Тавантолгойг битгий л тамын толгой болгочихоосой
Нэгэнт хөдөлчихсөн Оюутолгойн төсөл дотоодын улс төрийн бие биенээ авлах хэрэгсэл хэвээрээ л байна. Одоо цагийн хамгийн гайхамшигтай энэ ордыг дэлхийнхний шүлсийг асгаруулж байгаад чүү чай эргэлтэд оруулах шийдвэр гаргаж чадсан нь түрүүчийн парламентын түүхэн гавъяа.

Оюутолгойг монголчууд дангаараа хүчрэхгүй учраас л ингэж хийсэн. Өөр гарц байхгүй. Одоо Тавантолгой байна. Бас л бид өөрсдийн хүчээр цааш нь алхуулж чадахгүйгээ мэдэрч байна. Тавантолгойн орд бол маш чухал орд. Үнэхээр алтан төсөл. Гэвч гацаанд бас л хэдэн жил зогсчихсон. Нүүрсийг маань шингээх зах зээл байвч хөөрхий бид төслөө хөдөлгөж чадахгүй л сууж байна шүү дээ. Уг нь чардайгаад хийж чадах ч бидний мөрөөдлөөс шалтгаалахгүй өдий төдий хүчин зүйл байна. Нүүрсээ ачаад л явуулаад байж болох ч, дэлхийн хамгийн супер зах зээл хажууханд аварга том шингээх чадвараа гайхуулан данайж байв ч болгоомжлох аюул зөндөө бий. Урдаас зурайх ганцхан том жимээр бүх нүүрсээ шуудхан л зөөчих үү. Эсвэл...
Тэгэхээр өөр замуудыг, өөр зах зээлүүдийг сонирхох нь зүйн хэрэг. Гэвч нөөц баялгийн төлөөх тэмцэл даяарчлагдан дэлхий ертөнцийг бараг ил түгшүүрт оруулж буй өнөө үед Монголчууд бид тоглох чадвараа яаж хөгжүүлж, дархлаагаа хэрхэн бий болгох вэ. Үнэ цэнтэй нөөц баялаг хаана илэрнэ, тэнд дэлхийн “дарга” гүрнүүдийн бодлого зэрэгцээд л ажиллаж эхэлсээр... Үнэндээ дэлхий өөрөө тэдний дайралтаас дагжиж эхэлсэн байна шүү дээ. Гэтэл бид гэнэн цагаанаа гайхуулсаар л байдаг. Гурав дахь ертөнцийн гунигт автсан орнуудын араас Монгол алгуурхан алхалж буйг шинжээчид анхааруулсаар л байдаг. Гэтэл бидэнд хүсэл байна. Тэр хүсэл маань Монгол улс дэлхийн нүүрсний зах зээл дээр өөрийн гэсэн дуу хоолойтой тоглогч орон болох. Энэ бидний зорилго.
“Эрдэнэс Тавантолгой”-нхон Тавантолгой ордын Баруун Цанхийн хэсэгт хөрс хуулалтынхаа ажил эхлүүлчихсэн байгаа. Хүйтний ам наашилж, хөхүүрийн дуу цаашлахтай уралдан тийн эхлүүлсэн. Энэ бол сайхан мэдээ. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах л бидний гол хүлээлт шүү дээ. Гэвч эрсдлээс эмээх түмэн шалтгаан дагаж яваа. Эрсдлээс дайжих бидний зовнил худалдан авагчийнхаа атганд орох магадлал дээр суурилж буйг дээр хэлсэн. Ийм эмзэг төсөл учраас л “Эрдэнэс Тавантолгой” нь охин компанийнхаа тодорхой хувийг хаяа нийлж заяасан хоёр хөршдөө, дээрээс нь АНУ-ын “Пибоди”-д, дээрээс нь азийн бусад найзуудаа ч тооцож (БНСУ, Япон мэтийн орнуудыг ) хуваах шаналгаатай ажлыг хийсэн. Дэлхийн зах зээлийн нэн шинэ практикт нэвтэрсэн энэхүү загварыг “дундын хувилбар” гэж томъёолдог юм билээ. “Баруун Цанхи” -ийнхаа 49 хувийг дээрх хуваарилалтын загвараар хийж, харин “Эрдэнэс Тавантолгой” ордынхоо лицензийг бүтнээр нь эзэмшинэ.
“Эрдэнэс Тавантолгой” ийнхүү түмэн бэрхшээлийг туулж явна. Өнөөг хүртэлх хугацаанд тус компани хүний хөгжил санд 410 тэрбум төгрөг нийлүүлсэн. Хүний хөжлийн сан гэж чухамдаа ямархуу гарын салаа болохыг бид сайн мэдэж байгаа. Одоо тэднийг улс төрийн дарамтнаас ангижруулж өгөхийг шинжээчид анхааруулж байгаа. Гэвч манай Засгийн газар гартаа ташуур барьчихаад л бүх компаниудаа “сүрдүүлж” байна. Авна, өг....л гэсэн дарамт явж эхлэсэн. Баталсан төсвийн маань агуулга ердөө энэ шүү дээ.
Тавантолгой бол Монгол Улсын хөгжилд асар том хувь нэмэр оруулах аварга төсөл. Эрдэнэтээс өөр идэх довгүй явж ирсэн бид энэ зуунд ийм төсөл олныг хэрэгжүүлнэ. Эрдэнэт үйлдвэр маань Монголыг олон жил авч явлаа. Нуруун дээрээ үүрч явлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 35 хувь, экспортын 50 гаруй хувийг дангаараа авч явж ирсэн ийм ачтай үйлдвэрийг Монголыг, монголчуудыг нуруун дээрээ үүрээгүй гэж хэлэх эрх байхгүй . Оюутолгой бол Эрдэнэтээс тав дахин том. Тэгэхээр Эрдэнэт ямар хэмжээний ачаалал үүрч байсан нь ойлгомжтой. Одоо Оюутолгой тэр ачааллыг үүрнэ. Тавантолгойгоор монголчууд бид маргаашдаа итгэлтэй, амар амгалан, аз жаргалтай амьдрах хөрс сууриа тавьж авна гэж төлөвлөсөн. Эдийн засгийн эргэлтэнд л хурдан оруулчих юм бол Оюутолгойгоос илүү үр өгөөжөө өгнө гэж тооцож байгаа. Ингэж итгэх, ингэж тооцох бодит шалтгаан Тавантолгойг шийдэхдээ Монгол Улс өөрийнхөө өмчийн эзэн шиг шийдэх бололцоог өөрсөддөө олгосон явдал юм. Одоо эдгээр төслүүдийг хариуцлагагүй хүмүүсийн эрхшээлд хаяж өгч популизм болгохоо зогсоомоор байна. Хэрэв Монголд халширтал их хавтгайрсан популизм зогсохгүй л бол энэ бүх ажил явахгүй.
