ХАЧИН ХҮН

Шаравыг дүү бизнесмен найзууд нь ч, гэргий нь ч “Хачин хүн шүү” гээд толгой сэгсэрдэг. Бүтээлийнхээ тухай нэг ч дуугарахгүй, сонин хэвлэл, радио телевизэд ердөө хандахгүй, маркетинг огт хийхгүй, бүтээлээ хийгээд л яваад байдаг. Нэг анзаартал бүтээл нь овоорчихсон, таван CD зэрэг гаргаж байх жишээтэй. Тэгээд хэвлэлд ярилцлага өгөхдөө шинэ таван цомог гаргасан тухайгаа хэлэхээ мартчихсан амаа барьдаг. Өөрийгөө хаана ч ярьдаггүй, өөрийгөө магтах тухайд бүр таг. Хааяа нанчид хүртэж стрессээ тайлчхаад, уран бүтээлээ хийгээд л суугаад байна. Ийм хүнийг харсаар байтлаа “хачин хүн шүү” гэж дуу алдахгүй өнгөрөх үү. 

Шарав туйлын хөдөлмөрч. Багадаа тийм залхуу байсан хүн яаж ийм хөдөлмөрч болов оо гэж дуу алдмаар. Уран бүтээл эхэлчих юм бол зогсохоо мэдэхгүй. 

- Чи ямар яаруу юм бэ? Юунд ингэж адгаад байдаг юм бэ? гэж гэргий нь асуудаг. Төгөлдөр хуур нь зугтаачих гээд байгаа юм шиг л адгадаг. Гэтэл тэр нь учиртай байсан. Юмаа гүйцээх гээд яарсан нь хожуу ойлгомжтой болсон нь харуусмаар. Хүнд өвчтэй болсноо мэдээ ч үгүй, хорт хавдар нь эхлээ ч үгүй байх үедээ л тэгтлээ яарч, адгадаг байсан гэдэг. 

Юу ч хийгээгүй байтлаа хамраа сөхөөд байгаа улсад дургүй. Хүмүүсийг судалгаа хийхгүй бүтээл хийгээд байна гээд их эгдүүцдэг. Даруухан болохоороо л өөрийгөө дарж явдаг болохоос гэртээ ханьдаа бол бухимдлаа илэрхийлж, давхийж цочтол, айж хирдхийтэл бугшдаг байсан гэдэг. “99 хувийн хөдөлмөр, 1 хувийн авьяас” гэдэг үгийг их хэлдэг. Заавал хөдөлмөр байж л, авьяастай хүн бүтээл хийнэ. Харин авьяасгүй мөртөө уйгагүй хөдөлмөрлөөд байгаа хүмүүс буруу тийшээ явчихдаг, түүнийгээ өөрөө мэддэггүй гэж хэлдэг. 

Ойр дотнынхон, хөгжмийн хүрээний найз нөхөд нь түүнийг төрмөл хүн гэдэг. Гэргий нь ч “төрчихсөн хүн” гэдгийг ойлгодог, дотроо хүндэлж биширдэг. Гэхдээ өөрт нь ил хэлэхгүй байхаа мэднэ. “Сайн дарж байхгүй бол хөгжмийн зохиолчид гэдэг хэцүү хүмүүс” гэж тэр хэлээд инээдэг. 

Хачин хүн маань согтуудаа хэзээ ч зохиолоо бичдэггүй. Зохиол гэдэг бол хэн нэгэн согтуугийн энд тэнд дарсан хэдэн нот байх ёсгүй гэдэг зарчмаа хэзээ ч зөрчөөгүй. Харин сайн бүтээл хийсний дараа амрах гэж, стресс тайлах гэж зохиолчийн ундаагаа хүртдэг. Хожим хүнд өвчтэй болсныхоо дараа “Би стрессээ буруу тайлж байсан юм билээ” гэж залуу найз нартаа захидаг болсон. Найз нөхөдтэйгөө уулзаж уухыг стресс тайллаа гэж бодох нь буруу, спорт, аялал, зугаалгаар стресс тайлах ёстой байсан юм билээ гэдэг болжээ. 

Дуу хийхдээ яруу найрагчийн шүлгийг хачин их голдог. Тийм л юм бол өөрөө биччих л дээ гэж зарим нь түүн рүү уурлана. Замбуу тивийн наран магтуудаа үг олохгүй голоод л явсан нь энэ зангийнх нь захын нэг жишээ. Дуу хийхдээ яруу найрагчдаа заавал нэг юм хэлж, үгийг нь засуулдаг. Үг таарахгүй бол хайгаад л яваад байдаг, яарч адгаж бичсэн шинэ дуугаа хурдан гаргахсан гэж ерөөсөө яардаггүй нь хачин. Өөрөө хайсаар байгаад үгээ олчхоод их урамшиж, ийм л шүлэг хэрэгтэй байхгүй юу гэдэг. 

Дуу хийлгэх гэсэн хүмүүс маш олноороо ирдэг ч тааруухан шүлэгт хэзээ ч дуу хийдэггүй. Сэтгэлээсээ биш юмыг угаасаа хийж чаддаггүй. Хийсэн бол хийсэн шиг л хийнэ гэсэн нэг л зарчимтай. Халтуурдах гэдэг ойлголт байхгүй. 

Авьяастай хүмүүс, ахуйдаа арчаа муутай байдаг хууль Шарав дээр л зөвхөн зөрчилдсөн нь гайхмаар. Түүний хамгийн одтой наймаачин байсныг Свердловскийн оюутнууд бүгд мэднэ. Хойшоо тарвага, үнэгний арьс хил давуулж, буцахдаа тавилга, орос хром, мотоциклийн дугуй гээд Монголд гүйдэг эд бараа зөөж ирдэг. Өмнө нь хэн ч чадаагүй байхад л мотоцикл задалж вагоны тамбур, орны хөндий энд тэнд тарааж шидлээд, хэнэг ч үгүй хилээр оруулаад ирсэн сүрхий наймаачин. Түүний нэг хачин тал нь авьяастай хэрнээ арчаатай гэж багын анд Тараа нь хэлээд мушийдаг. Харин гэргий Ганчимэг нь Шаравыг ахуй амьдралдаа арчаатай гэж хэлбэл би л лав шоолж инээнэ гэдэг. 

- Чингис хаан дууриа бичээд хорвоо ертөнцөөс гурван жил тасраад, тэр он жилүүдэд ар гэртээ юу болоод өнгөрснийг мэдэхгүй шахам суугаа хүнийг ахуйдаа арчаатай гэх үү? гэж тэр асуудаг. 

- Гүй ээ, Заяа хө. Том бүтээл дээр бүтэн жил, заримдаа хоёр гурван жилээр суучихаар гэртээ юу болсныг мэдэлгүй өнгөрчихсөн байдаг юм шүү дээ! гэж дүү найздаа нэгэн удаа хэлсэн. Өмнөөсөө итгэж ядсан харц илгээхийг хараад: 

- Нээрээ хө. Яг тэгдэг юм. Худлаа гэвэл Ганаа эгчээсээ асуугаарай гэж байсан удаатай. Ингээд бодохоор “авьяастай хүн арчаагүй байдаг” гэх хууль түүнд ч мөн үйлчилсэн ч юм шиг.

- Шарав, Билэгээ, Чинжиг гурваас нэг нь их азтай. Тэр нь Шарав. Яагаад гэвэл сайн ханьтай учирсан. Энэ хүнд гарууд чинь сайн ханийн хүчинд л явдаг байхгүй юу! Шарав Ганчимэгтэй учраагүй бол замраад, замхраад, алга болох байсан хэмээн дотно анд нь хэлсэн. Нээрээ л билиг танхай хүмүүс амьдралдаа хааш яаш ханддаг. Билэгээ, Чинжиг хоёр найз нь дэндүү эрт явчихсан. Энэ хоёр авьяасыг ахиад ядаж л арван жил амьд явуулчихсан бол ямар бүтээл төрүүлсэн байх бол. 

Эд чинь хэцүү хүмүүс. Нэлээн үзэж тарж байж л юм хийлгэнэ үү гэхээс дураар нь хаячихвал өнгөрөх улс гэж Шаравын гэргий хэлдэг нь яалт ч үгүй үнэн. 


НЭРЭМЖИТ НААДАМ

Сэтгэл уужиртал цэлийх шимт ногоон дэнжид хул шаргал тоос цойлуулан, хурдан морьд дэрхийн эргэх мэт үндэсний их найрал хөгжим нирхийж, соёолон аргамаг ярсхийн хурд авах мэт хэмнэл улам нэмэн эгшиглэхүйд хуран цугласан ард олны зүрх огшиж сэтгэл гэрэлтэн, өндөлзөн босоод ирэх нь үү гэлтэй догдлон хөөрч, уясаж жарган сонсоцгоож буй үзэгдэнэ. Энэ бол Бямбасүрэнгийн Шарав хэмээх их хүмүүнийг төрүүлж торниулсан уудам дэлгэр хөдөө, Сэрсэн талд нь Сэрсэн тал-ыг эгшиглүүлэн буй хэрэг байлаа. 

Монгол улсын Үндэсний урлагийн их театрын Их найрал хөгжмийн бүрэн бүрэлдэхүүн Монгол улсын гавьяат жүжигчний удирдлага дор сумын төвийн хөлөөвийн үүдний талбайд зассан задгай тайзнаа тоглосоор ахуйд Жаргалтай Хаан уул нь өндөлзөн чагнав уу гэлтэй, Цэнхэрийн голын тэнүүн хөндий нь гүдэлзэн уярав уу гэлтэй, уяхан яруу эгшиглэн ойр тойрныг бүү хэл алсын цэнхэр хязгаарыг сэрээв үү гэлтэй уянгалсаар л. Зүггүй жаахан хөвгүүн цонхны шилэнд хацраа наан, баян хуур хөгжмийн ганган аязыг шохоорхон чагнаж асан, яг л тэрхэн жижигхэн улаан булангийн үүдэн дэх тайзнаа, өнөөх хөвүүний өөрийн бүтээл Сэрсэн тал хэмээх яруу аялгуу эгшиглэх нь өөрийн сэтгэлийг ч гэгэлзүүлж, аньсага чийгтүүлээд авч буй нь яруухан. 

Хөх тэнгэр, хөлгүй огторгуйн доорх хүндэтгэлийн суудалд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай их дууч Х.Уртнасан, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин, их дууч Ч.Шархүүхэн, Ардын жүжигчин А.Долгор, Их аварга Б.Бат-Эрдэнэ, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ж.Саруулбуян, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг, хөгжмийн алдартай зохиолч С.Тараа, Болор цомын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, “Таван нүдэн” брэндийн Б.Батзаяа гээд алдартнууд магнайлан заларсан харагдана. Их хөгжмийн зохиолч биеэ чилэх үесээс төрж өссөн нутаг усандаа өөрийн нэрэмжит дуу хөгжмийн наадмаа хийхсэн, Хаан уулаа, Цэнхэрийн голоо, Өлзийт толгойгоо нэг удаа баярлуулахсан хэмээн зорьж, хүндэт зочид, найз нөхөд, хамтран зүтгэгчдээ дагуулан хүрэлцэн ирсэн нь энэ. 

1992 оны зун Төрийн шагнал авсныхаа дараахан буухад нь танихгүй, “Хэсгийн төлөөлөгч дуудна шүү!” хэмээн аашилсан жижүүр авгай харин нүүрээ улалзуулан, хивсний булан хунирсныг засаж, хожимдсон зарим зочинд сандал нэмж тавин өлмий дээрээ гишгэлэн тонголзож буйг Шарав өөрөө ч, Тараа найз нь ч тогтоож ажих завдал үгүй. Хэнтий аймгийн Иргэдийн хурлын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, сумын Иргэдийн хурлын дарга Ц.Цогбат, Засаг дарга Б.Цогт-Орших, Нутгийн зөвлөлийн дарга, доктор Б.Цогтбаатар нар хөгжмийн зохиолчдоо хүндэтгэл үзүүлэх нь одоо төрөлх сумынхан бүгдээрээ таныг таньдаг, биширч бахархдаг болсон шүү хэмээн харуулах гээд байгаа мэт. 

Нутгаас төрсөн их хүмүүнийхээ бодол хүслийг төрөлх Жаргалтхаан сум, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, ивээн тэтгэгч олон хүндэтгэн хүлээж авч, Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуулаачдын улсын уралдааны хөтөлбөр боловсруулан, 2018 оны есдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Жаргалтхаан суманд зохион байгуулж буй нь дуу хөгжимд дуртай нутгийн ард түмнийг нийтэд нь татаж, улсын наадам мэт хөл үүссэн байлаа. Хөгжмийн зохиолч олон сар өвдсөнөөс бие нь тамирдуу ч, сэтгэл сэргэг, оюун бодол уужирсан гэдгээ царайдаа илт тодруулан сууж байв.

Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадмын хүрээнд Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааныг жил бүр уламжлал болгоно гэсэн зорилттой ажилладаг. Соёлын яам, ҮУИТ, УДБЭТ, Жаргалтхаан сумын Засаг даргын тамгын газар, Нутгийн зөвлөл, “Шарав сан” хамтран зохион байгуулдаг. “Шарав сан”-ийнхан цаашдаа олон улсын том наадам болгоно гэсэн итгэлтэй ажиллаж байгаа.


БИ ТА НАРЫН ХҮҮ

Нэрэмжит наадмын нээлтийн ёслолыг Жаргалтхаан сумын уугуул, дуучин Дашдамбын Ариунбаатар хөтөлсөн агаад Монгол улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шарав хэмээн түүнийг залахуйд багын гэнэхэн мөрөөдлөө ч, гучаад насны буурьтай зорилгоо ч биелүүлж чадаад нутгийн зон олныхоо өмнө хүндэтгэлийн тайзнаа зогсож буйдаа хязгааргүй догдолж:

- Жаргалтхаан нутгийнхан минь, би та нарын хүү шүү! хэмээн үгээ өндөрлүүлэхэд ижий нь Хээр халтар-аа исгэрэх шиг, аав нь түрээд хуурдах мэт, улаан булангийн цонх нь наранд нэгэнтээ гялталзах шиг болсон нь гайхалтай. 

Дуу хөгжимд дурлуулсан сумын хуучин улаан булан нь хэдхэн өдрийн өмнө засварт ороод шинэ нүүр царайтай “Соёлын төв” гэдэг шинэ нэртэй болчхоод, өмнөөс нь мэндлээд ярилцаад байна уу гэмээр. Цэнхэрийн голоор нутаг минь дуугаа гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатын хоолойгоор эгшиглүүлэхүйд угааж өссөн ус Цэнхэрийн ариун гол нь эргээ халин мяралзах шиг, Монголын тал нутаг-аа Ардын жүжигчин А.Долгорын хоолойгоор амилуулахуйд адуу мал тааваараа тархан бэлчсэн тэнэгэр тал нь гүдэсхийх мэт, Аав ээж хоёр минь дуугаа дуучин Д.Отгонжаргалын хоолойгоор түрэхүйд аав ижий хоёр нь нүдний өмнө дүрслэгдэх шиг, Хайрхан уулын бараа дуугаа гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгсийн хоолойгоор хүнгэнүүлэхүйд Хаан уул нь тэртээгээс өндөлзөх лугаа оргисон нь сэтгэл зүрхнээ нэн бишрэлтэй. Нутаг минь хүү нь таныгаа ингэж л дуулж явсаар элэг зүрхэндээ эгшүүлэн санаж явсаар ирлээ дээ хэмээн дотроо хэлж сууна. 

Ердөө арван зургаахан жилийн өмнө өөрийн нэрэмжит булангаа багын анддаа харуулах гээд цонх өөд цоройж зогссон бол өнөөдөр сумынхан, нутгийн зөвлөл нь нэрэмжит уралдааныг нь зохион байгуулаад зогсохгүй “Төрийн дээд шагнал Чингис хааны одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шарав” хэмээн бичсэн алтан шаргал хаягтай урланг Хаан уулаа түшүүлэн барьж өгч буйнхаа нээлтийг мөн ёслол төгөлдөр хийж байх. Урлангийн эзэн сэтгэл догдлон үг хэлж, нутгийн зон олондоо баярласнаа илэрхийлэн, зочид урланд тавьсан хөгжмийн зохиолчийн гэрэл зургууд, хөгжмийн нотууд, эд өлгийн зүйлсийг сонирхож, даралтат хөгжим бэлдэж тавьсан дээр хөгжмийн зохиолчоор өөрөөр нь бүтээлийг нь тоглуулсан нь бас л сэтгэл хөдөлгөм агшин. 

Хэрлэнгийн домог уран сэтгэмжийг нь дэлхийд сонордуулах хувь олдсон, Гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Хонгорзул Хэрлэнгийн барьяа-гаа дуулж, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, шог зураач Ж.Саруулбуян Сэрсэн тал-ыг зурснаа бэлэглэсний дээд орон зай хөх тэнгэрт хүрэлцэн ирсэн бүх зочид гарын үсгээ үлдээсэн нь содон дурсгал болон урлангийн хананд байраа олж байжээ.

Өнөөдөр энэ урлан Жаргалтхаан суманд очсон хүмүүсийн заавал үздэг содон газар болж хувирсан. Хэдий албан ёсоор музей болгоогүй ч сумын дарга нар хүндтэй зочид ирмэгц л Шарав агсны зээ дүү рүү утас цохиж, тэндээс тийм төлөөлөгчид буусан, урланг үзүүлмээр байна гэдэг болоод буй. Хөгжмийн зохиолчийн гэргий, үр хүүхдүүд нь урлангаа улам л тохижуулж, орчныг нь зам талбайтай, зүлэг модтой болгох ажлыг жил бүр хийдэг. 

Энэ дулаахан урланд их хүмүүний сүүлчийн бүтээл төрсөн. Тийм учраас гэргий үр хүүхдүүд ч, ах дүү садан ч, сумын ард түмэн ч, бүгд урлангаа хайрладаг.


ХҮН ЧАНАР

Шарав бүгдэд хүн чанар гаргадаг байсан. Концерт дээр ирээд зургаа авхуулъя гэж буй жирийн нэгэн байлаа ч, том захирал байлаа ч ижилхэн хүндэлдэг. Анд найзууд, ажил хэргийн хамтрагч, хөгжим захиалагч гээд хэнтэй ч бай хүний ёсоор харьцдаг байсан. 

MCS группийн ерөнхийлөгч Ж.Од, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гээд насаар дүү хоёр залуутай нийлчихсэн нижигнэж л байна. Түүнийг Свердловскийн консерваторыг 31 настай төгсөж ирдэг жил нэг нь аравдугаар ангиа дүүргэж, нөгөө нь дөнгөж нэгдүгээр ангид орж байсан хоёр залууд, ах гэж хэзээ ч ихэрхэлгүй, хошин ёж үг хэлж, инээж шуугилдаж явдаг. 

Харин дүү найз нараа хүн чанартай улс гэдгийг нь хүнд мэдээ сонссон, 2017 оны хэцүү өдрүүдэд зүрх сэтгэлээрээ мэдэрсэн аж. Мэс заслын зардлын тал хувийг “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Од гаргаад зогсохгүй группийн Бээжин дэх төлөөлөгч Нармандах өөрийн ах дүү шиг санаа тавьж, эмнэлэг хөөцөлдөж Бээжингийн Цэргийн төв эмнэлэгтэй холбож өгсөн. Ямар сайхан хүмүүсийг хувь тавилан минь надтай учруулаа вэ хэмээн багын найздаа хэлэх дуртай үгээ Шарав эмнэлгийн орон дээр сэтгэл зүрхэндээ шивнэж хэвтсэн. 

Дөчин жил салаагүй багын анд Тараа нь гүйж ирээд асарч тойлж, Бээжин рүү хамт явж, үргэлж дэргэд нь байсан. Билэгээ, Чинжиг хоёр минь ч амьд байсан бол ингэх л байсан даа хэмээн бодож самсаа шархирсан. Хүн чанартай, хүн шиг анд нартай хүн шүү би хэмээн бахархах сэтгэгдэл төрөх аж. 

Хүнд мэс заслын дараа 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний үдэш хаалганы хонх дуугартал, Санта Клаусын час улаан хувцастай Тангадын Галсан гуай зогсож байна гэнэ. Хоёулаа мөнхөрсөн дуу хийсэн хэмээн хөөрч, хааяа нийлж наргиж, сүрхий байдаг. Жил бүрийн шинэ жилийн орой Шарав хоёр шил нанчид бариад Галсан гуайнд очдог нь уламжлал болоод тогтчихсон. Нэгийг нь хамт сууж хүртээд, нөгөөг нь гэрийн эзэнд үлдээгээд гардаг. Гэтэл тэр орой: 

- Дүү ирж чадахгүй юм чинь ах нь хүрээд ирлээ гэжээ. Дүүгээ эргэе дээ гээд зүгээр л ирсэн юм гэхэд тэгтлээ хөөрөхгүй, харин үлгэр домгийн хувцас өмссөн нь баярын уур амьсгал үүсгээд, гэгээн сайхан мэдрэмж төрүүлэн, сэтгэлийн хүнд дарамтыг нь мартуулчих шиг л болсон гэдэг. 

- Этгээд хүн шүү гээд Шарав инээнэ. Ахмад найз нь ч бас хүн чанараа гээгээгүй, хүнд үед нь сэтгэлийн дэм өгөхөөр хүүхэд шиг гүйж ирсэн нь энэ.

Нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө зээ дүү Урангоогоо дуудаад, нэгэн партетур дээр өөрийн гараар юм бичих гэв. Гэвч дээш харж хэвтэж байгаа үед үзгэн бал нь гардаггүй болж таарав гэнэ. Хөдлөх ч тэнхэлгүй шахам хэрнээ, хажуулдаж байгаад бичих гэхээр нь: 

- Болохгүй ээ, Шарав ах аа. Та тамирдчихна шүү дээ! гэвэл:

- Би заавал бичих ёстой юм аа гэж. Ингээд асар их хүч гарган байж “Ноён Туулайхүү танаа. Миний муу сайн бүтээлүүдтэй насаараа ноцолдсон ачийг санаж, энэ өчүүхэн вальсыг танд зориулан бичив” хэмээн ихэд хичээнгүйлэн бичив. Б.Шарав хэмээх хөгжмийн зохиолчийн нэрд гарсан бүх бүтээлийг Н.Туулайхүү удирдсан. Сайн зохиолыг, сайн удирдаач амилуулдаг учиртайг мэддэг учраас тэр хүний ачийг санах ёстойгоо амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд ч хүртэл бодсоор санасаар л хэвтсэн байж. Сүүлчийн хөгжмүүдийн нэг болох Асемийн тэмдэглэлүүд гурамсан бүтээлийнхээ Бяцхан вальс хэмээх хэсгийг “хувийн удирдаач”-даа зориулсан нь энэ. 

Алтан пянзны нээлтийн ёслолын өмнөх орой “Мянган долларын, өндөр үнээр зарах пянз шүү, замбараагүй тараахгүй байя” гэхэд үгэнд орж, “Ерөнхийлөгчийн тамгын газарт нэгийг...” гэх мэтээр, тоотой хэдхэн пянз бэлэглэхээр тохиролцсон. Тэгсэн хэрнээ нээлтийн ёслол дээрээ гэнэт “Заяа, пянзнаасаа” гэснээ тайзнаа гараад Н.Жанцанноровыг дуудаад, микрофонгүй зөвхөн өөрт нь хандаж: - Бид нэг цаг үед төрж, нэг цаг үед туурвих хувьтай байжээ. Нөхөртөө пянзныхаа дээжээс барья гэсэн. 

Энэ бол түүний хүн чанар байсан. Нэгэн цаг үед чи бид хоёр бүтээл туурвиснаар биедээ эрч хүч өгч, зарим үед зөрчилдсөнөөр биеийгээ хурцалж явсан шүү, нөхөртөө хэзээ ч гомдоогүй гэдгээ илэрхийлж ийм үгийг хэлж, сүүлчийн бэлгээ барьсан гэлтэй.

Шарав өөрөөсөө олон дүү нэгэн залуугийн анхны захиалгыг хүлээлгэж өгөөд, шагнал мөнгөө авч тооцоо дууссан хэрнээ хэд хоногийн хойно өөрөө ирж хөгжмөө дуусгаагүй гэдгээ чин үнэнээр нь хэлээд, хүн чанар гарган гүйцээж бичиж өгсөн. Хэрвээ хүмүүний бус авир гаргаад, тэр чигтээ зэсэрсэн бол “Таван нүдэн” брэндийн үүсгэн байгуулагч түүнд ойр дотно хандаж, дүү найз нь болохгүй байж мэдэх. Б.Шаравын хүн чанарын хариуд Б.Батзаяа хүн чанар гаргаж, хүнд цаг мөчид нь тусалсаар л байсан. Бурхан болчихсон хойно нь ч түүний төлөө гэх сэтгэлээ гээгээгүй, “Шарав сан”-ийн том ивээгч, удирдах зөвлөлийн гишүүн гээд ажил зохион байгуулаад гүйж яваа. 

Хүнд сарнай баривал хариуд нь шарилж ирдэггүй гэдэг.