Өдөөн хатгалт
Монголын улс төрийн амьдрал яг галзуугийн больниц , улстөрчдийн аяг хурцын тасгийн өвчтнүүд шиг байна. Женко “давхар дээл”-ээ тайлснаас хойш эхэлсэн улстөрчдийн өвөр хоорондын “түгжилдэлт ” засаглалын хямралын хэмжээнд хүрч өрнөлөө.
Монголын улс төрийн амьдрал яг галзуугийн больниц , улстөрчдийн аяг хурцын тасгийн өвчтнүүд шиг байна. Женко “давхар дээл”-ээ тайлснаас хойш эхэлсэн улстөрчдийн өвөр хоорондын “түгжилдэлт ” засаглалын хямралын хэмжээнд хүрч өрнөлөө. Энэ цаг үед Хангүгт таг шингээд байсан хамгийн “аюултай хүн” эргээд хүрээд ирлээ. Ирэнгүүтээ л голын хоёр эрэг шиг хэзээ ч үл нийлэх АН, МАХН хоёрыг ураг барилдуулж шуугиулаад эхлэв. Н.Алтанхуяг ч гэж Алтанхуяг. Үнэхээрийн задгай цагаан. Улс төрөөр дүүрэн хутга, шөвөг ханцуйлсан Брутууд хэдийд ч хэнийгээ ч “хөнөөхөд” бэлэн байх шиг байна. МАН-ынхны сурцтай яс хаялт, Э.Бат-Үүлийн бухимдал, Х.Баттулгын бах ханалт, хуурамч гэрээ, хуурамч гарын үсэг, нийгмийг бухимдуулан өдөөн хатгасан мессеж... Яагаад яг ийм үед хараажаар нүд харц нь хэвийн бус болж, хоолой ам нь цахиртсан сонин хүмүүс унтаж байгаад сэрсэн юм шиг гэнэт халуун эх оронч, тэмцэгчдийн дүрд орж нийгмийг бужигнуулан самарч эхэлдэг юм бол.
Гэтэл нэгэн тулхтай улстөрч эрхэм болохоор энэ бүхнийг “Хамгийн сонирхолтой үе” хэмээн тодорхойлж байх юм. Эдийн засгийн хямрал дээр засаглалын хямрал нэрмээд ард түмэн зүдэрч, улстөрчид дээр дороо орж, өвөр хоорондоо хэмхэлдэн, хэнийгээ ч худалдаж, хулхидаж “түгжилдэх”-ээсээ эрээлж эмээхгүй болчихсон байгаа нь хэнд сонирхолтой байгаа юм бэ? Талх, сүүнийхээ үнийг чадан ядан залгуулж байгаа өвгөд , эмгэдэд үү? Сургалтынхаа төлбөрийн төлөө амь насаараа дэнчин тавиад барилга, зам гүүрийн ажилд илжиг мэт зүтгэж яваа оюутан залууст уу? Өдөр бүр ажлын байраа цомхотгуулан, хэдэн арваараа ажилгүйчүүдийн эгнээг тэлж, ядууран хоосорч буй ард иргэдэд үү? Үгүй гэж бодож байна. Тэгээд энэ бүхэн хэнд сонирхолтой байж болох вэ?
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэд хэдэн улстөрчдийн гар утасны дугаарыг ашиглан олон нийтийг илт өдөөн хатгасан мессежийг хэн хаанаас цацав. УИХ-аас төмөр замын царигийн маргааныг эцэслэсэнтэй зэрэгцэн -Та газар нутгаа хятадуудад 100 жилээр түрээслүүлэхийг зөвшөөрөх үү? - Та Хятад руу хилээ сэтлэн төмөр зам тавихыг зөвшөөрөх үү?- гэсэн утга бүхий мессеж цацагдсан нь санамсаргүй тохиолдол уу?
Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул нүүрэлж байна гэсэн санаатай нэвтрүүлэг, ярилцлага байн байн гарах боллоо. Яагаад ингэж хамгийн эмзэг сэдвийг хөндөн нийгмийг илтээр тавгүйтүүлэн үймүүлэхийг зориод байна вэ? Зохион байгуулалттай зорилго, сонирхол хаа нэгтэй байгаа юм биш биз.
Улстөрчид, улс төрийн нам, бүлэглэлүүд хоорондын хэрүүл маргаан, зөрчлөө одоо зогсоож улс үндэснийхээ эрх ашгийг бодох цаг болоогүй гэж үү. Дараагийн сонгууль хүртэл жил гаруйхны хугацаа үлдлээ. Энэ үлдсэн хугацаа УИХ, гишүүдийн хувьд ч, Засгийн газрын хувьд ч жинхэнэ тосолгоо нь тохирсон хөдөлгүүр лүгээ нужигнан, хийж бүтээж, ёстой юу чаддагаа харуулах мөчлөг атал хөл, гараа ч олохгүй, бие биесээ мэрцгээхийн тус юу билээ. Дотоодын ийм зөрчилдөөнийг өдөөн, улс орныг улам хямруулан хүсэл зорилгодоо хүрдэг гадны ашиг сонирхолд хөтлөгдөн гар хөл нь болохгүй байх магадлал бидэнд байна уу?
Ингэж болгоомжлох үндэслэл, бусдын туулж буй гашуун туршлагыг монголчууд байнга сэрэмжлэн бодох хэрэгтэй биш үү гэдгийг сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд сануулах юм.
Хаа холын Мальт, Румын улсын үүрэн телефоны операторыг ашиглаад биднийг өдөөн хатгасан мессеж илгээж байна шүү дээ. Ард иргэдийг төр, засгийнх нь эсрэг турхирч байна. 2008 оны долоодугаар сарын нэгний үймээн гаднынхны оролцоотойгоор гарсан гэдгийг монголчууд ухаарсан. Яг тийм зүйлд биднийг одоо өдөөхийг гаднаас, дотроос ч хүсч байхыг үгүйсгэх аргагүй. Тагнуул, цагдаа, харилцаа холбоог зохицуулах газар, Мобиком, Юнителээс хамтран шалгаад дээрх мессежийн эх сурвалж Монголоос гарчээ гэдгийг тогтоосон. Тэгэхээр гадны улсын харилцааны операторыг ашиглан өөрсдийгөө нууж Монголд тогтворгүй байдал зориуд бий болгохыг зорьсон ашиг сонирхол байна гэсэн үг. Ингэж л ойлгогдож байна.
2003 онд Гүржид гарсан “Сарнайн хувьсгал”, 2004 онд гарч Украиныг хярамцаг болгоод байгаа “Жүржийн хувьсгал”, 2005 онд Кыргызийг цусанд бялтуулсан “Алтанзул цэцгийн хувьсгал” тухайн улсуудын улстөрийн дотоод зөрчил, эдийн засаг, засаглалынх нь хямралыг өгдөөн өдөөх замаар гаднаас зориуд үйлдэгдсэн. 2000 онд Сербид бас л яг ийм жороор “Бульдозорын хувьсгал” өдөөгдөж Югослав гэдэг улс үгүй болсон түүхтэй. Эдүгээ Арабын ертөнцөд үүсээд буй дайн дажин, үймээн самуун гамшиг бүхэн бас гаднынхны зохиолоор л өрнөж байна. Хонгконгийн оюутны эсэргүүцлийн хөдөлгөөн ч ялгаагүй. Зориуд гаднаас санхүүжүүлэн, өдөөн турхирч элдэв гоё чамин, марзан нэрээр нэрлэсэн хөдөлгөөнийг эхлүүлэн төрийг нь самардаг “өнгөт хувьсгал”-аар тухайн улс орны эдийн засаг, тусгаар тогтнолыг нь сөнөөдөг юм. Ийм хувьсгалын цаана тэр улсын эд баялгийг үнэгүй цөлмөж, улстөрийн тоглоомондоо ашиглах захиалагчдын үнэн хүсэл, сэдэл, зорилго нь оршдог. Тийм нөхцлийг Монголд бий болгохыг эрмэлзсэн гадна, дотнынхонд манай өнөөгийн улстөрийн ороо бусгаа байдал хамгийн таатай талбар болоод байгаа юм биш биз гэсэн болгоомж бас хар сэр төрж байна. Чухам тэдэнд л Монголын өнөөгийн тогтворгүй улс төр сонирхолтой санагддаг байх. Ардчилсан хувьсгалаас хойш нам, намаараа талцан, төр, улс болж 25 жил тоглолоо. Улс төр, улстөрчдийн хэн хэн нь цэвэршиж, төлөвших цаг хэдийнэ болсон баймаар. Улстөрийн намууд улс орноо хойш татагч, нийгмийг талцуулан, бухимдуулан хямруулагч бус харин урагшлуулан хөгжүүлэх хөдөлгүүр нь байх учиртай биш билүү.
Ороо бусгаа цаг дуусаж, олон санаатай улстөр цэгцэрч, орон улсаа бодсон оюун санааны сэхээрэлд хүрэх цаг хэзээ вэ? Хотны ноход хэмхэлдэхэд хээрийн боохой бясдаг гэдгийг улс төрөөр тоглогчид нэг санаасай. Хэт хэнээрхэл, хэт популизмд автсан, хэт эх оронч дүр эсгэсэн эрхмүүд хэтэрхий аюултай харагдаад байх юм даа.