ХҮН хүмүүсийн нам уу, хүний нам уу
Монголын улстөрд ХҮН гэж шинэ нам мэндэлж нэр цэвэр хүмүүсээр эгнээгээ тэлж байгаад хэн бүхэн олзуурхана.
Монголын улстөрд ХҮН гэж шинэ нам мэндэлж нэр цэвэр хүмүүсээр эгнээгээ тэлж байгаад хэн бүхэн олзуурхана. Их, бага нь хамаагүй, Сонгуулийн газрын зурагт улаан, цэнхрээс өөр өнгийн тэмдэглэгээ хэрэгтэй. Тэрхүү “өнгийн харандаа” нь ХҮН байж чадах уу. Чадна гэж тус намын шинээр сонгогдсон дарга С.Ганбаатар их л том ам гарлаа. Бүр “ХҮН-ынхан 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялж, өөрөө 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялна” гэв. Энэ бол онолын хувьд л байж болох хийрхэл. Бодит амьдрал дээр мэдэхгүй юм.
Хэрвээ 2016 оны УИХ-ын сонгуульд аль ч нам олонхиболохгүй бол, ХҮН-ынхан парламентад бүлэг байгуулах наймаас дээш суудал авч хамтарсан Засгийн газрын тухай яригдвал хамгийн боломжит хамтрагч нь ХҮН-ынхан байх магадлал өндөртэй. Дахиад МАНАН, эсвэл АН, МАХН-ын эвсэл үүсгэснээс хамаагүй эрүүл хувилбар. Яагаад гэвэл ХҮН-ынхан шинэ парламентад төдийгүй, 1990 оны ардчиллаас хойшхи шинэ өнгө, шинэ хүмүүс. Тэд үнэхээр л бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадвал, тэгээд хамтарсан Засгийн газарт орж чадвал тэр нь ХҮН-ын хувьд 2016 оны сонгуулийн оргил амжилт болно. Энэ нь “үнэмлэхүй ялна” гэснээс л үнэнд арай ойртсон, хөрсөн дээрээ буусан зорилт болов уу. Амбийц, амьдралын үнэн хоёр бол намын ээлжит бус их хурлын тавилттай үзүүлбэр, хоёр сонгуулийн ялалтыг зэрэг халаасалчихсан намын даргын хэт хөөрөлттэй амбийцаас тэс өөр.
Намын даргаа сонгосон энэ өдрөөс эхлээд ХҮН-ын имиж өөрчлөгдөж, С.Ганбаатарын эрх чөлөөг хумигдаж байгаа.
Нэгд, өмнө нь ХҮН-ыг нийгмээрээ шахуу өндөр боловсролтой, гадаадад сурч гахай шувууны мах идэх соёлд суралцсан, ер нь л юм үзэж нүд тайлсан, зөв, эрүүл хүмүүсийн нэгдэл гэж хүлээж авч байгаа. Харин С.Ганбаатарыг намын даргаар сонгосноор энэ имижид нь өөрчлөлт орохоос гадна ХҮН-ынхан нэг хүний рейтингэд найдсан, лидер дагасан нэгдэл явах МАН, АН-ын хэдэн жилийн өмнөх хуучин замыг нам сонголоо. С.Ганбаатар өнөөдөртөө өндөр рейтингтэй улстөрч байж болох ч, тэрээр Бурхан, эсвэл зуутын долларын дэвсгэрт биш учраас хүн бүрт таалагдахгүй. Түүнд дэмжигчид, үл дэмжигчдийн аль аль нь бий. Нийгмийн шинжлэх ухаанд элит, массын тухай ойлголт байх. Элит бол язгууртнуудын хүрээлэл гэхээсээ илүүтэй нийгмийн боловсролтой, сэхээтний хэсэг гэж Монголын хөрсөн дээр бууна. ХҮН бол элит /боловсролтой сэхээтэн/-үүдийн нам гэсэн имижийг бүрдүүлж яваа нам. Харин С.Ганбаатар гишүүн голдуу масст хандаж улстөр хийдэг, тэндээс илүү дэмжлэгтэй улстөрч. Хаана ч сэхээтнүүд нь нийгмээ удирдаж, массаа авч явдаг нь бас л нийгмийн шинжлэх ухааны ойлголт төдийгүй, бодит үнэн юм. Тэгвэл бүрдүүлж байгаа имижээс нь харвал элитүүдийн гэх ХҮН-ынхан массын улстөрийн лидерээр удирдуулах боллоо. Энэ нь оносон, эс оносон сонголтын алин болохыг цаг хугацаа харуулах биз ээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэхээтэнлэг хэсгийн гэх намыг тийм хэсэгтээ төдийлөн, массынх шигээ дэмжлэггүй улстөрч удирдах боллоо гэдгийг хэлэх гэж баахан нуршив. Ер нь Монголын улстөрийн намууд, МАН, АН ч үзэл бодлын нэгдэл байхдаа нэгдмэл, намаараа цул учраас хүчтэй байлаа. Ялангуяа өнөөдрийн АН-ынхан 1996 оны УИХ-ын сонгуулийн ялалтаасаа өмнө ардчиллын төлөөх үзэл бодлын нэгдэл, нэгдмэл хүч байв. Харин лидер дагасан нэгдэл болсноор фракцуудад хуваагдан задарч эхэлсэн юм. Энд эрх мэдлийн зөрчил, эдийн засгийн ашиг сонирхол нөлөөлсөн ч, хамгийн гол нь дагасан лидерээ нийтээрээ хүлээн зөвшөөрөөгүй юм. Өөрөөр хэлбэл, элит масс хоёр байр байрандаа байж чадаагүй, бие биедээ хүлээн зөвшөөрөгдөөгүй хэрэг.
Хоёрт, С.Ганбаатар өмнө нь улстөрчийнхөө хувьд хэмжээгүй эрх чөлөөтэй нэгэн байв. Юуг ч ярьдаг, юуг ч шүүмжилдэг. Бараг асуудал бүрт сөрөг хүчний байр сууринаас ханддаг учир хэвлэлийнхний хамгийн эрэлттэй хүмүүсийн нэг. Хэлснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, багийн тоглолтгүй сул иргэн явлаа. Харин одоо хөлгийн ахмад болсноор хэмжээгүй энэ эрх чөлөө нь хумигдаж таарна. Ямарч намын дарга намаа төлөөлдөг зарчмаар одоо түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон нь ХҮН-ынх болж харагдана. Рейтингийн өгсүүр замд өмнө нь тэрээр ганцаараа хурдан явдаг байсан бол одоо олуулаа зөв явах чиг заагч болов. Тэрээр заалыг алга ташуулах илтгэх чадвартай нэгэн байснаа одоо нам удирдах лидер болж төлөвших, суралцах болж байна. Нам удирдах хэмжээний лидер байна гэдэг бол үргэлж шүүмжилж тодрох, том сэдвээс зуурч PR-дан ганцаараа “салхи Дамбий” явахаас ялгаатай. Монгол Улсын бүх суманд хөлтэй, бас “гар”-тай тэр нь бараг төрийн машин, хүчирхэг сүлжээ болчихсон МАН, АН-ын дундаас удирдсан намаа “өнгө”-өөр нь ялгаруулахын тулд ядарна, зүдэрнэ, унана, босно, цаг хугацаа өнгөрөөнө, амаргүй. Тэр бүхэнтэй нүүр тулаагүй байж, ганц ч удаагийн сонгуулийн туршлагагүй шинэ намд үнэмлэхүй ялалт амлана гэдэг бол хэтэрхий том ам. Уул үзээгүй байж хормой шуух хэрэггүй. Лидер бусдад хүчтэй харагдах нь PR-ын дүрэм ч, 2016 онд үнэмлэхүй олонхи болж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэдэг бол хэтэрхий улстөрийн популист амлалт мэт сонсогдож байна. Ийм байдлаар удаан, олон яривал хөрөнгө оруулагчдын хөөнө, хаана бооно гэдэг урьдын суурин дээрээ нэмэрлээд “Уго Чавес” гэдэг нэрийг амархан авч магадгүйг сайн санааны үүднээс зөвлөе.