АН ардчиллын манаач байхаа больжээ
“Сантмарал”-ын сүүлийн судалгаагаар АН-ын рейтинг МАХН-ынхаас дөрвөн хувь өндөр гарчээ.
Эцсийн дүндээ сонгуулийн газрын зурагт цэнхрээр тэмдэглэдэг Чингэлтэй дүүрэг энэ удаа улаан болсон нь л үнэн юмдаг. Ардчилагчдаас, намаас нь анхны Ерөнхийлөгч төрүүлэхэд том үүрэг гүйцэтгэсэн угийн цэнхэр тойргийг алдана гэдэг АН-ын хувьд шившигтэй ялагдал юм. Тийм ч учраас Монголын ардчиллыг АН-аар төсөөлдөг хэсгийнхэн энэ сонгуулийг нулимстай үдэж байхад ардчиллыг өмчлөгчид сайдын сандал ширээгээ хадгалж үлдсэндээ баярлаж сууна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн нөхөн сонгуулиар АН-аар төсөөлдөг Монголын ардчилал эрх мэдэлд худалдагдлаа. Энэ нь нэр дэвшигчийн оновчгүй сонголт, нам нь, намынх нь сүлжээ ажиллаагүй, лидерүүд сурталчилгааны явцад тойрогт ганц ч үзэгдээгүй зэргээс харагдана. Жишээ нь, МАХН-ын дарга С.Баяр нэр дэвшигчийнхээ сурталчилгааг нээж, өөрөө телевизийн рекламанд нь оролцож байхад АН-ын дарга Н.Алтанхуяг хаана байв аа. Эндээс тус нам анхнаасаа нөхөн сонгуульд ялахгүйн тулд Р.Бурмааг нэр дэвшүүлсэн, сурталчилгааны явцад нэр дэвшигчээ зориуд орхисон мэт хардлага зарим хүнд төрүүлж байна. Эс бөгөөс АН хэтэрхий эрдлээ. Тус нам Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтдаа бялуурч явна. Ерөнхийдөө Н.Энхбаярын хувийн нэр хүндийн чөлөөт уналт, сурталчилгааны үеийн тактикийн алдаа зэргээс болж Ц.Элбэгдоржид ирсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг өөрсдийнхөө гавьяа гэж бодсон хэт эндүүрлээсээ АН-ын удирдлагууд салаагүй явна. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын бялуурал, хэт эндүүрэл нь нөхөн сонгуулийн сул нэр дэвшигчээ улам сулбагар болгов.
Ер нь ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбатын санал хураах өдөр хийсэн шиг алдааг АН нөхөн сонгуулийн туршид гаргасан даа. Санал хураах өдрийн 17 цагт АН-аас хийсэн хэвлэлийн бага хурал дээр Д.Эрдэнэбат дарга ”Сонгуулийн ирц тааруу байна. Хүмүүс хүлээлтэд орчихож. АН-ыг мөнгө тараана гэж хүлээгээд саналаа өгөхгүй байна. Манай нам мөнгө тараахгүй шүү” гэж мэдэгдсэн. Хэл хальтирлаа хальтирлаа гэхэд засгийн эрх барилцаж байгаа ийм том намын удирдлагын амнаас гарах үг, улстөрийн сонгуулийн хариуцлагатай сүүлийн мөчид улстөрч хүний хийх үйлдэл мөн үү, энэ. Нэр дэвшигч Р.Бурмаа ганцаараа, чадлаараа бараг төртэй үзэж сонгуульдсан ч, сурталчилгааны эхний өдрөөс л тактикийн алдаа гаргасан. “МАХН С.Эрдэнээр Чингэлтэйн нөхөн сонгуулийг барьцаалж байна” гэж сүржигнэн УИХ дээр болж байгаа үйл явдлыг тойрог дээрээ авчирч улстөржүүлсэн. Удалгүй МАХН-ын нэр дэвшигч Д.Зоригтыг нэр дэвшигчээр бүртгэх ёсгүй гэж бүх телевизээр мэдэгдэн, өрсөлдөгчгүйгээр сонгуульд оролцох гэж үзсэн. Зөвхөн энэ хоёр нь л гэхэд “иргэний нийгмийн шударга төлөөлөл” гэж намаас нь тодорхойлж явуулсан имижийг Р.Бурмаа өөрөө тойрог дээр авчрахдаа “заргач авгай” болгож хувиргасан тал бий. Намынхаа рейтингийг өсгөдөггүй юмаа гэхэд байгааг нь хадгалж чадахгүй 29 хувь дээр унагаж байгаа нэр дэвшигч зөв сонголт, бодитой өрсөлдөгч байж чадах уу. Үгүй бол ардчиллынхныг сонгодог тойрогт АН-ын рейтинг 29 хувь хүрэхтэй үгүйтэй л байгаа хэрэг. Ганц тойрогт 30 хувийн санал авч чадахгүй байгаа нам засгийн эрхийн 40 хувийг барих хэр шударга хуваарилалт юм бол гэдгийг ч бас бодмоор.
Д.Зоригтын хувьд боловсрол өндөртэй, төрийн ажлын туршлагатай, төрийн өндөр албан тушаалтай ч, улстөрчийнхөө хувьд магадгүй Р.Бурмаагаас ч шинэ хүн байлаа. Гэхдээ тэр Р.Бурмаагаас сайн ажиллав. Сайдынхаа албан тушаалыг сонгуульд ашигласангүй. Харин сайдынхаа хувьд хийсэн ажлуудаа, тухайлбал, Оюутолгойн гэрээг сайн сурталчилгаа болгож чадлаа. Харин сайдын албан тушаал, хамтарсан засаг, нэр дэвшсэн нам, Оюутолгойн гэрээнээс гадна нийгэмд орон зайтай нэгэн улстөрч Д.Зоригтыг нөмөрлөсөн нь энэ нөхөн сонгуулийн онцлог байлаа. Тэр бол Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди юм. Тэрээр Д.Зоригтыг дэмжиж титэм үг тэрлэж, телевизийн рекламанд тоглож сурталчлав. Хийгүй энэ улстөрч цаанаа Д.Зоригтыг ялагдуулж, МАХН-д эрх мэдлийн дахин хуваарилалт хийлгэхгүй гэсэн давхар бодолтойгоор Ерөнхийлөгчийн албанаас бууснаасаа хойш анх удаа улстөрд идэвхтэй оролцсон байхыг үгүйсгэхгүй.
Нөхөн сонгууль бүрт МАХН ялдаг уламжлал энэ удаа ч хадгалагдлаа. Гайхах юм алга. Болдгоороо л болов. Гэхдээ Чингэлтэй онцлогтой. Энэ бол ардчиллын нэрээр УИХ-ын гишүүний туслахыг, газар тариалангийн компанийн захирлыг хүртэл сонгож байсан ардчилагчдын тойрог. Ийм цэнхэр тойрогт Д.Зоригт ялсан нь Монголын ардчиллын төсөөлөл, төлөөлөл 1990 оны партизануудаас МАХН-ын шинэ залуу үед шилжиж байгааг илтгэв. АН ардчиллыг дэмжигчид дотроо ялагдаж эхэллээ.
Хэрвээ Д.Зоригт ялагдсан бол хоёр сонгуульд дараалан ялагдсан МАХН-ын даргатай хариуцлага тооцох гээд улстөрд хөдөлгөөн өрнөх байв. МАХН-ын нэр дэвшигчтэй хамт хамтарсан Засгийн газрын нэр хүнд сонгуульд “өрсөлдсөн” учраас С.Баярын танхимыг огцруулах уяаны үзүүр нь энэ нөхөн сонгууль байлаа. Гэвч ийм сонирхолтой, Д.Зоригтын ялагдлаар засгийг огцруулдаггүй юмаа гэхэд нөлөөгөө тогтоох гэсэн улстөрчид, бүлэглэлүүдийн хүсэл талаар болов. Улстөрөөр дамжиж эдийн засгаа бэхжүүлэх бүлэглэлүүдийн дуран дээр нь хясах гээч болов. Үүгээр нь харвал АН нөхөн сонгуульд ялагдаж улстөрийн одоогийн инерцийг хадгалахад том үүрэг гүйцэтгэлээ гэж болохоор. Улстөрд тогтвортой байдал чухал ч, үнэн чанартаа засагт эзэлсэн байр суурь, квотоо хадгалах нь АН-ын удирдлагуудад илүү чухал байсан биз ээ.
Д.Зоригт ялснаар нам дотор нь С.Баярын эсрэг цахилгаан төлөвлөгөө боловсруулж суусан “Элс”-нийхэн нэг хэсэгтээ чимээгүй байхаас өөр сонголтгүй боллоо. Одоо Засгийн газрыг Ерөнхий сайдын эрүүл мэндээр л оролддоггүй юм бол одоохондоо өөр шалтаггүй болов. Д.Зоригттой хамт хамтарсан Засгийн газрын нэр хүнд ч гарын үсэг зурсан Оюутолгойн гэрээ ч ялсан гэж болох талтай. Яагаад гэвэл “Сантмарал”-ын судалгаагаар МАХН-ын рейтинг АН-ынхаас доогуур 38 хувьтай байна. Энэ хувийг Д.Зоригт 61 болгож баталгаажуулсан нь түүний халаасанд залуу хүний эрч хүч, эзэмшсэн боловсрол, шинэ үеийн төлөөллөөс гадна хамтарсан Засгийн газрын нэр хүнд, Оюутолгойн гэрээ нэмэх оноо болж явсных гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл, Д.Зоригтын ялалт хамтарсан Засгийн газрыг илүү тогтвортой ажиллах баталгааг ямар нэгэн хэмжээгээр нэмэгдүүллээ.
Ер нь бол МАХН, АН өрсөлдсөн ч, тус хоёр намын УИХ дахь “73”-ын бүлгийн Засгийн газар дахь эрх мэдэлтэй бүлэг нь л энэ сонгуульд яллаа.