Утаа, хүн хоёр
Эрт галавын цаг. Энд ч түймэр, тэнд ч үер, хажууд араатан, дэргэд хортон заналхийлэх энэ хорвоод бие хамгаалах араа шүдгүй, зугтан зайлах хурдан хөлгүй, нисэн дайжих жигүүргүй хөгийн амьтан байсан нь хүн бөлгөө. Авдгаас аятайхан махтай амьтан ажгуу.
-эсээ-
Нүүдэлч овгийн өвгөн галч
Нүүрс утган пийшинд шиднэ
Хатуу нүүрс дарь шиг авалцаж
Хайлмаг ган шиг улайн цэвцийнэ...
ХХ зууны монголын шилдэг яруу найргаас
Нэг. Гал ба утаа
Эрт галавын цаг. Энд ч түймэр, тэнд ч үер, хажууд араатан, дэргэд хортон заналхийлэх энэ хорвоод бие хамгаалах араа шүдгүй, зугтан зайлах хурдан хөлгүй, нисэн дайжих жигүүргүй хөгийн амьтан байсан нь хүн бөлгөө. Авдгаас аятайхан махтай амьтан ажгуу. Гэвч тэр нь араатанд л хэрэг болохоос бус өөрт юуны хамаа. Бурхан тэнгэр хүнийг гагцхүү зовоож залхааж, арчаагүйг нь нотлохын тулд л бүтээсэн мэт...
Гэвч бурханы хамгийн хайртай “бүтээл” нь хүн байсан юм.(Нөгөө утгаараа, хүний хамгийн гайхамшигт “бүтээл” бол Бурхан өөрөө билээ) Түүнд хайртай учраас л юуг бэлнээр өгөөгүй аж. Араа шүдтнүүд түүндээс дулдуйдан зүүрмэглэж байхад араа шүдгүй хүмүн мод, чулуу, хүрэл гангаар араа шүдээ хийлээ. Хүн уртаашаа хоёрхон хөлтэй учраас дөрвөн хөлтнийг барьж аваад “хөл залгав”, жигүүргүй учраас агаарт дүүлэх түмэн арга сэдэв. Бурханы өгөөгүй болгон түүнд бэлэг болон эргэж ирсэн юм. Хэрвээ хүн нисдэг байсансан бол өдийд уулын орой, хад хясааны элгэнд тогтоосон үүрэндээ хэвтэж байх байсан байхаа.
Байхгүй болгоноо бүтээгч хүн төрөлхтөн, айдасаа нөхөр болгож, аюулыг хамсаатнаараа ажиллуулж эхлэв. Тэдний дотор гал орно.
Анхандаа, гал түймэр нь хүнийг хөнөөн айлгагч шулмын хүч, улаан мангас байлаа. Олсон зөөснийг нь үнс нурам болгоод зогсохгүй. Гал түймэр юунд ч дийлдэшгүй тэнгэрийн хүч, өршөөлийг үл мэдэх егүүтгэгч болж харагдана.
Хүнд нэг сонин зөн заяасан нь дийлдэшгүй болгоныг атгандаа оруулах совин байсан юм. Галыг тэгж л сонирхжээ. Эхэндээ, түймэрт үхсэн амьтны түлэгдсэн (одоогийнхоор бол шорлогны үнэр) махны үнэр амт, галын дулаацуулах илч гээд өөрт хэрэгтэй олон юмны “үнэр”-ийг авсан байх.
Галыг эзэмшснээр хүний амьдрал эгнэгт өөрчлөгдсөн юм. Хоол хүнсээ анх удаа болгон амталж, тэсгим хүйтнийг түүдгийн илчээр ялж, араатныг айлгаж эхэлсэн тэр цагт утаа харсан хүмүүн баясан хөөрдөг байсан буйзаа. Унгасах төдий цогны утас шиг турьхан утаанаас эхлээд тэнгэрт олгойдох түүдгийнхийг хүртэл бүгд галын бурхны дүр, аврагчийн төрхийг бүтээн бишрүүлдэг байсан хэрэг. Иймээс гал анхны шүтээний төлөөлөл байсан хэрэг. Зороастра ба Манехейн шашнаас үүдэлтэй гал тахих, галаар ариусах мөргөл уламжлал өнөөгийн монголын төрийн ёслолын хэмжээнд өвлөгдөн үлдсэн байх жишээний.
Гэвч хорвоо ертөнц хэмээх цогцлол ганцхан амьтан л дураараа дургихад зориулагдаагүй болохоор хүний амжилт ялалт болгон өөр өөрийн бэрхшээл дагуулжээ. Түүний нэг нь галыг дагалдсан утаа бөлгөө.
Хоёр. Монголчууд ба утаа
Тал нутгийн нүүдэлчид утааг амьдрал, өрх гэрийн бэлгэдэл гэж үздэг байв. Шинээр айл гэр болж голомтаа бадраахыг ч утаатай холбоно. Хэрвээ ахмад настнууд “Энэ хүний утааг нэг үнэрчлэчихээд үхмээр байна” гэвэл хүүхдээ тамхинд орохыг харах, “өвс үнэрлэх”-ийг дэмжих санаа огт байхгүй. Зүгээр л үр ачаа гэрлэж, айл орон болохыг шаардаж байна гэсэн үг.
Аман зохиол, үндэсний яруу найрагт утаа чухал байр суурь эзэлнэ. Монгол үндэстэн болгоны сүлд дуулал болсон “Аргалын утаа боргилсон малчны гэр төрсөн би...” хэмээх үгтэй дууны шүлгийг хотшиж буй нүүдэлчдийн анхны төлөөлөгчийн нэг бичсэн билээ. Утаа нь амьдрал, оршин тогтнолыг бэлгэдэх тул “Гэрийн цэнхэр утаат талдаа гэгээн наранд ойрхон өслөө...” хэмээн дуулна.
ХХ зууны эхэн үеэр монголчууд өрнөдийн жишгээр суурьшин амьдрах замыг сонгосон юм. Энэ үеэс утааны агуулга өөрчлөгдөж, үйлдвэржилт, хөгжил дэвшлийн утга орсон байна. Яруу найрагч Б.Явуухулан “Үүрийн аван жингээр хүдэр нэхэн улалзах Үйлдвэрийн өндөр яндангийн хилин улаан дөлөнд Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө, би” хэмээн шүлэглэж, улс орноороо түүнийг цээжилж, уран уншлага нь тайз, дэлгэцээс цуурайтаж эхэллээ.
Утаа ба түүнийг гаргагч “Яндан” нь ХХ зууны соцреалист утга зохиолын гол дүрийн нэг байсан. Аж үйлдвэрийн яндангийн дуугаар нэг хэсэгтээ нийслэлийн цагийг зарлаж байсан нь монголчууд иргэншлийн ертөнцөд хөл тавьж эхэлснийг зарлан тунхаглаж байв. Цаг тоололд хувьсгал гарав. Зуун зууны турш аянд гарахад “сайн цаг”, наймаа хийхэд “тааруу цаг”-т ангилагдаж байсан цаг хугацаа огт өөр зүйлийг хэмжиж эхлэв. Ажилд явах цаг, ажил тарах цаг, амралтын цаг анх удаа та нутагт орж ирсэн хэрэг. Ийм учраас ХХ зууны ном зохиолууд “Яндангийн цуурай” гэхчлэнгийн аж үйлдвэрлэг нэртэй байх нь бишгүй.
Ийм учраас хорьдугаар зуунд УТАА нь айл гэрийн голомт бадарч байгаагийн тунхаг, улс орон үйлдвэржиж хөгжиж, бүтээн байгуулж буйн бэлгэдэл байлаа.
ХХ зууны сүүлч үе, 1990 онд нийгэм улс төрийн систем задарснаас хойш хотууд, ялангуяа нийслэлийн хүн огцом өслөө. Сая гаруй ам.км нутгийнхаа энд тэнд утаагаа уугиулж явсан монголчууд хотдоо төвлөрч утаагаа нэгтгэв. Дээр нь айл болгонд нэг ногдох болсон автомашины утаа нэмэгдлээ. Чухам энэ үеэс л утаа нь дотор бачимдуулж, цээж хорсгох гэмтэйг ухаарч эхэллээ. Танин мэдэхүйн хийгээд хөгжлийн шинэ шат ажгуу. Өчигдрийн мөрөөдөл өнөөдрийн бэрхшээлийг хэвлийдээ тээж ирдэгийн ч жишээ бөлгөө.