Х.Оргил-Эрдэнийг сулласанаасаа ичих л болно доо, ШҮҮХ!
Хоёр жилийн дотор хувийн компанидаа хэдэн тендер авч өгснийг хар даа!
Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр албан өрөөндөө 20 000 юанийн хахууль аваад сууж байхдаа АТГ-ын ажилтнуудад баригдаж улмаар АТГ-аас түүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан байдаг. Прокурорын байгуулагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр 2019 оны 12 дугаар сарын 31-нд шийдвэрлэлгүй, өмгөөлөгчийнх нь гаргасан шүүгчээс татгалзах саналыг хүлээн авсан. Ингээд 2020 оны 1 дүгээр сарын 3-нд шинээр томилгдсон шүүгч уг хэргийг хэлэлцээд “Цагдан хориулах тухай прокурорын санал баримтаар нотлоглохгүй байна” гэсэн үндэслэлээр Х.Оргил-Эрдэнийг сулласан.
Уучлаарай, авлига авч байгаа нь баримтаар нотлогдоод байхад яагаад суллав? АТГ-ын ажилтнууд үйлдэл дээр нь нотолж баримтаар баталгаажуулахаас өөрөөр яаж ажиллавал авлигачныг хуулийн дагуу шүүх вэ?
Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн автозамын нэгдүгээр багц8 тодруулбал баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот буюу 52-ын давааны ар хүртэлх 37.36 км автозамын ажил гүйцэтгэж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтнаас дээрх хахуулийг авсан баримт нь хангалттай байдаг.
Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгч хахууль аваагүй. Хятадын иргэн өрөөнд нь баглаатай юм орхиод зугтаасан ч дотор нь юу байгааг огт хараагүй. Энэ үед АТГ-ынхан орж ирсэн” гэсэн нь өдөр тутмын сонинд бий.
Тэгвэл Х.Оргил-Эрдэнэ хэлмэгдсэн үү?
Тэрбээр Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн даргаар 2016 оны 8 дугаар сарын 29-нд томилогдсон байдаг. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад ширхэг ч компанийн хувьцаа байхгүй. Харин түүний төрсөн дүү Халтарын Энх-Эрдэнийн нэр дээр “Саруулхаргуй” ХХК гэж бий.
Улаанзалаат овгийнХалтарын Оргил-Эрдэнэ 1980 онд төрсөн.Архангай аймгийн Эрдэнэбулгансумын 4-р баг. Бор толгой 41-р гудамжны 9 тоот.
Улаанзалаат овгийн Халтарын Оргил-Эрдэнэ 1988 онд төрсөн. Архангай аймгийн Эрдэнэбулгансумын 4-р баг. Бор толгой 41-р гудамжны 9 тоот.
Энэ хоёрыг холбоотой гэж хэлээд буруутахаас би эмээхгүй байна. Х.Оргил-Эрдэнийн регистрээр бол Х.Энх-Эрдэнэ болон Доржчилэнгийн Самбуу, Очирбатын Зоригт хүү нартай хамтарч байгуулсан “Саруулхаргуй” ХХК нь олддог ч АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ мэдүүлээгүй байдаг.
Нэг л жишээ дурдъя. 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн автозамын хөгжлийн газраас зарласан тендрүүдийн 5-д нь оролцоод 4-т нь Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийн дүү Х.Энх-Эрдэнийн “Саруулхаргуй” компани шалгарчихсан. Мөн 2013 оноос 2019 оны 4 дүгээр сарын 5-ныг хүртэл Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендерүүдээс 12-т нь “Саруулхаргуй” оролцоод 8-д нь шалгарсан байна.
Ашиг сонирхлын зөрчил мөн биз? https://www.tender.gov.mn/mn/bidder/entity/1462246992661
Ер нь Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Оргил-Эрдэнийг яагаад ЗТХЯ-ны хэлтсийн даргаар томилсон юм бэ? Тухайн үед Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Арай нь Эрдэнэт үйлдвэрт “Сокол”-ыг “шахсан” шигээ ЗТХЯ-нд энэ залууг “шахчихсан” юм биш биз?
АТГ энэ тендрүүдийг шалгах хэрэгтэй байна. Шалгасан дүн нь Прокурор, Шүүх байгууллагаар хэрхэн шийдэгдэхийг иргэд анхааралтай ажиглаж байна. Төрийн яамны ажлын өрөөнд хахуул авсан хэргийг үйлдэл дээр нь бариад саатуулж байхад Шүүгч Хувьтөгөлдөрийн Идэр та яагаад сулласанаа тайлбарлаарай. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын талд ирсэн дуулиант өдөрт багтааж танай гэр бүлийнхэн тус үйлдвэртэй холбоотой ямар худалдан авалт хийсэн талаарх өмчийн гэрээнүүд чинь орос, монгол хэл дээр хэдийнэ дэлгэгдсэнийг дашрамд сануулъя. МАН-ынхан яамдаар тараасан авлигачин залуустайгаа ямар хариуцлага тооцсоноо олон нийтэд тайлагнана уу!