллар болон өсчээ. Харин одоо нийт 70 гаруй оронд хулд загасыг нийлүүлж, жилд тэрбум ам.долларын ашиг олж байгаа нь зэсийн дараах том экспорт болжээ.
Бас нэг сайхан жишээ бол Чили модны экспортоороо тэргүүлэх орон болсон тухай юм. Хэдийгээр тэнд ой мод тарчигхан ч цаг агаар болон хөрсний давуу талдаа түшиглэн богино хугацаанд ургадаг нарс модыг ихээр үрслүүлэх болов. Төрөөс модны аж ахуй эрхлэгч нарыг урамшуулан гарааны зардлын 70 хүртэл хувийн зээлийг бэлэн мөнгөөр олгох шийдвэр гаргасан нь модны бизнесийг ийнхүү цэцэглүүлжээ.
Чили Улс шинжлэх ухаанд хөрөнгө оруулсаныхаа үр дүнд жимсний экпортлогч орон болсон. Нэрс бол Чилийн нэрийн хуудас болсон жимс. Жилдээ 100 гаруй тонн нэрсийг АНУ-д экспортолж 400 сая ам.долларын орлого олдог байна. Түүнчлэн тэдний интоорын амтанд хятадууд нугасгүй дуртай тул хуу хамаад авчихдаг гэнэ билээ.
Засгийн газраас дэлхийн зах зээлтэй интеграцид орохын тулд “түрэмгийлэх” стратеги хэрэгжүүлэн олон оронтой чөлөөт худалдааны гэрээ байгуулж, үнэ тарифийг бууруулан бүтээгдэхүүндээ шинэ зах зээл нээж өгсөөр байна. Чили Улс одоогийн байдлаар 57 оронтой чөлөөт худалдааны гэрээ байгуулаад байна. Өөрөөр хэлбэл дэлхийн ДНБ-ний 86 хувийг үйлдвэрлэгч нартай шууд худалдаа эрхлэх болжээ. Тухайлбал: 2006 оноос АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар хэдхэн жилийн дотор экспорт нь хоёр дахин нугарч есөн тэрбум ам.долларт хүрсэн гэдэг. Хятадтай чөлөөт худалдааны гэрээ мөн онд байгуулснаар 2007 онд 4.9 тэрбум байсан экспорт 9.6 тэрбум улмаар 2009 онд 11.5 тэрбум ам.доллар хүртлээ өссөн байна.
Баялгийн хараалыг хариулж бас болно
2004 онд эдийн засгийн тааламжтай мөчлөг эргэн ирж зэсийн үнэ урьд хожид байгаагүй ихээр өсөв. Баялгийн үнэ гэнэт өсөх нь эдийн засгийн тогтвортой байдлыг урт хугацаандаа алдагдуулах аюултайг бүгд мэдэх болжээ. Эрдэс баялгийн орлого бол гэнэтийн олзтой адил. Энэ орлого үйлдвэр, үйлчилгээний салбаруудаар дамжин өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээс тэс өөр. Гэнэт олдсон их мөнгийг шингээх чадамжгүйгээс эдийн засаг бялуурдаг. Байгалийн түүхий эдийн олборлолтын орлого бол бүтээмжит мөнгөний агуулга багатай гэдгийг ойлгосон засгийн газар энэ удаад үрэлгэн хандсангүй. Өмнөх гашуун туршлагадаа тулгуурлан нартай өдрүүдийн илүүдэл мөнгөө хуримтлуулж, бороотой өдрүүдэд хэрэглэх зарчмаар эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангах шийдвэр гаргажээ. Тэд бүр 1985 оноос төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зэсийн орлогоос “Тогтворжуулалтын сан” байгуулж, мөнгөн сангийн хуримтлалыг бүрдүүлсэн нь тэдний давуу тал байв. Энэхүү давуу талдаа тулгуурлан “Нийгэм эдийн засгийг тогтворжуулах сан” буюу баялгийн санг 14 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр 2006 онд байгуулсан түүхтэй. Баялгийн сан бол улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн баталгаа бөгөөд ирээдүйн үр хүүхэддээ өвлүүлэх өв хөрөнгө мөн. Байгалийн баялгийн орлого бөөнөөр орох үед үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларч, эдийн засаг хөөсрөх аюултай тул орлогын 30 хүртэл хувийг хураан хуримтлал үүсгэх нь энэ сангийн зорилго юм. Түүнчлэн хуримтлалаа юунд зарцуулахаа ч нарийн тооцож хуульчилжээ. Тус сангаас бэлэн мөнгө нийтэд тараах, нийгмийн халамж үзүүлэх, төсвийн гадуур хөрөнгө оруулалт хийх, урсгал зарлага гаргахыг хатуу хориглосон байна. Харин энэхүү сангийн хөрөнгөнөөс инновацийн сан байгуулж, шинэ санаачилга, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх, түүнчлэн хүний хөгжилд хөрөнгө оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл байгалийн баялгийн үр шимийг өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, мэдлэгт суурилсан эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх алсын хараагаа ийнхүү тодорхойлжээ.
Өнөөдөр Чили улс төсөв боловсруулахдаа эрдэс баялгийн бус төсвийн горим руу шилжих болжээ. Яг л зэсгүй юм шиг, молибденгүй юм шиг сэтгэж төсвөө зохиохыг чармайх болов. Байгалийн баялагт найдах сэтгэлзүйн хамаарлаасаа ийнхүү салсан цагт л баялгийн хараалыг бүрэн хариулж чаддаг гэнэ.
Монгол Улс ч гэсэн Чилийн туршлагыг нутагшуулан “Баялгийн сан” байгуулж “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг батлаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Уул уурхайн орлого өссөн үед эдийн засгийн хуримтлал үүсгэж, орлого буурсан үед эргэн зарцуулах энгийн зарчимтай энэхүү хуулийн төслийг боловсруулж байхдаа чилийн мэргэжилтнүүдээс арга зүйн туслалцаа авч байсан. “Танай хууль манайхаас ч илүү сайн болсон харин хэрхэн хэрэгжүүлэх нь зөвхөн монголчуудаас өөрсдөөс нь л шалтгаална шүү” хэмээн тэд захиж байсан юмдаг. Энэхүү хуулийн хэрэгжүүлэлтийн үндэс бол төсвийн сахилга бат. Харин төсвийн сахилга бат улс төрийн сахилга батаас бүрэн шалтгаалдаг. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг улс төрийн дур зоргоор удаа дараа засан өөрчилсөн дөө. Өөрчлөх бүртээ өрийн таазыг нэмдэг. Тухайлбал: улсын нийт өрийг 2014 оноос эхлэн 40 хувиас хэтрүүлэхгүй барих тухай анхны заалтыг 60 хувь, улмаар 80 хувь болгон нэмсэн. Үр дагаварт нь төсвийн алдагдал өнөөдөр 20 хувьд хүрч, өрийн тааз 80 хувь давчихав. Уул нь урьд хожид байгаагүйгээр эдийн засаг тэлж, ДНБ жилдээ 17 хувьд хүрэн гаарч байсан үед бид энэ хуулийг хэрэгжүүлсэн улс. Харамсалтай нь мөнгөтэйн зовлондоо цатгалдсан улс төрчид сонгуулийн популист амлалтаар их өрийг тавьж эхэлсэн нь баялгийн хараалын балаг гэлтэй.
Өрийг өрөөр дараад өнөөдрийн хямралыг гэтлээд гарлаа гэхэд өнө удаандаа хямралаас урдчилан сэргийлэх тогтолцоо бидэнд байна уу? Олон Улсын Валютын сангаас шаардаад байгаа төсвийн сахилга батыг хэрэгжүүлэх улс төрийн сахилга батад улс төрчид маань суралцах болов уу?
Дашрамд хэлэхэд чиличүүдийн энэ бүх амжилт нартай өдрүүдийн жаргалтай цагт биш харин бороотой өдрүүдийн бор ходоод хонхолзох үедээ авсан сургамжаас эхтэй гэсэн шүү.
Ч.СОСОРМАА
Зочин
Зочин