Дэлхийн улс орон бүр санхүүгийн хямралыг давах, хохирол багатай туулах гарцын эрэлд хатаж явна. Их гүрнүүд ганц нэгээрээ,  хэсэг бүлгээрээ дээд хэмжээний дараалсан уулзалтуудыг хийгээд ч, ярихаас хэтрэхгүй байна.  Харин манай улсад тэгж  хатталаа эрж хайгаад байх олон гарц  алга. Эрх баригчид шууд л  “хоёр толгой”-г  эргэлтэд оруулах нь  хямралыг төгс эмнэх хамгийн сайн жор гэж шийдэв. Дөрвөн жил тойрч улстөр хийгээд шийдэж чадаагүй “хоёр толгой”-н гэрээг хоёр сарын дотор хийж танилцуулахыг Засгийн газарт үүрэгдлээ. Эхнээсээ шийдлүүд гарч, Оюутолгойн 66 хувийг  Айвенхоу майнз, Рио Тинто-гийн хамтарсан баг, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмших урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Харин Тавантолгойн орд ганц саналтай Оюутолгойг бодвол хавьгүй үнэд хүрэх найдвар төрүүлэв. Наян зургаан хувь нь төрийн мэдэлд байгаа Тавантолгойн ордыг  олон улсын арав гаруй компани сонирхож саналаа ирүүлжээ.

“Хоёр толгой” хоёулаа дэлхийд ховор баялагтай, нөөцтэй ч, үүнийг нь санхүүгийн хямрал үнэгүйдүүллээ. Хоёрхон жилийн өмнө баялагаа тас сандайлчихаад  гэдийж суусан монголчууд өнөөдөр  ашигт малтмал ааөвөр дээрээ гаргаж тавьчихаад  гаднын компаниудын өмнө бөхийж сууна. Тийм учраас хэлэлцээр ур чадвар шаардсан амаргүй нөхцөд өрнөж байгаа нь тодорхой. Ажлын хэсэг, Засгийн газрын төвшинд  тохирсон хувь хэмжээг яаж өөрчлөх, татварын ямар хэлбэр байхыг парламент эцэслэн шийднэ. Шийдлээ гээд маргааш нь л Оюутолгойн зэс, Тавантолгойн нүүрс шууд л мөнгө болоод иргэдийн гар дээр хөрвөхгүй. Магадгүй хямрал дууссаны дараа ч үр дүнг нь үзэж мэднэ. Иймд хэлэлцээрийг удирдаж байгаа  ажлын хэсэгийн ахлагч Д.Зоригт сайд болон Засгийн газрын төвшинд дараахь хоёр   саналд анхаарлаа хандуулахыг хичээв. Нэгдүгээрт, “хоёр толгой” болон түүнийг дагасан бүтээн байгуулалтад ажиллах монгол ажилчдын доод хязгаарыг тогтоох,  хоёрдугаарт тэдний сард авах цалингийн хэмжээг тодорхойлохыг энэхүү хэлэлцээрийн явцад ямар нэгэн байдлаар хөндөхийг, хөрөнгө оруулагчдаар хүлээн зөвшөөрүүлэхийг  олон хүн чих тавин хүлээж байна. Энэ бол шийдвэр гаргагчдын хувьд асуудал нь жижиг байж болох ч, ард түмэнд бол агуулгаараа том сэдэв юм. Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар “хоёр толгой”-д ажиллах ажилчдын 80-аас доошгүй хувь нь монголчууд өөрсдөө байх бөгөөд тэд сард доод тал нь хоёр сая төгрөгийн цалин авах боломжтой юм байна. Хожмоо  Монгол Улсыг Азийн Африк болгочихгүй  байх ганц арга нь төрийн эзэмшлийн хувь хэмжээ биш, харин  ордод ажиллах монголчуудын тоо, авах цалин өндөр байх нь чухал гэж хатуу үздэг хэсэг ч бий. Ашигт малтмалаа дагасан бүтээн байгуулалтад оролцогчдын 90 хүртэл хувь нь тухайн үндэстнүүд байдаг, хөрнөгө оруулагчид орлогынхоо чамгүй хувийг тухайн орон нутагт зориулдаг тухай бэлэн жишээ, олон улсын стандарт ч бий. Жишээ нь, Канад, АНУ-ын ашигт малтмалын салбарт ажиллагсадын сарын цалин 3000 ам.доллараас дээш байна. Бүр тодруулбал, Оюутолгойн ордыг эзэмших гэж байгаа “Айвенхоу майнз”-ын Канад дахь уул уурхайн ажилчид нь өчигдрийн байдлаар сард 5000-6000 канад долларын цалин авдаг тухай мэдээлжээ.  Үүнийг Монголбанкны ханшаар ам.долларт шилжүүлбэл 4082-4890  ам.доллар болж байгаа юм. Тавантолгой шиг коксжсон нүүрсний үйлдвэрлэлтэй гаднын компаниудын ажилчдын сарын цалин ч 4000-5000 ам.доллараар хэмжигдэж байна. Өөр бас бодитой шалтгаан ч буй. “Хоёр толгой”-н зэс, нүүрсээр Монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй. Дэлхийн зах зээлд гаргана. Дэлхийн зах зээлийн үнээр нь борлуулна. Өөрөөр хэлбэл, Канад дахь уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулаад түүнийг үйлдвэрлэхэд оролцсон ажилчинд  нь сард 5000-6000 ам.долларын цалин олгож байна. Тэгвэл Оюутолгойн хувьд баялагийн нь дэлхийн зах зээлийн үнээр борлуулаад баялагийг үйлдвэрлэсэн ажилчинд нь дэлхийн жишгээс хамаагүй доогуур, Монголын нөхцөлд нь тохирсон цалин олгож болохгүй.  Яахав, уул уурахйн салбарын мэргэжил нарийн, ажилчдын ур чадвараар цалингийн зэргийг тодорхойлдог гээд янз бүрийн шалтгаан бий л байх. Тэр бүгдийг тооцоод дэлхийн жишгээс хоёр дахин бага буюу сард  доод тал нь  хоёр сая төгрөгийн цалинг хөрөнгө оруулагчдаас шаардахад юу нь болохгүй гэж. Бид чинь муу ч,  сайн ч баялагийн эзэд шүү дээ.

  Монголчууд бид өнөөдөр өмссөн зүүснээрээ, хэрэглээгээрээ дэлхийн иргэн аль хэдийнэ болсон. Дэлхийн иргэн болсон учраас л дэлхийн санхүүгийн хямралд өртөж явна. Бензин зэрэг зарим бүтээгдэхүүнийг дэлхийн жишгээс ч өндөр үнэээр хэрэглэн тансагладаг. Харин авдаг цалингаараа бол  Монголын иргэн хэвээр явна. Монголын хэмжээнд  цалинжаад дэлхийн жишгээр хэрэглэж амьдрахаар юун хямрал, шууд сүйрэл болж байна шүү дээ.  

Хэрвээ Засгийн газар “хоёр толгой”-д ажиллах монгол ажилчдын тоог тодорхойлж, сарын цалинг хоёр сая төгрөгөөс доошгүйгээр тохирч чадвал нийгмийн олон асуудлыг давхар шийднэ. Тухайлбал, “хоёр толгой”-гоос бүтэгээдэхүүн үйлдвэрлэхийг хүлээж гараа хумхин хямраад суухгүй. Бүтээн байгуулалтад оролцож айл өрхүүд шууд хямралаас гарч эхэлнэ.  Ажилгүйдлийг арилгана. Хамгийн гол нь гадаадад байгаа элэг нэгтнүүдээ боолын хөдөлмөрөөс чөлөөлнө. Одоогоор албан бусаар 250 мянга гаруй  монгол иргэн гадаадад ажиллаж амьдардаг гэсэн статистик бий. Тэдний хэт олонхи нь харьд бэдэрч яваа аз жаргалын эрэлчид болохоос, хэтэвчээ нимгэлэх гэсэн аялагчид биш билээ. Тэднийгээ баталгаатай ажлын байр, амьдралд хүрэлцэх цалингаар эх оронд нь дуудах боломжийг “хоёр толгой”-н гэрээнээс олж авмаар байна. Хэрвээ чадахгүй бол хэзээ эх орондоо ирэхийг хувь хүний зүрх сэтгэлд нь даатгаад орхихоос өөр замгүй.

“Бороо гоулд”, Алтандорнод Монгол”-ын олборлосон асар их баялагаас ард түмэн юу хүртсэн бэ.  Олборлоод ашиг болгосон баялагтай нь харьцуулбал өчүүхэн бага татварыг улстөрчид нь чөлөөлөөд, өөр газарт шилжүүлээд, эцэстээ зарим захирал нь төлөх татвартайгаа хамт Монголоос зугтаад гарчихсан тууж яваа биз дээ. Харин ард түмэн хоосон нүх, сэндийчсэн хөрстэй л үлдсэн. Хэрэв төрд л өндөр хувь эзэмшүүлээд, баялагийн ашгийг маань  татвараар авч өгнө гэж төрд л найдаад суувал “хоёр толгой” ч гэсэн “Бороо гоулд”-ын, “Алтан дорнод Монгол”-ын замаар явахгүй гэх баталгаагүй.   

Иймд төр нь хувь оролцоо татвараараа, иргэн нь ч цалингаараа ашигт малтмалаасаа хувь хүртэх нь аль аль талдаа  оновчтой.   Авдаг цалингаараа дамжуулж ашигт малтмалаасаа хувь хүртэх нь  хамгийн шударга хувилбар.  Алт зэс, хүүрс бол материаллаг эх үүсвэр л бүрдүүлэх байгалийн баялаг. Монгол хүн бол Монгол Улсыг хөгжүүлэх “баялаг”.  Байгалийн баялагаар Монгол Улсыг хөгжүүлэх “баялаг”-аа тэтгэх нь хамгийн зөв хувилбар шүү, сайд аа.   Сонгуулийн 1.5 сая төгрөгөө бэлнээр  өгнөө гэж хоосон амлалтаа сурталчилж суухаар, сард ийм хэмжээний цалин авах болоцоог “хоёр толгой”-н гэрээнээс гаргаж өгөхийг хоёр намын төлөө  сонгуульд саналаа өгсөн сонгогчид хүсч хүлээж  байна.

  Монголчууд бид өнөөдөр өмссөн зүүснээрээ, хэрэглээгээрээ дэлхийн иргэн аль хэдийнэ болсон. Дэлхийн иргэн болсон учраас л дэлхийн санхүүгийн хямралд өртөж явна. Харин цалингаараа бол  Монголын иргэн хэвээр явна. Монголын хэмжээнд  цалинжаад дэлхийн жишгээр хэрэглэж амьдрахаар юун хямрал, шууд сүйрэл болж байна шүү дээ.