Энэ 7 хоногт
Монголын хошин шогийн туульсыг хайлагч
Олон шавийнхаа үзэсгэлэнг нээж ерөөл айлдах, номыг нь өлгийдэх түүний хариуцлагатай албын нэг билээ.Энэ удаа өөрөө үзэсгэлэнгээ нээж үлгэрлэв
Олон шавийнхаа үзэсгэлэнг нээж ерөөл айлдах, номыг нь өлгийдэх түүний хариуцлагатай албын нэг билээ. Энэ удаа өөрөө үзэсгэлэнгээ нээж үлгэрлэв.
Зургаадугаар ангийн бяцхан жаалхүү олон дэвтэр дүүрэн зурагтай “Тоншуул” сэтгүүл дээр анх Цэвэгийн Байды багш дээр ирэхэд хүүхдийн гэнэн гэж гололгүй бүх зурганд минь зөвлөгөө өгч урам хайрлаж билээ.Яг л том уран бүтээлчтэй харьцаж буй мэт нухацтай тайлбарлана.
Тэр үед сургуулийн сурагчийн зураг байтугаа алдарт зураачдын бүтээлийг үзэл суртлаар хэмжин амархан хасдагийг жаалхүү яахин мэдэх билээ.“Одоо болж байна.Бүр сайн.Яг л энийг хэлээд байгаа” юм гэх мэт алхам алхмаар дэмжүүлсээр сонинд зургаа хэвлүүлэх хүсэл маань ор сураггүй алга болж алдарт зураачаар магтуулах л жаргалтай санагдан зурсаар байлаа.
Ц.Байды багшийн “Үлгэр домгийн орноор” үзэсгэлэн дээр.
МУЭХ-ны үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн түүний 14 дэх бие даасан үзэсгэлэн юм.
МУЭХ-ны үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн түүний 14 дэх бие даасан үзэсгэлэн юм.
Бүтэн хоёр жил ингэж зууралдсаны эцэст 1980 оны 5 сарын 14 –ны нарлаг өдөр миний магнай тэнийж анхны зураг минь хэвлэгдэн Монголын шог зураачдын эгнээнд элсэж билээ.
Энэ мэтчилэн бидний өмнөх үе болох П.Цэгмид, С.Ламбаа, Т.Мандир, Л.Өлзийбат, Ж.Саруулбуян, Ц.Баянзул, Гүр.Нямдорж, Б.Түвшин, Д.Далайдээхи залгаад бидний чацуутан А.Бат-эрдэнэ, С.Цогтбаяр, Д.Дуламсүрэн, Д.Гансүх, Н.Оргил “Соно” сэтгүүлийн дүү нар С.Болд тэргүүтэй А.Амарсайхан, Д.Мянганзам нарын олон арван залуус цөмөөрөө багшийн урам, дэмжлэг халуун итгэлээр хошин урлагт хөл тавьсан байдаг.
Германы алдарт шог зураач Циллегийн хөшөөний дэргэд
Байды багш алтан үеийхэнтэйгээ мөр зэрэгцэн өөрийн үеэ дараагийн болон шинэ үетэйгээ сурган хүмүүжүүлж үлгэрлэн залж яваа хошин армийн “ерөнхий командлагч” юм.Тэрээр уран хошин жинхэнэ Монгол туульсыг хойч үедээ залгуулан хайлан суугаа нэрт бүтээлч билээ.
Байды багштайгаа мөр зэрэгцэн ажиллаж байсан би азтай.”Өдрийн сонин”-д ерөнхий дизайнераар ажиллахаар ирэхэд багш тус сонины амралтын дугаар болох “Ням гариг” сонинд ажиллаж байлаа.
Дараахан нь Ж.Төмөрхуяг багш \бас шог зураач\ “Сэтгэмж “ дизайны дээд сургууль байгуулаад багшийгаа урин залж хэдэн жил хамтран ажиллах завшаан олдсон юм. Одоо шавь нар маань цуглахаараа Байды багшийгаа дандаа хөгжилтэйгээр ярина.
Уран зургийн хичээл орж байна. Гаднаас орж иртэл хүүхдүүд зургаа зуралгүй багшийг бүччихэж.Багш хөгжилтэй зүйлс ярин тэд чагнахаар овоорчээ.Хичээл завсарлахад тэдний зарим нь зургаа эхлээгүй мань хүн харин өөрөө зураад дуусчихсан сууж байдагсан. Мэргэжлээрээ дагнан яваа зарим нь харин ч сонирхолтой зүйл сонсоод багшийн яаж ажиллаж байгааг харах нь жинхэнэ хичээл байлаа гэж бахархдаг.
Цоолоо \Одцолмон\ нэгдүгээр курсдээ манай сургуульд байсан юм.Мэргэжлийн просмотр болж Байды багш ч комиссын гишүүдийн нэг байлаа.Нараа эгч хүртэл өвгөн,хүү хоёроо дэмжээд гадаа цай ,хоолтой хүлээж байсансан.Уг нь Цоолоо ангидаа тэргүүлэгчдийн нэг байсан л даа.Гэтэл “тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг түүний зургууд дээр багшийн минь уран зураас торойтол харагдлаа.Залуу байсныг хэлэх үү “За,хө.Би багшийхаа ганц ч зураасыг хаанаас ч танина шүү” гээд Лхагвасүрэн гуайн “Хүний халуун хөлсөөр өөрийхээ дутууг бүү нөх” гэсэн үгээр үргэлжлүүлэн зандарлаа.Үндсэндээ тэнхимийн эрхлэгчийн хувиар сургамж болгон бусдаасаа илүүг мэдрүүлэн хөдөлмөрлүүлэхээр муу дүн тавих миний саналыг бусад маань дэмжлээ.Энэ дүн хүүд нь сануулга болсон эсэхийг би мэдэхгүй.Шалгалтын дараа Нараа эгчийн бэлдсэн хоолыг ичихгүй зооглож байхад багш “Ийм муу хүүтэйгээ сая л мэдлээ” гээд пар пар инээж суусан.Багш тэсэхгүй хүүхдүүдийн ажил дээр гар хүрчихсэн л байдаг юм Хэлж үйлээ үзэж байхаар зураад өгчихсөн нь амар гэж тэрнийгээ тайлбарлана.
Бас нэгэн просмотр дээр чадвар муутай цөөхөн зурагтай нэг охинд муу тавих юм болов оо.Гэтэл багш бүр сайн тавих санал хэлдэг байгаа.Тэгээд “Тэр охин авьяасгүй байж болно.Гэхдээ зурах гэж үнэн сэтгэлээсээ хичээдэг нүдийг нь та нар харсан бол хэзээ ч муу тавихгүй дээ.Зураач ч болохгүй байж болно штээ.Хичээж байгаа нь л хөөрхөн байдаг юм” гээд ямар ч инээмсэглэлгүй хэлсэн юм.Байдал эсрэгээр эргэж багш нар “зөөлөн сэтгэл” гаргаж Чээмээ бид хоёр ч бүүр сүүлдээ хүлээн зөвшөөрөв.Ингээд тэр охин сайн авчих нь тэр.
Шалгалт дуусаад зүг нэгтэй багш,шавь хоёр жаахан юм уугаад харих замдаа зориг гарган “Та яагаад тийм муу хүүхдийг...” гэтэл “Хүү минь хүн болгон авьяастай төрөх албагүй шүү дээ.Амьдрал өөрөө түүнд жинхэнэ дүнгээ хангалттай тавьж өгнө.Аргадаж л явдаг хорвоо юм шүү.Зөөлөн байлаа гээд хэн ч биднийг зэмлэдэггүй.Яахав тэр охин чадлаараа сайн дүн авсан юм шиг хэсэг дэвэрч л яваг” гэж уусан жаахан юмыг маань гартал сэнхрүүлж билээ.
Өө, бас эрчүүд эхнэртээ “гавьяагаа” дэвэргэж ярьдгийн эсрэг жишээг дурдая.
Ерээд оны эхээр гар утас байсан биш.”Үг” сонины утсаар багш хэлүүлэнэ.”Бичлэгийн шагналаа яаралтай ирж аваарай” гээд.Зохиолчдын эвлэлийн байранд шилжсэн “Тоншуул” сэтгүүлийн газар луу заримдаа Цэнддоотойгоо хамт очдогсон.
Нэг өдөр “шагналаа авах”-аар очихдоо багшийн бие хамгаалагч хийж МҮОНТВ-ийн байранд очсон юм.Замдаа хальтирч ойчоод босохдоо баашилахын оронд унасан тарваган малгайгаа гүвж “булган малгай унасан бол балрав аа” гээд паржигнатал инээж явлаа.
Тэндээсээ хүнээс идэшний мах худалдан авч 1500 төгрөг сагсайтал нь тоолж өгөхийг нь харсан юм.
Телевизийн жолооч залуу бид хамт ачиж буулгаад гэрт нь оруулж балкоонд нь хураав. Нараа эгч орж ирэхэд багш ихэмсэгээр “Хөгшин нь ердөө таван зуухан төгрөгөөр бүтэн идэш авчихлаа. Яаж идэж барна даа хөө” гэхэд нь будилсан юм болов уу гээд залруулах гэтэл над руу ирмээд байнаа.
Би гайхлаа.Ямар ч эр хүн эхнэртээ гавьяагаа дөвийлгэдэг байхад бүтэн мянган төгрөг хасаж хэлдэг учрыг олсонгүй.Тэр үеийн энэ дайны мөнгө лав одоо сая шүү дээ. Марталгүй дараа учрыг багшаас лавлахад “ Эмэгтэй хүн чинь их юмыг хямдхан аваад ирэхээр илүү үнэлдэг байхгүй юу.Хаашдаа тийм авьяас надад ч чамд байхгүй юм чинь тэгж л баярлуулахаас.Үнэнээ хэлбэл бараг аваагүй нь дээр гээд цамнаж гарна штээ” гэж суулаа.
Миний үзэсгэлэнгийн нээлт дээр аав, ээж минь багшид хүндэтгэл үзүүлэв.
Олон шавийнхаа үзэсгэлэнг нээж ерөөл айлдах, номыг нь өлгийдэх түүний хариуцлагатай албын нэг билээ.
Намайг Москвад сургуульд явахаас өмнө багш нэгэнтээ "Чамд ямар зураач таалагддаг вэ?" гэж асуусан юм. Тэгэхэд би Рембрандт энэ тэр гээд сэтгүүлээс харсан сонгодог зураачдыг нэрлэсэн. Багш инээгээд "Миний хүү чиний үнэлдэг зураачдыг хэн нэгэн үгүйсгэх үед жинхэнээсээ батлаж чадах ёстой юм шүү” гэж захиж билээ.
Оюутан болоод сонгодогуудыг нүдээр үзээд биширч шүтэж явтал Пикассо,Дали,Кандинскийгийн үзэсгэлэнг үзэж намтрыг унших бүрт миний үзэл бодол хувирсаар байлаа...
Одоо харин хэн нэгэн багшийн минь асуултыг давтвал балчир бяцхан жаалхүүг тавь гартал нь цаашид ч дагуулан залж яваа анхны багш Цэвэгийн Байдыг эргэж буцалтгүй нэрлэх болно.
МУСТА, шог зураач Лумо-Л.МӨНХБАТ
зочин
Зочин
Зочин
Зочин
зочин