Н.Энхбаяр ба нөхөн сонгууль
Ц.Элбэгдоржийг тангарагаа өргөсний дараа Н.Энхбаяр юу хийх нь зарим хүний сонирхлыг ихэд татаж байна. Ялангуяа, улстөрийн хүрээнийхний.
Ерөнхийлөгчийн халаагаа өглөө гээд Н.Энхбаяр улстөрөөс шууд явчихгүй. Улстөрчийн зангараг, нэр нөлөөгөөрөө Монголын улстөрд, ялангуяа нам дотроо нэг хэсэгтээ л хүчтэй хэвээр явна. Гэхдээ хоног хугацаа өнгөрөх тусам албан тушаалыг нь тойрсон хүрээлэл хумигдаж, хүн чанарын нөхөрлөл л түүнд үнэнч үлдэнэ. Жам ёсны энэ үнэнээс Н.Багабанди ч тойрч чадаагүй билээ. Иймд улстөрд байр сууриа удаан хадгалах сонирхол Н.Энхбаярт өөрт нь ч байгаа байх. Тавин нэгэн насандаа түүнийг П.Очирбат шиг Үндсэн хууль манаж, Н.Багабанди шиг “титэм үг” тэрлэж сууна гэдэгт олон хүн эргэлзэнэ. Энэ бүхнээс л улбаалан Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх яриа гарч байгаа болов уу.
Үнэхээр ч одоогоор хамгийн богино хугацаанд улстөрд өөрийн биеэр буцаж ирэх хоёр боломж Н.Энхбаярт байгаа юм. Нэг нь Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвших. Нөгөө нь МАХН дахь нөлөөгөө нэмэгдүүлэх.
Н.Энхбаярыг улстөрд үлдээх болон улстөрөөс бүр явуулах хоёр хэсгийн сонирхол нэг зүйл дээр нэгдэж байгаа. Тэр нь Чингэлтэйн нөхөн сонгуульд түүнийг нэр дэвшүүлэх. Нэр дэвшүүлсний дараахь тэдний зорилго нь харин өөр өөр. Н.Энхбаярыг улстөрд үлдээх хэсгийнхэн болохоор түүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлж ялаад, УИХ дахь намын бүлгийн ахлагч, улмаар УИХ-ын дарга болгох зорилготой. Гэтэл бодит байдал дээр ялах магадлал Н.Энхбаярт бага. Тэрээр сая, Ерөнхийлөгчийн сонгуулиар улстөрчийнхөө рейтингийг ард түмнээр тодорхойлуулсан. Хотод, нөхөн сонгууль болох Чингэлтэйд бүр ч базаахгүй дүн үзүүллээ. Энэ “амжилт” дээр нь тоглож нөхөн сонгуульд ялагдуулаад зорилгодоо хүрэх давхар сонирхол Н.Энхбаярыг улстөрөөс бүр явуулах хэсгийнхэнд байхыг үгүйсгэх аргагүй.
Хоёр дахь боломж нь МАХН дотор хийх тоглолт юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлагыг тооцох, нам шинэчлэх бүлэг байгуулах, Бага хурлын гишүүн болох, Засгийн газрын алдаан дээр тоглох, 2005 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулдаг шиг 46 суудалтай МАХН хариуцлагаа дангараа үүрнэ гэж хамтарсан засгийг үгүйсгэх зэргээр сайд болж чадаагүй гомдогсдын горьдлого дээр улстөр хийх гэх мэт олон хувилбар бий. Зарим нь эхнээсээ боловсрогдож буй сураг ч байна. Бас шинэ Ерөнхийлөгчийн баг бүрдүүлэлт нь ард түмний сонголтоос зөрвөл, хамтарсан засаг хурдаа нэмэж ажлынх нь үр дүн гарт баригдахгүй бол, шударга ёс өнөөдрийнхөөсөө илүү алдагдвал, эдийн засаг бүр ихээр хямравал нийгэмд хуучин Ерөнхийлөгчийг үгүйлэх санагалзах сэтгэл зүй бага боловч бүрдэнэ. Хэрэв тэгвэл энэ нь улстөрд хөдөлгөөн үүсгэх шалтаг ч, Н.Энхбаярыг улстөрд үлдээх хэсгийнхэнд бол олз л болно.
Одоо улстөрийн ажиглагчид Н.Энхбаярын нэг үйлдлийг цаг хугацааны хувьд анхааралтай ажиглаж байна. Энэ бол түүнийг МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх өдөр юм. Намын гишүүнчлэлээ сэргээх нь улстөрд эргэж орох зорилгоо илтгэж буйн илэрхийлэл болно. Гишүүнчлэлээ сэргээж байж МАХН-аар дамжиж улстөр хийх боломж бүрдэнэ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн халаагаа өгсний дараа Н.Энхбаярын зүгээс хийх хамгийн эхний бөгөөд бодитой сонирхол бүхий алхам нь намын гишүүнчлэлээ сэргээлгэх явдал юм. Н.Багабанди халаагаа өгснөөс хойш нэг жилийн дараа буюу 2006 оны долдугаар сарын 4-нд намын гишүүнчлэлээ сэргээж байжээ.
Н.Энхбаярын улстөрийн замналын нэгэн тод хэсэг нь яахын аргагүй УИХ-ын нөхөн сонгууль. Тэрээр 1997 онд нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн, улмаар намын бүлгийн ахлагч болж байв. Үүнээс хойш улстөрийн карьер өгсөх түүний замд ногоон гэрэл ассан юм. Бас өнгөрсөн хугацаанд болсон нийт найман удаагийн УИХ-ын нөхөн сонгуулийн зургаад нь тэрээр МАХН-ыг удирдаж байжээ. 1997 оны нөхөн сонгуулиар эхэлсэн МАХН-ын ялалтын буухиа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжлээд, сая тасалдав. Энэ хугацааны УИХ-ын ээлжит болон нөхөн, орон нутгийн, Ерөнхийлөгчийн гээд бүх сонгуульд МАХН л ялалтын туг хатгаж ирсэн билээ. Ганцхан С.Зориг агсны тойрогт явуулсан нөхөн сонгуульд С.Оюун ялсан бөгөөд МАХН талийгаачийн дурсгалыг хүндэтгэж нэр дэвшүүлээгүй юм. Энэ нь ардчиллынхны 1996 оны УИХ-ын сонгуулиас 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх үеийн цорын ганц ялалт байлаа.
Одоо Чингэлтэй дүүрэгт явуулах нөхөн сонгууль хэд хэдэн онцлогтой. М.Энхболдын ялсан, АН оролцоогүй 65 дугаар тойргийг эс тооцвол бүх нөхөн сонгууль бүгд хөдөө орон нутагт болж байсан. Улаанбаатар бол Монголдоо хамгийн их мэдээлэлжсэн газар. Далан дөрвөн мянга гаруй сонгогчтой Чингэлтэй дүүргийг сонгуулийн газрын зурагт цэнхрээр тэмдэглэдэг. Гэтэл МАХН-ын нэр дэвшигчтэй өрсөлдөөгүй С.Оюуны ялалтыг эс тооцвол түүхэнд нөхөн сонгуулийн дүн дандаа улаанаар гардаг. Үүнээс гадна энэ удаагийнх томсгосон тойрогт явуулах анхны нөхөн сонгууль. Тийм учраас өмнөх нөхөн сонгуулиудаас хамаагүй илүү хөрөнгө, хүн хүч шаардана. Хөвсгөлийн нөхөн сонгуульд хэрэглэсэн ломдох /мөнгөөр зодох/ онолыг Чингэлтэйд хэрэглэх яриа ч явж байна.
Уг нь энэ сонгуулиар тодрох УИХ-ын ганц суудал парламент дахь хүчний харьцаанд ямар ч өөрчлөлт авчрахгүй. Харин ч, хэт олонхи бүхий хоёр намын хамтарсан засгийн үед цөөнхийн дуу хоолойг нэгээр ч болов нэмэгдүүлэх нь ард түмэнд л хэрэгтэй. Намууд ч энийг сайн мэдэж байгаа. Гэхдээ тэдэнд ард түмнийхээс үнэтэй улстөрийн ашиг гэж байгаа учраас МАХН, АН-ын дунд гол тулаан болох болов уу. Гэтэл энэ хоёр нам хамтарч засгийн эрх барьж байдаг. Хамтарсны үр дүн гэж тоймтой зүйл ард түмний нүдэнд харагдахгүй байгаа. Ард түмэнд одоо энэ хоёр намын алинаас шинэ амлалт сонсох бус, хэрэгжүүлээгүй амлалтдаа хүрэхийг шаардах нь л чухал. Хамтарсан засгийн үед тохиосон нөхөн сонгуулийн туршлага өмнө нь бий.
2005 онд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болсны дараа УИХ-ын 65 дугаар тойрогт нөхөн сонгууль болсон. Тэр үед МАХН, АН хоёр бас л хамтарч засгийн эрх барьж байв. Уг нөхөн сонгуульд МАХН-ын дарга М.Энхболд 77.18 хувиар ялсан ба АН нэр дэвшүүлээгүй юм. Дэвшүүлээгүй ч гэж, АН-аас тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлсэн ч, Засгийн газрын тогтвортой байдлаар барьцаалан түүний нэрийг МАХН татуулсан гэдэг. Зарим нь болохоор Засгийн газраа авч үлдэхийн тулд Ц.Элбэгдоржийг өөрөө нэрээ татсан гэдэг. Ямарч гэсэн У.Хүрэлсүх, С.Баярцогт нар хамтаараа очин тойргийн хорооноос Ц.Элбэгдоржийн нэрийг хасуулсан мэдээ байдаг юм. Харамсалтай нь энэ нөхөн сонгуулийн дараа Ц.Элбэгдоржийн Засгийн газар харин ч тогтворгүй болж сонгуулиас хойш ердөө дөрвөн сарын дараа огцорсон билээ.Энэ удаа тэгж өрсөлдөөнөөс сайн дураараа татгалзах улстөрийн шалтгаан МАХН, АН-ын алинд ч алга.
Ардчилсан хүчний ялалтыг зогсоох, намын нэр хүнд өндөр байгаагаа харуулах нь МАХН-ын зорилго. Ардчиллынхны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг буухиа болгон үргэлжлүүлэхийг МАХН хүсэхгүй. Тус нам нөхөн сонгуульд ялах нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаа цайруулах, алдаагаа засах боломж олгоно. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээхэд МАХН, нэр дэвшигч Н.Энхбаяр хоёрын хэнийх нь фон амжилтаас хойш чангаав аа. Энэ хайныг МАХН-ын нөхөн сонгуульд үзүүлэх амжилт тодорхой хэмжээгээр хагална. Хэрвээ нөхөн сонгуульд ялбал Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын гол шалтгаан МАХН-д биш, Н. Энхбаярт гэдэг нэр дэвшигчид байж. Нөхөн сонгуульд харин ялагдвал Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал Н.Энхбаяраас бус, МАХН-ын нэр хүндээс шалтгаалж. Ийм тайлбар нөхөн сонгуулийн дараа угаасаа хөвөрнө. Нөгөө талаар С. Баярын байр суурийг ганхуулах сонирхол бүхий бүлэглэлүүдэд цохилт өгөхийн тулд нөхөн сонгуульд ялахаас өөр сайн хувилбар МАХН-д байхгүй. Харин дараалсан ялагдлаар С.Баярт хариуцлага тооцох горьдлогын аргамжаагаа улам бөхлөх, дараагийн бүлэглэл толгойгоо өндийлгөх гарц гэж нөхөн сонгуулийг харвал МАХН-ыг ялагдуулах далд санаа нам дотроос нь сүүдэр мэт дагаж мэдэх л юм. Иймд эв нэгдэлтэй орж чадах эсэх, нэр дэвшигч хэний, аль бүлэглэлээс тодрох зэрэг нь МАХН-ын нөхөн сонгуульд үзүүлэх амжилтын суурь болох талтай. Одоогоор тус намаас экс Ерөнхийлөгч нар болох Н.Багабанди, Н.Энхбаяр нарын аль нэгийг нэр дэвшүүлэх “бор шувуу” нисч байна. Үнэн бол Монголын улстөрд бүрэн эрх нь дууссан Ерөнхийлөгч нар УИХ-д нэр дэвшсэн анхны тохиолдол болно. Өмнө нь ийм үзэгдэл байгаагүй бөгөөд П.Очирбатыг Завханы нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх яриа АН-ын зүгээс гарч байсан удаатай. Гэхдээ энэ нь АН-ын шийдвэр биш, Ш.Отгонбилэг агсны эхнэр Д.Туяаг нэр дэвшүүлэх шахалтыг МАХН-д үзүүлэх гэсэн П.Очирбатын хувийн улстөр байсан гэж зарим судлаач хэлдэг.
АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаа баталгаажуулж, Монголын улстөрийн тэргүүлэх хүчин болж буйгаа дараалсан ялалтаар нотлох нь улстөрийн ач холбогдолтой. Тус тойрогт АН ялах нь нэр хүндийн хэрэг. Намаас нь Ерөнхийлөгч төрүүлсэн тойргийг алдвал ардчиллын нэр хүндийн цөм нь АН-д бус, Ц.Элбэгдоржид байж гэдэг дүгнэлт гарч таарна. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн ардчиллын төлөөх намуудын эвслээ хадгалах уу, дангаараа орох уу гэдэг нь АН-д нэр дэвшүүлэхээс ч илүү чухал. Бусад намын хувьд чансаагаа тодорхойлох л боломж төдий ач холбогдолтой. Тэд нэр дэвшүүлээ гэхэд АН-ын нэр дэвшигчийн саналыг хуваалцах байх. Өмнөх нөхөн сонгуулиуд ч ийм уламжлалтай явж ирсэн. Энэ уламжлалыг хадгалж, ардчиллын төлөөх намууд хоорондоо саналаа хувааж сонгуульд оролцох уу, эсвэл хүчээ нэгтгэж МАХН-тай өрсөлдөх үү гэдэг сонголтын өмнө зогсч байна.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрог гурван мандаттай. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар гурван мандатын төлөө 22 нэр дэвшигч өрсөлдсөнөөс АН-аас нэр дэвшигч Ц. Элбэгдорж 54, МАХН-аас нэр дэвшигч Д. Очирбат 36, АН-аас нэр дэвшигч Г. Баярсайхан 35 хувийн санал авч сонгогдож байжээ. Тэдний араас АН-аас нэр дэвшигч Р. Бурмаа 34, МАХН-аас нэр дэвшигч Б. Л. Одончимэд 30, МАХН-аас нэр дэвшигч Ц. Сүхбаатар 29, ИЗН-аас нэр дэвшигч Ц. Ганхуяг 25, Иргэний Эвслээс нэр дэвшигч Г. Уянга 10, ҮШН-аас нэр дэвшигч Б. Цогтгэрэл таван хувийн санал авсан байх юм. Эндээс харахад тус тойрогт гуравдагч хүчний орон зай тун бага юм. Одоо сонгогч нэг л нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Сонголт гурав биш нэг болсноор гуравдагч хүчний орон зай бүр ч хомс болж байна. Гэхдээ тэднийг дутуу үнэлж болохгүй. Орон зайгүй гээд орхивол гуравдагч хүчнийхэн АН-ын саналаас л хуваалцаж ялалт МАХН руу шилжинэ. Энэ нь УИХ-ын сонгуульд ИЗН-ын нэр дэвшигч Ц.Ганхуягийн авсан 25, Иргэний эвслээс нэр дэвшигч Г.Уянга нарын 10 хувийн саналаас харагдана. Энэ хоёр нэр дэвшигчийн хувааж авсан саналын нийлбэр л гэхэд УИХ-д сонгогдсон Д.Очирбат, Г.Баярсайхан нарын саналтай тэнцэж байна. Хэрвээ АН энэ саналын нийлбэрийг өөртөө базаж УИХ-ын сонгуульд ИЗН, МНН-тай эвсч орсон бол Чингэлтэй дүүргээс ардчиллын гурав л сонгогдох байжээ. Одоо болох нөхөн сонгуульд энэ алдаагаа давтах үгүй нь ардчиллын төлөөх намуудын ойлголцлоос хамаарна. Магадгүй энэ асуудлыг ярихын өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд эвссэн намууд гэрээгээ дүгнэх байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаас хүртсэн үр дүндээ аль аль намууд нь сэтгэл хангалуун байгаа бол эвслээ хадгалж нөхөн сонгуульд оролцоход саадгүй л байх.
Ардчиллын төлөөх намуудын хувьд дэвшигч бол хоёрдугаар асуудал. Мэдээж, ардчиилын фонон дээр хэн гэдэг, хэр зэрэг эерэг имижтэй нөхөр хэр зөв PR хийхээс шалтгаална л даа. Гэхдээ хийрхүү, хэд хэдэн сонгуульд өвдөг шороодчихсон нэр сэвтэй нэгэн бол эвсээд ардчиллыг төлөөлж чадахгүй л болов уу. Харин ч ардчиллынхан оптоороо ялагдах аюултай. Үүний оронд өөрийгөө таниулсан, өөрийн гэсэн багтай учраас өмнө нь энэ тойрогт нэр дэвшиж байсан хүмүүсийг сойвол ялах боломж илүү байж мэднэ.