-Энэ байдлаасаа сургамж аваад Улс төрийн намын санхүүжилтийн тухай хулиа парламентаар шахаж гаргуулах нь АН-ын ирээдүйд хэрэгтэй. МАН шиг төрийн албыг зарж, намаа санхүүжүүлнэ гэвэл илүү буруу жишиг рүү л явна-



Амьтан бүр тэгш эрхтэй. Гэхдээ гахай арай илүү тэгш эрхтэй. АН-ын даргад хүн бүр нэр дэвших эрхтэй. Гэхдээ 250 саятай нь дарга болно...

Ийм утгатай мессеж АН-ын даргын сунгаатай зэрэгцэн сошиалаар хүчтэй тарж байна. Сунгаа зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсэг сунгаанд оролцож байгаа нэр дэвшигчдэд энэ хэмжээний дэнчингийн мөнгийг намын дансанд байршуулах шаардлага тавьжээ. Өөрөөр хэлбэл, сунгаа зохион байгуулах, намын даргын сонгуулийн санал хураалт зохион байгуулах нийт зардлыг 2,5 тэрбумаар тооцож, нийт 10 нэр дэвшигчээс тус бүр 250 сая төгрөг гаргуулахаар зарласан байна.

Хамгийн түрүүнд нэр дэвшихээ илэрхийлсэн Ж.Батзандан гишүүн “Урьдчилгаа болгож 250 сая төгрөг намын дансанд байршуул гэлээ. Нэг нэр дэвшигчээс нийтдээ 2,5 тэрбум төгрөг гаргах юм шиг байна. АН-ын даргын сонгууль мөнгөтэй хүний сонгууль болох нь” хэмээн зарлав. Араас нь зарим нь дагав. Уг нь бол сая гаруй хүний дунд нэг удаагийн сонгууль зохион байгуулахад СЕХ-нд төсөвлөдөг зардал 7-8 тэрбум төгрөг. Хэдий АН-ын гишүүд 100 мянга байлаа ч тэр мөнгөнөөс зөвхөн цаасан хэвлэлтийн зардлаас бусдыг танах боломжгүй гэдгийг УИХ-ын гишүүн байсан хэн ч гадарлана. Тэгээд ч энэ удаагийн сунгаагаар далимдуулан хоёр сонгууль дараалан унаж туссан намын гишүүдийнхээ сэтгэл санааг нэг удаа өргөх, нэг бүрчлэн үгийг нь сонсохыг намын удирдлага, сонгууль зохион байгуулах комисс зорилгоо болгосон. Дөрвөн жил эрх барьсан нэрээр дээгүүрээ албан тушаалын дайнд орж, доогуураа намын гишүүд нь үнсэнд хаягдсан шалз шиг болж хоцорсныг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан намын шинэчлэлийн хэлэлцүүлгүүд дээр хангалттай ярьсан. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сунгаагаар далимдуулж намын удирдах байгууллага, эвэртэн туурайтангууд улс орноо нэг бүтэн тойроод амьдрал байдалтай нь танилцчих, гишүүдийнхээ алдагдсан итгэл, зүтгэлийг буцааж хураах бас нэг боломж юм даа. “Жижиг тугалын бэлчих газраас хол явж, жирэмсэн эмийн шээх газраас хэтэрч үзээгүй” зарим нэг дарга нарын хувьд их л сургамж болох болов уу. Монгол Улсын 21 аймгаар бүтэн тойрно гэдэг Улаабаатарын алслагдсан дүүрэгт “од” байхаас арай л өөр байх болов уу. За тэгээд хаа хол газрын мухраас дуудаж ирүүлчихээд “намайг дэмжээрэй” гэж хонгон дээр нь алгадаад хоосон буцаалтай биш. Ядаж нэг оройн зоог моогхон барьж байж үгээ дайж таарна. Энэ мэт зардлаа тооцоод үзвэл 2,5 тэрбум ч жулдах биз.

Уг нь бол энэ зардлыг тодорхой хэсгийг нам нь үүрэлцэх нь зүй. Гэтэл намын төсөвт нь сохор зоос байдаггүй юм байна. Н.Алтанхуяг намын дарга байхдаа 2012 оны сонгуулийг АН-ын байр, Ардчиллын ордон барина гэсэн газраа зарж байж сонгуульдсан гэнэ. Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар АН-ын төв штабаас ямар ч сурталчилгаа яваагүй. З.Энхболдод заръя гэсэн ч зарах юм үлдээгүйнх биз. Одоо АН байрлаад байгаад Төв шуудангийн өмнөх хоёр давхар тагз Шинэ дэвшилтэт холбооны өмч гэдгийг зарим нэг нь мэдэх байх. Харин ч тэд өдий болтол хөөгөөд гаргачихалгүй толгой хоргодуулж байгаа нь их буян юм даа.

Хаа очиж нэр дэвшигч нар ажлын хэсгийн гаргасан зардлын тооцоотой танилцаад “Ингэхээс өөр аргагүй юм байна” гэдэг дүгнэлтэд хүрч, 250 саяа зөвшөөрч толгой дохиод гарцгаасан гэнэ. Зарим нэг нь хандив босгох ажилдаа орж. Гэсэн ч тэдний ар хударгаар “АН дахиад олигархиудын нам болох нь. Намын даргын сонгууль гэж мөнгөтэй хүний тоглоом боллоо” гэсэн мэссеж хэвлэл, сошиалаар тарж байна. Бодлогоо өөрсдөө бодох ёстой нөхдийн бодлогогүй хэлсэн ганц үг асуудлыг хааш нь яаж эргүүлдгийн ганц жишээ. Харин энэ 250 сая төгрөгийг хэн, яаж, хаанаас босгосон бэ гэдэг эх үүсвэр нь тодорхой байх нь нэр дэвшигчдийг хэн нэгний халаасанд багтсан уу, үгүй юу гэдэгт хариулт болно. Нэг хүнээс 250 сая төгрөгийн дэмжлэг авсан, нийтдээ 250 хүнээс нэг нэг сая төгрөгийн хандив авсан хоёр нэр дэвшигчийн хэн нь өөртөө итгэлтэй байх бол!?

2000-аад онд таван нам нэгдэж АН байгуулагдахад намын дүрэмд өөрчлөлт оруулж, жирийн гишүүнээсээ авахуулаад шат шатны сонгуульд ажилтнууд бүгд намдаа татвар төлдөг байв. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүн 100 мянга, ҮЗХ-ны гишүүн жилд нэг сая гэх мэтчилэн. Ардчилсан үзэл бодлыг дэмжиж байгаагийнхаа төлөө, энэ намын нэрээр нэрлэгдэж улс төрийн өрсөлдөөнд орсныхоо төлөө хувь хүн өөрөө ч бас тодорхой хэмжээнд хариуцлага, эрсдэл хүлээх ёстой гэсэн сааа л даа. Харин сүүлийн жилүүдэд энэ үзэл, байр суурь яагаад орхигдсоныг бүү мэд. Бодвол АН-ын гишүүн байх нь өөрөө эрсдэл болж эхэснийх тэр биз. Одоо харин энэ байдлаасаа сургамж аваад Улс төрийн намын санхүүжилтийн тухай ухулиа парламентаар шахаж гаргуулах нь АН-ын ирээдүйд хэрэгтэй. МАН шиг төрийн албыг зарж, намаа санхүүжүүлнэ гэвэл илүү буруу жишиг рүү л явна.

250 сая төгрөг их байна гэдэг шүүмжлэлтэй зэрэгцээд АН-ын сонгуулийн штаб дээр “Зардлаа танахын тулд хэвлэл мэдээллээр нэг ч сурталчилгаа хийхгүй” гэдэг байр суурь бас яригдсан байна. АН-ын дарга хэн болох нь тухайн намын асуудал мэт боловч өнгөрсөн хугацаанд энэ нам хэрхэн шинэчлэгдэх бол, ямар шалгуураар дарга, даамлуудаа гаргаж ирэх нь вэ гэж харж байсан олон нийтийн хүлээлтэд ямар нэг байдлаар хариу реакци үзүүлэх ёстой биз дээ. Тэгж байж АН-ын дараагийн даргын ард түмэн өнөөдрийнхөөс нь арай өөрөөр ялгаж харах болно. Харин “250 сая төгрөг их байна, нэр дэвшигчдийнхээ халаасны хэмжээнд тааруулна” гээд ялгавартайгаар тогтоовол, эсвэл нэр дэвшигчдээс огт мөнгө гаргуулахгүй гэвэл ёстой нөгөө мөнгөтэй нь мөнгөө төлөөд хөгжмөө захиалах юм руу явах байлгүй. “МоАН санаачлага” гэгчээс авахуулаад нэг намыг байтугай бүхэл бүтэн Монгол Улсыг бүтнээр нь худалдаад авчих хэмжээний, намаасаа баян фракциуд АН-д байж л байна.