Урлаг судлалын ухааны доктор Лувсангийн Сономцэрэн агсан тэртээ 1988 онд “Ойрад оршихуйн судар” бүтээлээ бичиж дуусгаад, хэвлэлтэд бэлэн болгосон байсан ч хэвлүүлж амжилгүй халин оджээ. Харин үр хүүхдүүд нь эцгийнхээ өв соёлыг судлан мэдэж, бүртгэн цуглуулаад 2014 онд хэвлүүлсэн нь Монгол аман зохиол судлал, угсаатны зүй, хэл шинжлэл, утга зохиол судлалд үнэт хувь нэмэр болсон байна.

“Үнэт хувь нэмэр” хэмээн дүгнэснийхээ учрыг доорх хэдэн зүйлээр батлан өгүүлье.

Юуны өмнө номын бүтцийг танилцуулбал, бүтээлийн гол хэсэг нь “Өөлд ардын аман зохиол”-д зориулагдсан байна. Оршил хэсгээс 301-р талыг хүртэл (нийт 498 тал бүхий ном) Өөлд ардын аман зохиолыг танилцуулан, эрдэм шинжилгээний тайлбар хийсэн нь дангаараа ном болчих хэмжээний бүтээл мөн боловч, эрдэмтний бусад бүтээл болох “Мянгад ястны зан үйл”, “Дархадын тухай”, “Хорь нарын эдийн соёл, гар урлагийн зарим уламжлал” гэсэн бие даасан судалгаа болон “Монголчуудын үхэгсдээ оршуулж байсан зан үйлээс”, “Богд уулыг тайх ёслол”, “Даншиг” хэмээсэн эрдэм шинжилгээний тэмдэглэлүүдийг нь эрхлэн хэвлүүлэгч номд оруулжээ.

Номын гол хэсэг нь “Өөлд ардын аман зохиол” тул тэр бүлгийн талаар хэлэлцье.

Удиртгал хэсэгтээ Л. Сономцэрэн нь өөлд нарын угсаатны зүйн нэн чухаг баримт сэлтийг тайлбарлан оруулжээ. Тухайлбал, өөлдүүдийн үүх түүх, өөлд гэрийн онцлог, өөлд гутал хувцасны хийц, ялгаа, ардын дуу дуулаачдын талаарх мэдээлэл, өөлд дууны онцлог, ангилал, найрын горим, оньсого хэлэх ёс зэргийг тайлбарлан бичсэн нь соёл, угсаатны зүйн үнэт баримт болох юм.

Өөлд аман зохиолын цуглуулгаа танилцуулахдаа эрдэм шинжилгээний нарийн тодорхой зүүлт тайлбар хийсэн нь судалгааны даацтай бүтээл болсных нь илэрхийлэл юм. Зүүлт тайлбарыг нь ажиглан ангилбал: “живэр хэмээх нь жавар, гилбүүр хэмээх нь хялбар, хөхөг нь хөхөө, суядана гэх нь сулдана гэсэн үг” гэх мэтээр өөлд аман аялгууны үгсийг тайлбарласан нэг хэсэг, дуу бүрийг хэн гэгч ардын авьяастнаас бичиж авснаа, өөрөөр хэлбэл эх сурвалжаа тодорхой бичсэн нэг хэсэг, “Өөгийн будан татна гэснийг Униарын будан татна ч гэж дуулна, Хошууны олон ах нар гэдгийг Хоёр хүний үрэн гэж зарим хувилбарт гардаг” гэх мэтээр өөр өөр нутагт өөр өөрөөр дуулдаг хувилбаруудыг нэмэн тайлбарласан нэг хэсэг, “Зүүн голын ус гэж Ховдын гол, Хойд өндөр уул хэмээх нь Цамбагарав уул” гэх мэтээр чухам ямар уул ус, газар нутгийн тухай дуулж буйг тодотгож өгсөн нэг хэсэг зүүлт тайлбар байна. Эрдэм шинжилгээний нарийн чимхлүүр ажлыг ийм уйгагүй хийсэн аж.

“Өөлд ардын аман зохиол” бүлэг нь зөвхөн өөлд ардын дуу, үлгэр, хууч яриа, оньсого, домог, ерөөл магтаал тэргүүтнийг багтаагаад зогсохгүй Цагаан сар, гэрийн бүрлэг хийх, хуримлах, гал тахих ёс, ардын тоглоом, зан заншлын талаар дэлгэрэнгүй судлан оруулснаар өөлдийн угсаатны зүй, аман зохиолын цогц бүтээл болж чаджээ.

Эцэст нь өөлд аялгууны зарим үгийг уг аялгаар нь, кирил үсгээр галиглан бичээд, тайлбарласан толь хавсаргасан нь хэлшинжлэл, нутгийн аялгуу судлалын чухал хэрэглэгдэхүүн болох юм.

Номын дотор хавтаснаа “Ургаа сайхан цэцэгсийн дэлбээ юүг үл сэвтээ юү, Ухаан төгс мэргэдийн бэх юүг үл хатааюу” гэсэн Зая бандид Намхайжамцын үгийг тод үсгээр сийлжээ. Тэртээ 1988 онд эцгийнхээ бичсэн байсан номыг хэвлүүлэн, шинжлэх ухааны эргэлтэд оруулж, аман зохиол, нутгийн аялгууны болоод угсаатны зүйн судлалд дорвитой хувь нэмэр оруулсан,ёстой л Огторгуйндалайн хэлсэнчлэн “Ухаан төгс мэргэдийн бэхийг үл хатааж” яваа үр хүүхдүүдэд нь талархал илэрхийлэхийн хамт Конгрессын Номын Санд хүндэтгэн залснаа өчсү.         
 
Хэл шинжлэлийн ухааны доктор М. Саруул-Эрдэнэ.