“Хорин тавны” социализм. Цуврал
Жорж Орвэлийн “Амьтны пээрэм (ферм)” зохиолд гэрийн тэжээмэл амьтад хувьсгал хийдгийг та нар юу эс андахав? Архичин эзнээ солихыг хүссэн амьтад “нөхөр гахай”-н удирдлагаар төрийн эргэлт хийж “жинхэнэ малнуудын эрхийг бадруулсан” засаг тогтоодоггүй юу.
Нэг. Манай “малын пээрэм” буюу “Генсек солилцооны хөтөлбөр”
Жорж Орвэлийн “Амьтны пээрэм (ферм)”1 зохиолд гэрийн тэжээмэл амьтад хувьсгал хийдгийг та нар юу эс андахав? Архичин эзнээ солихыг хүссэн амьтад “нөхөр гахай”-н удирдлагаар төрийн эргэлт хийж “жинхэнэ малнуудын эрхийг бадруулсан” засаг тогтоодоггүй юу. Тэрэн дээр гардаг даа, мал ардчиллын хувьсгал нь сүүлдээ гахайн ардчилал болоод гол уриа нь “Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр тэгш эрхтэй” мөн “дөрвөн хөл сайн, хоёр хөл ч сайн” болчихсон байдаг гэж. Амьтад анх ямар уриатай хувьсгал хийж байснаа таг мартжээ. Ганц нэг хөгшин амьтны санаанд эзнээ сольсон хувьсгалын анхны уриа нь “бүх амьтан тэгш эрхтэй”, “дөрвөн хөл сайн, хоёр хөл муу” гэхчлэн байсан санагдана...
Энэ бүхнийг яах гэж санав гэхээр хэдэн өдрийн өмнө “гадаадын бараа импортловол шийтгэдэг болно гэж дарга хэллээ” гэхийг сонссноос үүдсэн хэрэг. Умарт Солонгосын удирдагчийн үгийг л ишилж байгаа юм болов уу хэмээн тоосонгүй боловч манай дарга нарын нэгнийх нь үг гэхээр гайхаж анхаарал татав. Тэгээд “Аанхаа, МАН-ын дарга М.Энхболдын хийж байгаа ажил, баас өтлөвч өмхийгээ тавихгүй гэдэг муусайн коммунистуудын үнэн нүүр царай энэ” гээд л авч өгөх гэтэл хэрэг бишдэв. АН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр Л.Эрхэмбаяр тэгсэн болж таарав. Чухам эндээс л “Ардчилсан хувьсгалын анхны уриа юу байлаа” гэж бодогдож эхэллээ.
1990 оны ардчилсан хувьсгалын нэг зорилго нь ердөө л ГОСТ (Сделано в СССР), УСТ(БНМАУ-ын хөнгөн ба хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн) хоёрын хүлээснээс хальж, хүн төрөлхтний хэрэглэдгийг хэрэглэх эрх ба бололцоог бий болгох л байлаа, энгүүнээр хэлэхэд. Одоо бол ийм шалихгүй юмны төлөө хувьсгал хийдэг нь юу ч билээ л гэх байх. Гэхдээ энэ шалихгүй юманд чинь цаана хөмөрсөн тогоон дотроос гарч, ертөнц дахинд үүдээ нээх, хүн төрөлхтний хэрэглэдгийг хэрэглэж, эдэлдгийг эдлэн, эрх чөлөөтэй амьдрах аугаа мөрөөс шингээстэй байсан юм.
Гэтэл өнөөдөр яг л амьтны фермийн хувьсгалын уриа аажимдаа солигдоод явчихсны адил ардчилсан хувьсгалын маань “хүн төрөлхтний хэрэглэдгийг хэрэглэх” уриа маань “зөвхөн дотоодын үйлдвэрийг дэмжихийн тулд импортоор бараа оруулбал шийтгэх” болчихоод зогсохгүй ардчилсан хувьсгал хийсэн намын “ерөнхий нарийн”-ий амнаас унаж байх аж.
Ер нь өнөөдөр хүний байтугаа өөрийн намыг таних амаргүй болж. Намууд нэрээ ээлж ээлжээр зээлдэн хэрэглээд эхлэв үү, эсвэл удирдах боловсон хүчнээ солилцоод байна уу, өнөө “оюутан солилцооны хөтөлбөр”,”зочин профессорын программ” гэдэг шиг. Заримдаа, үнэхээр ч “Генсек солилцооны хөтөлбөр” байгаа ч юм шиг. Эсвэл МАН-ын генсек Мөнхбатыг АН-ынхан дарь булуулахаар илгээж, АН-ын генсек Эрхэмбаярыг МАН-ынхан нууцаар шургалуулж чадсан аятай үзэгдэх. МАН-ын генсек Мөнхбатын “давхар дээл тайчих” болон “бичигтэй сүлд мод”-ыг яалт ч үгүй АН-ын сценариар хийгдэж, АН-ын генсек Эрхэмбаярын “Хэний гавъяав” самбар, “Хөрөнгөтний бараа хорих төлөвлөгөө” сэлт нь хаанаас нь харсан ч МАН-ын захиалгаар үйлдэгдсэн мэт.
Энэ бүхэн бусармаг үзэгдэл үү, эсвэл жирийн нэг явдал уу. Төөрөгдөл үү, төөрч яваагаа анзаарсан мөч үү? Үнэн хэрэгтээ болж байгаа үйл явдал гайхмаар биш, харин үйл явдлыг “гайхмаар” болгон тусгаж авч байгаа бидний сэтгэлгээ, итгэл үнэмшилд ихэнх учир байна.
Өчигдрийн “Шалгарсан гарамгай удирдагч”, “нам төрийн жолоодогч”, “ард түмнийг удирдан чиглүүлэгч хүч” гэсэн мухар итгэл үнэмшлүүд арай ардчилагдаж, өөр өөрийн намд улайран итгэх санаа болон хувирч “манай нам бол жинхэнэ ард түмнийг удирдан чиглүүлэгч хүч болсон нам”, “харин манай нам бол Ардчиллын нууцыг ганцаараа мэддэг нам” гэхчлэнгийн ойлголт болж хөгжсөн билээ. Бид энэндээ итгээд тус тусын “шалгарсан гарамгай удирдагч”, “шалгарсан гарамгай нам”-аа жирийн л нэг бүтэц гэдэг талаас нь харах чадвараа алдсан нь ч үнэн.
Уул нь, ардчилал нь “манай талын сайн нам” засаг барихаар болж бүтээд явдаг эд биш. “Хүний талын” нам эрх барьсан ч ардчилсан байхаас өөр аргагүй улс төр, хууль ёсны орчин билээ. Ардчилал бол юуны өмнө хариуцлага. Өөрийгээ авч явахаас гадна өөрсдийнхээ байгуулсан тогтоцыг авч явах хариуцлага. Ийм болохоор ардчилах амархан байж болох ч ардчиллаа авч явах амаргүй.
Нөгөө угтгаараа ардчилал нийгмийг хөгжүүлэх процесс болохоос биш нэг яваад орчихвол хэрэг бүтдэг диваажин биш. Чухам энэ төөрөгдлөөс болоод “жинхэнэ ардчилал мөн эсэх”, “Таминь ээ, бид чинь төөрөөд хуурамч ардчилал руу орчихсон биш үү” гэхчлэнгийн төөрөгдсөн эргэлзээ төрөөд байгаа юм.
Уржигдрийн нүүдэлчид, өчигдрийн удирдагчдаа толгойгоо мэдүүлсэн социализм байгуулагчдын хувьд эрх дураараа байх нь сайхан боловч өөрийгээ авч явах нь ядаж л залхуутай байгаа юм. Ингээд нэг гайгүй сайн нам, гайгүй удирдагч олж тавьчихаад өөрөө “хөл хөсөр, гар газар” тарайн хэвтээд жаргачих санаа бидэнд түгээмэл. Өөртөө зориулж аж амьдралын тухлаг орчин бүрдүүлэх боломжгүйгээсээ болоод нэг аятайхан зуслан, эсвэл өвөлжөө олж аваад жаргаад хэвтэхийг мөрөөсдөг нүүдэлчний уламжлалын үзүүр. Өнөөгийн олон асуулт, түмэн гайхшрлын хариу энд байгаа.
Ардчилал сайхан боловч байнгын жаргалтай гэсэн үг биш. Бусдын эрхэнд байх нь муухай боловч жаргалгүй гэсэн үг бас биш шиг. Энэ жишээг гахайн дээр авах гэж байснаа болиод хонин дээр ярья. Үнэн хэрэгтээ хонины амьдрал их хялбар, бүх юмных нь төлөө эзэн нь зовно. Тэдэнд өвсний соргогийг идүүлж, усны тунгалагийг уулгах ажлыг хоньчин хариуцна. Хонь ердөө бэлчээсэн газрынх нь өвсийг идэж, усыг уух үүрэг хүлээнэ. Шөнө унтах дулаан хэвтрийг хүн хариуцаж, хашаа хороог нь хүн янзлана. Аюулт чоно гэтвэл буу шийдэм агссан эзэн нь хамгаалж, араатны өөдөөс эрслэн босно. Эзэн нь хүчрэхгүйдээ тулбал төр туслана. Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж үндсэн хуулинд бий. Цаана чинь, зуданд нэрвэгдсэн малчдад туслахаар төчнөөн тонн өвс явууллаа гээд засгийн газрын төлөөлөгч мэдээлээд эхэлсэн байна.
(Та нар “Хүүе таминь, Баянхошуунд нэг иргэн өлсөөд байна” гээд засгийн газрын төлөөлөгч хуушуур бариад давхиж явахыг харсан уу. Хамгийн гол нь хүн өөрийгээ хариуцдаг, хонь өөрийгээ хариуцуулдаг. Ингээд бодохоор өөрийгээ хариуцах муухай, бусдын эрхэнд байх сайхан байгаа биз)
Харамсалтай нь хонийг жаргаах гэж байгаа юм биш. Харин дуртай өдрөө алаад идэхэд бэлэн, мах нь амттай, чанаад өмнө өө тавихад өөх нь алаглаад хорхой хүргэн шүлс асгаруулам байлгах гэж л санаа тавьж байгаа юм.Бэлэн жаргал, бэрхшээлгүй амьдралын төлөөс. Ингээд бодохоо эрх чөлөөний үнэ цэнэ мэдрэгдэнэ.
Хонины хажууд зэрлэг янгир бөөн зовлонтой. Түүний өмнөөс өвс бэлчээр бэлдэх эзэн байхгүй, чоноос хамгаалах хүн ч байхгүй. Араатан амьтад үргэлж отоостой. Төрснөөсөө хойш өөрийгээ л хариуцаж, өөрийнхээрээ амьдарна. Өөрийнхээрээ үхнэ. Гэхдээ хониноос ондоо, хотны малын мөрөөдөлд ч байхгүй өндөр тэнгэрт төрөөд, үүлтэй зиндаархах оргилдоо дураараа амьдраад, тэндээ үхснийг нь гэрчлэх тахир эвэр нь ян халилын оройд торойн үлджээ. Эрх чөлөөний эрхэм нь эндээ.
...Улс төрийн өнөөгийн байдал, сонгогч бидний бөөлжсийг цутгуулсан явдлууд нь “миний муу дээр ламын муу” гэгчээр манай улс төрийн тогтоц, намын төлөвшил, иргэдийн улс төрийн итгэл үнэмшлийн хамтын хямрал юм. Сайн нь гэвэл бидний танин мэдэхүй нэг шат ахиж байгаа хэрэг.
Бид юу харж байна гэхээр, сайн нам гэж байхгүй, харин ямар ч нам сайн байхаас өөр аргагүй орчин, тогтоц(өнөө ухаалаг төр, шилэн данс гм гм) гэж бол байдаг байх нь.
Хэрвээ чи хувь заяаныхаа төлөө хариуцлагатай байвал ардчилал хөгжинө, хэн нэгэнд даатгаад хаяхыг хүсвэл нэгэн тэжээгч ирээд хүзүүн дээр чинь зайдлана. Тэр нь заавал “дайсны тал”-ын этгээд байх албагүй.
Хоёр. Шуналын тариалан(Энэ хэсгийг дараагийн ээлжинд уншуулъя)
1Чулуундорж гуай “Эзнээ сольсон нь” нэртэйгаар анх орчуулан гаргасан