Зохиогчийн намтар.
Далай лам Содномжамц /1543-1588 он/

Гуравдугаар далай лам Содномжамц. Эцэг ноён Намжилдагва, эх Балзамбүтэд хоёрын гэрт Лхас хотын ойролцоо Додлүн хэмээх газар 1543 онд мэндэлжээ. Гурван настайд нь хоёрдугаар далай лам Гэндэнжанцан хойт дүр мөн болохыг тодруулан дөрвөн настайд нь Далай ламын алтан ширээнд залан даншиг мандал өргөжээ. Тухайн үеийн эрдэмтэн лам Ванчин Содномдагва, Сажава Царгин Лосолжамц зэрэг багш нараараа судар тарнийн ном заалгаж төгс эзэмшсэн байна. Гуравдугаар Далай лам Содномжамцын түүхэн гавъяа бол Монголд шашин дэлгэрсэн гуравдугаар үед Богд Зонховагын шашинаар бөөгийн ёсыг халж, Алтан хааны зарилгаар 1578 онд Монголд ирж Зонховагын шашныг дээдлэх хууль цааз гарган Алтан хааны зарлигаар “Очирдарь Далай лам” гэдэг цол өргөмжилсөн байна. Түүнээс хойш дараа дараагийн Далай ламын алдар нэр болон уламжлагдсан байна. Тухайн үед Халхын Автай Сайн хаан зэрэг нөлөө бүхий том ноёд Далай лам Содномжамцад ирж бараалхасан бөгөөд энэ нь Богд Зонховагийн шашныг Монголд дэлгэрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж үздэг аж. Тэрбээр 1580 он, 1583 онд Дорнод Түвдийн Литан, Гүмбүм зэрэг хийдүүдэд заларч Чойр цанидын шашны гүн ухааны сургуулиудыг байгуулсан байна. Гуравдугаар Далай лам Содномжамц нь шашин амьтаны тусыг цаглашгүй ихээр үйлдсээр 1588 онд жанч халжээ.

Нэг: БОГД ТОЙН ЛАМ БАГШ НАРТ МӨРГӨМҮЙ
Хүү минь “бодь мөрд сүсэглэн мөргөгтүн, сонсогтун.”

Бурхадын хамаг эрхэм зарлигийн шим утга
Бодьсадва дээдсийн сайшаасан Бодь мөр
Буян төгс Нирвааныг хүсэгчидийн олом бологсодыг
Боломж чадлын хирээр номлосугай би.
Энэлэлт орчлонгийн жаргалд үл ташууран
Эрдэнэт хүний биеийн хэргийг гаргаж
Энгүй хувь төгсөгчид сүсэглэн сонсогтун
Аливаа жаргалд ташуурахыг арилгах арга нь
Асар хүчээр магад огоорохын сэтгэлээс өөр үгүй
Амьтан бүхэн орчлонд шунан хүлэгддэг учир
Анх тэргүүнээ магад огоорох сэтгэлийг төрүүлэгтүн.
Олохуйяа бэрх чөлөөт учиралтай өдгөө учирснаа
Онцгойлон санаж энэ насны шуналыг буцаа.
Орчлонгийн зовлон, үйлийн үрийг ямагт санаж
Орчихуй сансарт эргэн төрөх шуналыг няцаа.
Энэ мэт ямагт бясалгаснаар таны сэтгэлд
Элдэв жаргалд шунах санаа ер төрөлгүй
Эрдэмт Нирвааны эрэлхийлэх сэтгэл ямагт төрвөөс
Энэлэлт орчлонгоос магад гарах сэтгэл төрнө.
Бусдыг энэрэх Бодь сэтгэл үгүй бөгөөс
Будангуй орчлонг огоорох дан ганц бодлоор
Бурханы хутаг Нирвааныг олж үл чадах тул
Бодь сэтгэлийг үнэн ариунаар үүсгэтүгэй
Хүчит дөрвөн зовлонгийн далайд живсэн
Хүлцэхүйеэ бэрх нүглийн үйлдээ хүлэгдсэн
Хамгийг минийхийлэн барихын төрөлд хашигдсан
Харанхуй мунхагийн зузаан мананд хучигдсан
Хэмжээ хязгааргүй орчлонгийн төрөлд төөрөлдсөн
Хэзээд тасрахгүй гурван зовлонд нэрвэгдсэн
Хэрхэвч тэсэшгүй энэлэлт олон амьтаны төлөө
Хиргүй ариун Бодьчид сэтгэлийг төрүүлтүгэй
Онцгой үнэнг ухаарах оюун билэг үгүй аваас
Огоорохуй ба Бодь сэтгэлийг хэдий үүсгэвч
Орчлонгийн үндсийг таслан үл чадахын тул
Оройтолгүй шүтэн барилдлагад шамдан суралцтугай
Сансар Нирвааны алив юмс үзэгдэл бүхэн
Шалтгаан үрээр нөхцөлдөн гарсан нь хуурмаггүй.
Сац бас нэрийдлээр суурь бурууд баримтлах бүгдээс
Салж чадваас л Бурханы мөрөөр замнах болно
Үзэгдэл юмсын хуурмаггүй шүтэн барилдлага ба
Үзэл хоосон чанарын хос хоёр номлолыг
Үзтэл тусгаар ангид хэдий чинээ ойлгонов
Үнэн Бурханы сургаалыг төдий хүртэл үл ухаарнам.
Үр шалтгаан шүтэн барилдлагыг ойлгосон төдийд
Үндэс угаар нь вишнайн тэрс баримтлалыг сөхөөж
Үзэгдэл юмс, үнэн чанарыг салгалгүй хамт ухаарваас
Үзэл онолын шинжлэл тэр цагт л төгсөх болно.
Үзэгдэл ахуйгаар мөнхөд барихын туйлаас гэтлэж
Үнэн хоосон чанараар тасрахын хязгаарыг арилгаж
Үлэмжийн хоосон чанар үнэн шүтэн барилдлагаар
Үтэл туйлшрах үзэлийг даран чадах болно.
Аяа Бодь мөрийн гурван эрхэм зүйлийн
Аньсан гол утгыг анхаарч сайтар ухаараад
Аглаг буйд гаран хичээн бясалгаваас
Ашидын хэрэг тань бүтэх болно. Хүү минь.
хэмээн гуравдугаар Далай лам Содномжамц Бурхадын хамаг эрхэм гурван зарчимын шим утгыг зарлиглан зохиосон ажээ.

Тэгэхээр би ингэж бодож байна:

Хоёр: УЧИР ШАЛТГААН ба ҮЙЛИЙН ҮР.
Хүү минь: “Үзэгдэх юмс үнэн чанарыг салгалгүй хамт ухаар.”

Үйлдсэн үйлийн үр бүхнээс чухал ажээ. Муу сэтгэлийн гэмийг хусавч үл арилдаг. Сайхан сэтгэлийн буяныг хүсэвч үл олдоно гэдэг юм. Тийм учраас Учир Шалтгаан ба Үлэмжийн хоосон чанар хэмээх хоёр номлолын ач тус их бөгөөд энэрэн нигүүлсэх сэтгэл болоод үйлийн үр, хоосон чанар гэсэн гурван үзэл баримтлалыг хослуулан бясалгах хэрэгтэй хэмээн “Бодь мөрийн эрхэм гурав оршивой” хэмээх сударт онцгойлон хэлсэн байна. Үзэгдэл юм бүхэн учир шалтгаантай. Үйлдсэн үйлийн үрээр бий болдог. Үр шалтгаан. Тэр бүгдийн хоорондын харилцаа. Түүний учир шалтгааныг үл ухаарваас Бурханы сургаал номлолын үнэн утгыг ухаарч ойлгож чадахгүй. Тийм учраас үнэнийг ойлгож ухаарч учир шалтгаан шүтэн барилдлагын ухаанд шамдан суралцахыг зааж сургасан ажээ. Би ингэж бодож байна.

Тийм учраас Хүү минь, Чи санаж яв. Үйлдсэн үйлийн үр дагавар гэж байдаг юм. Цаг үргэлж санаж бай. Жаргалд бүү шуна. Шуналыг буцаа. Буцаагаад явуулж сур. Өнөөдөр жаргавч маргааш зовдог. Өнөөдөр зовсон ч маргааш жаргах учир бий. Хүсэл шунахын үндэсийг тасал. Тэгэж гэмээнэ Үнэний замаар алхах болно. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Гурав: ЭНЭРЭН НИГҮҮСЭХ СЭТГЭЛ.
Хүү минь. “Бусдыг энэрэх бодь сэтгэлийг үүсгэ. Үнэн ариунаар үүсгэтүгэй.”

Богд лам бээр “Эрдэнэт хүний заяаг олж. Энэ ертөнцөд төрөх гэдэг нь дээдийн дээд хувь заяа” гэжээ. Хүмүүн төрөл гэдэг чандмань эрдэнэ мэт болой. Олоход бэрх, эвдэхэд хялбар, оловч түр зуурдийн юм. Огторгуйн гялбаа адил богинохон байдаг. Энэ бүгдийг бодож бай. Өдөр шөнө боловч түүртэлгүй хүрт. Ариун дээд номын сураг чимээг хүрт. Миний хүү. Хүн болж төрсөн утга учрыг ухаар. Бусдыг энэр. Бодь сэтгэлийг үүсгэ. Бусдыг энэрэх сэтгэл үгүй аваас Бурханы хутагыг олж дийлэхгүй. Тийм учраас Бодь сэтгэлтэй бай. Түүнийг төрүүлтүгэй. Бас үнэнийг ухаарч оюун билэгээ хөгжүүлтүгэй. Түүн үгүй аваас муу үйлийн үндсийг таслан үл чадмой. Хүлцэхэд бэрх муу үйлийн үрд хүлэгдсэн, Би-ийн үзэл бодолд шатсан, Харанхуй мунхаг ухааны торонд хашигдсан. Зовлонт хүмүүн хэнийг боловч хүлцэн өршөөж чаддаг бай. Ариун гэгээн бодь сэтгэлээр хандаж бай. Үнэнийг ухаарч хар. Орчлонгийн жаргал зовлонг ухаарч хар. Олон амьтанд туслаж яв. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Дөрөв: ҮНЭН ЧАНАР. ХООСОН ЧАНАР
Хүү минь. “Хоосон чанар гэдэг бол бүгдэд нээлттэй оюун ухаан.”

Үзэгдэл юмсын үнэн чанар. Энэ бол мөнх бус чанар. ХООСОН чанар. Тийм учраас. Бүх юмс бүгд хуурмаг. Цаг хугацаа бүгдийг үгүй хийдэг юм. Цаг хугацаанд тохирсон тийм чанар гэж байдаггүй. Тийм учраас Үнэн чанар бол үлэмжийн хоосон чанар. Би ингэж бодож байна.

Тийм учраас. Хүү минь. Юмс үзэгдэл бүгд хоосон. Түүнд битгий итгэ. Бүү туйлшир. Шунал байвал шуналыг буцаа. Буцаагаад явуулж сур. Жаргалд битгий ташуур. Зовлонд бүү сөгд. Бүгд худлаа. Тийм учраас. Түүнийг битгий дэмж. Тэхий дунд нь орш. Яагаад гэвэл “Амьдралд шунах мунхаглал. Амьдралаас зугатах тэнэглэл. Аль аль руу нь хэлбийлгүй дунд нь орш. Энэ билгүүн ухаан”. Бурхан багш ингэж хэлсэн юм. Тийм учраас амьдралаас битгий зугт, түүнд бүү шуна. Дунд нь орш. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Тав: ХОЁР ИХ ДАЛАВЧ

Хүү минь. “Дотоод их гэгээрэл. Агуу их хүчирхэг хоёр их далавчиндаа тулж амьдар.”

Бурхан багш бээр хүмүүс бидэнд хоёр хүчирхэг их далавч өгсөн юм. Тиймээ. Хүү минь. Бид бүгдээрээ хоёр их далавчтай. Оюун ухаан, энэрэл хайр хэмээх хос хоёр далавчтай. Би ингэж бодож байна. Түүнийг бурхан бид бүгдэд өгсөн юм. Тэрбээр нүгэл хийгээд зовлонгийн үр үндсийг тасчин хаях хүчит хоёр далавч. Тэрбээр хүсэл шунал хийгээд мунхаг сэтгэлийн цангааг арчиж угаах хоёр их далавч. Тэрбээр сансар хийгээд орчлон ертөнцийн шүтэн барилдлага, Түүний мөн чанарт тулж хийгдсэн хоёр их далавч. Тэрбээр ертөнц дэлхийд оршиж. Зохицон амьдрах хүмүүн бидний утга учир. Хүмүүс бидний хувь заяа тавиланг өгүүлэх хүчит хоёр их далавч. Тийм учраас. Миний хүү. Миний охин. Дотоод их гэгээрэл. Агуу их хүчирхэг хоёр далавчаа шүтэж амьдар. Түүний тэнгэрлэг их хүчинд тулж амьдар. Түүнд тэмүүлж амьдар. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Зургаа: ЧИНИЙ СОНГОЛТ
Хүү минь. “Зөв зам. Энэ бол оршихуйн зам. Энэ бол чиний зам.”

Савыг битгий их дүүргэ. Хальтал нь бүү дүүргэ. Усаар сүүгээр аль альнаар нь бүү дүүргэ. Асгаж цутгаад авч явах хэцүү байдаг юм. Тэгээд ер нь аливаа юм хэмжээ хязгаартай байж гэмээнэ. Эмх цэгц тэгш байдал оршдог. Бий болдог юм... Дунд нь бас нэг зам байгаа. ЭНЭ БОЛ ЗӨВ ЗАМ. Энэ бол оршихуйн зам. Энэ зам бол чиний зам. Чиний сонгох зөв зам. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Долоо: ТЭР ӨӨРӨӨ АЛГА БОЛНО
Хүү минь. “Хувь хүний мөн чанар устаж үгүй болохгүй. Шинээр бий болдоггүй.”

Хүнийг засаж залруулах боломж бий. Гэхдээ мунхаг мулгуу хүнийг засна гэвэл худлаа. Худлаа шүү. Худлаа. Тэгэж бодвол чи өөрөө түүнтэй хамт алга болох магадлал тун их байдаг юм. Чи түүнийг үгүй хийж чадахгүй. Тэр хэрхэн яаж аашлах нь чамаас хамаардаг юм. Тийм учраас. Түүнийг бүү эсэргүүц. Битгий дэмж. Түүнд хэрэгтэй юмыг нь өг. Тэгээд түүний замаас хол алх. Тэгвэл тэр өөрөө алга болоод өгнө. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Найм: ЗӨВ АЛХАМ. ШУДРАГА ЗАРЧИМ.
Хүү минь. “Хүнийг сонс. Хүн бүү гол. Хүнээс юм асууж бай.”

Хэн зав зай боломж бололцоогоо зөв зарцуулан зөв ашиглаж чадна. Тэр амьдралаас хүссэн юмаа авч чадна. Санаж бай. Хичээл зүтгэл. Аливаа юманд хянамгай ханд. Эрэмбэ дараалал, дэг жаяг болон бусад онцлог чухал зүйлийг ягштал мөрдөж явах ёстой. Судлаж суралцахаас эхлээд эрэмбэ дараатай өөд өгсөж. Гишгүүр дамжих адил алхам алхамаар урагш ахиж. Зорьсон зорилгодоо хүрэх учиртай. Тэгээд бас чи миний хүү. Чи ганцаараа. Бүгдийг мэдэх боломжгүй. Бүгдэд таалагдах гээд хэрэггүй. Бүгдийг тэжээж чадахгүй. Бүгдэд ашигтай байлгахыг хичээ. Энэ зөв алхам. Шудрага зарчим. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Ес: ХҮНД ХЭРЭГТЭЙ ҮГС.

  1. Хүү минь. Охин минь. Бурхан багшийн сургааль бол. Аль нэгэн дээд хүчний сургааль биш. Түүний авралд багтаж амьд яв гэсэн сургааль биш. Өөрөө чи өөртөө итгэж. Төгс төгөлдөр болдогыг зааж сургасан сургааль юм. Тийм учраас. Чи өөрөө өөртөө итгэ. Өөр юунд ч битгий итгэ.
  2. Хүү минь. Хэрвээ чи сайхан амьдрая гэж бодож байгаа бол. Зорилготой бай. Зорилго чинь тодорхой тэгээд бас агуу байх ёстой. Ганцхан чамд биш өөр олон хүмүүст хэрэгтэй байх ёстой. Тэгээд чи өөрөө зүтгэ. Хэнээс ч илүү их зүтгэ. Тэгэж хүмүүсийг чи хөдөлгө. Хэцүү байх хамаагүй. Ядрах хамаагүй. Зорилготой бай. Түүнийхээ төлөө бат зогсож чаддаг бай. Энэ тун их чухал.
  3. Охин минь. Жаргаж байгаа нарыг биш. Ургах нарыг харж бай. Сэтгэл зүрхээ сэрүүн байлга. Сэтгэл сэрүүн бол бодол сэрүүн. Бодол сэрүүн байвал амьдрал сэрүүн байдаг юм.
  4. Охин минь. Үгийг чинь ойлгохгүй хүн. Сэтгэлийг чинь ойлгохгүй. Тийм учраас. Чи түүний төлөө бүү санаа тавь. Ер нь хэний ч төлөө хэтэрхий их санаа бүү зов. Яагаад гэвэл. Чи тэдний төлөө биш. Тэд өөрсдөө өөрсдийнхөө төлөө амьдрах ёстой юм.
  5. Хүү минь. Төрийн хүн тэр шудрага байх хэрэгтэй. Гэхдээ тэр худал хэлж болохгүй. Хүн гүтгэж болохгүй. Тэр ухаалаг тэгээд шудрага байвал тун их сайн. Төрийн хүн мөнгөтэй байж болно. Мөнгөгүй байж болно. Бодит үнэнийг ухаардаг байх ёстой. Тийм юманд тулгуурлаж шийдвэр гаргадаг байх хэрэгтэй.
  6. Хүү минь. Хэн илүү хүчирхэг байна. Тэр даруу номхон дөлгөөн. Тэр алддаг. Тэхдээ тэр алдаагаа хүлээж авч чаддаг. Тийм учраас тэр жинхэнэ хүчирхэг эр хүн.
  7. Хүү минь. Чи юм хий. Ажил хий. Их ажилла. Их аз жаргал ирдэг юм. Муу хэлэг хамаагүй. Гүтгэнэ дайрна хамаагүй. Айхгүй бай. Айхгүй байна гэдэг агуу чанар.
  8. Хүү минь. Хүмүүс чамд сайн юм хийж чадна. Гэхдээ тэдэнд муу зүйл хийх боломж бас байгаа. Тийм учраас хүмүүст хэрэгтэй зүйлийг нь өгч бай.
  9. Хүү минь. Том юм хүс. Жижигээс эхэл. Юу гэсэн үг вэ? гэвэл аливаа юмыг багаас нь эхэл гэсэн үг. Яагаад гэвэл олон жижиг зүйлсээс их үйлс эхэлдэг юм.
  10. Хүү минь. Юунаас ч айдаггүй хүн аюултай. Хэрцгий бүдүүлэг. Эрдэм ном үгүй түүнд энэрэн хайрлах сэтгэл гэж байдаггүй юм. Тэр сэтгэлээ гээсэн байдаг. Түүнээс хол яв.
  11. Хүү минь. Охин минь. Эцэг эхийгээ ойлгож бай. Яагаад гэвэл. Тэд нар чиний төлөө юун дундуур туучиж өнгөрснийг чи мэдэхгүй шүү дээ.
  12. Хүү минь. Бардах хэрэггүй. Ихэрхэх хэрэггүй. Бардам зан хүнийг сохор болгодог. Их зан хүнийг мулгуу болгодог юм.
  13. Хүү минь. Худал хуурмаг юмтай хэзээ ч бүү зууралд. Бүх амьдрал чинь худал хуурмаг болдог юм.
  14. Хүү минь. Төгс гайхамшиг бол төгс энгийн байдал. Түүнээс өөр юу ч төгс бус.
  15. Хүү минь. Хүнийг хүндэл. Хэнийг ч дорд битгий үз. Энэ бол жинхэнэ тэнэглэл.
Би ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?



Батжаргалын Батбаяр
/Хүүдээ бичсэн захидал/
2016.03.18