Сая ам.доллар төлөөд “УБТЗ” ХНН-ийн дарга болж байна гэсэн гүжрийн үг дуулдав. Нүдээр үзээгүй болохоор гүжирдлэг гэхээс яалтайв. Гэтэл үүнд хардагдсан гурван объект нь нийлээд нэг сая ам.доллар олж чадах эсэх нь эргэлзээтэй юмсанж. Уг нь сая ам.доллар ширээн дээр шидчих чадалтай улстөрчийг энэ байгууллагын менежерээр томилж гэмээнэ юу идчив уучив гэж хардахгүй амар ч юм шиг.
 
Насаараа шахам УБТЗ-д ажилласан Д.Жигжиднямааг хэчнээн цаг наргүй ажиллаж, хэрэглээгээ хэмнэж, хариг харамч аж төрсөн ч ийм хэмжээний хөрөнгө хураасан гэж бодохгүй байна. Үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, дараа нь нэг сараар сунгагдан ажиллаж байсан түүний хувьд ийм хэмжээний хөрөнгө хурааж хуримтлуулах боломж гарсан гэж үү. Гэтэл түүний ард УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байдаг гэцгээж байна. “Дорнын говь”-ийн ч гэгддэг энэ эрхмийг  “Болд төмөр Ерөө гол”-оос холгүй ашиг сонирхолтой, тиймээс “Болд төмөр Ерөө” гол компанийнхаа төмөр зам хариуцсан захирал Н.Сүхээг биш баттай томилуулах гэсэндээ Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн талаараа садан төрлийн холбоотой Д.Жигжиднямааг ашиглаж “төлбөрийн даалгаврыг гүйцэтгэсэн” байх гэж тааж байгаа юмсанж. Одоо цагт хэчнээн үлгэр зохиогоод ч сая ам.доллараар дарга болох, өөрөө ч биш бусдыг болгох гэдэгт хэдэн хүн итгэнэ гэж төсөөлөх нь энэ вэ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Дорнын говь” ХХК, “Болд төмөр Ерөө гол” компанийн хамтран байгуулсан  “Дорнын төмөр зам”  компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар БНХАУ руу тээвэрлэлт хийхдээ вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр хууль хяналтынхан Б.Дэлгэрсайханыг барьж, цагдан хорих 461 дүгээр ангид 72 цаг саатуулаад, прокурорын байгууллагаас батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан. Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн ч тэгсгээд таг чиг болсон юм даг. УБТЗ-ын Зүүнхараагийн ачааны вагоны засврын депогийн хүчин чадал, техник тоноглол өнөөгийн байдлаар эдгээр вагонуудад депо засвар хийх боломжгүй бөгөөд БТЕГ компанийн тээвэрлэлт явуулах хүсэлт, УБТЗ-ын тээврийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс тус депо дээр шөнийн ээлж зохион байгуулан техникийн байцаалт хийдэг гэхчлэн хөөгөөд үзэхэд түүнд төмөр замын салбарт огт сонирхол үгүй гэж итгэхэд бэрх. Тиймээс дээрх хардлагыг олон хүн чимээгүйхэн хүлээн зөвшөөрөөд байгаа бололтой юм. Түүнээс биш Д.Жигжиднямаагаа адлаад байгаа юм огт биш. Төмөр замын дэр мод нийлүүлдэг гэх дүүгээс нь ч цэрвээд байгаа юм алга. Гагцхүү төмөр замчин “УБТЗ”-ыг, нисэгч “МИАТ”-ыг ашигтай ажиллуулдаг хэрэг биш, менежер хүн, мэргэжлийн хүний хооронд алд дэлэм зайтайг өнгөрсөн дөрвөн жил хангалттай харууллаа шүү дээ. Тиймээс том эрх ашгаа бодох цаг болжээ.

Дараагийн “саятан” нь Л.Халтар. Одоогоос арваад жилийн өмнө тухайн үеийн “Эрс шинэчлэл” гэгч бараг үр дүнд хүрдэггүй ч баахан сүрийг үзүүлдэг хөдөлгөөн байв. Тэдний тавьсан шаардлага  иргэдийн хүсэл зорилгод ихээхэн нийцдэг ч бага ангийн сурагч мөрөөдлөө бичиж байгаа мэт үл гүйцэлдэх агуулгатай байдагсан. Тухайлбал буюу 2007 оны дөрөвдүгээр сард тэд УБТЗ-ын Ерөнхий хороонд дөрвөн зүйлт шаардлага хүргүүлэхдээ 1949 оны гэрээг хүчингүй болго гэхээс эхлээд бүр В.Отгондэмбэрэл, Л.Халтар нарыг УБТЗ-ын удирдлагад томилохгүй байх гэхчлэн шаардаж байсныг сонины шаргал хуудаснаас харж болно. Л.Халтарыг хэн ч “төмөр замын хүн биш” гэхгүй. УБТЗ-д 1983 онд цэвэрлэгчээр ажиллаж байсан түүнийг Орлогч дарга нь болтлоо дэвшсэн гээд намтрыг нь харахад жигтэйхэн мэрийлттэй, эрдэм ном, спорт гээд юм юмны захтай элдэвтэй эр юмсанж. Хожим дуулдахнээ улс төрийн хүрээнд нэлээд бөх “бамбай”-тай болоод авсан, түүнийхээ хүчээр УБТЗ-ын удирдлага руу дөхсөөр байгаа гэлцэж байсан. Эдүгээ хаяанд нь ирсэн бололтой.

Харин гурав дахь “саятан” нь Д.Загджав. Сануулахад саятан гээд шоглоод байгаа нь сая ам.доллараар энэ сэнтийд залрах нь гэсэн өнөөх гүжирдлэгтэй л холбоотой юм шүү дээ. Тэгэхээр дүүргийн дарга, Их хурлын гишүүн асан энэ “этгээдэд” сая ам.доллар байж яагаад болохгүй гэж. Мэдээж энэ цаг үед хэн ч “Тийм ээ, би нэг сая ам.доллар төлсөн, одоо УБТЗ-ын дарга болно” гээд ярьж суухгүй нь ойлгомжтой. Хэрэв тийм тэнэг этгээд байх аваас юун даргад томилох. Нөгөө талаар хоосон хэтэвчтэй хүнийг энэ суудалд аваачвал яадгийг олон жил харсан биз. Ингээд бодохоор “Би мөнгөтэй шүү, хамтарсан байгууллагын данс руу өнгийхгүй” гэх нь хөөрхөн ч юм шиг. Энэ жижиг хошигнолын цаана их том эрх ашиг байна аа, манайхаан!

Эдүгээ Монголын энхтайван найрамдлын байгууллагын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа түүнийг 2012 оны сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад нь УБТЗ-ын даргаар томилохоор Монголын тал асуудал тавьсан байдаг юм. Тэр үеэс Д.Загджавыг УБТЗ-тай холбож ярих болсон гэдэг. УИХ-ын гишүүн хүнийг Монгол, Оросын хамтарсан байгууллагын удирдуулахаар томилох шалтгаан юунд байсан нь хачирхалтай төдийгүй ямартай ч энэ удаад УИХ-ын гишүүн гэдэг албан тушаал нь түүнд чөдөр болоод УБТЗ-ын дарга болоогүй нь ойлгомжтой. Тухайн үед Замын даргаар ажиллаж байсан Т.Очирхүү нь ч бөөн баяр бултаж гүйсээр сонгуультай золгожээ. УИХ-ын 2012 оны сонгуулиар ч өнөөх асуудал, мөнөөх “чиглэл” хэвээрээ тул сонгуульд өрсөлдсөнгүй. Сонгуулийн дараа яасан нь ойлгомжтой. Эхлээд мэргэжлийн хүн гэж Н.Сэрээнэндоржийг хөөргөдөн утсан хүүхэлдэй болгож аваад сүүлдээ гэмт хэрэгт холбогдуулаад Л.Пүрэвбаатарыг “үлгэрийн баатар”-аар тодруулсан. Өмнөх парламентын үед хэдхэн сар МАН-ыг Засгийн газарт урилгаар ажиллахад мөн л Д.Загджавыг УБТЗ-ын даргаар очих сураг “сэдэрсэн”. Энэ нь тус байгууллагын дарга Л.Пүрэвбаатарын талаарх дэндүү олон муу мэдээ дуулдсантай холбоотой. Гэвч тэр үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн бухимдал маш хурдан “тайлагдаж” ЗТЯ-ны харьяанд байсан дөрвөн агентлагийн даргын суудлыг МАН-д өгч “зүрхлээгүй”. Үүнийх нь төлөө тухайн үеийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга “Та нарын хамтарч байгаа царай энэ үү” гэсэн хатуу хөтүү үгийг хэлсэнийг эх сурвалж хэлж байсан удаатай. Тэр үед ТӨХ ч үгүй, ЗГХЭГ тэргүүн дэд даргаа дуудаж Л.Пүрэвбаатарыг чөлөөлүүлэх асуудлыг хурдтай шийдэхээр болж УБТЗ-ын Ерөнхий хороог хуралдуулахдаа тулаад байв. Тэр ч байтугай салбарын сайд тэргүүтэнд нь ОХУ-ын Засгийн газрын тэргүүний цохолттой бичиг хүртэл ирсэн байсан гээд бод доо. Гэвч АН-ынхан хэлснээсээ ч, хамтарснаасаа ч буцсан юм.

Уг нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаярын гавьяа болох ОХУ-д төлөх их өрийг тэглэх ажлын голыг Д.Загджав, ОХУ-ын №3 гэгддэг С.Миронов нарын найз нөхрийн харилцаа нугалсныг гэрчлэх хүн цөөнгүй л байдаг юм билээ. Учир нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Холбооны зөвлөлийн Холбооны хурлын дарга, Төрийн Дум гэсэн дараалалтай ОХУ-д С.Миронов “жижиг” хүн яав ч биш. Тэр ч байтугай В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхдөө С.Мироновыг одоогийн ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенког дуудан ирүүлж “Ажлаа өг, би чамтай л өрсөлдөнө” гэж байсан юм гэдэг. Энэ удаагийн сонгуулиар ч тэрбээр “Шударга Орос” намыг тэргүүлж сонгуульд орж сөрөг хүчин болсон хэдий ч улам хүчирхэгжиж байгаатай нь хэн ч маргахгүй.

Д.Загджавын найз нь С.Миронов байгаад талархахаас түүнийг хэн “зүтгүүлж” байгаад анхаарах хэрэг байна уу. Д.Загджав өөрөө ч “том найзтай жижиг” хүн биш. Крымын хойгийн асуудлаар Монголын энхтайвны байгууллагын ерөнхийлөгч хамгийн түрүүлж саналаа хэлсэн “моралийн тусламж” үзүүлсэнд баярлалаа гэсэн оросуудын үг биднийг дэлхийд таниулж байна. БНХАУ-ын талаас ч манай Энхтайвны байгууллагын дотно түнш гэдгээ сануулсаар байгаа. Ийм л хүн өнөөгийн энэ цаг үед геополитикийн өрөг болоод байгаа төмөр зам, цаашилбал эдийн засгийн коридорыг Монголд ашигтай байлгах тохиролцоонд хүрч чадна. Тиймээс хувь хүнийг нь бус Монголын ард түмний нийтлэг эрх ашигийг бодолцож сонголтоо хийвэл аль нь илүү жин дарах бол гэдгийг дахин сануулъя.