Монголчууд эвтэй байхдаа хүчтэй юү, хүчтэй байхдаа эвтэй юү
Хүнд ам нэг, чих хоёр байдаг нь үг хэлэх хариуцлагын үнэ цэнийг үргэлжид сануулах бурхны өгөгдөл.
1.
Хүнд ам нэг, чих хоёр байдаг нь үг хэлэх хариуцлагын үнэ цэнийг үргэлжид сануулах бурхны өгөгдөл. Тэр тусмаа төрийн болон улстөрийн өндөр албан тушаалтнуудын хэлэх нь тэр чигээрээ хариуцлага. Гэтэл манай улстөрчид, төрийнхний үг эхнээсээ дуусталаа улс төрийн PR, албан тушаал, бизнесийн шантааж болжээ. Жишээ нь, Засгийн газрыг огцруулах санал гаргах нэр бүхий гишүүд хийгээд сөрөг хүчний санаачилгын цаад мөн чанар, зорилго нь ихэнхдээ улстөрийн шантааж байдаг.
2.
“Олонх хүн юу ярьж байгааг нь ойлгох гэж бус, ярьсанд нь хариулах гэж л сонсдог” гэх нэгэн суутны үг бий. Үүнтэй нэгэн адил манай улстөрчдийн хэлсэн үг олон нийтэд таалагдаж байх нь л хамгийн чухал. Үнэнийг хэлэх, хэлсэн үгийнхээ хариуцлагыг хүлээх бол гучдугаар асуудал. Жишээ нь, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “дөрвөн жилийн дараа утаа арилаагүй бол хариуцлагыг нь надтай тооцоорой”, хотын дарга Э.Бат-Үүлийн “хотын захиргааг нүүлгэнэ, гэр хорооллыг ус, дулаанд холбоно” гэдэг бол ердөө л бусдад таалагдах, сонгогчдын саналыг хуурч авах гэсэн популизм байв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Иргэн бүрт 100 мянган төгрөг өгнө”, “Улсын наадмаар дэлхийн ямар нэгэн одын тоглолтыг зохион байгуулна”, “Долларын ханш унаж, их хааны хөрөгтэй монгол төгрөг хойморт заларна”, УИХ-ын дарга З.Энхболдын “Үндсэн хуулийг өөрчилнө” гэх үгсийн хэрэгжээгүйн хариуцлагыг хэн хүлээх вэ. Хэлсэн үг нь хэрэгжээгүй, хэрэгжихгүй учраас тэд эрх баригчдын өөрсдийнх нь нэрлэснээр С.Ганбаатар, Г.Уянга нартайгаа адилхан л популистууд юм биш үү. Ялгаа нь, нэг хэсэг нь төрийн эрх мэдэлтэй, нөгөөдүүл нь эрх мэдлийг шантаажилсан популистууд л байна. Ардчиллыг олонхийн засаглал гэдэг. Харин манай улстөрд бол олонхио сайн хуурч чаддаг цөөнхийн, бүлэглэлийн засаглал хэлбэрээр ардчилал оршин тогтнож байна.
3.
Сүүлийн үед “Жинхэнэ эр хүн”, “Намын лидер” болохын төлөөх марафонд хариуцлагагүй үгсийг хайр найргүй хэлж, үйлдлийг хамаагүй хийх болов. Ялангуяа АН-д. Энэ нь магадгүй тус намаас 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөөх өрсөлдөөн бололтой. Одоогоор тус “сунгаа”-г Н.Алтанхуяг, З.Энхболд нар өнгөлж явна. Н.Алтанхуяг гэхэд зөвлөх асан Л.Гансүхийн шүүх хурал дээр очоод шүүгчийн асуултад хариулахгүйгээр “Гансүхэд ямарч буруу байхгүй, бүх хариуцлагыг би хүлээнэ” гэх. Өөрөөр хэлбэл, тэрээр найзынхаа буруугүйг шүүхийн өмнө нотлохын оронд, шууд дамжуулж байгаа телевизийн камер ашиглаад таалагдахыг илүүд үзэх. Дараа нь Л.Гансүхийг хориход очиж эргэснээ нийтэд зарлав. Үүгээрээ тэрээр сайн найз, хүн чанартай нэгэн мөнөөсөө мөн. Маргаангүй. Тэгэхдээ олон түмэнд зарлаж хийсэн сайн үйлийн цаана заавал зорилго нуугддаг гэх олны үг бас бий. Ерөнхийдөө хардаж хэлбэл, Н.Алтанхуяг “Жинхэнэ эр хүн” гэдэг имиж дор эргээд АН-ын даргын суудал өөд мацаж, завсарт нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн төлөө бэлтгэж байгаа бол, З.Энхболд одоо байгаа эрх мэдлээ хадгалж явсаар 2017 оны зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлөх ганц асуудлын төлөө бүхэл бүтэн УИХ-ыг ээлжит бусаар чуулуулж байна.