Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэг хамтран ХХ зууны “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал ном гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний ботиуд Батмөнх, Чойбалсан, Нацагдорж, Бодоо, Дамдинсүрэн, Намдаг нэрээр дахин хэвлэгдэн худалдаанд гарлаа.

Энэ удаад бид ЧИН ВАН ХАНДДОРЖ намтар номыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

 

Эрхэм уншигчид та бүхэнд Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Олноо өргөгдсөн Монгол улсын Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд, Эрдэнэ дайчин хошой чин ван Минжиддоржийн Ханддоржийн түүх намтрыг толилуулах болсондоо баяртай байна.

“Түүхэн эрхэмүүдийн цадиг” энэхүү цувралд 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг чин ван Ханддорж зүй ёсоор залрах ёстой эрхэм нэгэн мөн хэмээн цувралыг санаачлагчид үзэж, надад хандан энэхүү дэвтрийг туурвих санал тавьсанд туйлын талархалтай байна. Чин ван Ханддоржийн амьдрал, түүхэн замналын талаар өмнө нь хөндөн бичсэн бүтээлүүд чамгүй буй ч, тухайлсан бүтээл ховор, өмнөх нийгмийн үед ангич, намч үзлийн үүднээс энэ түүхт хүнийг феодал ангийн төлөөлөгчийн хувьд буруутгах өнгө аясаар ханддаг байснаас гадна тухайн цагийн зарим бүтээлд түүний амьдрал, намтрыг хальт, өнгөцхөн хөндөн өнгөрсөн байдлаар ирсэн юм. Ханддорж вангийн талаар эрдэм шинжилгээ, судалгааны баялаг материалтайгаар бичигдсэн нэгэн бүтээл бол 1911 оны үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан академич Ж.Болдбаатарын бичсэн “Эрдэнэ дайчин хошой чин ван Ханддорж” хэмээх бүтээл билээ. Энэ эрхэм хүний тухай 1920-30-аад оноос эхлэн Магсаржав хурцын “Монголын шинэ түүх”, Л.Дэндэвийн “Монголын товч түүх” зэрэг номоос эхлэн түүхийн олон бүтээлд ХХ зууны Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт Ханддорж вангийн гүйцэтгэсэн үүргийг дурдан өгүүлсэн байдаг билээ. 1990 оноос эхлэн Монголын түүхэнд ангич, намч байдлаар хандахаа больж, гадаад, дотоодын архивын олон хаалттай баримтууд түүхчдийн хүртээл болсон цагаас эхлэн чин ван Ханддоржийн тухай судалгаа, бүтээлийн ажлууд идэвхтэй гарах болж, Монголын түүхнээ домог болон үлдсэн энэхүү нэрт хүний тухай бүрэн бүтэн ойлголтыг өгөх бололцоо бүрдсэн гэж хэлж болох юм.

Миний бие “Чин ван Ханддорж” хэмээх энэхүү намтар номыг бичихдээ академич Ж.Болдбаатар, профессор Л.Жамсран нарын өмнөх бүтээлүүдийг иш суурь болгон авч, эзэмшсэн мэргэжлийн дагуу төрийн нэрт зүтгэлтэн энэ хүнд холбогдох түүхэн баримт, үйл явдлуудыг тухайн үеийн Монгол орныг тойрсон олон улсын нөхцөл байдалтай холбон уялдуулахыг чармайж, Уншигч танд амар хялбарыг бодож, өгүүлэл, нийтлэлийн хэлбэрийг ашиглан бичив. Хэдий нийтлэлийн хэлбэрээр туурвиж, зарим нэгэн үйл явдлыг харилцан яриа маягаар найруулсан боловч энэ номд гарч буй бүх үйл явдал, түүхэн хүмүүсийн нэрс зэрэг нь бүгд түүхэн бодит баримтад түшиглэсэн болохыг мэргэн Уншигч Та болгооно биз ээ.

Өнөөгийн бид улс орон маань эрх чөлөөтэй, тусгаар тогтносон үед өсч өндийсөн тул түүхийг өөрийн өндөрлөгөөс шүүх гэж хэтийдэх, улс орон маань дандаа ийм байсан юм шиг, эсвэл дандаа ийм байх юм шиг хандах нь цөөнгүй харагдаж болжээ. Учир иймээс энэхүү номтой танилцахад тухайн үеийн түүхэн нөхцөл байдал, тэр цагийн хүмүүсийн мэдлэг, чадвар, хүсэл, тэмүүллийг Уншигч Танд мэдрүүлэхийг чармайж, өнөөгийн энэ өндөрлөг хүртэл өвөг дээдэс минь ямар их цус, хөлс, нулимсаа асгаруулан байж ирснийг ойлгуулахыг чармайсан болно.

Олон жилийн турш түүхийн энэ цаг үеийг монголчууд зэрлэг бүдүүлэг, харанхуй мунхаг байсан мэтээр бидэнд ойлгуулж ирсэн билээ. Гэтэл хоцрогдсон гэгдэх тэрхүү нийгмийн дотор эрдэм мэдлэг, ухаан чадал, төрөлх нарийн мэдрэмжээрээ олон түмнээ оройлон манлайлж, улс орноо тусгаар тогтнуулж, улс шиг улс болгохын төлөө зүтгэж ирсэн төр, нийгмийн гайхамшигт зүтгэлтнүүд байсан гэдгийг энэ номыг уншаад Та ойлгоно хэмээн найдаж байна.

Мөн энэхүү намтар-номыг бичихдээ олон улсын нөхцөл байдал болон тухайн нийгмийн байдлыг өгүүлсний учир нь Монголын түүхэн дэх аливаа үйл явдал яагаад ингэж өрнөсөн бэ гэдгийг гарган тайлбарлахыг оролдсонд оршино. Заримдаа Монголын тусгаар тогтнолын асуудлыг зөвхөн хөрш орнуудад өрнөсөн үйл явдлын тусгал мэтээр тайлбарлах нь буй. Гэвч нийт монголчуудын хувь заяаг эргүүлсэн энэ үйл явцад тухайн үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хичээл, оролцоо хэрхэн нөлөөлж, хамгийн хүнд нөхцөл байдалд ч тэдний мятаршгүй зүтгэл, цуцашгүй оролдлого ямар өөрчлөлт авчирч байсныг энэ номоос ойлгож авна буй заа.

Өнөөгийн бидний жаргалант амьдрал бүтэн зууны туршид амаргүй олон хүнд сорилтуудыг даван туулж, эх оронч эцэг, дээдсийн урсах цус, дуслах хөлсөөр золио хийж, бидний итгэл үнэмшил, нутаг дэвсгэр, үнэт баялгаар төлөөс гарган байж, унах босох, алдах онохын зааг дээр Та бидний гар дээр ирсэн тусгаар тогтнолын гашуун боловч үнэн түүх, энэ эрхэм үйлсэд алтан амиа зольсон нэгэн эх оронч эрхэмийн намтрыг бодитоор өгүүлэхийг чармайснаа толилуулж байна. Бидний өвөг, дээдсийн гаргасан цуцалтгүй хүчин чармайлт, амь дүйсэн зоригт алхмуудын хажууд Та бидний ажил үйлс өчүүхэн гэдгийг мэдрэн ойлгож, улс эх орныхоо төлөө улам ихийг бүтээх эрмэлзэл төрөх болтугай хэмээн үзгээ чилээв...

Уншигч Таны мэргэн оюун мэдтүгэй...

 Доктор, Боржигон овогт Ёндонгийн Отгонбаяр

  

    АЛТАН УРГИЙН ЗАЛУУ ЗАЛГАМЖИР

Бадаргуулт төрийн 26 дугаар он буюу 1900 оны хаврын ёлтгор шар наран ээсэн нэгэн өдөр Бээжин хотын гудамжнаа Монголоос Манжийн хааны ордонд бараалхахаар яваа залуу чин вангийн хөлөглөсөн жууз тэрэг давхих нь тодоос тод харагдана.

Бээжин хотноо Манжийн их эзэн хааны Түмэн Амгалант ордонд Халх Монголын Түшээт Хан аймгийн туслагч жанжин, Эрдэнэ дайчин хошой чин ван Ханддорж  Бадаргуулт төрийн Их Хаан Гуайнсюйд бараалхахаар ирсэн нь энэ ажээ. Залуу чин ван Ханддорж даруй 8 жилийн өмнө өвөг эцэг Цэрэндоржийн гэрээсэлсний дагуу Манжийн их хаан Гуансюйгийн зарлигаар Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны ноёноор залгаж, хошой чин вангийн хэргэмийг уламжилсан нэгэн билээ. Хэдийгээр Манж Дайчин гүрний тогтсон ёсоор хошуу залгамжилсан ноён Манжийн Их Хаанд нэн даруй биеэр бараалхан, цол хэргэмээ хүлээн авах ёстой байсан авч багаас улаан, цагаан бурхан өвчнөөр өвдөөгүй тул Ханддоржийг Манжийн эзэн хаанд бараалхуулаагүй билээ. Тэр цагт Манжийн хаанд элдэв өвчин халдаах вий хэмээн болгоомжилдог байсан тул энэ өвчнөөр өвдөж, дархлаа суугаагүй хүнийг эзэн хаанд бараалхуулдаггүй байжээ. Бадаргуулт төрийн 23 дугаар онд өсөн дэвжиж буй Дайчин ванг Түшээт хан аймгийн туслагч жанжин хэбэйгийн албан тушаалд тохоон томилсон ба 26 дугаар онд жинхэнэ туслагч жанжнаар томилох болсон тул арга буюу Манжийн их хаан хүлээн авч буй нь энэ юм.

Залуу чин ван Ханддорж Манжийн эзэн хааны Түмэн Амгалант их ордны гол хаалгаар ёслолын түшмэлээр газарчлуулан, Эзэн хааны өргөөнд морилон орж ирж, сөгдөн ёслов. Өргөөний хойморт Эзэн хааны ширээнд Бадаргуулт төрийн их хаан Гуансюй ихэмсгээр заларч, орж ирсэн насан залуу ванг сонирхон сонжин харж суувай. Түүний зүүн талд арай багахан ширээн дээр бэлэвсэн хатан Цыси залран, дэвүүрээр дэвж, Чин ванг чамлангуй харцаар ажин харах ажгуу. Залуу Чин ван мэндлэн ерөөл дэвшүүлсний дараа Цыси хатан эхлэн ам нээж:

- Вантан та хэдэн настай билээ? гэж сонирхон асуулаа. Чин ван хүндэтгэн бөхийж:

- Их хатантаан, энэ жил 31 нас тохиосон билээ гэж хариулав. Залуу Чин Ван зохих хүндэтгэлтэй авч, чамгүй эрхэмсгээр биеэ авч байгаа нь төдийлөн хүндэтгэлгүй санагдсанд бага зэрэг дургүйцсэн Бадаргуулт хаан залуу Ванг сандруулан мэгдүүлэхээр шийдэж:

- Танай хошуу Халхын хамгийн томоохон хошууны нэгэн хэмээн дуулсан. Уртааш, өргөөшөө хэдэн ли газар[1] байдгийг Вантан та мэдэх үү? хэмээн асуужээ. Залуу ван мэгдсэн шинжгүйгээр хүндэтгэн бөхийж:

- Эзэн хаантаан, манай Монгол нутаг өргөн уудам тул газрыг ли-гээр хэмждэггүй, өртөөгөөр[2] хэмждэг билээ. Манай хошуу умраас өмнө хүртэл 8 өртөө, өрнөөс дорно хүртэл 12 өртөө байдаг хэмээн төв байдалтай хариуллаа.

Дэмий хуумгай асуулт асууж, хариултыг нь ч ойлгож чадаагүй Бадаргуулт хаан бантаж, суудалдаа займчин тавгүйтсэнээ “Өртөө гэдэг чинь хэдэн ли газар билээ?” гэж асуухыг завдав. Байдлыг гярхайгаар ажсан Цыси хатан залуу Хааныг хөнгөн үг дуугарахаас өмнө амжин тасалж:

- Хятад хэлээр сайн ярьдаг, үнэхээр сэргэлэн сайн залуу байна. Залгамжилсан хошууныхаа хэргийг сайтар мэдэж, сайн захирч яваарай гэж айлдав. Хаан ч дуугүй боллоо. Залуу Чин Ван хүндэтгэн бөхийгөөд ухран гарч одлоо. Цыси хатан:

- Хаантан минь, манай нутагт газрыг ли-гээр хэмждэггүй, өртөөгөөр хэмждэг гэдэг чинь энэ залуу ван Монголоо их томд боддог, хэрсүү ноён бололтой юм. Нөгөөтэйгүүр Хятадад газрыг ли-гээр хэмждэг юм биз дээ хэмээн битүүхэн ёгтолж байна. Цаашдаа их нэр нөлөөтэй ноён болох төлөвтэй айхавтар залуу байна даа. Эзэн хааны төрд хир үнэнч байх вэ гэдгийг нухацтай сонжин ажиглаж байх хэрэгтэй хүн санагдлаа. Нэгэнт Таны зарлигаар олон жилийн өмнө угсаа залгамжилсан тул одоо юу ярих вэ. Талдаа татаж, Манжийн төрд үнэнч байлгахыг хичээх хэрэгтэй ноён байна гэж өгүүлэхэд Бадаргуулт хаан зөвшөөрөн толгой дохижээ.

Их эзэн Чингис хааны удам, Батмөнх Даян хааны отгон хөвүүн Гэрсэнз Жалайр хунтайжийн залгамжир, Дайчин вангийн хошууг найм дахь үедээ залгамжлан авсан залуу Чин Ван Минжиндоржийн Ханддоржийг Манжийн Бадаргуулт их хаан соёрхсон түүх ийм билээ. 25-хан настай залуу Манжийн Бадаргуулт хаан Гуансюй Халхын залуу ноёныг мэгдүүлэн сандаргах гэж түншсэн асуулт асууж байж, өөрөө эвгүй байдалд орсныгоо мартаагүй үлдсэнийг хожмын хэрэг явдал харуулдаг билээ. Монгол эх орноо гэсэн чин сэтгэлтэй залуухан Чин Ван энэ үеэс л Манжийн захиргааны харгис мөн чанар, Монголчуудын талаар сөрөг бодлого явуулах болсныг анзаарч, харийн дарангуйллын эсрэг тэмцэх эрмэлзлэлтэй болсон аж. Түүний өвөг эцэг Цэрэндорж вангийн суулгасан суурь хүмүүжил, эх оронч үзэл яваандаа Ханддоржийг үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч болоход хүргэсэн нь дамжиггүй.
 


[1]       Нэг ли газар гэдэг нь 536 метр газрыг хэлдэг байжээ.
[2]       Нэг өртөө нь 30 орчим км газрыг хэлдэг байжээ.

НЭПКО хэвлэлийн газар