Өмнөтгөл

УИХ дахь МАН-ын гишүүд нэгдсэн чуулган, байнгын хороодын хуралдааныг хаяад гурав дахь 7 хоногтойгоо золгож байна. Мөн парламентад суудалгүй “21 намын төлөөллийг оролцуулсан” /хашилтанд хэрэглэх болсон нь одоохондоо тийм гэх баталгаа байхгүй бөгөөд тэгж хэлснийхээ хариуцлагыг МАН-ын гишүүд хүлээнэ гэсэн үг юм/ жагсаал зохион байгуулж төрийн ордныг хэд хоног гороолов. Зорилго гэвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ирэх 2016 оны сонгуулийн санал хураалтыг гараар тоолуулах явдал. Эцэст нь Тариатын хүрээний лам нар танк хүлдэгтэй адил зүйлийг төв талбай дээрээ үйлдсэн билээ. Шатаадаг дээрээ тулсан ч 2012 оны сонгуулийн дараа л энэ тэнэглэлээ хийх ёстой байсан юм. Харамсалтай нь өмнөх сонгуулийн дараа тус намын зүгээс санал тооллого дээр ямар нэг алдаа гарсан талаар гомдол гараагүй байдаг. Санамсаргүй байдлаар түүвэрлэж зарим хэсэг дээр гар тооллогыг давхар хийсэн ч саналын дүн автомат машины тооллогын дүнтэй зөрөөгүй.

Гэвч баасан гаригт УИХ-ын дарга МАН-ын бүлгээс тавьсан хугацаатай шаардлагад хариу өгч, сонгуулийн нэгдсэн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон байна. Үр дүн нь яаж гарахыг таашгүй. Сонгуулийн гар технологийн тухай “Саналаа өгсөн хүмүүс юуг ч шийддэггүй, харин өгсөн саналыг нь тоолж байгаа хүмүүс бүгдийг шийддэг” гэж нэг коммунист удирдагчийн хэлсэн үг байдаг даа. Бид ч эргээд тэр зүг рүүгээ л явах нь шиг байна.

МАН-ын удаах мангарлал

МАН-ынхны мангарлал үүгээр дуусахгүй нь харамсалтай. Өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-ын Байнгын хорооны тогтоол гарч, “олон улсын зах зээл дээр гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явцтай танилцаж дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулжээ.

Тэгвэл Монгол Улс 2012 оноос хойш буюу өнгөрсөн гурван жилийн дотор нийтдээ 10 удаа бонд гаргаж, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгосон байна. Үүнээс хоёрыг нь Засгийн газар гаргасан бөгөөд “Чингис” бондыг Хөгжлийн банкаар, “Дим сам” бондыг ХХБ-аар дамжуулжээ. Хөгжлийн банкнаас хоёр удаа буюу 2012 оны хоёрдугаар сард 580 сая ам.долларын евробонд, 2014 оны нэгдүгээр сард 30 тэрбум иенийн “Самуурай” бондыг гаргасан байна. Үлдсэн зургаан удаагийн бондыг хувийн хэвшлийнхэн болон банкууд өөрсдөө гаргаж ажилжжээ. Гэвч эдгээрээс хамгийн бага зардлаар хамгийн их хөрөнгө босгосон нь Чингис бонд. Чингис бондын зардал нийт бондынхоо /1,5 тэрбум ам.доллар/ дүнд 0,35 хувийг эзэлж байхад Хөгжлийн банкнаас гаргасан евробондын зардал 0,58 хувь, Самуурай бондын зардал 19,17 хувь, “Дим сам” бондын зардал 0,69 хувьтай тэнцэж байна. Бондын зардал гэдэг нь түүнийг олон улсын зах зээл дээр гаргаж арилжаалахтай холбоотойгоор банкууд дээр гарч байгаа тусгаарлагдсан зардлыг хэлж байгаа юм.

Гэвч өнгөрөгч сарын сүүлээр УИХ-д танилцуулагдсан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гээчид эдгээр дөрвөн бондоос зөвхөн Чингис бондын зарцуулалтыг л авч үзсэн байна. Ингэхдээ;

-Төсөл арга хэмжээг сонгохдоо тендергүйгээр шалгаруулж, “Төсвийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчсөн,

-Бондын хөрөнгөнөөс 5,4 сая ам.доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй сох дутсан,

-Төсөл, арга хэмжээний зардлыг хэдэнтээ өөрчилж, 13-14 дахин нэмэгдүүлсэн, бондын мөнгийг үргүй зарцуулсан хэмээн нийтэд зарлаад зогсохгүй тус банкийг татан буулгах тухай асуудлыг ч хөндсөн билээ.

Хэдийгээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ мэдэгдлээ “УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт” хэмээн танилцуулсан авч ажлын хэсэгт багтсан 10 гишүүний дөрөв нь л /Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Г.Уянга, Л.Энх-Амгалан/ гарын үсэг зурсан байна.

Харин албан ёсны эх сурвалжуудаас гарч байгаа мэдээллээс үзвэл Л.Энх-Амгалан гишүүний хийгээд буй энэ дүгнэлт ихээхэн хуудуутай үйлдэгдсэн бололтой. Түүний “эх сурвалж болгосон” гээд байгаа Сангийн яамны шалгалтын ажлын хэсгийн тайлан лав одоог хүртэл гараагүй юм байна. Тиймээс Сангийн сайдын тушаалаар “төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, 2015 оны төсвийн тухай хуулиар баталсан төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын санхүүжилтэд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан ч одоогийн байдлаар уг ажлын хэсэг тайлангаа гаргаагүй, шалгасан байгууллагынхаа саналыг аваагүй, Сангийн яамны дотоод аудитаар хэлэлцүүлээгүй, тиймээс тус яамны зүгээс дээрх асуудалтай холбоотой тайлан, материалыг холбогдох байгууллага, зохих албан тушаалтанд албан ёсоор хүргүүлээгүй тухай Сангийн сайд УИХ-ын бүтцийн байгууллагуудад албан тоотоор мэдэгджээ.

Харин Хөгжлийн бакны зүгээс Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарын гишүүдийн хийсэн дээрх мэдэгдлийг гүтгэлэг хэмээн үзэж, нэг бүрчлэн няцаалт хийлээ.

Тухайлбал, Чингис бондоос босгосон 1.5 тэрбум ам.доллараас сох дутсан гээд байгаа 5,6 сая ам.доллар нь дээр өгүүлсэнчлэн бондын зардал юм. Хөгжлийн банк энэ зардлаа тооцоод үлдсэн нэг тэрбум 494,4 сая ам.долларыг 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр /энэ өдөр эрх баригч АН-ын мэндэлсэн өдөр байсан гэвэл уншигчид уг үйл явдлыг илүү сайн санах байх/ Төрийн сангийн бондын дансанд шилжүүлсний дараа Сангийн яам дээрх тусгаарлагдсан зардал болох 5,4 сая ам.долларыг Хөгжлийн банкинд шилжүүлжээ. Бондын зардлыг Засгийн газар төлж, 1,5 тэрбум ам.долларын бондын хөрөнгийг бүтнээр нь банкинд байршуулсан гэсэн үг. Энэ тухай “Засгийн газрын үнэт цаас арилжаалахтай холбогдон гарсан зардлыг Монгол Улсын 2012 оны төсвийн Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зарцуулагдаагүй үлдэгдлээс санхүүжүүлэхийг Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарт даалгасан” Засгийн газрын 2012 оны тогтоол ч байна. Бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжаалахын тулд дээрх зардлыг зайлшгүй гаргадаг бөгөөд үүнд андеррайтерын төлбөр, зээлжих зэрэглэл тогтоох, хуулийн зөвлөхийн бусад үйлчилгээг оруулдаг байна. /Андеррайтер гэдэг нь шинээр хувьцаа гаргаж буй компаниас нийтэд санал болгож буй хувьцааг анхдагч зах зээл дээр борлуулах, эсвэл өөрөө худалдан аваад эргүүлэн олон нийтэд худалдах үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийг хэлдэг байна. Олон улсын практикт ихэвчлэн хөрөнгө оруулалтын банкууд байдаг/ 

Уг нь Л.Энх-Амгалан гишүүн үүнийг гадарлахгүй байх учиргүй хүн. Түүний хувь эзэмшдэг МCS компани л гэхэд 2012 оны гуравдугаар сард буюу түүнийг захирлаар ажиллаж байх үед 600 сая ам.долларын бонд гаргаж, бондын зардалд 12.9 сая ам.доллар /бондын нийт дүнгийн 2,15 хувь/ төлсөн байдаг. Бондын хэмжээ Чингис бондоос 2,5 дахин бага боловч зардал нь хоёр дахин их байгаа биз. Үүнийг тэгээд гэмт хэрэг гэж үзэх үү? Хэрэвзээ Л.Энх-Амгалан гишүүн энэ 12,9 сая ам.долларыг MCS компаниас нэхэмжилж шүүхэд өгнө гэвэл ёстой элэг доог болох биз. Улс төр хийх гээд улайрахаараа урьдах хойдохоо, үзсэн туулсанаа ч мартчихдаг гарууд МАН-д ямар нэгээр тогтох биш дээ.

 Хоёр тэрбумыг 10 тэрбумд тулгасан нь

 Ажлын хэсгийн дүгнэлтэд төслийн хөрөнгө оруулалтыг анх төлөвлөснөөс 13-14 дахин нэмэгдүүлсэн, анх хоёр тэрбум төгрөгөөр төсөвлөсөн замын ажлыг 27,5 тэрбум болгож өсгөсөн, 3.2 км замыг 10 тэрбумаар барьсан гэж байгаа. Гэвч энд дахиад л санаатай, санамсаргүй ч эндүүрэл гаргажээ.

Увс аймгийн төв Улаангом сумын төвөөс Улаан-уулын пост хүртэлх 3.2 км урт, 7метрийн өргөнтэй орон нутгийн замын тендер зарлахад “Шин Жиан Фа” ХХК 2,095 тэрбум төгрөгөөр барих санал ирүүлж байжээ. Гэвч санхүүжилт байхгүйн улмаас уг замын ажил хийгдээгүй бөгөөд харин Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “Гудамж” төслийн хүрээнд Барилгын хөгжлийн төвийн экспертизээр батлагдсан зураг төсвөөр Улаангом сумын төвд барих 11 км зам, 10 уулзварыг тохижилт, дэд бүтцийн хамт барих 27,5 тэрбумын төсөвт өртөгтэй ажлыг уг компаниар гүйцэтгүүлэхээр болсон байна. Одоогоор “Гудамж” төслөөс баталгаажиж ирсэн гүйцэтгэлийн дүнгээр  нийт 3,1 км урттай гурван тусдаа зам, уулзвар нийлээд 3,2 км замын барилга, холбогдох дэд бүтэц, тохижилтын ажлыг нийт өртөг 10,95 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хоёр гишүүний яриад байгаа төсөвт өртгийг 13-14 дахин нэмэгдүүлсэн, 3,2 км замыг 10 тэрбумаар барьсан гэдэг нь өмнө өгүүлсэн орон нутгийн замыг Улаан гом сумын төвд хийгдэж байгаа “Гудамж” төсөлтэй хольж хутгасан тоо байна. Гэтэл орон нутгийн замын өргөн 7м, харин сумын төвд баригдаж байгаа “Гудамж” төслийн замын өргөн 14м, дээр нь уулзвар, дэд бүтэц, тохиржилтыг хамтад нь хийж гүйцэтгэсэн гээд тооцохоор энэ хоёр замын өртгийг харьцуулах боломжгүй юм.

Тендергүйгээр ажил гүйцэтгэсэн тухайд бол Хөгжлийн банк нэг ч тендер зарлаагүй, нэг ч гэрээ байгуулаагүй, зөвхөн тухайн оны төсөвт батлагдаж, УИХ, Засгийн газрын тогтоолоор баталсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг, харин гүйцэтгэлд нь Үндэсний аудитын газар хяналт тавьдаг байна. Бондоор санхүүжүүлж байгаа төсөл, арга хэмжээнд “Төсвийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай” хууль хамаарахгүй. Гэвч ажлын хэсгийн нөхөд андуурч эндүүрсээр л явна. Чингис бондоор санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт болон төсөвт өртөгийг батлахын УИХ-ын 2008 оноос 2015 онд гаргасан нийт есөн удаагийн тогтоол, Засгийн газрын 2011-2015 онд гаргасан 101 удаагийн тогтоол гарч, Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийг удирдлага болгосон гэдгээ Хөгжлийн банк танилцуулсан байна. Үндэсний аудитын газраас тухайн бүрд гүйцэтгэлийг хянаад “Зөрчилгүй” гэж үзжээ.

Уг нь УИХ-ын ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхээр УИХ-ын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс дэд ажлын хэсэг гаргасан ч хоёр гишүүн дэд ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг “Хэтэрхий мөлгөр байна” гээд хүлээж авалгүй, өөрсдийн гаргасан “олон өнцөг бүхий” дүгнэлтийг Байнгын хороонд танилцуулсан нь энэ. Энэ тухай ажлын хэсгийн ахлагч А.Батсайхан ярьсан байна.

Их идсэний маргааш өнж

Хөгжлийн банк бондын мөнгийг үргүй зарцуулсан гэж хамгийн чанга хашгираад яваа нөхдийн дотор тус банкнаас санхүүжилт авсан МАН-ын гишүүд хамгийн их үүрэг гүйцэтгэж байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 200 гаруй төсөл, арга хэмжээний дотор Л.Энх-Амгалан гишүүний хувьцааг нь эзэмшдэг MCS компани 170,6 тэрбум, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн “Мополимет”-ийн Д.Гарамжав 122,6 тэрбум, МАК-ийн Б.Нямтайшир 109,6 тэрбум, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Нью прогресс” компанид 10 тэрбум, “Алтайн зам” компани 21,5 тэрбум /Хэдийгээр С.Бямбацогт гишүүн уг компанитай хамаагүй гэдэг, хөрөнгө орлогтоо мэдүүлээгүй ч компанийн албан ёсны танилцуулгад “2003 онд хувьчлагдаж, Нью прогресс группийн дор үйл ажиллагаа явуулж байгаа” гэсэн байна/ төгрөг гэх мэтчилэн Ж.Энхбаяр, М.Энхболд, Ё.Отгонбаяр нарын гишүүд ч бондын мөнгөнөөс хувь хүртсэн байна. Бүтээн байгуулалт хийж, ажлын байр бий болгож байгаа компаниудаа намаар нь ялгах гэсэнгүй л дээ. Гэвч Хөгжлийн банкаар улс төр хийгээд яваа МАН-ын нөхдүүдэд хандаж хэлэхэд “Их идсэний дараа өнж” гэж нэг үг бий. Бондын мөнгө ч гэсэн хэмжээтэй шүү дээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний парламентын 25 жилийн ойгоор өгч байсан ярилцлагаас энд иш татах хэрэгтэй юм шиг байна. УИХ-аас томилогдсон шалгалтын ажлын хэсэг гээчийн ард заавал нэг хувийнх эрх ашиг явдаг. Парламентын хяналтыг парламентаас томилдог мэргэжлийн байгууллагууд нь хийдэг болохгүй бол шалгалт нэрийн дор шантааж хийдэг улстөрчид олон болсон гэжээ.

УИХ-ын дарга З.Энхболд ч сүүлд өгсөн ярилцлагадаа “Адилхан гурван их наядыг цацсан гэвэл Чингис бондын мөнгө мөрөө үлдээсэн шүү” гэсэн байна лаа. 1921-2012 он хүртэл 91 жилд Монгол Улс зургаан аймгаа л нийслэлтэйгээ автозамаар холбож дөнгөсөн аж. Харин 2012 оноос хойш буюу Чингис бондын мөнгөөр дахиад долоон аймгийг холбосон хатуу хучилттай замаар нийслэлтэйгээ холбож чадсан. Наад зах нь нийслэлд шинээр нэмэгдсэн уулзварууд, хот дотор болон хотоос гадагшаа тавьсан замуудаа хар. Үүний үр ашгийг монголчууд урт удаан хугацаанд хүртэнэ. МАН-ын үед хэзээ ийм байсан юм. Зам харилцаа сайжраад ирэхээр эдийн засаг, бараа эргэлт сайжирна, орон нутаг хөгжинө. Наад зах нь аав, ээждээ золгох гээд хөдөө гараад давхихад өдөртөө хүрчихнэ. Бензин тосонд ч хэмнэлттэй, машинд ч эвдрэл байхгүй. Энэ бол Монгол Улсын иргэн нэг бүр дээр ирж байгаа бондын үр ашиг. Нисэхийн замыг хоёр урсгалтай болгосноос хойш эргэлтийн хугацаа богиносч, бензин бага зарцуулдаг болсон, техникийн эвдрэл гэмтэл ч багассан гэж автобаазынхан ярьж л байна лээ шүү дээ.  

Тэгж ярьвал 2012 оны сонгуулийн өмнө Сү.Батболдын Засгийн газрын үед эх орны хишиг, эрдэнийн хувь нэрээр халамжаар тараасан мөнгөний дүн 1,8 сая ам.долларт хүрсэн байна. Тухайн үеийн ханшаараа 2,5 их наяд төгрөгийг бэлэн мөнгө болгоод тараачихсан гэсэн үг. Тэр их мөнгөнөөс монголчуудад өр л үлдээ биз дээ.

Бондоор бооцоо тавьдгаа больчихвол яасан юм

Гэвч харамсалтай нь сөрөг хүчин, МАН-ын зүгээс үүнийг үл хараач, үл мэдээч болон тоглож, сонгууль угтсан богино зайны улс төр хийх нь хэрээс хэтэрлээ. АН тэртэй тэргүй дотооддоо эв түнжин муутай,у улс төр тогтворгүй байгаа үед болж бүтэж байгаа нэг ч болов ажлыг нь нураачихвал МАН-д хожоо болно гэж л харж байх шиг байна. Гэтэл бондын зарцуулалт, Хөгжлийн банкийг ингэж их улстөржүүлсний үр дагаврыг эцэст нь АН биш, ард түмэн л үүрнэ. Эдийн засагчдын хэлснээр Чингис бондын ханш анхныхаа үнээс дариу 20 хувиар, сүүлийн нэг сарын дотор 1,7-3,8 хувиар унасан дүн гарсан байна. Энгийнээр хэлбэл, бондыг анх арилжаалахад 100 төгрөгөөр худалдаж авсан нөхөр цааш нь дараагийн хүнд зарахдаа 80 төгрөгөөр зарж байна аа л гэсэн үг. Энэ 20 хувийн алдагдлыг монголчууд л төлнө шүү дээ. Дараачийн удаа 60 төгрөгөөр зарья гэхэд авах хүн олдохгүй. Гэтэл энэ эдийн засгийг юугаар тэтгэж босгож, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ юугаар хангах вэ? Бензин тосоо юугаар худалдаж авч, банкны зээлээ хэрхэн төлөх вэ?

Банкууд найман хувийн зээлийг хаалаа л гэнэ. Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд Монголбанкнаас оруулсан 800 тэрбум төгрөгийг ч бас Чингис бондоос л гаргасан шүү дээ. Хэрэв тиймгүй бол 12 хувийн хүүтэй хадгаламж аваад, 15 хувиар цааш нь зээлдүүлдэг арилжааны банкууд ямар шүлсээрээ найман хувийн зээлийг олгох байсан юм.

Саяхан сонсохнээ Засгийн газрын 800 сая хүртлэх ам.долларын үнэт цаас, Хөгжлийн банкны 500 сая еврогийн бондыг арилжих хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэнэ. Энэ бол манай нөгөө “поп”-ууд, МАН-ынхны гавьяа. Хөгжлийн банк тэдний хийсэн гүтгэлгийг залруулж, зах зээл дээр нэр хүндээ хадгалахын тулд ажлын хэсгийн дүгнэлтээр шүүхэд хандсан байна. Эцсийн эцэст бонд, үнэт цаас гэдэг бидний хувь хоорондоо, хашаан дотроо тооцоо боддог тоглоом биш. Эхний авсан бондын зарцуулалт, зах зээл дээрх нэр хүндээс дараа дараагийн хөрөнгө оруулагчид Монголд итгэж мөнгө өгөх эсэх хамаарна. Олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгоно гэдэг манай мангаруудын боддог шиг хаалгаа дэлгээд ганц хашгируут урсаад ороод ирдэг эд биш.

Ядаж байхад манайхны “малд” нүдтэйг хэлэх үү! Сүүлийн нэг, хоёр сарын дотор МАН-ын мангаруудаас овоо хэд нь гайгүй сайн зүслэгдэж байна даа...