1900 онд Рамстедт (үнэндээ бол БИД) юу алдсан бэ?
Финландын агуу монголч эрдэмтэн Г.Й. Рамстедтын “Дорно этгээдэд долоон удаа” хэмээх аяллын тэмдэглэл номыг орчуулан, уншигч таны гар дээр тавихад бэлэн болоод байна.
Финландын агуу монголч эрдэмтэн Г.Й. Рамстедтын “Дорно этгээдэд долоон удаа” хэмээх аяллын тэмдэглэл номыг орчуулан, уншигч таны гар дээр тавихад бэлэн болоод байна.
Номын Гутгаар бүлэгт Рамстедт Монголд хийсэн бүх судалгаа, бичиж авсан ардын аман зохиол, цуглуулсан ном судар, эд өлгийн зүйлээ Оросын төмөр замын хулгайчид алдсан тухай харамсалтай мэдээ бий.
Хоёр том авдар, тус бүр 120 килограм орчим эд өлгийн зүйл, ахин хэн ч хэзээ ч бичиж авч чадахгүй туульс, ардын билиг оюуны дээж үгүй болсон хэрэг.
Финландын Засгийн газрын хөрөнгөөр судалгааны аялал зохион байгуулсан тул, мөн Петрбургийн их сургуулийн эрдэмтэн мэргэд санаа тавьсны тул энэ хэрэг нэлээд өндөр аван, Төмөр замын тусгай шинжээч томилогдон ажиллаж, Төмөр Замын Зөвлөл Эрхүүгээс Петрбург хүрэх нийт төмөр замын хэмжээнд зар тараан, ачаа барааны талаар мэдээлэл өгсөн хүнд 300 рублийн шагнал хүртэл амлажээ.
Рамстедт номдоо ийн бичиж: “...Ингээд мэдээлэл хүлээн сууж байтал Сибирийн Төмөр Замын Зөвлөлөөс албан мэдээ иржээ. “Сибирийн Төмөр Замын Зөвлөл таны ачааг ... сарын ... шөнө Канск өртөөн дээрээс хулгайд алдагдсан болохыг эрэн сурвалжлах явцын дүнд тогтоосноо хүндэтгэлтэйгээр мэдэгдэж байна…
Нэн урт, айхтар хэцүү аяллын маань шинжлэх ухааны бүх үр дүн, миний авсан бүхий л гэрэл зураг, тэмдэглэл дүүрэн дэвтрүүд, заримыг нь худалдаж, заримыг нь бэлгэнд авсан бүх туульс, бас нэн олон төрлийн монгол бараа сэлт ийнхүү үл таних хулгайчийн гарт орсон бөлгөө. Тэд хулгайлсан юмаа яаж хэрэглэхээ огт мэдээгүй нь тодорхой, тэгээд ч шагнал амласныг сонсуутаа бүгдийг нь шатаагаа биз ээ…”
Рамстедт чухам юу алдсанаа номдоо бол бичээгүй, харин хохирлоо барагдуулахаар Төмөр Замын Ерөнхий Зөвлөлд гаргаж өгсөн авдар дахь эд юмсын жагсаалтаас нь үүнийг тодруулж, Монгол судлалд чухам ямархан гарз учирсныг тооцоолж болох юм. Өөрийнхөө санаж буйгаар бичиж өгсөн, цаана нь бас мартаж орхигдуулсан зүйлс ч олон буй нь тодорхой.
Эхний авдарт:
1. Ковалевскийн алдарт гурван боть Монгол-Орос-Франц толь. Хуудас бүр дээр нь эрдэм шинжилгээний тэмдэглэл, засвар, шинэ тодорхой жишээ өгүүлбэр бичсэн байсан. Халх монгол хэлний толь бичиг гаргах гол эх сурвалж байжээ. Монголд байхдаа өдөр бүр гартаа авч явдаг, үг бүрийн нарийн утгыг засан тэмдэглэж явсан аж.
2. Шмидтийн Монгол-Герман-Орос толь бичиг.
3. Шмидтийн “Geschichte der Ost-Mongolen und ihres Fürstenhauses, verfasst von Ssanang Ssetsen Chungtaidschi der Ordus” буюу “Ордосын хун тайж Саган Сэцэний бичсэн Зүүн Монголын болоод Хаад ноёдынх нь түүх” хэмээх бүтээл.
4. Радловын “Versuch eines Wörterbuch der Türk-Dialekte” буюу “Түрэг аялгууны толь бичиг хийх туршиц” бүтээлийн арван боть.
5. Йешкегийн Төвөд-Англи толь бичиг
6. Йешкегийн Төвөд хэлзүй
7. Ховортын “Монголчуудын түүх”, дөрвөн том боть
8. Орловын “Буриад хэлзүй”
9. Монгол ноёдын Богд гэгээнд нууцаар илгээсэн гар бичмэл. Энэхүү бичигт монгол дөрвөн аймгийн ноёд байдал нэн хэцүү байгааг, алба татвар дэндүү хүнд байгааг Богдод айлтгасан байжээ. Хошуу бүрийн зардал, цалин пүнлүү, өртөөний хөлс зэргийг нэн тодорхой бичсэн чухал эх байсан аж.
10. Үлгэрийн далай, гар бичмэл
11. Богдын сургаал, монгол, манж тэл хэлээр.
12. Алтан гэрэл, монгол хэлээр.
13. Молон тойн, нэн ховор, усан будгийн зураг бүхий, товчилсон хувилбар
14. Молон тойн, хуучны уг эх. Оюун шаштир, монгол гар бичмэл.
15. Тансан лам, нанхиад хэлнээс орчуулсан, түүхэн үлгэр.
16. Мани гамбум, төвөд хэлээр.
17. Төвөд жижгэвтэр судруудын нэг том багц.
18. Рамстедтын тэрлэг
19. Монгол чөдөр
20. Хоёр жижиг монгол хутга, бусад жижиг сажиг зүйлс
21. Таван урт гаанс, нэг бүрийг нь 3 рублиэр авсан. 10 жижгэвэтр гаанс, тус бүрийг нь 1 рублиэр авсан. Зарим нь цоо шинэ, зарим нь хэрэглэж байсан.
22. Эрдэм шинжилгээний нарийн тэмдэглэл бүхий есэн дэвтэр.
23. Швед, фин хэлээр бичсэн өдрийн тэмдэглэл, хоёр дуусаагүй өгүүлэл.
24. Гэрэл зургийн хэрэгсэл.
25. Дуран
26. 1898-1901 оныг хүртэлх бүх захидлууд, хоёр багц.
27. Монгол сур.
28. Монгол цоож
29. Хоёр шармал бурхан.
30. Засвар, тэмдэглэгээ бүхий Монголын газрын зураг.
31. Хятад гар зургууд. Цонхны найм, хананы дөрвөн зураг.
32. Фин, швед хэлээрх номууд.
33. Ханддорж Вангийн Рамстедтад бэлэглэсэн мөнгөн аяга.
Хоёрдахь авдарт:
1. Шидэт хүүр
2. Тонилохуйн чимэг
3. Гэсэр хан
4. Гэргэр хан
5. Гучин хоёр модон хүн
6. Хоёр гурван том төвөд судар (Рамстедт нэрийг нь мартсан)
7. Хоёр шинэ тохом
8. Бээжин хийцийн хазаар
9. Монгол хазаар
10. Монгол оймс
11. Зуу гаруй гэрэл зураг
12. Бурхад цутгах 30-40 хэв
13. Хуучин хувцасны зүйлс, гутал, бөс бараа гэх мэт.
14. Монгол албан бичгийн цуглуулга
15. Монгол цагаан идээ, ааруул, бяслаг зэрэг.
16. Орёлъ маркийн фонограм (35 рубль), монгол дуу хурааж авсан 13+4 цилиндр
17. Хятад торгон эдлэл, нэг фунт орчим
18. Троицкосавскийн Второвын дэлгүүрээс 16 рублиэр авсан хуучин бугуйн цаг.
19. Прототоповын “Финляндия” бүтээл.
20. Орос-Герман толь бичиг
21. Герман-Швед толь бичиг
22. Хархорины хавиас олсон хоёр шавар эдлэл
23. Лууны шүд гээч эд.
Ямар ч монгол судлаач хүний гол үнэхээр харламаар жагсаалт байгаа биз. Бүгдийг нь нягтлан үнэлэхээ болиод, энэ удаад зөвхөн эхний авдрын 22 дахь зүйл буюу эрдэм шинжилгээний тэмдэглэл бүхий 9 дэвтэр гэснийг авч үзье.
Рамстедт Монголын нутгаар явахдаа үлгэр домог, туульс тэргүүтнийг ардын авьяастнуудаас худалдаж авдаг байжээ. Тэр 9 дэвтэрт нийт 15 баатарлаг туульс, 65 үлгэр домог, 50 дуу, 40 оньсого бичиж авсан байв.
Миний орчуулан та бүхэнд хүргэж буй номд Чин ван Ханддорж, Дандар аграмба, Хайсан гүн нарын гээд Рамстедтын өөрийн болон хамт аялсан нөхдийнх нь авсан нэн ховор, чухал зураг орсон буй. Гэтэл энэ анхны аяллынхаа үеэр авсан 100 гаруй яг л тийм сонин сайхан түүхэн зураг нь үрэгдсэн гэж байдаг.
Эхний авдрын 30 дугаарт дурдсан засвар тэмдэглэл бүхий газрын зурагтаа их эрдэмтэн машид харамссан байдаг. Учир нь тэрбээр хөдөө нутгаар өөрийн биеэр аялсан тул өмнөх бүх газрын зурагт тэмдэглэгдээгүй гол горхи, уул толгой зэргийг нэмж, зассан байжээ. Тухайлбал, “Туул, Хараа хоёрын дунд Гүний гол, Дунд гол, Халиугчийн гол гэж гурван жижиг урагшаа болон баруун урагшаа урсаж, талд шингэж байна. Тосон уулнаас эх авсан олон жижиг голоос ганц томыг нь л тэмдэглэсэн байна, Бумбат, Асгат, Хулж, Баян гол алга. Хулжийн ойролцоо өмнө хэний ч тэмдэглээгүй балгас, хиргисүүр байна...” гэх мэтээр залруулан, нэмсэн байж. Энэ бүхнийг өдгөө бид харьцуулан харж суусан бол маш сонин.
“Рамстедт юу алдав” гэж ярьсаар буй боловч энэ бүхэн үнэн хэрэгтээ та бидний гарз билээ. Учир нь Рамстедтын зэргийн судлаачид цуглуулга бүхнээ шинжлэх ухааны эргэлтэд оруулдаг, олсон цуглуулсан бүхнээ хувьдаа бус музей, номын сан, эрдмийн байгууллагад тушаадаг, эргээд тэр бүхэн нь Монголын хэл соёлын гайхамшигт дурсгал болон дуурсагддаг юм. 15 баатарлаг тууль, 65 үлгэр домог зэргээр тэр орос хулгайч юугаа л хийгээ аж, шатааж орхисон нь тодорхой. Алт эрдэнэс гарна гэж бодсон авдраас бичиг ном, цагаан идээ гарсанд хорссондоо бүгдийг устгаа биз. Монгол судлалд тохиосон нэгэн том гарзыг эрхэм таны голыг харлуулан харлуулан илтгэн бичив. Энэ талаар илүү ихийг уншиж мэдье гэвэл Рамстедтын “Дорно этгээдэд долоон удаа” хэмээх номыг үзээрэй.