Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “дөрөө”-нд сүү дусаан үдье
-Монгоl төрийн бодлогын үндсэн зарчим нь хадгалагдаж байна-
Шүүмжлэхийн зэрэгцээ шүүн тунгааж бодсоноо ч бас бичих нь зүйтэй байх. Сүүлийн үеийн Ерөнхий сайдын айлчлал сайн сайхан цагт аз жаргалтайгаар хийдэг айлчлалуудаас арай өөр онцлогтой учраас хэдэн үг хэлэхээс аргагүй болов.
Ерөнхий сайдын чимээгүйхэн гадаад харилцаа сүүлийн үед анзаарахгүй байхын аргагүй ач холбогдол өгч буйг Герман орон руу хүлгийн жолоо залахын өмнө дөрөөг нь мялааж урамшуулмаар санагдлаа. Дэлхий дахинаар цар тахлын болон геополитикийн хямралтай байгаа энэ цаг үед ихэнх улс орнууд эдийн засаг, гадаад харилцаа нь хүндэрч эхэлсэн. Харин манай улсын хувьд энэ хүндрэл, хямрал арай хөнгөнөөр илэрч байгаа нь Засгийн газар чимээгүй бөгөөд сайн ажиллаж үр дүн гэж хэлж болно.
Саяхан Японы Ерөнхий сайд Фумио Кишидагаар удирдуулсан Засгийн газрыг дэмжигчдийн тоо тус улсын Ерөнхий сайдыг ажлаа авснаас хойшхи нэг жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн гэх санал асуулгын дүнг “Кинодо цусин” агнетлаг нийтэлсэн байв. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь үнийн өсөлт, иений ханшийн уналтад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Манай улсад ч энэ зовлон хангалттай бий. Ялангуяа шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн үнийн өсөлт бол хамгийн ойрын зовлон. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн ямар нөхцөл байдалд иргэдийнхээ сошиал дургүйцлийг ч үл тоон Владивостокт очоод ирэв? Яагаад түүнийг явахын өмнөхөн “Роснефть”-ийн И.Сечин Их тэнгэрт түүнийг зорин очоод өдөртөө нисэв? Түүний “тэмдэглэж аваад ниссэн” хэдэн тоо Монголын ард түмний аж амьдралд, шатахуун хэрэглэдэг бүх секторт, намрын ажлын сезоны үеэр ямар нөлөө үзүүлснийг бас тооцохгүй өнгөрөх аргагүй юм. Хөнгөлөлт үзүүлэхгүй гээд байсан дизель түлшиндээ бага ч гэсэн хөнгөлөлт чирээд л ирсэн. Дайны үед бас л “боломжгүй боломж” шүү. АИ-92 дээр авдаг “урьдчилсан төлбөрт хөнгөлөлт” эдлэх гэхээр урьдчилж байршуулах ёстой мөнгө нь манай улсын гадаад валютын нөөцөд нөлөөлөхүйц өндөр үнэтэй болохоор энэ бол бараг л “олз”.
Дараа нь тэрбээр Лондонд очиж ИБУИНХУ-ын Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцсон. ОХУ, Белорусь, Мьянмар гурваас бусад дэлхийн бүх улс орны удирдагчдыг урьсан энэ ёслол зөвхөн эмгэнэл илэрхийлж хүндэтгэн салах ёс гүйцэтгэх урилга байгаагүй. Харин олон улсын харилцаа, улс орнуудын нэр хүндийн хувьд дипломат бодлогын чанартай цугларалт байсан гэж хэлж болно гэж ажиглагчид үзэж байв. Нөгөөтэйгүүр, ИБУИНХУ-ын Цог жавхлант Хатан хаан II Элизабет агсны хувьд Баруун Европын улс орнууд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтооход, хожим нь Монгол Улсыг ардчилсан замналаар замнахад анхнаас нь тууштай дэмжиж, үнэлж баршгүй туслалцаа үзүүлж байсан хүндтэй зочиндоо Монголын төлөөх сэтгэлд нь хүндэтгэл үзүүлсэн хэрэг юм. Монгол Улсад энэ өдрүүдэд албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ “Монгол Улс дэлхий дахинд ардчиллын төлөөх гэрэлт цамхаг байсаар ирснийг цохон тэмдэглэв” гэсэн албан мэдээг уншаад тэнцвэртэй байдлыг хангаж чадаж байна гэсэн сэтгэгдэл төрсөн.
Мэдээж, миний эх орны хөгжил буурай хэвээрээ байна. Тиймээс дэлхийн зочдоосоо ч, хөршүүдээсээ ч гуйлга ихтэй амьдардгийг хэн ч үгүйсгэхгүй. Энүүхэндээ гэхэд зээл гуйх л байх. Гэхдээ шаардлагатай бол зээл авах хэрэгтэй.Түүнд эрхийг нь УИХ өгнө, Тэр тусмаа хангалттай зээл авах хэрэгтэй. Гол нь ямар нөхцөлтэй авч байна вэ, зээлээ төсөвт дарамт үүсгэхгүйгээр төлж чадах уу гэдэг л асуудал шүү дээ.Энэ чинь гадаад худалдаа буюу экспорт, импортын асуудал, төлбөрийн балансын асуудал болоод цааш задраад явдаг. Дараа нь зээлээ юунд зарцуулах вэ, үр өгөөжөө өгөх төсөл чинь байгаа юм уу гэдэгт байгаа юм.Үүнийгээ л бид хянах хэрэгтэй.
Улс орон л юм чинь Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь урьдгаараа урьж, айлчилдгаараа айлчилж, очсон ирсэн бүхэн “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж хамтын ажиллагааны бүх салбарт сэтгэлээ дэлгэн алгаа тосон урьж хөрөнгө оруулалтыг даллах өрөвдөлтэй “арга, технологи” маань өнөөдөр дэлхийн бараг бүх л оронд сүүлчийн гарц болон нүүрлэж байна. Харин ч энх амгалан Монгол орны хувьд “жижиг улсын зовлон жижиг” гэгч болж зарим талаар бараг давуу тал шахам болгон ашиглах боломжтой, дээр нь геополитикийн адармаатай бөгөөд ашигтай байршлаа ухаалгаар залуурдаж чадвал монгол түмний заяа их гэгчээр арай ч элгээрээ хэвтчихгүй байх гэсэн итгэл найдвар бий.
Ерөнхий сайдынхаа хувьд Л.Оюун-Эрдэнэ тун адармаатай үед ачаа үүрч яваа. Гэхдээ чадан ядан гэлдрэх бус зорьсноо хийгээд итгэлтэй алхаж яваа дүр зураг харагддаг. Алдаа оноо мэдээж бий. Нэгэн цагт Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан Р.Амаржаргал Ерөнхий сайдын ажил байдал, алдаа онооны тухай юу гэж хэлсэн гээч. Тэрбээр хэлэхдээ “Эрх баригчдын гаргаж байгаа шийдвэр дандаа зөв байдаг юм. Тодорхойлолтоор. Яагаад гэвэл Үндсэн хуулиараа тэдэнд “Та нар хэлэлцэж ярьж байгаад шийдвэр гарга” гээд эрхийг нь өгчихсөн. Тиймээс тухайн үедээ тэр шийдвэр нь зөв болоод л явна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хүчний харьцаа өөрчлөгдөх ч юм уу, ямар нэг өөрчлөлтийн дараа тэднийг буруу шийдвэр гаргасан байна гээд буруутгана. Ердөө л энэ шүү дээ. Үнэн түүх гэж байдаггүй. Албан ёсны түүх л гэж байдаг юм” гэж билээ. Түүнийг ингэж хэлэх үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байлаа л даа.
Тэгэхээр албан ёсны түүхийн хуудсыг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бичилцэж байна. Одоо “бичигдсэн” хуудсуудаас харахад тэрбээр Монгол Улсын төрийн бодлогын үндсэн гол зарчим нь хадгалаад явж байна. Бид хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байна. Гуравдагч хөрш рүүгээ нээлттэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байх зарчим хэвээрээ л байх учиртай. Хэвээрээ байна.
Хэдхэн хоногийн дараа ХКН-ын 20 дугаар Их хурал хуралдана. Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ хурал манай улсын хувьд хаяа хатавчаа нээх эсэхээс шалтгаалан, “гал тогооны өрөө”-нд маань хүртэл нөлөөлдөг нь худлаа биш шүү дээ. Хаа очиж халуун зунаар ирэхэд гурван цаг гаруй уулзсаных экспортлох нүүрснийхээ хэмжээг тогтвортой, удаан байлгана гэдэг амлалт авахуулж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ынхаа санхүүжилтийг шийдүүлж “боомтын сэргэлт” хөтөлбөрөө санал нэгтэй ажил хэрэг болгохоор яаравчилсан гээд олон чухал асуудлыг шийдүүлээд авсан. Наанадаж л
2060 он гэхэд CO2 үйлдвэрлэдэггүй улс болохоо зарлачихсан Хятад улсад харамлаж хадгалсан нүүрсээ ахиухан нийлүүлэх нь бидний хувьд тун чухал.
Эцэст нь хэлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12-16-ндХолбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлалаа эхэлж байна. Энэ айлчлалыг эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын олон салбарт хэрхэнхамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцана.Түүнчлэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийхээр төлөвлөжээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-тэй танилцаж, “Дойче Велле” мэдээллийн агентлагт ярилцлага өгөх юм байна. Дэлхий Монголыг сонсож сонирхож л байвал сайн. Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, монгол айл өрхүүдийн аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө хийж чадах бүхнээ хийж яваа түүний аяны дөрөөг сайн үгээр сүү дусаан үдье. Амжилт хүсье!