Умардын зах

Пенъяны дөрвөн зүгт дөрвөн зах нээжээ. Түүнээс нэг нь л гадаадын иргэдэд үйлчлэх “эрхтэй”. Өдөр нэг ухасхийсэн агаад орой 16 цагаас онгойно гэсэн хариу сонсоод буцсан юм.

Ялалтын хаалганаас давхисаар яваад хэдий түгжрээгүй ч 18.10 минутад зах дээр ирэв. Миний захаас авах гэсэн ганц юм нь Хойдын армийн фрэнч. Британийн фельдмаршал Жон Дантон Френчийн нэрээр алдаршсан, дэлхийн нэгдүгээр дайны үед франц, английн офицерийн дүрэмт хувцас байсан энэ хүрэм XX зуунд коммунист удирдагчдын “имиж” болсон доо. Дэлхийн 60 гаруй орны удирдагч өмсөж байсан гэж байгаа.

Мөрдөсгүй, эргэсэн эсвэл босоо захтай, энгэр, ташаандаа ил халаастай, бэлхүүсээр бариу цэрэг маягийн энэ хүрмийг Оросод анх Керенский өмссөн ба хожим Сталин “моодонд оруулсан”, Лениний, Троцкий, Зержинский бүгд френчтэй. Гитлерийн фрэнчтэй зураг ч тааралддаг. Хожим манай жанжин, маршал, Бум хурандаа өмсдөг байсан, манайхаар дамжсан уу, эсвэл Зөвлөлтийн цэргийн хувцасны хангамжийг өмсөж дассандаа тэр үү?, Маогаас эхлээд Дэнг хүртэл фрэнч өмсөх дуртай байсан. Харин Бал дарга фрэнч өмсдөггүй костюм зангиатай явдаг байсан, Сталинаас хойш Хрущевын үед цөөн өмсөөд Зөвлөлтөд албан хэрэгцээнээс хассан. Зөвлөлтийн удирдагчид фрэнчээс салсан нь энх цагийг бэлгэдэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байжээ, барууныханд.

1924-1943 онд фрэнч Зөвлөлтийн улаан армийн офицерийн дүрэмт хувцас байсан юм. Мөрдөс зүүдэг болсноор фрэнчийг халсан юм билээ. Хятадад албан хувцас болгосон, гамин саарал, цэрэг ногоон өнгийг нь өөрчлөөд хар хөх болсон, үүнийг БНХАУ-ын 60 жилийн ойгоор дөрвөн удирдагчийн хөрөгт албан ёсоор тусгасан. Вьетнамын Хо Ши Мин, Энэтхэгийн удирдагчдаар дамжаад зүүн өмнөд Азийнхан өмсдөг болсон. Латин америкад их дэлгэрсэн. Кастрогийн загвар ч бий. Умардын удирдагчид ч фрэнчээр гоёдог ба Ким Жон Илийн үед доогуураа бариу манжеттай, урдаа цахилгаантай болж өөрчлөгдсөн. Бүр саяхан Ираны Ахмединижад босоо захтай доогуураа манжеттай загвар өмсдөг байсныг “ахмедижакет” гэж хочилдог байгаагүй юу. Дэн Сяопин дэлхийн нэгдүгээр дайны үед Францад байсан учраас шохоорхдог байсан байх, Ахмединижадад бол зангиа зүүдэггүй учраас амар байхгүй юу. Иранд зангиа зүүхийг хорьдог гэсэн.

Одоо Умардын армид фрэнч өмсдөг ба мөрдөсгүй, захандаа ялгах тэмдэгтэй. Цэрэг ногоон өнгөтэй. Харин албанд бол Ким Жон Илийн үеийн загвар өмсдөг. Тэр нь надад таалагдаагүй, гүзээ сууж байгаа хүний гүзээг их тодруулдаг юм. Тиймээс ориг фрэнч олж авах гэсэн хэрэг л дээ. Тухайн орны хамгийн онцгой зүйлийг л авч хэрэглэвэл сонин биз дээ?

Умардын хангамжийн хувцаснууд бүгдээрээ зах дээр байдаг гэсэн тул зорьж байгаа нь тэр. Пенъяныхан орчин үеийн хувцас өмсдөг болсон, нормын хувцас нь хаачдагийг хожим хэлнэ гэж амласны маань учир энд бий. Түүнээс захаас юу ч авах вэ дээ. Бэлэг дурсгалийн үйлдвэрлэл хөгжөөгүй. Аялал жуулчлал хөгжөөгүй хаалттай учраас тэр байх.

Захын хашаагаар ороход зогсоолын хөлс нэг ам.доллар хурааж байна. Зах руу нь орвол битүү лангуу. Манай “шатдаг” бөмбөгөрийн хэрийн, хөх дээвэртэй арай намхан ангарт зах нь байна. Ойролцоогоор метр орчим өргөн  лангуу нэг хүнд оногддог ажээ. Нормын хувцас зардаг лангуу бол хангалттай олон байна. Даанч цэргийн хувцас зардаггүй ажээ. Харин албан хувцас ёстой “овоолгоотой” байна.
 
Нөгөө надад таалагддаггүй II Кимийн загвар зөндөө. Тэгээд харж харж нэг цэрэг маягийн цамц авахаар болов. Харин размер хэмжээг янз бүрээр хийжээ. Өмд нь цамцнаасаа арай л гүн ногоон өнгөтэй. Гэм нь манайд хамгийн хямд байдаг гаднаа гялгар, дотроо хатуу, индүүдлэг авдаггүй улцгар, зузаан нейлон даавуугаар хийжээ. Халуухан индүүгээр дарахаар умайчихдаг, индүү нь амархан гарчихдаг нэг тийм даавуу байдаггүй юу. Энэ нь аягүй бол нүүрснээс гаргаж авдаг нийлэгутсаар хийсэн даавуу нь байх гэж таамаглав. Харин цамцаа бол цэвэр даавуугаар оёжээ. Манжет нь наалт сайтай, бас хатуу мөртэй. Өмссөн туранхайдуу умардынхан ханхардуу харагддаг. Цамцыг нь авахын өмнө өмсөж үзэв. Биед их эвтэйхэн юм, нэг солонгос нөхөр шинэ албан хувцсаар гоёх гэж ирсэн бололтой, манийг хараад эрхийгээ гозойлгож байна. Зохиж байна гэж байгаа юм байлгүй дээ. Харин Энхсайхан мушийгаад байх юм. Бодвол их л хачин харагдаж байгаа бололтой.

Ер нь умардын хувцасны оёдол маш сайн. Бэхэлгээ даруулга, мөрний хатуулга, ширээс, наалт, оёог яг стандартаар л хийнэ. Хэд өмсөөд шолбойчихдог, дотор гадар нь хаваасгүй дээл шиг салаад явчихдаг, манайд “брэнд” нэрээр аймаар үнэтэй зардаг хувцас, костюмаас эдэлгээ нь хамаагүй дээр болох нь харахад л мэдэгдэнэ. Эдийн засаг нь муудлаа гээд наад зах нь оёдлын стандартаа тавьж туугаагүй л байхгүй юу. Хийх ёстой бүхнийг хийх л ёстой гэсэн ойлголттой, хулхи юм гэж байдаггүй “коммунизмын давуу тал” шүү дээ.

Хятадын томчууд сайн даавуу аваад Пенъянд очиж хослолоо захиалж оёулдаг гэнэ. Манайхан ч бас юугаараа дутах вэ? Пенъяанд жаахан хугацаатай очиж байгаа хүн костюмаа захиалбал 7 хоногт яг сайхан наасан юм шиг оёдог болохыг мэдээд авчихад гэмгүй. Харин загвараа сайн тохирохгүй бол манай социализмын үеийнх шиг богинодуу, өргөн мөртэй, хэлхгэр загвараар хийчих гээд байдаг гэнэ. Дунд насны мах шөл таарсан эрчүүдэд зохидог ч өмнөд Солонгосын орчин үеийн загварын язайж татайсан, суга цавь холгочихмоор нарийхан шуумаг, ханцуйтай хувцас өмсдөг залуучуудад бол горьгүй байх.

За тэгээд, цамцны үнэ нь 130 мянган вон гэв ээ. Шууд доллараар авъя гэтэл ёстой шонгүй шүү. Зөвхөн воноор худалдаа хийнэ гэнэ. Доллараа воноор солиулах гэтэл цорын ганц хар захын ханшаар валют сольдог, магадгүй Пенъянд ч ганцхан байдаг тэр цэг нь 18.00-д хаачихаж. Цагийг бол яс барьдаг тул найраа байхгүй. Зах бол зах гэж бодсон маань алдаа байж. Хэн ч валют солихгүйн дээр валютаар худалдаа хийхгүй тул яаж ч гуйгаад, бүр нугалсан үнээр авъя гээд ч нэмэргүйг хагас цагийн дараа яс махандаа шингэтэл ойлгов. Тэгээд эргэцүүлбэл зах нь 16 цаг нээгээд 19.30 хүртэл ажиллана. Харин валют солих цэг нь 18.00-д хаадаг тул гадаадынхан худалдаа хийх боломжтой хоёр цаг л байна. Аргагүйн эрхэнд Д.Энхсайханд 100 юань өгч, нэг цамц аваад дараа хүнээр явуулчихаарай гэж гуйв. Юаниар бол үнэ нь 100.

Нэгэнт ирснийх захыг нь сонирхов. Манайхаар бол “эрээний бараа” пиг чихээстэй. Умардад “Дандонгийн бараа” гэмээр юм уу? Яг манай урдах Эрээн шиг Умардын наймаачдын “хөрөнгө оруулалтаар” цэцэглэн хөгжиж байгаа, умардын 23 сая хүнийг бараагаар хангадаг хятадын боомт. Ялу гол дээгүүр умардыг Дандонтай холбосон гүүр тавьж байгаа ч яг талдаа ороод зогсчихсон гэнэ. Нөгөө эргээс нь умардынхан гүүрээ барьж ирээд залгах ёстой. Умардынхан хөрөнгөгүйдээ зогсчихоод байна уу гэвэл үгүй бололтой, учир нь Хятадын тал хөрөнгө гаргаад гүйцээчихье гэсэн ч зөвшөөрөөгүй аж. Хяналтын л шалтгаантай байх. Худалдааны ганц урсгалтай нарийн замтай ба түүгээр нь тодорхой цагуудад нэг чигийн урсгалтай хөдөлгөөн хийж бараагаа тээвэрлэдэг ажээ.

Зах дотор нарийн боов, талх бялуунаас эхлээд барилгын материал, машины суудлын бүрээс, хүүхдийн тоглоом хүртэл ёстой нөгөө “Тэмцэл” кинонд Гүржавын хэлдэгээр “лууны махнаас бусад” хятад бараа байна. Агаар муутай, ер нь агааржуулагч байхгүй байх, тиймээс бөгчим гэж янзтай, халуунд үнэр танар гэж яадаг билээ дээ. Нэг тойрч үзээд бушуухан гарав. Хамгун яваад ирсэн манай төлөөлөгчдийн хэлж байсан санаанд оров. Найман киломерт урт тунелиэр явжээ. Угаасаа хойд нутаг уулархаг тул уул нүхлээд л зам тавьчихсан байдаг аж. Гэтэл бас агааржуулалт байхгүй, машины утаанд толгой тархи нь дүүрээд арай нэг гарчээ. Хэрэв машин эвдрээд тунельд зогсвол удахгүй угаартаж үхмээр юм билээ гэлцэж байсан. Эргээд бодоход манайд ч социализмын үед үйлчилгээний газрын агааржуулалт гэж юу байлаа, дэмий тансаглал л гэж боддог байгаагүй юу. Ард түмнээ тэвчээр хатуужилтай сургасан тул ийм “жижиг” юманд зардал гаргадаггүй л байсан.

Захын эргэн тойронд гар дээрээс худалдаа хийгчид сууж байна. Өмнө нь тэднийг цагдаа ирээд хөөчихдөг байсан ч өнгөрсөн жилээс больжээ. Бодвол цаг зөөлөрч, иргэдийнхээ орлогоо нэмэх эрмэлзлийг нэг их хязгаарлаад байдаггүй болсных. Худалдааг бага багаар чөлөөлж л байгаа хэрэг. Тэндээсээ “Янгакдо” зочид буудлын ресторанд очиж хооллов.

Тэдон мөрний дунд хиймэл арал үүсгээд дээр нь энэ буудлыг барьжээ. Гадаадынхныг буулгадаг өндөр зэрэглэлийн хоёр дахь буудал нь энэ. Миний буусан “Корё”-д албан төлөөлөгчид голдуу буудаг бол Янгакдод тамирчид, бизнесийнхэн, жуулчдыг голдуу буулгадаг. Бас л 40 гаруй давхар өндөр энэ буудал дээрээ эргэдэг ресторантай, сайхан хоолтой. Хоолны зардлаа өөрөө дааж байгаа учраас захиалга чөлөөтэй, валютаар тооцоо хийнэ. Хоёр хүний хоол, зууш, будаа, кимчи, дөрвөн шил пиво, нэг шил сөжү аваад цаг хагас суусны дараа тооцоо 57 доллар болов.

7 дугаар сарын 18.

Энэ өдөр эхлээд Кымсүсаны дурсгалын ордонд зочлох ёстой. Энэ бол хуучин төрийн ордон нь. Хэрмэн хашаатай, гадуураа усан сувагтай нэг талаасаа нүсэр хаалгаар ордог жинхэнэ цайз. Ким Ил Сун даргын бариулсан сүрлэг гантиг ордон.
Ороход гар утас зургийн аппарат шалгаж, үлдээхийг хүсэж байна. Нисэх буудлуудад байдаг шиг электрон хянагчтай. Ордонд хүрэхийн тулд урсдаг шаттай шилэн ханатай коридороор хоёр зуугаад метр явах хэрэгтэй. Энэ зуур хэрэм, усан суваг, ордны хашаан доторхи гайхалтай арчилсан цэцэрлэгийг нь харж болно. Ордны жигүүрт очмогцоо бас зуугаад метр урсдаг шатаар явж ордонд хүрнэ. Явсаар нэгэн том танхимд ортол хоёр удирдагчийн сүрлэг хөшөөг хоймортоо залжээ. Р.Амаржаргал Ерөнхий сайдыг угтаж хүндэт харуул жагсааж байсан тэр танхим мөн бололтой. Орсон зочид их удирдагчдын хөшөөнд мэхийж хүндэтгэл үзүүлэх ёстой.

Гэтэл миний өмнө Африкийн нэг орны элчин сайд сайргар хөлтэй өндөр нөхөр, эхнэр нь бололтой нарийнхан бэлхүүстэй ч лут амбаартай хүүхэн хоёр орчихдог юм. За баларлаа л гэж бодов. “Удирдагчдын хөшөөнд ёслож байгаа нь энэ гэж хар хүүхний бандгар бөгсөнд мөргөөд балрах нь, хийморь сүлдэд муу байгаа даа” гэсэн шүү юм бодож сэжиглээд, хэрэв гарцаагүй ёслох болбол хажуугийнхаа хүнтэй байраа солиод эхнэр нөхөр хоёрын дундуур л толгойгоо чиглүүлээд явуулчихъя, харин энэ хажуугийн нөхөр байраа солихгүй “Та хүндэт зочин”, энэ тэр гэвэл одоо яанам билээ, ямар гэдийгээд байлтай биш, хажуу тийшээ харж мэхийлтэй биш гэх мэт түмэн шидийн юм толгойд эргэлдэж байна аа. Гэтэл ашгүй тэгж бөөндөж ёс алддаггүй аж, тэднийг мэхийсний дараа хажуу тийш явуулаад биднийг урив. Сэтгэл тайвширч байна гэж юүхэв. Бараг л урдаа “хаалтгүй” мэхийлгэсэнд баярлалаа гэж дотроо шивнэлээ дээ.

Тэндээсээ ордны дараагийн танхим руу алхах зууртаа энэ явдлаа Д.Энхсайханд хэлбэл мань эр инээдээ барих гэж ёстой тамаа цайв. Хоёр удирдагчийн шарилыг залсан дурсгалын ордонд хамаагүй инээж болохгүй тул ёс барих гэж аргаа барахгүй юу. Нөгөө хүүхэн харагдахаар л мань хүний инээд хүрээд байгаа бололтой, маньд ч яахав ханиадам нь өнгөрчихсөн юм.

Бунхан

Ордны нэгэн том танхимын нүсэр жаазтай зургуудыг үзээд ариутгагч төхөөрөмжөөр ороод бунхан байрлуулсан танхимын үүдний танхимд оров. Энд өрөө байхгүй учраас танхимын үүдэнд танхим гэхээс өөр яах билээ дээ. Тэндээсээ бунхант танхимд орлоо. Асар том харанхуй танхимд сэрүү татах ба дөрвөн буланд хүндэт харуулын цэрэг цэхлэн зогсчээ. Яг голд нь Ким Ил Сун даргын шарилыг хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна. Гэрэл багатай, гагцхүү удирдагчийн шарил дээр зөөлөн цагаан гэрэл тусгасан байна. Гадуураа болор бүрхүүлтэй. Бунханыг нар зөв тойрч дөрвөн талаас нь дөрвөн удаа ёслож хүндэтгэл үзүүлдэг журамтай.

Зэргэлдээх танхимд мөн энэ байдлаар зассан Ким Жон Ил удирдагчийн шарил байна. Мөн адил ёс гүйцэтгээд гарав. Ким Ил Сун дарга зангиатай костюм пиджактай, Ким Жол Ил дарга цэрэг ногоон албан хувцастай харагдав. Дэлхийд өөр бунхан байдаг бил үү? Ямар боловч Ленин багшийн бунханыг үзээгүй ч Ким Ил Сун гуайнхыг үзэв. Саяхан Москвад мавзолей үзэх гэтэл наана нь баахан тоглолтын тайз бололтой төмөр, торон хашаагаар хашчихаж, цагдаа нар нь ойртуулаагүй юм.

Тэндээс гараад удирдагчдын машин, усан онгоц, вагоныг байрлуулсан танхимуудыг үзэв. Хананд дээр том чулуун шигтгэмлээр улс орондоо болон дэлхийн улс орнуудад айлчилсан газрын зураг, маршрутыг үзүүлжээ. Ким Ил Сун дарга Улаанбаатарт хоёр удаа ирснийг тэмдэглэжээ. Удирдагчид хүчирхэг хөдөлгүүртэй “Мерседес бенз” унадаг байжээ. Мэдээж хуягласан байж таарна, гэхдээ вагон шиг урт лимузин биш. Харин сүүлийн үеийнхэн нь “Кадиллак” унадаг тухай өмнө дурдсан.

Вагонуудыг яг л ажлын өрөө шиг тохижуулсан байна. Хурал зөвлөгөөн явуулах бас амрах боломжтой. Урт биш, яг стандарт вагон байна. Хамгийн сүүлд ажиллаж байсан тэр янзаар нь үлдээсэн ба ширээн дээр бичиг цаас эмх цэгцтэй тавьсан нь ч яг одоо ч хөдлөхөд бэлэн мэт.

Тэндээс гараад дарга нарын улсаас хүртээсэн ба гадаадын улс орнуудаас авсан шагналын танхимд орлоо. Хоёр даргынх тус тусдаа. Өвөөгийнх бол ярилтгүй, учир нь коммунизмын ид оргил үед улсаа удирдаж байсан, нэр алдрын оргилд хүрсэн хуучны хашир удирдагч, улсдаа тусгаар тогтнол авчирсан, дайнд ялсан, бүтээн байгуулсан, олон улсын коммунист ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, нэр хүндтэй дайчин. Тэр хэрээрээ ямар ч талаараа дэлхийд нэртэй удирдагч болсон хүн. Монголын “Сүхбаатарын одон” нэлээд дээгүүр хүндтэй байранд заларчээ. Ази Африкийн орнуудын одон бол ярилтгүй, зарим нь бүр хоёрдугаар хоолны таваг шиг том гээч. Шигтгээгээр нь бүхэл бүтэн эмэгтэйг шинэ жилээр гоёчихмоор. Алдар гавъяа, нэр хүндийн дундуур туучсан хүн гэдэг нь илт.

Өвгөн удирдагч эцсийн мөчөө хүртэл ажиллажээ. Хамгийн сүүлд орон нутагт ажиллаж байхдаа гэнэт зүрх нь зогссон байна. Гадаадынхны ярих нь өвгөний бие муудмагц яаралтай эмнэлгийн, тусгай тоноглосон онгоц явуулсанд нисэх багийнхан их давчидсан уу, буухдаа сүйрчихжээ. Тэгээд хоёр дахь онгоцыг яаралтай очуулсанд таалал төгссөн байжээ. Тэрээр хүүгээ сүүлийн жилүүдэд байнга дэргэдээ байлгаж, төрийг засахад аажим ойртуулж байсныг тус ордон дахь фото зургуудаас харж болно. Цэргийн хүн учраас тэр үү, бие сайтай байж урт наслажээ.

Харин аав удирдагчийнх даруухан талдаа юм. Манайхаас бол “Дархан хотын хүндэт иргэний өргөмжлөл”, “Гурван эрдэнэ” дээд сургуулийн хүндэт доктор зэрэг байна. Гэхдээ бас бодох юм байна аа. Энэ хүн улсыг хамгийн хүнд хэцүү үед хүлээн авсан. Коммунист систем нуран унасан, ЗХУ байхгүй болж задарсан ба ОХУ-ын зээл тусламж зогссон. 1990-ээд он бол Хятад өнөөгийн хүчирхэгжилтэд хүрэх эсэх нь тодорхойгүй байсан үе юм.

Өөрөөр хэлбэл ар тал нь хүнд, бүхэл бүтэн систем задарснаар ганцаараа “дайснуудаа” сөрөн зогссон хүн. Бүх ах дүү орнууд дотоод шилжилтэндээ анхаарч “мартсан” ба олон улсын түвшинд үзэл суртал, системийн хувьд хамгаалагч, хамтрагч байх албагүй болсон ганцаардлын үеийг туулжээ. Өвлөн авсан “Чүче” үзэл нь бие даахыг чухалчилснаар басхүү ганцаардлыг бий болгосон байх. Тэр ч байтугай гол холбоотон Хятадын нөлөөг хүртэл улсдаа оруулаагүй хүн. Систем дотроо Солонгосын онцлогтой социализм байгуулах, цор ганцаар үзэл санаагаа хадгалан үлдэхийн хооронд асар том ялгаа бий. Тиймээс үзэл санааны хувьд ч, улстөр-эдийн засгийн хувьд ч бие даахыг шаардсан.

Үнэндээ бол “Дайсан улсуудын хүрээлэл дунд оршин байхын тулд тэмцэх ёстой” гэж үзсэн нь үзэл санааны системийн гаргалгааны хувьд гарцаагүй бөгөөд түүний үед хийсэн төрийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд нь ч энэ нь туссан байна. Ухрах зам байхгүй учраас улам хатуу чиг баримжаа руу орсон байна. Иймд батлан хамгаалахыг чухалчилснаар “Сөнгүн” үзлийг тунхаглаж, цэрэг армиа тэргүүн эгнээнд тавьжээ. “Сөнгүн” үзэл санааны талаарх 100 асуулт, 100 хариулт” товхимол “Сонгун үзлийг хамгийн товчоор томъёолбол...?” гэсэн асуултаар эхэлдэг. Хариулт нь; “Сонгун үзэл нь зэвсэгт хүчнийг тэргүүнд хөгжүүлэх зарчимд тулгуурлан, армийг гол хөдөлгөгч хүчин болгож, хувьсгалт үйл хэрэг, социалист бүтээн байгуулалтыг урагш хөгжүүлэхэд оршино” гэжээ.

Дашрамд “МонЦаМэ” агентлагаас Муаммар Каддафийн “Ногоон ном”, Мао Зэдуны “Улаан ном”, Ким Ил Суны “Чүчэ”, Ким Жон Илийн “Сөнгүн”, “Сионы мэргэдийн протокол”,  Дэлхийг өөрчилсөн гурван тунхаг, Лениний хоёр зохиолыг (“Төр ба хувьсгал”, “Империализм бол капитализмын дээд шат мөн”) цуврал боть болгон хэвлэхээр чармайж байна. Бүгдээрээ жижиг ном авч дэлхийн ялангуяа XX зууны түүхэн тусгал нь сүрхий. “Сохор нохой дүйвээнээр...” гэгчээр эх зохиол уншиж судалдаггүй, сонссон төдий дам сургаар дүвчигнэгчид олширсон энэ цагт унших, мэдэх хүсэлтэй буурь суурьтай цөөн хүнд зориулж, цөөн хувиар хэвлээд өндөр үнээр өгөх нь зөв байх. Хямд өгвөл жорлонгийн цаас л бэлтгэнэ. Аливаа улстөрийн сэтгэлгээнд эх зохиол унших, түүнээс эшлэх нь боловсрох хүнд их том алхам л даа. Саяхан М.Энхболдын ярилцлагыг уншсан их ой сайтай бололтой, дүүрэн хөнгөн эшлэл. Улстөрч хүн эшлэж биш эшлүүлж амьдармаар юм гэж бодсон шүү.

... Сөнгүний зарчмаар “Батлан хамгаалах хороо” төр-улсын хамгийн дээд байгууллага агаад БНАСАУ-ын дээд удирдагч нь Сөнгүнийг үндэслэгч, Ким Жон Ил. Аливаа бүтэц уламжлалыг дагасан байдаг тул түүх шүүрдвэл (мэдээж коммунист засаглалын түүх) ижил төстэй байгуулал Зөвлөлтийн аугаа их эх орны дайны үед байжээ. Тэр нь И.В.Сталины удирдсан “Дээд Ерөнхий командлалын газар”. Улсын бүх үйл ажиллагааг дайны байдалд зохицуулан удирдах онцгой эрхт удирдлагын тогтолцоо. Бүр намаас ч илүү эрхтэй. Энэ бүтцийг бий болгосон үзэл санааны үндэс нь Ким Жон Илийн тунхагласан “Сөнгүн”, энэ үзэл санаанд үндсэн хуулиа ч зохицуулжээ. Ийм тогтолцоо өөр аль ч коммунист улсад байхгүй учраас их нарийн анзаарч харилцах хэрэгтэй бололтой. Батлан хамгаалах хорооны бүтцэд Ардын зэвсэгт хүчний яам, Улсыг Аюулаас Хамгаалах Яам, Ард түмний аюулаас хамгаалах яам ордог. Манай НАХЯ гадаад дотоод тагнуул, хяналтыг нэгтгэсэн байдаг бол Умардын аюулаас хамгаалах нь гадаад тагнуулын болон дотоод яам нь тусдаа, өөрөөр хэлбэл БНХАУ-ынхтай адил. Уг нь товчилчихмоор байвч орчин үеийн уншигчид коммунист бүтцийн адил талыг мэдэхгүй андуурч болзошгүй тул ингэж бичлээ. 

Умард Солонгос коммунизмын задралын үед эдийн засгийн нэн хүнд үеийг туулсан ба дэлхийн эдийн засгийн хямралын үед хоёр дахь хүндрэлийг даван туулсан нь яалт ч үгүй үнэн. К.Марксын “Түүхийн давтамж” гэж байдаг бол тэр нь Умардад давтагдаж байна. Зөвлөлтөд коммунизм ялаад анх гадаадын интервенцийг сөрөн зогсох ёстой болсончлон Умардууд гадаадын эдийн засгийн интервенцийг сөрөх хэрэгтэй болжээ. Дараа нь 1929 оны “Капитализмын анхны ерөнхий хямралд” (Коммунистууд ингэж нэрлэсэн)” нэрвэгдэж, өлсгөлөнгийн үеийг туулсан шиг Умард 1998, 2008 оны хямралуудыг даван туулах хэрэгтэй болсон юм. Капитализм ингэж хямарсаар байгаад “империализм” хэмээх эцсийн шатаа дуусгаж мөхөхийг хүлээх үү, эсбөгөөс илүү уян хатан бодлого явуулж, үлгэрлэвээс хятад лугаа хөгжих ү гэдэг салаа замыг “ач хүү” сонгох ёстой болсон ба хоёрдахийг нь “туршиж буй” нь алхам бүрт мэдрэгдэж байсныг энд олонтаа дурдаж байгаа билээ.

Ким Жон Ил эцгээсээ харьцангуй залуугаараа таалал төгссөхдөө цөмийн зэвсэгтэй, сансарт хиймэл дагуул хөөргөх чадалтай улсыг өвлүүлжээ. Үүгээрээ бараг л Мао Зэдуныг давтсан мэт. Хиймэл дагуулыг нас барснаас нь жилийн дараа хөөргөсөн ч бүхий л ажлыг “аав” удирдагч нугалсан нь мэдээж хэрэг. Чухам иймээс Ким Жон Ил удирдагч маш ачаалалтай ажиллаж, эрүүл мэнд нь муудаж богино насалсан болов уу гэсэн бодол төрж байна. Энэ шалгуураар бодвол Умардынхан хоёр удирдагчаа адил хэмжээнд тахин шүтэж байгаа нь зүй ёсны хэрэг буй за. Ленин, Сталин хоёр. Гэхдээ Ун дарга бол Хрущев биш, Дэн болохыг хүсэж байгаа бололтой.

Ордноос гарахын өмнө “гашуудах танхимд” бүх төлөөлөгчид цуглах учиртай. Энэ танхимд удирдагчдаа сүүлчийн замд нь үдэж, салах ёс хийсэн юм байна. Битүү хивс дэвссэн том танхимд төлөөлөгчид зэрэгцэн зогсоход тайлбарлагч бүсгүй тэр хүнд үеүдийн тухай зангирсан хоолойгоор дурсан ярина. Энэ үедээ тайлбарлагч уйлдаг ба умардын үзэгчид ч уйлж, гашууддаг, сөгдөж мөргөдөг, нэг тийм гашуудах сэтгэл зүйн фанатик өрсөлдөөнд ордог гэсэн ойлголттой байсан тул биеэ ихэд бэлтгэв. Тэр “уйлалтыг” үзэх юмсан гэж хорхойсч байснаа нуух юун. Умардынхны тухай удирдагчаа тэвэрч уйлсан хүмүүсийн зураг хавтгай тарсан байдаг, үүнийг умардад очсон хүний үзэх ёстой юмны нэг  гэж төсөөлж байтал даанч тийм юм огт болсонгүй. Энд л уйлдаггүй бол өөр газар үзэхгүй л дээ.

Сүүлийн дурсамж өндөрлөмөгц умардын иргэд танхимаас гарч, харин гадаадын төлөөлөгчид дурсамжийн дэвтэрт сэтгэгдлээ үлдээхээр үлдэв. Аль ч улсын төлөөлөгчийн бичсэн дурсамжийг яг тэр дор нь Солонгос хэлэнд орчуулж бичдэг ёс тогтоосон байна. Нэг бус арав орчим дэвтэр нээж тус бүрт сандал ширээ, үзэг бэх бэлтгэжээ.

Буцаад өнөөх хоёр эгнээ урсдаг шаттай урт коридороор гарав. Хананд удирдагчдын амьдрал, үйлсийг харуулсан том зургуудыг эгнүүлэн байрлуулсныг орж гарахдаа “шатаар урсангаа” үзэж болно. Салах ёс хийж буй, уйлж гашуудаж буй хүмүүсийн зургууд байсныг “Ун дарга” өөрөөр шийдэж, илүү гэгээлэг дурсамжтай олон зуун зургаар сольжээ.  Хүндэтгэлийн хаалттай ордонг Дурсгалын нээлттэй ордон болгож, амралтын өдрүүдэд өөрийн иргэдийг ордны цэцэрлэгээр зугаалахыг зөвшөөрч, амрах орчинг бүрдүүлж өөрчилсөөр байна. Иргэд нь хоёр удирдагчийнхаа бунханд чөлөөтэй орж үзэж, хүндэтгэл үзүүлж болдог ажээ. Урд нь зөвхөн гадаадын төлөөлөгчдийг л тусгай маршрутаар цэцэрлэгээр аялуулдаг байсан гэнэ.

Ордонг дурсгалын болгох нөр их ажлын гол нь саяхан дуусчээ. Автомашин, вагон, усан онгоцыг ордонд байруулахаас эхлээд цэцэрлэг тохижуулах хүртэл асар их ажлыг нугалжээ.

“Мансүдэ” ордонд Ким Ен Нам даргад бараалхав.


Ардын хурлын ордон Пенъяаны төвд оршино. Мөн л боржин чулуугаар хийсэн нүсэр цэвэрхэн ордон. Эргэн тойрондоо цэцэрлэг, чулуу дэвссэн уудам талбайтай.

Умард Солонгосын “Мөнхийн Ерөнхийлөгч нь Ким Ил Сун”. Солонгосын Хөдөлмөрийн намын мөнхийн дарга, Батлан хамгаалах хорооны “Мөнхийн дарга нь Ким Жон Ил”. Шинэ удирдагч Ким Жон Ун бол СХН-ийн I  нарийн бичгийн дарга, БХХ-ны Тэргүүн дарга, СХН-ын УТТ-ны байнгын гишүүн, СХН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн дарга, Солонгосын Ардын Армийн дээд командлагч, маршал.

Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж, гадаадад улсаа төлөөлдөг хүн юм. Ким Жон Ун удирдагч тэр бүр гадаадынхантай уулзаад байдаггүй ажээ.  

Өдгөө 87 настай энэ хүн бол үлгэрлэвээс “Умардын Ж.Самбуу гуай”. Ким Ил Сун даргыг Монголд айлчлахад дагалдан ирж байхдаа гадаад хэргийн сайд байсан. 15 жил гадаад хэргийн сайд хийсэн туршлагатай дипломатч, төрийн зүтгэлтэн. Монголчуудад их сайн, заримдаа бүр танхимынхаа үүдний гадаа гарч ирж угтан авдаг гэж сонссон.

Дашрамд дурдахад коммунист лагерь хүчирхэг жилүүдэд баруунхан “зочдоо” олон нийтэд танилцуулах гэж аргаа бардаг байжээ. Учир нь Л.И.Брежнев ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга. Тэр үед намд дарга гэж байгаагүй, Ерөнхий нарийн бичгийн дарга “цол нь” нь хамтын удирдлагыг илэрхийлж байгаа юм. Мань хүн АНУ-д очихоор ардчилсан улсын хэмжүүрээр бол зүгээр л нэг намын генсек болчихоод байдаг. Намын генсектэй намын генсек л уулзах ёстой. Гэтэл нам төвтэй тогтолцооны улмаас наадахь нь яалт ч үгүй ЗХУ-ын номер нэг хүн. Тэгээд аргаа олж “ЗХУ-ын удирдагч” гэсэн титр бодож олжээ. Одоо АНУ-д ардчилсан бус төрийн тэргүүнийг зүгээр л “лидер” буюу удирдагч гэж нэрлэдэг уламжлал тогтжээ. Яваандаа нэг л биш байгааг коммунист лагерийнхан ойлгожээ. Тэгээд намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан дээр нэмж Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн даргын алба оноожээ. Коммунист тогтолцоо нь илүү ардчилсан шинжийг олохын тулд парламентын засаглал гэж ойлгогдох загвар харуулахыг зорьдог тул хурлын дарга нь улсын тэргүүн болж, барууныхан, гуравдагч ертөнцийнхөн ч “зөвөөр” ойлгодог болж нэг жигдэрсэн гэдэг. Гэхдээ өрнөдийнхөн удирдлагын хэт төвлөрөлийг нь шүүмжлэхээ яаж мартах вэ? Манайд ч энэ жишгээр болж Ю.Цэдэнбал дарга МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга төдийгүй АИХ-ын тэргүүлэгчдийн дарга болсон. Хожим намын албан тушаалыг өөрчилж, нэгдүгээр бус ерөнхий нарийн бичгийн дарга болгосон, гэхдээ энэ удаад үг солигдсоноос агуулга солигдоогүй юм. Ийм учраас Ким Ён Нам гуай бол Умард Солонгосын Ерөнхийлөгч л юм. Гэхдээ номер нэг биш.

Ордонд ороход хатуу хяналттай, намайг дагаж явсан Умардын ГХЯ-ны ажилтан үлдэж, би элчингийнхээ хоёр ажилтны хамт дотогш оров. Умардын Төв цахилгаан мэдээний агентлагийн дарга, гадаад харилцааны хэлтсийн дарга нар уулзалтад байлцав.

Уулзалтын танхимын үүдний битүү улаан хивс дэвссэн коридорт ёслолын хэвтсийн дарга нь угтан мэндлээд уулзалтын дэгийг танилцуулав. Танхимд орж Ким Ён Нам даргатай гар барин мэндлээд зураг авахуулав. Нэлээд өндөр хүн юм, нас сүүдэр 87 хүрсэн. Дараа нь Ким Ён Нам дарга болон Ким Жон Ун даргад  бэлэг дурсгалаа гардуулав. Нам даргатай уулзвал Ун даргад заавал бэлэг дурсгал өгөх учиртай гэсэн тул Монголоос чулуугаар сийлж, мөнгөлсөн хурдны монгол морины дүрс авч явсан юм. “Энэ бол манай хурдны морь, хамгийн хол зайд уралддаг, Танай улсын хөгжил дэвшил алс холдоо сааралгүй хурдан байхыг бэлгэдэж байна” гэж хэлээд гардуулав.

Нам дарга өөрийн морийг өрөөндөө тавина гэж амлаад удирдагчийн бэлгийг хүргүүлнэ гэв. Умардын удирдагчид бэлгийг өөртөө хэрэглэдэггүй, бэлгийн музейдээ тавьж таарна. “МонЦаМэ” агентлагаас өгсөн бэлэг гэж олон зочид жуулчин үзнэ, тиймээс үндэсний онцлогтой, бас амьтан хүний нүд хужирлах “бэлэг” байсан нь дээр гэж бодсон.

Бид пионер байхдаа л 1988 оны айлчлалын үеэр Ким Ён Нам даргын тухай сонсож, зурагтаар харж байсан. 2007 онд Ким Ён Нам дарга өөрөө айлчилсан. Өдий 40 насны босгон дээр өөртэй нь биечлэн уулзах завшаан тохиосонд баятай байгаагаа хэлсэн. Дуу хоолой сайхан, цэмцгэр энэ хүн гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авдаг. Ярьж буй аялга нь нэг тийм цэрэг ритмтэй тод. Ялалтын 65 жилийн ойн гол илтгэлийг уншиж байхыг сонссон хүн багцаална. Энэ хүн бол коммунист систем дотроо домог болсон хүмүүсийн нэг, Ким Ил Сун даргатай гар нийлж ажиллаж байсан, өвөө, аав, хүү гурван удирдагчийн үед өндөр албан тушаалд ажиллаж байгаа бараг цорын ганц хүн. Умардад нэг гэр бүлийн угсаа залгамжилсан тоталитаризм ноёрхдог гэдэг ч Ким Ён Нам гуай бол удирдагчийн гэр бүлийн хүн биш гэнэ. Харин нэлээд холын төрөл байж болох талтай тухай аман яриа л сонссон.

Нам дарга умардын талаар буруу ташаа мэдээлэл дэлхий дахинд тарж буй тухай, “дайсагнагч улсуудын хүрээлэл дунд” улс орноо хөгжүүлэхийн төлөө тэмцэж, хангалттай зовлон бэрхшээл туулсан ард түмнээ баян тансаг амьдруулахыг зорьж буй тухайгаа ярив. Хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг улам хөгжүүлэх ёстой гэж үздэгээ дурдаж, үүнд агентлагуудын харилцаа, үнэн бодит мэдээлэл солилцож байх нь чухал болохыг онцолсон.

Чухам энэ зорилгын төлөө хоёр агентлагийн харилцааг сэргээх талаар анхаарч байгаагаа хэлээд, хүндэт даргаас хоёр агентлагийн харилцааг хөгжүүлэх тал дээр анхаарч, тус дэм болохыг хүсэв. Миний сонссон, түүгээрээ төсөөлсөн Солонгос орон  ба бодат байдлын хооронд асар их зөрүү байгааг хэлэхдээ “Мянга сонсохоор нэг үз” гэж Монголчууд ярьдгийг хэллээ. Энэ үнэнийг түгээхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Яриа төлөвлөсөн цагаас үл ялиг сунжирч, тун сайхан боллоо. Ажил албанаас гадна дорнын уламжлалаар насыг нь хүндэтгэх ёстой...

Умардын эдийн засгийг бид багцаалахгүй, зөвхөн өлсгөлөн ба лангуун дээрх барааг нь сонирхдог. Гэтэл энэ улсын ДНБ 27 тэрбум ам.доллар. 43 хувь нь аж үйлдвэр, 23 хувь нь хөдөө аж ахуй, 33 хувь нь үйлчилгээний салбарт ноогддог. Цөмийн зэвсэгтэй, сансартхиймэлдагуул хөөргөсөн, сая хүнтэй үзэл сурталжсан хатуу сахилга баттай армитай, 24 сая хүн амтай ийм л улс. Өнөөдөр тавьж буй гол зорилт нь иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад чиглэж байна.

Ордноос гараад төрийн ордных өмнөх хоёр удирдагчийн том хүрэл хөшөөг үзэж зураг авлаа. Умардынхан байнга ирж, цэцэг тавьж хүндэтгэл үзүүлдэг бололтой, хөшөөний өлмийд гоёмсог цэцгийн баглаанууд харагдана. Биднийг хөшөөнд ёсло, цэцэг тавь гэж албадсангүй. Харин ч талбайгаар нь чөлөөтэй явж зураг хөрөг авахуулж, хотын байдлыг харав. Нэлээд өндөрлөг газар бололтой. Хоёр удирдагчийн хөшөөний хоёр этгээдэд сүрлэг баатарлаг монуметаль хөшөө байна.

Талбай нь тэр чигээрээ үргэлжилж Тэдон мөрний эрэгт хүрэх ба мөрний цаад эргээс дахин үргэлжилж намын хөшөөтэй талбай хүрнэ. Хотын төлөвлөлтийг гайхалтай эмх цэгцтэй, “үзэл суртлын” өндөр хэмжээнд хийдэг нь хараажаар илт. Тэр ч байтугай намын хөшөөний арын фон болох учиртай орон сууцны барилга шаталсан намирч буй тугны хэлбэртэй, тэгш хэмтэй хос барилга агаад улаан өнгөтэй гээд бодчих...