“Портуун”
Өнгөрсөн амралтын өдрүүдэд твиттер, фэйсбүүкээр хамгийн их шэйрлэгдсэн мэдээлэл бол УИХ-ын гишүүн Н.Батбаярын МҮТВ-д өгсөн ярилцлагын хэсэг. Яг ч түүний Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар телевизэд өгсөн ярилцлагын агуулгыг бүрэн утгаар нь явуулаагүй л дээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд твиттер, фэйсбүүкээр хамгийн их шэйрлэгдсэн мэдээлэл бол УИХ-ын гишүүн Н.Батбаярын МҮТВ-д өгсөн ярилцлагын хэсэг. Яг ч түүний Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар телевизэд өгсөн ярилцлагын агуулгыг бүрэн утгаар нь явуулаагүй л дээ. Гэхдээ 99 гишүүнийг таван жилийн хугацаатайгаар сонгоно гэдэг мэдээлэл зарим нэгний уурыг хүргэж, “Мал юмсан үүнийг алаад идчих юмсан” гэсэн мессэж сошиал ертөнцөөр сүүлийн хоёр хоног тэнэв. Мэдээлэл багатай байгаа жирийн иргэдийн хувьд ч яах вэ, байж болох л үзэгдэл. Гэвч тэр дундаас УИХ-ын гишүүн Я.Содбаатарын жиргээ илүү анхаарал татав. “АН будилаантуулах юмаа Н.Батбаяр, Д.Ганхуяг гэсэн гишүүдээр ахлуулаад юу ч биш болгодог. Асуудлаа ярих бус, зэвүүцэл бухимдал төрүүлдэг” гэсэн байна. Харин ч асуудлыг асуудал биш болгож байгаа нь Я.Содбаатар гишүүний дотор нь яваа МАН намаас эхтэй. Тиймдээ ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санааг ярихын оронд таван жил, 99 гишүүн гэдэг хоёр тоон дээр тоглолт хийж, “Энэ хүн ажлын хэсгийг ахалж байгаа цагт Үндсэн хуулийн өөрчлөлт урагшаа явахгүй дээ” гэсэн сөрөг пиарыг өөрсдийн сувгаар хийж эхэлсэн хэрэг.
Иргэдээсээ илүү эрх дархтай улс төрийн нам, УИХ-ын гишүүн байх уу?
Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр дэмжсэн байна. Харин МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй гэж шийджээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд даруй арав хонож байна. Энэ оны нэгдүгээр сард УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэгт 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцсан бүх гишүүд /Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан гээд МАН бүлгийн гишүүд ч багтсан/ орж, бүтэн 10 сар ажилласны эцэст төслөө өргөн барьсан нь энэ. Үүнээс бүр өмнө, 2013 онд Л.Цог гишүүнээр ахлуулсан УИХ-ын бас нэг ажлын хэсэг гарч “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх” талаар судлан жил тойрон ажилласны эцэст “Шаардлагатай” гэсэн дүгнэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн байдаг. Тэгэхээр “галт тэрэг” тэр үед хөдөлчихсөн гэсэн үг. Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй хамтад нь өргөн барьсан бөгөөд хоёр төслийг дэмжиж УИХ-ын 48 гишүүн гарын үсэг зурсан байна. Тэдний 30 нь АН, ес нь “Шударга ёс” эвсэл, ИЗН-ын хоёр, бие даагч нэг, МАН-ын зургаан гишүүн орсон байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг угаасаа аль нэг улс төрийн нам дангаараа шийддэг, эсвэл нэг улстөрчөөс шалтгаалдаг зүйл биш. Тэгээд ч энэ асуудлыг УИХ, эрх барьж байгаа нам дангаараа шийдчих нь учир дутагдалтай, шүүмжлэл дагуулах эрсдэлтэй гэдэг үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдээсээ саналыг нь авья гэж шийдсэн хэрэг. Эхнээсээ “Энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй” гэж зарим нэг нь шүүмжлээд эхэлчихсэн. Угаасаа аль ч парламентын үед ийм шүүмжлэл байнга байсан, байсаар ч байх болно. Бүр 2004, 2008 оны сонгуулийн дараа Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж байхад ч тухай бүрт нь улстөрчид өөрсдөө ийм шүүмжлэлээр няцааж байсан. Тиймээс л өөрчлөлт оруулах хэрэгтэй юу гэдгийг эхлээд ард иргэдээсээ асууя, ард иргэд хэрэгтэй гэж үзвэл УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хуулиа батлаад явья л гэж байгаа юм. /Үндсэн хуулийн 68 дугаар зүйл “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэдэг хэсэгт ”Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргана. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэсэн байна/
Өнгөрсөн хавар л гэхэд МАН дангаараа “Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахын тулд ард нийтийн санал асуулга явуулна” гээд орон нутгаар баахан дарцагласан. Тэдний хувьд хамгийн их айж болгоомжилдэг зүйл нь сонгуулийн “хар машин”. Хэрвээ санал хураалтыг автоматаар явуулах юм бол гараар заавал давхар тоолж, гараар тоолсон саналын дүнг эцсийнх гэж үзэх”-ээр хуульд өөрчлөлт оруулахыг тэд хүсч байгаа. Тэгэхээр нөгөө итгэж өгдөггүй “хар машин”-даа итгэлтэй болохын тулд энэ удаагийн санал асуулгыг хар машинаараа явуулаад, саналын хуудсаа гараар давхар тоолоод тулгачих боломж бас байна. Тэгвэл ирэх сонгуульдаа ч гэсэн санаа амар орж болно шүү дээ. Өнгөрсөн удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахад төсвөөс 18 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Харин энэ удаагийн санал асуулгад ердөө 5,5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах юм байна. Суурь хуулиа өөрчлөлт оруулж чадах нь Монгол Улсын хувьд нэг удаагийн сонгуулиас илүү утга утгатай биз дээ.
99 ба 5
Монгол Улс сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгтэй. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль гээд эхний жил хагасыг бүтэн сонгуульдаж өнгөрөөдөг. Дээр нь сонгуулийн өмнөх зургаан сард намууд зөвхөн сонгуулийн бэлтгэл ажил дээрээ төвлөрчихдөг. Ингээд бодвол УИХ, Засгийн газрын хувьд хуулиар оноогдсон ажлаа хийдэг хугацаа нь ердөө хоёр жил болж байгаа юм. Гэтэл зөвхөн 2012 оны сонгуулиас хойш тоолоход УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлаар долоон удаа /Х.Тэмүүжинг нэг, Н.Батбаярыг хоёр, Ч.Улааныг нэг, Н.Алтанхуягыг хоёр, С.Баярцогт нэг удаа/ нарыг огцруулахаар/ санал оруулсан байна. Өмнөх УИХ-уудын статистикийг нэмээд оруулбал бүр тоогоо алдана. Ингээд УИХ хэнд ч хэрэггүй баахан томилгоо, сайд огцруулах дээр хэрэлдсээр үлдсэн хоёр жилээ барж байгаа юм. Тэгэхээр нэг бол сонгуулийн мөчлөгийг уртасгах, үгүй бол УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг нэгэн зэрэг явуулдаг болох асуудал яригдаж таарна. Дээр нь УИХ-ыг томилгооны асуудлаас чөлөөлж, гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг хооронд нь салгаж өгөх шаардлага угаасаа байгаа. Тиймээс л Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яг эндээс эхэлсэн.
УИХ-ын ажлын хэсгээс боловсруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөл 7 зүйл, 24 заалттай. Харин 1992 онд баталсан Үндсэн хууль маань 70 зүйл 212 заалттай. Үндсэндээ одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиасаа төрийн байгуулал, орон нутгийн удирдлага, Цэцийн эрх мэдэлтэй гурван бүлгийн зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулсан байна. Гол үндсэн агуулга нь зөвхөн УИХ-ын сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлнэ, орон нутагт нийт иргэдийн оролцоотойгоор буюу шууд ардчиллын зарчмаар сонгуулиа явуулж, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгоно. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд бие даан шийдэж, УИХ-ын өмнө хариуцлагаа бүрэн хүлээнэ. Одоогийнх шиг дурын УИХ-ын гишүүн сайд огцруулах бичиг үйлдээд УИХ-ын дарга дээр ордог, үүнээс нь болоод УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа хэдэн сараар гацдаг байдал үгүй болно оо л гэсэн үг. Мөн УИХ 99 гишүүн, Засгийн газар есөн яамтай байж таван жилийн хугацаатай ажиллах, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил байхаар төсөлд тусгажээ. Засгийн газрын кабинетийн гишүүдийн гуравны нэгээс илүүгүйг УИХ-аас томилж болно, Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, чиглэлийн гурав хүртэл яамыг шинээр байгуулж болно гэсэн байна. Сүүлийн гурван жил байгуулж, бас татан буулгасан 15-16 яам, 18-19 сайдтай харьцуулахад хамаагүй төсөр бүтэц л дээ. Ядаж л намууд эвсэж Засгийн газраа байгуулах нэрээр өөрсөддөө зориулж яам бий болгоод, сайд, дэд сайд томилоод байх боломж хумигдаж, “давхар дээлний” асуудалд цэг тавина гэсэн үг.
Гэвч сүүлийн хэд хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс “99”, “5” гэдэг тоон дээр ач холбогдолл өгч, шүүмж тавьж байх шиг. Нэгэнт сонгуулийнхаа хугацааг хумьж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээ бүрэн салгаад, өөр өөрийн өмнөх ажлаа хийдэг болчихвол УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жилээрээ үлдэх үү, эсвэл тав биш бүр зургаан жил болгох уу гэдэг хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн шийдэх асуудал. Таван жил гэдэг бол зүгээр л санал шүү дээ. “99” гэдэг тооны хувьд ч ялгаагүй. Н.Батбаяр гишүүн ганцаараа бөө мөө болоод гаргаад ирсэн ч юм биш. Ганц танхимтай парламентын хувьд 76 гишүүн хэтэрхий цөөн байна, асуудал шийдэхэд хувь хүний нөлөө хэтэрхий их жин дараад байна гэдэг шүүмжлэл бүр 2004 оноос л Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт яригдаж эхэлсэн. Тэгж ярьвал 1990 онд парламентыг АИХ-ын 430 депутат, УБХ-ын 51 гишүүнтэй байгуулж байсан шүү дээ. Гэтэл одоо 76 гишүүнийг долоон Байнгын хороонд хуваахаар нэг байнгын хороонд дунджаар 10 хүн л оногддог. Нэг гишүүн дор хаяж хоёр Байнгын хороонд харьяалагдаж байж 20 гишүүнтэй Байнгын хороо бүрддэг. Байнгын хороо хуралдаж, хүчин төгөлдөр шийдвэр гарах босго нь гишүүдийн 50 хувийн ирц. Арван гишүүн суугаад хуралдлаа гэхэд зургаан хүний саналаар ямар ч чухал асуудлыг шийдэж болдог гэсэн үг. Угаасаа олонхийн зарчим гэдэг “50+1”-ээр асуудлаа шийддэг, ирцийг байнга 100 хувь байлгахыг шаардах хууль зүйн боломжгүй учраас яаж ч чардайгаад үүнээс илүү байх боломжгүй юм.
Тиймээс УИХ-ын бүрэлдэхүүн буюу гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал үеийн үед л яригдаж ирсэн. Өчигдөр Төрийн ордны Их танхимд Д.Лүндээжанцан гишүүний Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар тавьсан лекц дээр ч бас л хөндөгдөж байна лээ. Английн парламент Лордын танхимтайгаа нийлээд 2000 гаруй гишүүнтэй, Германы Бундестаг 600 гаруй гишүүнтэй. Гэтэл манайх шиг ганц танхимтай парламентын хувьд 76 гишүүн дэндүү цөөн байна. Асуудал шийдэхэд нэг хүний нөлөө хэтэрхий их байгаад байна гэж. Ер нь хүн амтай нь харьцуулаад тооцоход ч манай парламент дор хаяж 120-130 гишүүнтэй байх ёстой гэсэн тооцоо, судалгаа ч байдаг л юм билээ. Тэгэхээр “99” гэдэг бол Н.Батбаяр гишүүний хэлсэнчлэн “билэгдлийн”, үнэн хэрэгтээ бол нэлээд дарж тавьсан тоо шүү. Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ дээр хэлэлцүүлэг яваад эхэлбэл энэ тоо харин ч өсөх магадлалтай.
Өнөөдөр эсвэл хэзээ ч үгүй
Одоогийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний чадамжтай эсэх тухайд дээр өгүүлсэн. Харин яагаад заавал энэ УИХ вэ? гэдэг тухай товч өгүүлье.
Нэгдүгээрт, өнөөдөр парламентад гурван нам, эвслийн бүлэг, таван намын төлөөлөл ажиллаж байна. Түүхэндээ хамгийн олон намын төлөөлөл орсон УИХ ч байж магадгүй. Тиймээс үүн дээр АН дангаараа хүч түрээд байна гэдэг маргаан байх боломжгүй юм. Авсан суудлынх нь тоог Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах гишүүдийн босготой харьцуулаад бодсон ч тийм боломж байхгүй. Зөвхөн ард нийтийн санал асуулгыг нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар явуулж, харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг гишүүдийн дөрөвний гурвын саналаар батална гээд Үндсэн хуульд өөрт нь тов тодорхой заагаад өгчихсөн байна. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хүрвэл нам тус бүрийн хүчин чармайлт орно гэсэн үг.
Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт орвол УИХ, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх учраас сонгуулийн жилийн эхэнд хийж болдоггүй. 1990 онд АИХ, УБХ-ыг таван жилийн хугацаатай байгуулсан ч 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталсны дараа шууд УИХ-ын сонгууль явуулсан шүү дээ. Тиймээс УИХ энэ ондоо багтаад /сонгууль явуулахаас зургаан сарын өмнө батлах хуулийн заалттай. Дахиад л Үндсэн хууль/ Үндсэн хуулийн өөрчлөлтөө баталчихвал ирэх сонгуулийг шинэ Үндсэн хуулийнхаа хүрээнд явуулах боломжтой.
Гуравдугаарт, Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хумьж байгаа. Ийм зүйл дээр шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг авах бараг боломжгүй. Харин одоогийн Ерөнхийлөгчийн хувьд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байгаа учраас хувь хүний амбиц, нөлөөлөл бага тусна гэсэн үг. Тэгээд ч Монгол Улс өнөөдөр түүхэндээ байгаагүй хямрал, улс төрийн тогтворгүй байдалтай тулчихаад байна. Үүний гол үндэс, язгуур, өөрчлөх боломж нь ч бас дахиад л Үндсэн хууль дээрээ ирж буудаг. Тэгэхээр энэ чигээрээ унах уу, эргэж босох уу гэдэг нь одоогийн УИХ, шийдвэр гаргагчдаас хамаарна. Түүнээс биш ирэх сонгуулиар нэг их цэцэн мэргэн нөхдүүд гарч ирээд бидний асуудлыг өргөс авсан мэт шийдээд өгчихнө гэсэн ойлголт байхгүй. Тийм зүйл байдаггүй юм гэдгийг бид өнгөрсөн 25 жилийн түүх, зургаан удаагийн сонгуулиас бэлээхэн харлаа, сайн ч суралцлаа.
Тиймээс өнөөдрийн нөхцөлд “тав” уу, “99” үү гэдэг тоон дээр маргаад, эсвэл “Портуун” гэдэг хувь хүн дээр нь “фокус”-лачхаад үндсэн асуудлаасаа тойрч зугтаад байх биш, харин ч “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой” гэдэг үндсэн байр суурь дээрээ эргэж нийлээд хэлэлцүүлэгтээ яаралтай орох хэрэгтэй байна. Хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөж болох асуудал ч бий, өөрчилж болохгүй чиг шугам ч бас бий. Эцсийн эцэст УИХ л хууль тогтоодог шүү дээ. Тэр эрх мэдлээ л хэрэгжүүлцгээ. Хэрэвзээ АН оройлоод Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийчихвэл МАН оноо алдана гэж айж байгаа бол өөрсдөө ч гэсэн өмнө нь ороод явахад л болох шүү дээ...
ӨАХЫАӨАУАБӨАБӨАБӨАБӨА
Зочин
ydarsan irgen
Эрдэнэбат
Зочин
Өнөөдөр, эсвэл хэзээ ч үгүй
Bodol-d
Baagii
uurt
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Би
zochin
Бодол
Бодол
Sanaa
Bodoo
Зочин
сонгогч
Lobor
SANAL
undsen huulid buu gar hur
иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Уншигч
иргэн
иргэн
mn
olonbna
Zochin
Зочин
зочин
Зочин
ghghghg
А
Зочин
МАНАЙ ЯМААНУУД ЦӨӨДӨЖ БАЙНА УУ?