Дорноговьд үнэхээр хүн мал, хөрс ус хордсон уу
Дорноговьд үнэхээр хүн мал, хөрс ус хордсон уу
Судлаач А.Сувдын судалгааны нийтлэлийг өөрийнх нь хүсэлтээр блогоороо дамжуулан олон нийтэд хүргэж байна.
Ураны төсөл хэрэгжих Дорноговь аймагт хүн малын эрүүл мэнд, хөрс усны судалгааг дээжлэн авч, лабораторид шинжлэн дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсэг Засгийн газрын даалгавраар гурван удаа, Шинжлэх ухааны академийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг хоёр удаа томилогдон ажиллажээ. Ажлын хэсгийн тайлан бүрт ганц л дүгнэлт гардаг. Цацрагаас болж хүн мал хордсон нь тогтоогдоогүй байна.
Үндэсний статистикийн газрын албан ёсны мэдээлэлд аймгуудын хүн амын өвчлөлийн тоон мэдээллийг гаргажээ. Үүнд Дорноговь аймгийн хүн амын өвчлөл бусад аймагтай харьцуулахад доогуур үзүүлэлттэй, ялангуяа Улаанбадрах сумын иргэдийн өвчлөл бага түвшинд байдаг аж. Малын өвчлөл ч мөн ялгаагүй бусад аймаг болон улсын дунджаас доогуур байна.
Өнгөрсөн 5-6 жилд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 70 орчим гаж малын тохиолдол яригдсан ч хуулиараа 2 нь л тогтоогдсон. Улсын мал эмнэлгийн газрын дүгнэлтээр 2 тохиолдол нь малын өвчний шалтгаантай байсныг тодорхойлжээ. Цацрагийн болон хүнд металийн хордлого илрээгүй атал яагаад нийгэмд айдас түгшүүртэй мэдээлэл явсаар байна вэ? Эрдэмтдийн судалгаа шинжилгээний дүгнэлтийг хөндлөнгөөс хянах, оролцуулах, нийтэд мэдээлэх, ухуулан таниулах ажлыг төрөөс бодлогоор хэрэгжүүлэхээр хяналтын зөвлөл байгуулан ажиллахаар Засгийн газар шийдвэрлэснийг Н.Учрал сайд нийтэд танилцууллаа.
Гэхдээ төслийн оператор компани “Бадрах Энержи” хаалттай бүс байгуулаад, таг чимээгүй суусан гэвэл үүн шиг гүтгэлэг байхгүй. Компанийн зүгээс нутгийн иргэдтэй байнга уулзалт хийж, орон нутгийн эрх бүхий байгууллагуудад ажлаа танилцуулах, сонирхогч талуудыг төслийн үйл ажиллагааг үзэхийг урьж, нээлттэй ажилладаг. Францчууд 1997 онд хайгуул эхлүүлж 20 гаруй Засгийн газар дамнан Монголд ажиллахдаа төрийн хуульд заасан бүх төрлийн зөвшөөрлийг хуулийн дагуу авч, татвар хураамжаа шударгаар төлж, нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн төдийгүй тэднээс хуулийн болоод ёсзүйн зөрчлийн баримт гарч ирэхгүй. Европын холбоог тэргүүлж байгаа Франц улс үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутаг, улс орнуудад хүндэтгэлтэй ханддаг, зарчмаараа ялгардаг хөрөнгө оруулагч үндэстэн.
Яагаад дэлхий дахин ураны эрчим хүч рүү шилжиж байгаа вэ гэсэн асуултад хариулт байна. Манай гаригийн уур амьсгал асар хүчтэй өөрчлөгдөж байна. Шалтгаан нь агаар мандалд хаяж байгаа хүлэмжийн хийтэй холбоотой. Гол хүчин зүйл нь нүүрсний эрчим хүчний хэрэглээ хяналтаас гартлаа тэлсэн явдал. Харж суусаар гариг ертөнцөө сүйрүүлэхгүйн тулд дэлхийн улс орнууд 1997 онд Киотогийн протокол, 2015 онд Парисын хэлэлцээрээр хүлэмжийн хийг бууруулах хүрээнд нүүрсний аливаа төслүүдийг зогсоох амлалт авцгаасан. Манай улс нэгдэж гарын үсэг зурснаар хүлэмжийн хийг бууруулах дэлхийн нийтийн үйл хэрэгт нэгдэж байгаагаа амласан. Дэлхийн их гүрнүүд нүүрсний эрчим хүчээс татгалзаж, цөмийн эрчим хүч рүү эргэлт буцалтгүй шилжиж байна.
Өнөөдөр дэлхий дээр 56 цөмийн цахилгаан станц баригдаж байна. 2050 он гэхэд манай урд хөрш эрчим хүчээ цөмийн эрчим хүчний станцаар 100 хувь хангах нь тодорхой болжээ. 2030-2040 он гэхэд хөгжингүй улс орнуудад нүүрсэн галлагаат цахилгаан станц байхгүй болох нь. Гэтэл Монгол Улс нийт төсвийнхөө 80-аас илүү хувийг уул уурхайн салбараас тэр дундаа нүүрсний борлуулалтаас олдог. Бидний нүүрс худалдан авагчгүй болох үед яах вэ? Дараагийн төсвийн эх үүсвэрээ олсон байх ёстой. Хөрш 2 орон маань эрчим хүчний гол эх үүсвэрээ уран гэж тодорхойлсон атал бид яагаад боломжоос хойш суух ёстой гэж? Дэлхийн 200 гаруй орноос ашиглалтын нөөцтэй 15-хан ураны ордтой орны нэг бол Монгол. Үүнийг бид эдийн засгаа өөд татах боломж болгон ашиглах, үүний тулд өнөөдөр хөрөнгө оруулалт татан, бүтээн байгуулалт эхлүүлж, харилцан ашигтай арга замыг нээх ёстой.
Английн “Тайм” сэтгүүл 20 жилийн дараа эрчим хүчний хомсдол үүсэх нь, нефть дуусна гэдгийг дэлхийн нэр хүндтэй шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн бичсээр байгаа. Нар, салхины эрчим хүчийг ашиглах боломж бий ч хамгийн чухал эх үүсвэр бол атомын цахилгаан станц гэдгийг улс түмнүүд хэдийнээ хүлээн зөвшөөрчээ. 2050 он эхэд атомын эрчим хүчний 440 гаруй станц баригдана, үүний 56 нь урд хөршид маань ид баригдаж байна. Хэрэглээ нэмэгдээд байгаа учраас энэ салбарын эрэлт нэмэгдэнэ гэсэн үг. Үүний илэрхийлэл нь, нэг паунд буюу хагас кг шар нунтгийн үнэ дэлхийн зах зээл дээр 2017 онд 18 ам.доллар байсан бол одоо 50-70 ам.долларт хүрч үнэ нь тогтвортой өссөөр байна. Бүх хөгжил дэвшил цөмийн технологид суурилж байгааг өндөр хөгжилтэй орнууд руу эмчлүүлэхээр зорьж байгаа иргэдийн урсгалаас л харчихаж болно. Тэднийг цөмийн технологиор эмчилж чадаж байгаатай л холбоотой юм. Бидний бүх амьдрал цөмийн технологитой холбогдсон байтал үүнийгээ өөрсдөө эсэргүүцээд байгаа нь нүх рүү унаж үхэх сонголтыг өөрсдөө хийж байгаатай агаар нэг утга.
Ураныг ашигла гээд ашиглачихдаг, ух гээд ухчихдаг эрдэс биш. Өндөр технологи, их хэмжээний хөрөнгө оруулалт, ур чадвар зайлшгүй хэрэгтэй. Тэр нь бидэнд алга. Франц бол цөмийн их гүрэн. Харилцан ашигтай ажиллая гээд 15 жилийн дараа манай хаалгаар орж ирсэн гуравдагч орны цор ганц хөрөнгө оруулалт. Гэтэл бид хөрөнгө оруулагчаа заамдан авч, зайл гэж тун ичгүүртэйгээр орилж байна.
Төгсгөлд нь тэмдэглэхэд, тэртээ 1970-аад онд атомыг энхтайвны зорилгоор ашиглана гэдэг нэгдсэн ойлголтод манай гаригийн соёлт хүн төрөлхтөн хүрчихсэн юм билээ шүү.