КИЕВИЙН ТӨЛӨӨХ ТУЛААН (2)
Путины Украин дахь “Тусгай ажиллагаа” эхлээд гурав дахь жил рүүгээ орлоо. Энэ Тусгай ажиллагаа гэгч анх хэрхэн эхэлсэн тухай өгүүллийг сонирхуулахаар орчуулан толилуулж байна.
Оксана Тороп,
Святослав Хоменко
КИЕВИЙН ТӨЛӨӨХ ТУЛААН (2)
Украины зэвсэгт хүчин хариу цохилт өгч байна
2-р сарын 24-ний үдээс хойш Гостомель хотод дахин маш хүнд тулалдаан болов. Үүнийг Украины нийслэлээс өмнө зүгт орших Била Церква баазаасаа дөнгөж Киевт хүрч ирсэн Украины Зэвсэгт хүчний 72-р бригадын их буу эхлүүлсэн байна.
Ерөнхийдөө анхны төлөвлөгөөний дагуу хэрэв оросууд бүрэн хэмжээний дайралт хийсэн тохиолдолд 72-р бригад Чернигов мужид байлдааны даалгавар гүйцэтгэх ёстой байв. Түүгээр ч барахгүй 2022 оны эхээр офицерууд тэнд бэхлэлт байгуулсан. Гэвч хоёрдугаар сарын эхээр Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный бригадын дарга хурандаа Александр Вдовиченкотой утсаар ярьжээ. “Черниговыг өөр ангиуд хамгаална, чиний даалгавар бол Киев" гэж генерал хэлэв.
"Би байлдааны тушаал хүлээн авуутаа, энэ бол ганц бригадын хувьд 160 орчим километр, тэр ч байтугай Днеприйн хоёр эрэг дамнасан маш том фронт шүү дээ гэж хэлсэн. Дээр нь бригадын ангиудад хүн хүч хүрэлцээгүй, дөнгөж 50-60 хувьтай... Намайг ингэж хэлэхэд командлагч: - Саша, надад цаана нь өөр хүн хүч байхгүй гэсэн” гэж дурсав. 72-р бригадын ангиудад туршлагатай мэргэжлийн гэрээт цэргүүд алба хааж байсан нь нөхцөл байдлыг аварсан. Энэ бол манай зэвсэгт хүчний элит" гэж Вдовиченко дурсав.
Хоёрдугаар сарын 23-нд, дайралт эхлэхийн өмнөх өдөр бригадын ангиудын хэсэг Киевийн ойролцоо аль хэдийн байрласан бөгөөд довтолгоог няцаахаар чимээгүйхэн бэлтгэж байв. "Ангиуд урагшилж байв. Тэд Киевийн ойролцоо байгаагаа харуулахгүй байх заавар байсан тул хамгаалалтын байрлалд ороогүй” гэж Вдовиченко ярьсан.
Хоёрдугаар сарын 24-ний шөнийн хоёр цагийн орчимд бригадын дарга штабын даргадаа “Өнөөдөр гишгүүлэх байх. Бидэнд ядаж ганц өдрийн бэлтгэл хийх боломж байсан болоосой." Хэдэн цагийн дараа Вдовиченког дэлбэрэлт сэрээлээ: Оросууд Белоцерковын нисэх онгоцны буудал болон хотоос холгүй орших цэргийн анги руу пуужин харважээ.
Энэ үед бригадын хамгийн хүнд зэвсэг болох танкийн батальон, их бууны дивиз, туслах ангиуд Киевээс өмнө зүгт бараг зуун километрийн зайд орших Била Церквад байрлаж байв. Ердөө ганц өдрийн дотор эдгээр хүнд техникийг Киевт хүргэсэн. Жирийн иргэд маш их тусалсан. Үүнийг хожим нь "амьдралын марш" гэж нэрлэх болж.
Тэр үед 72-р бригадын цэргүүд Гостомелийн стратегийн ач холбогдолтой нисэх буудал дээр ажиллах ёстой гэдгээ мэдээгүй. Энэ үед Оросын эзлэн түрэмгийлэгч хүчний гол хүчнүүд аль хэдийн агаарт гарсан байсан ба тун удахгүй Гостомелд газардах боломжтой болно. Тиймээс 2-р сарын 24-ний 17:00 цагийн үед Киевийн захад байрлаж байсан 72-р бригадын артиллерийн батальоны ангиуд Гостомелийн нисэх онгоцны буудлын хөөрөх зурвас руу гал нээжээ. Тэдний даалгавар бол Оросын Ил-76 онгоцнуудын ганцыг нь ч буулгахгүйн тулд нислэгийн зурвасыг аль болох ноцтой гэмтээх явдал байв. Мөн түүнчлэн хэрэв оросуудын тээвэрлэгч нь Гостомелд газардах гэж оролдвол тэр даруй Украин талаас галан шуурга тавих ёстой.
17:41 цагт Bellingcat эрэн сурвалжлах бүлгийг үүсгэн байгуулагч Христо Грозев твиттер хуудсандаа "18 ширхэг Ил-76 онгоц Оросын Псков хотоос хөөрөн Киевийг чиглэлээ, цагийн дараа тэнд очино гэж Украины засгийн газрын эх сурвалж надад мэдэгдлээ.
72-р бригад ч даалгавраа сайн биелүүлэв. "Хэрэв тэд байгаагүй бол Илүүд газардаж чадах байсан. Ингээд л оросууд Киевийн зах руу ороод ирэх байлаа". 72-р бригад дараагийн сард Киевийг хамгаалалтад авч, Гостомелийн нисэх онгоцны буудал руу үе үе довтолж байв.
“2-р сарын 24-ний дараа ч оросууд тэнд буухыг оролдсон хэвээр байлаа. Онгоцууд нисч байна гэсэн мэдээлэл ирэх бүрд бид буух зурвасын дагуу онилж, ажилласан. Тиймээс хэсэг хугацааны дараа дайсан буух газраа орхиж, хуурай газраар ложистик бий болгох боллоо" гэж Вдовиченко дурсав.
2-р сарын 24-25-нд шилжих шөнө Оросын цэргүүд Беларусиас Чернобылийн бүсээр дамжин Гостомелд ирж эхлэв. Нисэх онгоцны буудал дээр удирдлагын төв байгуулсан тэд Оросын техник хэрэгслийг буулган байрлуулах нэг төрлийн зангилаа бий болгохоор буудлын нутаг дэвсгэр дээрх барилгуудад ажиллан, цаашдын үйл ажиллагаандаа бэдэж эхэллээ. 72-р бригад эдгээр бай руу үе үе цохилт өгсөөр байв. Гостомель дахь Оросын тоног төхөөрөмжийн шатсан үлдэгдэл нь тэдний ажиллагааны үр дүн юм.
"Хэзээ нэгэн цагт энэ тулалдааны тухай баримтат номонд бичигдэх байх" гэж Вдовиченко өнөөдөр ярьж байна.
"Гостомелийн баатрууд" гэх домог
2022 оны 2-р сарын 24-ний өдрийн үдийн хоолны үеэр нисэх буудлын хамгаалагчид ухрах шаардлагатай болсон ч, Гостомелийн төлөөх тулааныг Украинд ялалт гэж үздэг. Юутай ч эцэст нь оросууд нисэх буудлыг мэдэлдээ оруулаад, тэндээсээ агаарын гүүрээр нийслэлийг бүслэн эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй юм.
Гэтэл Оросын суртал нэвтрүүлэг болохоор Оросын зэвсэгт хүчний талаас энэхүү тулалдаанд оролцогчдыгоо гайхамшигт ялалт байгуулсан эр зоригт баатрууд болгон ухуулж хөөрцөглөхийг украинчууд эхнээсээ гайхан харж байв.
Оросын олон нийт 2022 оны 2-р сарын 25-нд Гостомелд болсон үйл явдлын талаар анх мэдсэн. ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны дарга, хошууч генерал Конашенков "Цэргийн тусгай ажиллагаа"-ны явцын тоймдоо Оросын зэвсэгт хүчин Гостомелийн бүсэд амжилттай газардах ажиллагааг өмнөх өдөр нь амжилттай гүйцэтгэсэн гэж мэдэгдэв. Уг ажиллагаанд Оросын 200 гаруй нисдэг тэрэг оролцсон гэнэ. Мөн нисэх буудлыг эзлэн авах үеэр Украины тусгай ангийн 200 гаруй нацист үхсэн бол, ОХУ-ын Зэвсэгт хүчинд ямар ч хохирол учраагүй” гэж Конашенков мэдэгдсэн.
Оросын суртал нэвтрүүлэг гайхамшигт ялалтын тухай зохиомол мэдээллүүдээ багц багц болгон угсраагаар цацаж эхлэв. Гостомелийн шүхэрчдийн эргэн тойронд жинхэнэ домог үүсгэж эхэллээ. Оросын Батлан хамгаалах яамны "Звезда" хэвлэлд "Тэд бол хоёр зуун орос спартанчууд юм" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ .
Гостомель хотод Оросын тээврийн нисэх онгоцыг газардуулах ёстой байсан хоёр зуун "орос залуус" нацистуудад хэрхэн бүслэгдэж, 2-р сарын 25-ны бүтэн шөнө, хагас өдөр өөрсдөөс нь хавьгүй давуу дайсантай "тэнцүү бус тулалдаан" хийсэн тухай өгүүлэлд “тодорхой” бичжээ. "Гэсэн ч тэд эзэлсэн байрлалаа огт орхиогүй юм" гэж нийтлэлд тодруулжээ.
"Харамсалтай нь тэд амьд үлдсэн ч Оросын үндсэн хүч хуурай газраар ирэхийг хүлээсэн. Гэхдээ үүнийг шүхэрчдээс өөр хэн ч гүйцэтгэх боломжгүй байсан юм.” гэж хэвлэлд бичжээ. Оросууд Гостомелийн давуу талыг ашиглаж дийлээгүй учраас үндсэн зорилгоо биелүүлж чадсангүй гэсэн дүгнэлтийг нийтлэлд дурдсангүй.
Ерөнхийдөө Гостомелд Оросын хохирлын талаар нарийвчилсан мэдээлэл тогтооход хэцүү байдаг. Гостомель руу довтлох үеэр нисэх буудлын хамгаалагчид дор хаяж гурван нисдэг тэрэг буудаж унагаса, багийнхан нь гарцаагүй алагдсан нь мэдэгдэж байгаа. Тодорхой болсноор хоёр ч нисдэг тэрэг Гостомелд хүрэхээсээ өмнө Киевийн усан сан руу унасан. Нисэх буудал руу дайралтын үеэр амь үрэгдсэн оросуудын тоог дор хаяж 70 хүн гэж тооцоолж байна.
Оросын цэргийн хэвлэлүүдийн мэдээлснээр нисэх буудал руу довтлох гол үүргийг Москвагийн ойролцоох Кубинка хотод байрладаг элит 45-р Агаарын десантын бригадын тусгай хүчин, түүнчлэн Ульяновскийн 31-р Агаарын довтолгооны бригадын цэргүүд гүйцэтгэсэн аж. Нийтлэгдсэн эмгэнэлийн мэдэгдлүүдийн дагуу ВВС-ийн мэдээлснээр, Гостомель руу дайрсан эхний өдрүүдэд 31-р бригад л гэхэд батальоны командлагч, хошууч Алексей Осокин зэрэг дор хаяж 34 хүнээ алдсан байна. Гостомелийн төлөөх тулалдааны эхний гурван өдрийн туршид Оросын харуулын ангиудын 13 тусгай хүчин, түүний дотор Москвагийн ойролцоох элит Витязь тусгай хүчний төвийн цэргүүд амь үрэгдсэн нь мэдэгдэж байна. ФСБ-ын чөлөөнд гарсан хурандаа, Донецкийн салан тусгаарлагчдын командлагч асан Игорь Гиркин (Стрелков) Оросын шүхэрчдийн Гостомел дахь хохирлыг "эмгэнэл" гэж нэрлэжээ.
Киевийн албан ёсны мэдэгдлээр Гостомелийн тулалдаанд Украины талаас хоёр хүн үрэгджээ. Үндэсний гвардынхан болон тагнуулын ангиас үрэгдсэн хүн байхгүй. Нийт 10 цэрэг олзлогдсон.
Гуравдугаар сарын сүүлчээр Москвагийн өөр нэг суртал ухуулагч, "Комсомольская правда" сонины ажилтан, одоо ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Путины итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн нэг Александр Коц Гостомель дахь тулалдаан талаар өөрийн тайлбар тайлангаа нийтэлжээ. "Нисэх буудал дахь шүхэрчид хоёр өдөр жинхэнэ галын тамд байж байрлалаа хадгалан өнгөрөөсөн. Энэ бол урьд өмнө байгаагүй ажиллагаа байсан юм. 1943 онд хошууч Цезарь Куниковын удирдлаган дор 275 хүнтэй сайн дурын далайчид нацистуудад эзлэгдсэн Новороссийскийн бэхэлсэн эрэгт газардсанаас хойш бид ийм тактикийн гайхамшиг огт хийж байгаагүй” гэж Коц бичвэртээ гайхуулжээ. Яг энэ бичлэгээс хоёр жилийн дараа Украины гадаргын нисгэгчгүй онгоцууд нийтлэлд дурдсан Зөвлөлтийн хошуучийн нэрэмжит Оросын том десантын хөлөг онгоцыг живүүлсэн. Хувь заяаны шоглоом?
"Гостомель бол Оросын цэргийн суу алдар" гэж Коц хэлэв. Гэсэн ч энэ бичвэрийн гол зүйл бол "Гостомелийн баатрууд" гэсэн цоо шинэ хэллэг анх удаа нийтэд түгээсэн явдал юм. Үүнийг Оросын суртал нэвтрүүлэг нэн даруй шүүрэн авлаа. "Гостомелийн баатрууд" сэдвээр зурагт хуудас, онлайн ил захидал, бараа бүтээгдэхүүн тэр даруй гарч ирсэн. Цагдаа асан, одоо яруу найрагч Сергей Ефимовын үгэнд үндэслэсэн ийм нэртэй дуу хүртэл зохиогдсоныг Оросын нэгэн цагт алдартай рок дуучин асан Александр Маршал дуулсан нь: (https://www.youtube.com/watch?v=DD76H1PiAXk)
Коцын "Гостомелийн баатруудын" тухай бичвэр нийтлэгдсэнээс хоёр хоногийн дараа нисэх онгоцны буудал дахь Оросын цэргүүд Беларусийн нутаг руу ухрах тушаал авав. Хэдийгээр "Гостомелийн баатрууд" -ын талаархи лавлагаа, энэ сэдэвтэй зургуудыг дайныг дэмжигчдийн нийгмийн сүлжээнээс амархан олж болох ч эдгээр "баатруудын" ололт амжилтын өвөрмөц байдал нь юу байсан, юунд хүрсэн болохыг ойлгоход нэн төвөгтэй.
"Мрия"-г устгасан
Гостомелийн нисэх буудлын төлөөх тулаан 2022 оны 3-р сарын сүүлийн өдрүүд хүртэл үргэлжилсэн. Дөрөвдүгээр сарын 2-нд Украины Батлан хамгаалах яам Киев мужийн нутаг дэвсгэрийг чөлөөлсөн гэж мэдэгдэв.
“Бид эзлэгдсэний дараа энд буцаж ирэхэд аймшигтай мэдрэмж төрж байсан. Их бие эвдэрч, ангаарууд эвдэрч, онгоцнууд эвдэрсэн аж. Талбай бүхэлдээ хэлтэрхий, сумны үлдэгдэл, шатсан техник хэрэгслээр бүрхэгдсэн байна. Ёстой аймшигтай байсан" гэж Владимир Смус дурсав.
Тэд нисэх онгоцны буудлыг цэвэрлэхдээ Оросын 150 ширхэг устгагдсан техник хэрэгслийг тоолсон аж. Энд мөн сүйрсэн Мрияаг анх харсан. Дэлхийн хамгийн том нисэх онгоцыг оросууд нисдэг тэрэгнээс буудсан бололтой. Украйны цэргүүд устгасан ангаарын хажууд байрлах Оросын техник хэрэгслийг шатаасны улмаас онгоц шатсан ч байж магадгүй. Оросын суртал ухуулагч мөнөөх Коц ингэж ярьжээ.
Мриягийн тоног төхөөрөмжийн гуравны нэг орчим нь бусад онгоцонд ашиглахад бололцоотой үлдсэн. Зарим хөдөлгүүрүүд бүрэн эвдэрсэн ч, зарим нь аль хэдийн сэргээгдсэн бөгөөд Ан-124 онгоцонд ашиглагдаж байгаа аж.
Мриягаас гадна Гостомелд болсон тулалдааны үр дүнд Ан-26 ба Ан-74 гэсэн хоёр онгоц бараг бүрэн сүйрчээ . Өөр таван - Ан-12, Ан-22, Ан-28, Ан-132Д, Ан-124-100-150 - их хэмжээний хохирол амссан.
Нисэх буудлын дэргэд юу болсон нь тодорхойгүй байна. Ирээдүйд энд устгасан Мриягийн “шарилыг” хадгалах музей байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Нисэх буудлыг зориулалтын дагуу дахиж ашиглах нөхцөл маш төвөгтэй. 2022 оны тулалдаанд Гостомелийн буудлын бүх техник устсан. Зөвхөн агаарын навигацийн төхөөрөмжийг сэргээхэд 32 сая доллар шаардлагатай. Нисэх буудлын нэлээд хэсэг нь минажуулагдсан хэвээр.
Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар Нэгжийн удирдагчид Оросын довтолгооны талаарх сэрэмжлүүлгийг үл тоон компанийн нисэх флотыг нүүлгэн шилжүүлэх талаар юу ч хийгээгүй. Үүнээс гадна стратегийн ач холбогдол бүхий нисэх буудалд хамгаалалтын бэхлэлт барихыг оролдож байсан Үндэсний гвардийнхүсэлтийг шууд эсэргүүцсэн байна.
Түрэмгийллийн эхэн үед Украины нийслэлд эмх замбараагүй байдал, гэнэтийн цочирол ноёрхож байх үед нисэх буудалд цэрэгжсэн хамгаалалтын гурван байлдагч, нисэхийн аюулгүй байдал сахиулах албаны хэдэн хүн ирсэн нь бүгд зэвсэггүй байв. Энэ хэдэн хүн нисэх буудлын төдийгүй нисдэг тэрэгний буух талбай, онгоц хөөрөх зурвасыг багтаасан 173 га газрыг хамгаалах гэж ирж байгаа юм. Хэд хоногийн дараа л Украины армийн зэвсэгт хүчин, Үндэсний гвардийн хүчнийхэн энд ирсэн.
Үүний үр дүнд Антоновын нэрэмжит улсын үйлдвэрийн захирал асан Бычков, түүний орлогч Харченко, Нисэхийн аюулгүй байдлын дарга Нетесов нарыг сэжиглэжээ. Хоёрыг гь нэн даруй баривчилж, Харченког эрэн сурвалжлах жагсаалтад оруулав.
Хариултгүй асуултууд
Гэсэн хэдий ч Гостомелийн төлөөх тулаан эхэлснээс хойш хоёр жилийн дараа хариулагдаагүй байгаа олон асуултын цаана Антоновын экс удирдагчдын гэм буруугийн талаарх хэлэлцүүлэг харин ч хоёр гуравдугаар асуудал мэт санагдаж байна.
Тэдгээрийн эхнийх нь Украины дайнд бэлтгэгдсэн тухай дэлхий нийтийнх юм. Халдлага эхлэхээс долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Владимир Зеленский 2022 оны 2-р сарын 17-нд нийтлэгдсэн “РБК-Украйна” сувагт өгсөн ярилцлагадаа : "Бид армиа хоёр, гурав дахин нэмэгдүүлж чадна, гэхдээ дараа нь, жишээ нь, зам тавих асуудал хүндрэлтэй байна” гэсэн юм. Гэтэл том дайны эхний өдрүүдэд Киевийг хамгаалахад тулгардаг гол бэрхшээлийн нэг нь нийслэлийг хамгаалагчдаас тоогоор илүү байсан Оросын цэргүүдтэй сөргөлдөх украин цэрэг илт дутмаг байсныг харуулав.
Гостомелийн нисэх буудлыг хамгаалах ёстой байсан ч байлдааны хамгийн бэлэн анги нь болох Үндэсний гвардийн 4-р бригадыг түрэмгийллийн өмнөхөн Дорнод Украин руу төлөвлөгөөт эргэлтээр заавал явуулах ёстой байсан уу гэсэн асуулт нээлттэй хэвээр байна. Нэг талаас нисэх буудлын хамгаалалтыг 2-р сарын 24-ний өглөө яаран сандран ирсэн бусад ангиудын цэргийн алба хаагч цэргүүдэд үлдээсэн. Тийм ээ, тэдний аз таарч эцэст нь амжилтанд хүрсэн, гэхдээ Оросын аз таарч Гостомелийг эзэлсэн бол Киевийн хувь заяа нөгөө тийш эргэх байсан.
Саймон Шүстэр "Шоучин" номондоо бичсэнээр, Киев нэгэнт аюулаас бүрэн мултарсны дараагаар АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга Марк Милли Гостомелийн төлөөх тулалдааны талаар Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйтай ярилцжээ. Оросын цэрэг буудлыг түргэн булаан авах төлөвлөгөө хэрхэн бүтэлгүйтсэн тухай тэд ярилцаж. Шүстэрийн бичсэнээр "Милли украинчуудын амжилтыг тэдний ухаалаг төлөвлөлттэй холбож тайлбарлаагүй. Энэ нь зүгээр л тохиолдын гайхамшиг шиг харагдаж байв. Милли түүнд "Хүү минь, чи зүгээр л азтай байж" гэж хэлсэн. Энэ нь Залужныйг гомдоосон."
Үүнээс гадна Киевийн хамгаалалтын шугам Ирпен голын дагуу байрлаж байсан нь Гостомелийн нисэх буудлаас дөрөв таван километрийн дотогш гэсэн үг. Хэрэв Гостомильд хориглож чадаагүй бол Киевийн хамгаалалтын бүсэд дор хаяхад хэдэн мянган украин цэрэг үрэгдэх байжээ.
2-р сарын 24-ний өглөө Дорнод руу татагдсан үндэсний гвардийн цэргүүд Луганскийн нутагт хүнд тулалдаанд орж, ухрахаас өөр аргагүй болж, дараа нь Луганск муж дахь Оросын довтолгоог удаан хугацаанд хориглон зогсоов. Нэг талаас, хэрвээ тэд тэнд байгаагүй бол том дайны эхний өдрүүдэд зүүн фронт дахь байдал үүнээс ч дор байх байсан. Гэвч нөгөө талаас оросууд Киев рүү асар их хүчээр дайрч байсныг харгалзан үзвэл байлдааны арвин туршлагатай тэр дайчид нийслэлийн хамгаалалтыг мэдэгдэхүйц бэхжүүлэх байсан даа.
Өөр нэг асуулт бол оросууд Гостомелд газардах магадлалтай гэж барууны тагнуулынхан анхааруулж байсан тэр үед эрх баригчид яагаад бусад туршлагатай анги нэгтгэлүүдээр хамгаалалтаа бэхжүүлээгүй юм бэ? Батлан хамгаалах үйлдвэрлэлийн стратегийн аж ахуйн нэгжүүдэд "сандрах шалтгаан байхгүй" тул "ердийнх шигээ" амгалан байхыг тушаасан бөгөөд Антоновын нэрэмжит улсын үйлдвэрийн онгоц, түүний дотор өвөрмөц Мрия онгоцыг яагаад гадаадад нүүлгэн шилжүүлээгүй юм бэ?
Өөр нэг байнга асуудаг асуулт: Агаарын довтолгооноос хамгаалах хүчин яагаад Оросын олон арван нисдэг тэргийг хилээс зуу орчим километрийн зайд Украины нутаг дэвсгэрт нисч, Гостомелд хүрэхийг зөвшөөрсөн бэ?
Том дайны эхний долоо хоногуудад дүн шинжилгээ хийхдээ, оросууд хэдхэн хоногийн дотор Киевийг эзлэх маш тодорхой төлөвлөгөөтэй байсан ч тэд Украины нийслэлд хэзээ ч хүрч чадаагүй, Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Виктор Муженко ВВС-д өгсөн ярилцлагадаа "Бидэнд Бурхан болон Украины баатарлаг цэргүүд тусалж аварсан."
Гостомелд олзлогдсон хилчин Сергей бусад хоригдлуудын хамт 2022 оны дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл Оросын урьдчилан хорих төвд байсан. 2023 оны 2-р сард олзлогсод солилцоогоор эх орондоо буцаж иржээ. Бидэнтэй ярилцахдаа Сергей олзлогдсон үеэ дурсахаас дургүйцсэн. Украин олзлогсод эрүү шүүлт, хүчирхийлэлд өртсөн л гэсэн. Эргэж ирээд бүх залуус эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд одоо ангидаа үргэлжлүүлэн ажиллаж байна.
Оросын шоронд байх хугацаандаа хоригдлууд Украин, Буча, Ирпен, Гостомелд болсон үйл явдлын талаар юу ч мэддэггүй байв. Тэд гэр бүлийнхэнтэйгээ ямар ч холбоогүй байсан бөгөөд гэртээ буцаж ирснийхээ дараа энэ бүхнийг сонсоод шууд шоконд орсон байна.