УИХ-ын даргын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр том дарга нар нь “Та нар хэзээ хэлсэндээ байсан юм бэ” гээд хөөгөөд явуулсан. Япон улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар олон жил суусан Шимизү гуай нутаг буцахдаа бидэнд аминчилж захисан зүйл бол бас л “Хэлсэндээ бай л даа, монголчууд аа...” Энэ бол Монголын төрд өгч байгаа гадныхны үнэлэлт. Тэдний хувьд Монгол нэг. АН, МАН гэж байхгүй. 

Дараа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нэртэй пацааны Франц улсын сайдтай хийсэн уулзалтын зураг интернетэд тавигдав. Гараа халаасандаа шургуулсан атаманууд дэлхийгээр нэг гуйлга гуйгаад явах. Монголын төр “ямар ч аргаар хамаагүй мөнгө олж шараа тайлах гээд яваа архичин хүнтэй адил” боллоо гэх үг гашуун боловч үнэн ажгуу.


ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ДЭЛХИЙ

Washington Post сонины ерөнхий редактор Martin Baron 2016 оны арванхоёрдугаар сарын 16-нд New York хотын их сургуулийн сэтгүүл зүйн магистрын ангийн төгсөгчидтэй уулзахдаа хэлсэн үгийг Монгол ТВ-ийн мэдээний албаны продюссэр Э.Лхагва орчуулан сайтад тавьжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг шинжлэн судалсан, “Сэтгүүл зүйн гэрэлт цамхаг” гэгддэг энэ хүн “Бид дөнгөж саяхан урьд өмнө болж байгаагүй ерөнхийлөгчийн сонгуулийг үзлээ. Хэвлэлийнхэн бид хэдий мэдээлэл сайтай боловч ирээдүйг таашгүй юм. Энэ сонгуулийн дүнг хэн маань ч таамаглаж чадсангүй. Доналд Трампыг бид бодит өрсөлдөгч гэж харсангүй, сунгааны эхээр тоосонгүй, түүнд хэтэрхий их эфирийн цаг, сонины нүүр өгч, хожимдохоосоо өмнө "нэгжлэг" хийсэнгүй. Доналд Трампыг нэр дэвшихээс өмнө сэтгүүлчид бид энгийн америкчуудын сэтгэл зовинол, шаналлыг олж харсангүй. Өөрсдөөс нь болон гэр бүлээс нь холдон одож буй боломжуудад шаналж, энэ бүхнээс хожиж буй хүмүүст уурлан шатаж байгаа хүмүүсийг бид анзаарсангүй. Америк улсын нүүр царай өөрчлөгдөж байна” гэжээ.
Үнэндээ Трампийг анх нэр дэвшихэд нь хүмүүс түүнийг элэглэж байв. Гэтэл үр дүн нь эсрэгээрээ. АНУ төдийгүй дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөж, таамаглахын аргагүй зүйлс өдөр бүр шахам болж байна. Берлины халдлага, Цюрихийн буудалцаан, Оросын Элчин сайдын аллага гэх мэт...

Жишээ нь, Германы эдийн засаг дэлхийд хамгийн сайн нь. Ажилгүйдэл бараг байхгүй, гуравхан хувьтай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1200 евро байхад ажилгүйдлийн тэтгэмж нь 900 евро. Эдийн засаг нь түүхэндээ байгаагүй сайн байхад эрх барьж байгаа Меркелийн нам дараачийн сонгуульд ялах эсэх нь эргэлзээтэй. Өөрийнх нь төрсөн нутагт үндсэрхэг үзэлтнүүд, нацист шахуу нам орон нутгийн сонгуульд Меркелийн намыг ялах хэмжээний санал аваад эхэлчихсэн. Британичууд энэ зун санал асуулга явуулж Европын холбооноос гарахаар болчоод байна. Францад дараачийн сонгуулиар “Европын холбооноос гарах ёстой” гэж үздэг үндсэрхэг үзэлтнүүдийн нам ялж магадгүй. Америкчууд “АНУ дэлхийн цагдаа байх шаардлагагүй”, дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хариуцлага хүлээхгүй гэж ярьж байна.

Саяхан л дэлхий бол нэг тосгон, хавтгай дэлхий, харилцан хамааралтай нэг ертөнц гэж байсан нь буцаад нөгөө тийшээ савчихлаа. Ардчилсан орнуудад хүртэл гадныхныг, цагаачдыг үзэн яддаг хэт үндсэрхэг үзэлтэй намууд ялалт байгуулж эхэллээ. Нэг үгээр дэлхийн дэг журам өөрчлөгдөж, бидний эргэн тойрон, гадна талд маш ойлгомжгүй, таагүй байдал бий болж байна.

Трамп гарч ирээд /америкчууд өөрсдөө хүртэл түүнийг “Ерөнхийлөгч” гэдэггүй, “Трамп” гэдэг/ “Нэг Хятадын бодлого гэж юу юм. Би яахаараа хятадуудыг сонсдог юм” гээд Тайванийн ерөнхийлөгчтэй утсаар ярив. Орос, Хятад хоёр АНУ-ын эсрэг холбоотон гэгдэж байтал Трамп Хятадтай дайсагнасан үг хэлж, Оростой харилцаатай, хэзээ ч дипломат салбарт ажиллаж байгаагүй нэгнийг Төрийн нарийн бичгийн даргаараа тавих жишээтэй. Одоо тэгвэл Орос, Хятадын харилцаа юу болох вэ? Дэлхийн хүчний тэнцвэрийг тогтоож байсан их гүрнүүд нь хоорондоо дайтаад эхлэх юм уу, хэн нь хэнтэйгээ нөхөр, эсвэл дайсан болох юм. Ийм ойлгомжгүй нөхцөлд бид хаашаа харах вэ? АНУ ОХУ-тай нөхөрлөөд эхлэвэл ОХУ-Хятадын харилцаа юу болох вэ, энэ хоёр гүрэн муудалцвал Монгол хаашаа, хэн рүү нь харах вэ?

АЛСАРЧ БУЙ МОНГОЛ

Глобальчлал, технологийн дэвшил нь мөнгөтэй, мэдээлэлд ойр хэсэг нь маш том зах зээл, том сүлжээ рүү маш хурдан орж, хурдан хөрөнгөжих боломж олгож, нөгөө хэсэг нь үлдэж хоцроход хүргэдэг. Даяаршил гэдэг зүйл нийгмийн элит хэсэгт хамгийн их боломжийг өгдөг аж. Энэ нь баян хоосны ялгаа, нийгмийн тэгш бус байдал, бие биенээ үзэн ядах дайсагналыг бий болгож, “Яахаараа Клинтон, Буш гэдэг хоёрхон гэр бүл Wall Street-ийн баячуултай нийлж хэдэн үеэрээ АНУ-ын улс төрийг залах ёстой юм” гэдэг үзэн ядалт Трампийг гаргаж ирсэн. Монголд ч ялгаагүй, УИХ-д суусан болгоныг үзэн ядаж байна. Үзэн ядалт нь нийгмээ талцуулан хувааж, талцал хуваагдал нь сонгуулийн дүн хааш нь хамаагүй савлуулдаг. 2016 оны сонгуулийн үр дүн ч бас монголчуудын хувьд тооцоолоогүй үр дүн.

“Амьдрал яах вэ, Анжела Девис яаж байна?” гэгчээр Трамп яах вэ. 200-300 жил тогтчихсон АНУ-ын өөрийнх нь систем байхад, төрийн алба нь хүчтэй, ардчиллын институциуд нь үнэхээр бэхэжсэн юм бол Трампийг дураар нь дургиулахгүй байх. Мэргэшсэн төрийн албандаа баригдаад явна. Харин өөрчлөгдөж байгаа дэлхий дээр Монгол яаж оршин тогтнох вэ? Монголын төрд бодлого гэж юм байна уу?

Төрийг бий болгодог зүйл нь улс төрийн намууд. Намууд нь хэр төлөвшсөнөөс төрийн чадавхи хамаардаг. Тэгэхээр Монголын төрийн доройтсон шалтгаан нь улс төрийн намуудтайгаа холбоотой. Гэтэл улс төрийн намууд нь сонгуулиас сонгуулийн хооронд төрийн мэргэшсэн албыг улстөржүүлэн халаад, хэн хамгийн их хандив өгснөөр нь хэмжиж албан тушаал, эрх мэдлийг хуваарилдаг, худалддаг. Ядахдаа болвсон хүчний бодлого гэдэг юм манай улс төрийн намуудад байхаа больсон. Хэн их төлсөн нь хөгжмөө захиал гэдэг хуультай. Шийдвэр гаргалт дээр бодлогын өрсөлдөөн, улс орны эрх ашиг ярихаас илүү хэний фракц мөнгөтэй, хүчтэй байна тэдний талд шийдвэр гардаг. Эцэстээ төрийн алба нь намуудыг тэжээдэг шат дамжлага, бүтэц төдий болж хувирсан. Одоо бүр мөч мөчөөр нь жиргээд худалдаж байгаа. Өнгөрсөн сонгуулиар дэлгэгдсэн “МАН-ын 60 тэрбум”-д өнөөдрийг хүртэл хэн ч тайлбар хийгээгүй л байна. АН-ын үед ч ялгаагүй албан тушаалыг наймаалцдаг л байсан. Гэхдээ арай ч МАН шиг дээрээс нь доош нь мөчлөж жиргээд худалдаж байсангүй. Үр дүнд нь монгол хүний амьдрал дөрөвхөн сарын дотор 40 хувиар уналаа л даа.

Нэгэнт төрийн алба нь цэгцрээгүй, бэхжээгүй байхад эдийн засгийн бодлого ч гэж байхгүй, утга учиртай юу ч байхгүй. Улстөрчдийн популизм, цээжний бангаар, хувийн компаниудын ашиг сонирхлоор бүх зүйл явж байгаа. “Эрдэнэт”-ийг монголчууд авлаа авлаа л гэнэ. Эцэстээ нэг л хувийн компани үүнийг хийснээс биш Монголын төрийн оролцоо үүнд байгаагүй шүү дээ. Тиймээс Монголын төр гадна талдаа ч нэр нүүргүй, дотооддоо ч үнэ хүндгүй болсон хэрэг. Нэг харахад дээрэмчин шиг, нэг харахад гуйлгачин шиг. Төрийн ой санамж, залгамж чанар гэдэг зүйл төрийн мэргэшсэн албатай хамт гудамжинд гарсан. Төрийн албаа чадавхижуулаагүй цагт гадаад бодлого, аюулгүй байдал, эдийн засгийн тогвтортой байдал, өсөлт хөгжилтийн талаар мөрөөдөөд ч нэмэргүй. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөөс улам л алсарч, хоцорсоор байх болно. Гээд үүнийг хэн өөрчлөх ёстой вэ?

Хүссэн ч, эс хүссэн ч улс төрийн намуудаар дамжиж энэ өөрчлөлт хийгдэнэ, улстөрчид шийдвэрээ гаргана. Үүний тулд улс төрийн намууд нь өөрсдөө үндсээрээ, сууриараа шинэчлэгдэж, өөрчлөгдөх ёстой болж байна.

АН ба МАН

Үндсэндээ сүүлийн 2-3 сонгуулийн хугацаанд улс төрийн намуудын дунд үзэл баримтлал, бодлогын ялгарал байхаа больсон. Хамтарч засаг барьсан нэрээр бие биенээ барьцаалж, бие биедээ найр тавьснаас биш Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө урт хугацааны бодлого гаргаж ирээд өрсөлдсөн, өрсөлдүүлсэн нь ховор. Ялангуяа одоо эрх барьж байгаа МАН-ын хувьд тийм чадавхи байхгүй гэдгээ сүүлийн дөрвөн сарын дотор бүрэн нотоллоо. Лав эрх барьж байгаа дөрвөн жилдээ үгүй юм шиг байна. Парламентад 65 суудалтай нам өөрсдийн бодлого, хөтөлбөрийг өмнөө гаргаж тавиад урагш давших нь уу гэтэл өмнөх засгийнхаа хийсэн бүтээсэн болгоныг буцааж нураах, ухаж төнхөх л ажил хийлээ.

Өнөөдөр бий болоод байгаа улс төрийн нөхцөл байдалд АН ч бас хариуцлага хүлээх ёстой. 2004 оноос хойших бүх сонгуульд ард түмэн АН-д итгэл хүлээлгэж, засагт орох, эрх барилцах хэмжээний санал өгсөөр ирсэн ч эрх мэдэлд хүрснийхээ дараа АН-ыг анх байгуулсан зорилгооосоо, үзэл санаа, үнэт зүйлээсээ ухарсан, албан тушаал, эрх мэдлийн төлөөх фракци, бүлэглэлүүдийн нэгдэл болж хувирсан гэдэг шүүмжлэлийг олон нийтээс сонсч ирсэн. Үүнийх нь ч хариуцлагыг нэхэж, 2016 оны сонгуулиар парламентад наймхан суудалтай үлдээсэн байдаг.

Харин сүүлд хуралдсан АН-ын их хурлаас “Ардчилсан үзэл онол, үнэт зүйлд тулгуурласан нээлттэй, хариуцлагатай нам болно” гэдэг амлалт авч, намын лидерүүдийнхээ дунд өрсөлдөөн зарлаад байна. Үлдсэн нэг сар гаруйн хугацаанд /2017 оны нэгдүгээр сарын 29 хүртэл/ нэр дэвшигчдид 21 аймаг, сум, дүүргээр явж өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтыг намын гишүүдээрээ хэлэлцүүлэн хамгийн их дэмжлэг авсан нь намын дарга болох юм. Хэрэв энэ сунгааг хэлбэрийн төдийд үзэж, өмнөх шигээ хэн олон хүн цуглуулсан, мөнгөтэй фракци нь намд эзэн сууна гэвэл шинэчлэл ярьсны утга учир үгүй болно. 2020 онд эргээд энэ байрандаа л сууж байх болов уу, эсвэл бүр дордох уу? Үүнийг нэр дэвшиж өрсөлдөж байгаа таван хүнээс гадна намын гишүүд шийдэх учиртай. Тэгээд ч АН-ын шинэчлэлийг зөвхөн АН-ын хувь заяатай холбохоос илүү улс төрийн намуудын төлөвшил, цаашлаад төрийн чадавхи, улс орны ирээдүйтэй холбон харж, ажиглаж байгаа олон нийтийн хүлээлт гэж бас бий. Ер нь бол “АН хэзээд санаачлагч байдаг, харин гүйцэтгэлээ муу хийдэг” гэдэг үнэлэлттэй явж ирснийг энэ далимд сануулахад илүүдэхгүй.

Сунгаанд таван нэр дэвшигч оролцон өрсөлдөж байгаа. Намын дарга асан Н.Алтанхуяг, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр нар. Нэр дэвшигчийн гурав нь АН-ын өнгөрсөн үетэй холбоотой, 1990 оноос хойш нам, төрд алба хашиж, олон жил улс төрөөр амьдарсан нэг үеийнхэн. Алдар гавьяа, алдаа, оноогоо хамтдаа үүрэлцэх ёстой хүмүүс. Бас ч өөр өөрийн бүлэг фракцитай, эрх мэдэл, мөнгөнд их, бага хэмжээгээр гар дүрсэн, тэр хэмжээгээр нам дотроо ч гадна ч дайсантай, бас нөхөртэй. Шулуухан хэлэхэд нэг их шинэ зүйл харна гэж хүлээхээргүй.

Үлдсэн хоёр нь бас нэг үеийн улстөрчид. Нэг нь Иргэний хөдөлгөөний намыг байгуулж улс төрийн гуравдагч хүчин болж явсан ч 2008 оны долдугаар сарын 1-ний хэргээр шүүхээс ял сонсох дээрээ тулаад арга буюу АН-ын хамгаалалтад орж амиа аварсан. /Тухайн үед парламентын олонхи болсон МАХН долдугаар сарын 1-ний хэргийн хариуцлагаас зугтахын тулд сөрөг хүчин болсон АН-ыг засагт хамтрахыг урьж байв/. 2012 оны сонгуулиас хойш хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа. Унгарт сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-д суухдаа АН-ын Засгийн газрыг огцруулахад оройлон оролцсон хүмүүсийн нэг. “АН-д алдаа, оноо байвч ядаж АН-ынхан өөрсдөө түүнийгээ шүүх эрхтэй юм шүү” гэдэг өнцгөөс олон хүн түүнд ханддаг.

Нөгөө нь Японд боловсрол эзэмшсэн, инженер мэргэжилтэй. УИХ-д гурван удаа сонгогдож, БСШУ-ны сайдаар дөрвөн жил ажилласан. Сайдаар ажиллах хугацаандаа Боловсролын салбарт суурь шинжтэй томоохон шинэчлэлийг эхлүүлсэн, үүнийхээ төлөө ч багагүй эсэргүүцэлтэй тулгарч “Мүүнийг ивээгч” нэр, хоч зүүснээс өөрөөр сул талаа харуулаагүй. 2016 оны сонгуульд АН ялагдсаны дараа намын шинэчлэлийн аяныг эхлүүлж, өөрийн үүсгэн байгуулсан “Нэг Ардчилал” фракцийг татан буулгасан. Маш хурдан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцтэй “нэг хэлээр” ойлголцох хэмжээний боловсрол, хувь хүний төлөвшилтэй. Улс төрийн дүрэмгүй тоглоомд хорин жил зодолдож, өөр хоорондоо өс зангидсан дээд үеийнхнээ бодвол нэр цэвэр, АН-ын шинэ, залуу үеийн төлөөлөл гэж харагддаг.

Ийм таван хүний дунд АН-ыг шинэчлэх, нээлттэй, хариуцлагатай, эв нэгдэлтэй нам болгож өөрчлөхийн төлөөх өрсөлдөөн явж байна. Өрсөлдөөнд мэдээж нэр дэвшигчдийн хувь шинж чанараас гадна шинэчлэлийг эрмэлзэж байгаа гишүүдийн хүсэл зориг, оролцоо хамгийн их нөлөөтэй.