Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ!
Уг нь би энд агсам тавих биш нийтлэл бичье гэж бодсон юм. Ухаант ардынхаа амьдралыг үзээд утга уянга ундруулж чадсангүй.
Монголчуудыг амрах эрхгүй гэж хэнхэглэх улс олон болжээ. Монголчууд дэлхий дээр хамгийн олон хоног зүгээр хэвтдэг улс гэж монголчууд л их ярих юм. Монголчууд л болсон хойно андуурахгүй хаачихав.
Манжийн талхи, оросын гохон дор явсны харгайгаар Монголоо гэсэн бүхнээ мохоож, муулж л байвал өөдтэй соёлтой харагддаг өчүүхний синдром цусанд нь шингэчихсэн улс манай сэхээтнүүд дунд олон бий. Тэдэнд хандаж, тэднийг мунхгийн харанхуйгаар нь тэжээж тэтгэдэг хар хүчинд хандаж ганц сайхан агсам тавьмаар байна. Уг нь би энд агсам тавих биш нийтлэл бичье гэж бодсон юм. Ухаант ардынхаа амьдралыг үзээд утга уянга ундруулж чадсангүй.
Андуураад байна аа, монголчууд аа!
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бид жилдээ есөн удаа баярлаж, 16 өдөр амардаг улс л даа. Жилдээ ер нь хагас сар буюу 15 өдөр баярын амралт эдэлдэг нь дэлхийн улсуудын дундаж. Бид тоосон дундаа л яваа. Гэхдээ жилдээ найман өдөр л баярын амралт эдэлдэг англичуудтай харьцуулахад ч бид амарчихдаг л улс л даа.
Хагас, бүтэн сайнаа нийлүүлээд харахад ч бид дэлхийн дундажтай л шүргэж амардаг. Жилийн 52 долоо хоногийн хагас бүтнээ нийлүүлээд, тэр нь баярын амралттай яг энэ жилийн цагаан сар шиг давхцаж магадгүй гээд муу санаалдаг юм гэхэд жилдээ 115-120 өдөр амарна. Үлдсэн 250 өдөрт нь бид шударгаар хөдөлмөрлөнө. Иран, Камбож, Мьянмарчууд бараг нэг сар баярладагтай харьцуулахад бид зүгээр хэвтдэг улс биш ээ.
Юу хийсэндээ амардаг юм гэж юугаа яриад байгаа юм?
Монголчууд дэлхийн бусад улс орны иргэдээс дутуу хөдөлмөрлөөд байна уу? Монголчуудыг залхуу үндэстэн гэж хэн хэлээд байгаа юм? Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвар Улсын нийт төсвийнхөө 70 орчим хувийг бүрдүүлдэг юм шүү. Мэдээд авчих. Тэр дундаа шууд иргэдийн халааснаас авдаг татвар нийт татварын орлогын 35-40 хувийг бүрдүүлдэг. Сангийн сайдаасаа асуугаарай. Мэдээж хэрэг энд компани, аж ахуйн нэгжүүд гол ачааллыг үүрнэ ээ хөөрхий. Ямартай ч монгол хүн, монголчууд л өөрсдийн хөдөлмөрийн үр өгөөжөөр төрийн машинаа саадгүй хөдөлгөж, хүний хүний нүдээр харахад улсаа улс шиг авч яваа.
2025 оны төсвийг ер нь эргүүлж харсан уу? СӨХ-ийн хуралдаа ч суудаггүй монголчууд төсвөө сөхнө гэдэг ч гонжийнжоо л доо. Төсвөө хараад, төр маань ард иргэд бидэндээ хэчнээн их итгэж найддагийг хараад өөрийн эрхгүй самсаа шархирна гэж мэд. 2025 онд манай улс 31.9 их наяд төгрөгийн татвар татна. Хэнээс гэж үү? Чамаас, надаас. Үүний 13 орчим их наяд нь иргэдийн халааснаас шууд гарах болно. Үүнийгээ хөдөлмөр идэвхтэй эрхэлдэг 1.2 сая иргэндээ хуваавал над мэтийн өчүүхэн хөдөлмөрчин жилдээ 11 сая орчим төгрөгийг улсдаа төлөх ёстой. Авдаг цалингийн их бага, хийдэг хөдөлмөрийн хүнд хөнгөнөөс болоод энэ тоо их бага л тусна. Гэхдээ л чи төлнө.
Монгол хүн Монголдоо сайн ажиллах тусам сарвайх татварынх нь хэмжээ өсдөг чөтгөрийн тойргийг манай төр гарамгай угсарсан. Ийм байтлаа монголчууд амрах эрхгүй юу?
Татвар төлсөн гээд төр биднийг яаж жаргаасан юм?
Манай төрийн манийхаа татварыг нааш цааш болгодог теорем их энгийн. Төр маань үнэндээ ажилч, хөдөлмөрчийнх нь төлсөн татвараар алхайрч залхуурч суугааг нь тэжээх бодлоготой. Сонгууль болоход хөдөлмөрчин иргэдээсээ бус татвар төлдөггүй залхуу иргэдийнхээ саналыг худалдаад авчихаа мэдэхгүй хаачихав. Тэр нь ч яаж ч бодсон амар. Азаар Монголд ажилтай нь залхуугаасаа олон болохоор бид улсаараа сүйрчихээгүй байгаа юм.
Монгол Улсын хөдөлмөр эрхлэх насны хүн амын 58.6 хувь нь ажил хийж байгааг өнгөрсөн онд зарласан. Ажилгүй 40-60 мянган хүнтэй атлаа ажилчин хүлээж байгаа 30-40 мянган орон тоо бий гэнэ лээ. Тэр Солонгост Монголын ажилгүйчүүдээс ч олон буюу 54 мянган монгол хүн ажилладаг юм шүү дээ. Яагаад ийм болчихов?
Монголын төр монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөхөд биш монгол хүний залхуурлын үнэлэмжийг өсгөхөд анхаарсны балаг. Ийм улсад хөдөлмөр эрхэлж, айл гэрээ авч яваа, залхуучуудыг татвараараа угжиж байгаа хүмүүс амрах эрхгүй юу?
Монголчууд дуртайдаа эх орноосоо яваа юу?
Монгол Улс 2021 онд тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамждаа 2.5 орчим их наядыг зарцуулдаг байсан юм. Дөрөвхөн жилийн дараа энэ тоо 5.9 их наяд хүрчихээд байна. Бараг 3 дахин өссөнийг долоон буудлын Должин чавганц ч хэлээд өгнө. Энэ их халамжийн мөнгө тэгээд хэний халааснаас гардаг гээч? Надаас, чамаас. Бид дөрвөн жилийн өмнө 11.2 их наяд төгрөг татварт хураалгадаг байсан бол энэ жил 31.9 их наяд төгрөгийг хураалгах ёстой. Бараг гурав дахин өссөн татвар, бараг гурав дахин өссөн халамж. Яг л торгоны хээ тааруулдаг шиг сайхан тааруулсан байгаа биз? Ингэж томоотой сууж байгаад мөлжүүлдэг ард түмэн ядаж амрах эрхгүй юу?
Энэ татвараа төр халамжинд биш хөдөлмөрийн үнэлэмжийг зарцуулсан бол өсгөхөд хөдөлмөрийн насны иргэдийн 67 хувь нь гадаадад гарах тухай сав л хийвэл бодоод суухгүй нь мэдээж. Байлдаж, хэлмэгдэж, цус нулимсаа урсгаж байж энэ тусгаар улсыг босгож ирсэн монголчууд эх орноосоо зугатах дурандаа биш хөдөлмөрийг нь хүн шиг үнэлдэг орон руу дайжихад бэлэн болчихоод байна. Дайжиж ч байгаа.
Монгол хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ онд 792 мянган төгрөг болгож гийгүүлнэ гэнэ. Хар захын ханшаар бол 220 орчим ам.доллар. Энэ хавтгай дэлхий дээр 200 доллараар нэг сар амьдрах боломжтой юу?
Захын онлайн худалдааны сайт ороод 200 доллараар олигтойхон нэг ээлжийн хувцас авах гээд үз дээ? Мөн олдох байх даа. Ийм цалингаар болгоод, ажиллаад, амьдраад байдаг ард түмэн амрах эрхгүй юу?
Ажиллаад байхад уруудаад байдаг нь аль улсын ёсон бэ?
Монголын эдийн засаг уул уурхайн нуруун дээр байна гээд л ажил хийж, алгаа хорсгож яваа монголчуудаа доош нь хийцгээх юм. Алт зүгээр байхад ундарч, зэс зүгээр байхад ялгарч, нүүрс нүхнээсээ өөрөө олгойддог юм уу? Монголчууд олборлож, монголчууд тээвэрлэж, монголчууд хусмыг нь авч, төр засаг өрмийг нь хуу хамж байгаа. Тэглээ гээд манай улс хөгжсөн үү?
Баялгийн хараал гэж ирээд манай эдийн засагчид сүртэй сүртэй форум, дугуй, дөрвөлжин ширээний уулзалт их хийсээн базарваань. Тэр хараал чинь бидэнд тусдгаа тусчихсан. Авлигын төсөөллийн индекс гэж дэлхийн 180 орныг жагсаадаг үзүүлэлт байна. Манай улс уг нь 100 хавьцаа явдаг байснаа тогтмол ухарсаар уржнан бүр 121-т жагссан. Энэ жил 114-т орсноо мундаг амжилт гэж хөөрөөд байгаа ч өнгөрсөн жилтэй эгээ адил. 100 онооноос 33 авсан! Манай залуус очиж энхийг сахиулдаг иргэний дайнтай Өмнөд Судан улс л гэхэд хөөрхий 13 оноотой цохиж явна лээ. Хүүхэд чинь 33 оноо аваад ирвэл ямар ч монгол хүн мөчийг нь санжуулах биз. Гэтэл улс маань 33 оноотой байна. Хуулийн хэрэгжилт, төрийн байгууллагуудын ил тод байдал, төрийн албан тушаалтнуудын шударга байдал, шүүхийн хараат бус байдал гээд манайхны үргэлж яриад л, сайжруулна гэж бахираад байдаг үзүүлэлтүүд нийлээд 33 оноо авчээ. Алтан цагтай дарга нарынхаа ам болоод ажлын зөрүүнд бид дүн тавьж чаддаггүй юм гэхэд дэлхий тавьчихдаг юм байна.
“Аз жаргалын индеск” гэж чихэр шиг нэртэй бас нэг жагсаалт байна. Хэрэгт дурлаж эх орныхоо нэрийг харлаа. 143 улсаас 77-д цохиж явна. НҮБ-ээс гаргадаг жагсаалт гэнэ. Ард иргэд нь амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгаагаар тогтоодог юм байх. “Та өөрийгөө амьдралын чухал сонголт хийх эрх чөлөөтэй гэж бодож байна уу?” гэх мэтийн асуулт хүнээс асуудаг гэх. Шууд хариулчихмаар хэрнээ, яг хэлчих гэхээр бас болж өгдөггүй золиг юм. Монгол хүн амьдралдаа итгэлтэйгээр чухал шийдвэр гаргах боломжтой бил үү? Хүүхдээ сургах, орон сууцаа томруулах, хавдар тусвал толгой өвдөлгүй эмчлүүлэх боломж чамд, надад байгаа бил үү? “Тийм” гэж ам дүүрэн хэлчих хүн энэ 3 сая хүний дунд ер нь хэд байгаа бол? Яг үүн шиг нүүр улайж, гол зурмаар зургаан асуулт байна. Монгол Улс маань 10 онооноос талыг нь л авчээ. Тал аз жаргалтай явна хөөрхий. Залуусын аз жаргалын үзүүлэлтээр 86-д, дундаас доош насныхны үзүүлэлтээр 74-д, дундаас дээш насныхны үзүүлэлтээр 65-д, ахмад насныхны үзүүлэлтээр 53-д жагсаж.
Залуус маань аз жаргалгүй байна. Энэ гашуун үнэнийг бид хэчнээн харсан ч, хараагүй царайлсан ч дэлхий хэлээд өгчихлөө. Ийм улсад итгэл найдвар тээн амьдарсаар байгаа хүмүүс амрах эрхгүй юу?
Амрах эрхтэй, амрах амрахдаа амарсан шиг амрах хэрэгтэй!
Амралт гэдэг чинь бидний ясаа амраадаг хоёр өдөр биш. Амралт гэж амьдралдаа сэтгэл хангалуун өнгөрөөж байгаа хором мөчүүдийг хэлнэ ээ.
Саяхан тэр сахал шиг үстэй Трамп гуайн нутагт 200 мянга гаруй хүн оролцсон судалгаа явуулсан байна. Бүтээмжийн шинжилгээний ActivTrak гэдэг компани америкийн 777 компанийг судалгаанд хамруулж чаджээ. 2022 онд өглөөний 08 цаг орчимд ажилдаа ирээд 17:30-д тардаг байсан хүмүүс хоёр жилийн дараа 07:49 т ирээд 16:30 орчимд тардаг болжээ. Бараг нэг цагаар бага ажилладаг болсон ч бүтээмж нь өсөж эхэлсэн нь гайхалтай. Би хэлээгүй. Блүүмберг хэлсэн шүү. Энэ бол дэлхий даяар болж байгаа үзэгдэл. Технологи, амьдралын тав тух, хөдөлмөрийн хүний сэтгэл зүйг хамгаалах бодлоготой улс орнууд үр ашиггүй олон цагийн ажил биш, үр дүнтэй богино цагийн хөдөлмөрийг урамшуулж байна.
Уржнан Англид хэдэн хэнхэг нөхөр “7 хоногт дөрөв” гэж хөдөлгөөн байгуулж, сүйд хийх шахжээ. Долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болох нүсэр туршилт 61 компанийг хамруулан явуулахад 56 компани цааш үргэлжлүүлэхээр болсон гэлцэж байна. Би бүлтрээгүй, Гардиан мэдээлсэн байна. Ажлын дөрвөн өдрийн туршилт явуулсан улс Англи, Америкаар тогтохгүй болсон. Исланд улс бүр улсаараа үүнийг туршиж, хөдөлмөрийн насны иргэдийн талаас илүү хувь нь ажлын дөрвөн өдөртэй болохоор зөвшөөрчихөөд байна. Исландын хөдөлмөрчдийн 62 хувь нь ажлын цагтаа сэтгэл хангалуун, 97 хувь нь ажил амьдралын тэнцвэр нь сайжирсан гэж дүгнэцгээсэн юм байх.
Хүнээ боддог улсууд ийм л зүгт харж байна даа. Хүн биш мал сүрэг нь төрийн хамгаалалтанд байдаг, хүнээ 10 жилд, ямаагаа жил болгон тоолдог манай улсад энэ ажил нэвтэртлээ ч өдий биз дээ. Хөөрхий. Гэхдээ Монгол л гэхээр яагаад дэлхийд сүүл мушгиж, хоцорч, хоцрогдож явах ёстой юм? Баян Катараас дутахгүй байгалийн баялагтай, 3.5 саяхан хүн амтай Монгол Улс л ийм өөрчлөлтийг зориглож хийхэд чухам тохиромжтой улс биш гэж үү?
Дэлхийн улс орнууд ХХ зууны дунд үе гэхэд ажлын таван өдөр, 40 цагийн системд шилжсэн. Монгол Улс 1990 онд л 30 гаруй жилээр хоцорч ажлын таван өдөрт шилжсэн. Өнөөдөр дэлхийн улс орнуудын эдийн засгийн дундаж өсөлт 3.5 хувьтай байгаа. Би хэлээгүй Дэлхийн банк хэлсэн тоо. Харин Монгол Улсын эдийн засаг тогтмол таван хувиас дээш өссөөр байгаа. Гэхдээ өсөлт нь өргөн олны амьдрад өсөлт авчирсан уу гэвэл үгүй.
Авлига цэцэглэж, баялгийн хараал нүүрлэсэн улс орноо өдий дайтай авч яваа ард түмэн дөрвөн өдөр ажиллалаа гээд бүтээмж нь буурахгүй, харин ч өсөх нь ойлгомжтой. Үлдсэн гурван өдөрт нь эх орноороо аялаг, гэр бүлээрээ жижиг дунд бизнес эрхлэг л дээ яахав. Өвөг дээдэс маань улсаараа өрнө дорныг холбосон худалдаачид байсан юм. Өнөөдөр тэр уламжлалаа сэргээнэ л биз. Ажлын дөрвөн өдөртэй болвол уул уурхай, төрийн албанд хүндрэл гарна гэж ирээд л мушгина биз. Ээлжийг нь ухаалаг зохицуулчихад л шийдчих асуудал.
Өнөөдөр 2.5 сая төгрөгийн цалин аваад овоо өндөр цалинтай монгол хүнд өөрийгөө тооцон моодойж яваа дунд гарын хөдөлмөрчин нийгмийн даатгалын шимтгэлд 11.5 хувь буюу 287500, хүн амын орлогын албан татварт 209250-ийг нь цавчуулна. Нэмээд мань хөдөлмөрчинг ажиллуулсны төлөө компани нь 312000 ийг бас өгөх хэрэгтэй болно. Ингэж улсдаа хуу хураалгах атлаа үр хүүхэд нь өвдвөл эмнэлгийн коридорт, сургах гэхээр улсын сургуулиуд нь хүртээмж, чанар муутай, цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж сугалаа татна.
Ажилдаа очих гэж хоёр талдаа гурван цаг түгжирнэ. Хөшиглөсөн хорт утаан дунд 10 хувийн татвартай дэлгүүрээс хүнсээ авч, мөнгө нь цаас болсон улсад амьдарч байгаа мөртлөө эдийн засгаа өдий дайтай өсгөсөөр байгаа ард түмэн амрах эрхтэй. Бүр ёстой амраасан шиг амраах хэрэгтэй!
Эрт босоод, энэ монголчуудыг нэг хар!
Өглөө эрт босоод Төв шуудангийн уулзвар ороорой. Ажилдаа яарсан ажил хэрэгч залуусын урсгал чамайг тосно. Талбайн буудлаас автобусанд суугаад “Нарантуул” ороод үз. Хөхөө өвлийн хүйтэнд тэнд хүний амьдрал буцалж байгаа. Олон улсын суудлаар гахай чирч яваа монгол хүүхнүүдтэй нэг тамхилаад үз. “Хүчит шонхор” дээр үүр цүүрээр хонины гулууз үүрээд гүйж яваа хүүгийн нүдийг нэг тогтоод хар. Дөрвөн ээлжтэй сургуулийн дөчин хүүхэдтэй ангийн багшаас Монголын ирээдүйн тухай асуу. Тэд хариулах болно. Тэд маргаашийнхаа төлөө ажиллаж байна гэж итгэлтэй хариулах болно. Тэд маргаашдаа итгэж байгаа болохоор, тэд ирээдүйгээ сайхан болно, сайхан болгоно гэж итгэдэг болхоор зүтгэж байгаа юм. Зүдэрсэн ч, бүдэрсэн ч хөл дээрээ эргээд босдог юм. Тэд бол монголчууд. Монголчууд амрах эрхтэй. Гүйцээ.
Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл
Эрдэнэ
....