...Эрүүгийн болон Зөрчлийн, Өршөөлийн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлах, АН, МАН-ын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаж байгаатай холбогдуулан МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны наймдугаар дугаар сарын 3-ны өдрөөс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна... Энэ бол УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хаах үеэрээ хэлсэн үг. Магадгүй тэр УИХ-ын гэхээсээ АН-ын даргын хувиар ч хэлсэн байж болох юм. Товчоор хэлбэл, засагт хамтарсан МАН-ынхан нь олонхийн зүгээс санаачилсан хуулийн төсөлд тушаа болсоор байвал ээлжит бус чуулган зарлаад ч болтугай зургаан сайдыг нь огцруулахаа мэдэгдсэн АН-ын даргын сануулга гэж ойлгож болох. Үүн дээр Өршөөлийн хуулийг батлуулах замаар намын даргынхаа сонгуульд оролцох замыг нь засах МАХН-ын эрмэлзэл ч нэмэгдэж байгаа бололтой. Үүнийг доор өгүүлэх жишээнээс харж болно.

1

Хоёр ч Засгийн газар дамнан гурван ч удаа УИХ-ын босго давсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй хойшилсон нь саяхан. Ингэж гацах болсон шалтгаан нь дан ганц МАН байв. Өөрөөр хэлбэл, АН эрх барьж байсан Шинэчлэлийн Засгийн газрын үед босгосон “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөөс хумсалсан, хулгайлсан хүмүүсээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар халхавчлан уснаас хуурай гаргах гэж байна хэмээн “хардсан” МАН-ынхан хэлэлцэж эхлэх үеэс нь шүүмжлэлтэй хандаж, завсарлага авсаар ээлжит бус чуулган руу оруулсан. Парламент дахь суудлынхаа, товчлуурынхаа тоогоор төө илүү АН-ын Бүлгийн хуралдааны 100 хувийн дэмжлэг ч энэ хуулийн төсөл дээр тусыг олоогүй. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулиар эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл хүлээсэн хүмүүст нэг удаа өршөөл үзүүлэх заалтад МАН-ынхан тийм ч таатай хандахгүй байгаа. Үүнээс гадна Эрүүгийн хуулийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх явцад МАН-ынхан өмнөхөөс нь дордуулсан, баялаг бүтээгчдэд хэт халтай болсныг шүүмжилж, завсарлага авсан удаатай.

Ийнхүү АН-ын “шошготой” хуулийн төсөл бүр УИХ, Байнгын хорооны хэлэлцүүлгийн шатандаа гацаанд орж, урагшлахгүй байгаа нь эрх баригч намын гишүүдийн эгдүүцлийг түрүүчээс нь төрүүлж, гомдлын үгс чулуудаж, Засгаас гаргах дээрээ хүргэсэн байж болох талтай. Магадгүй эдгээр хуулийн төслөө хамтраад хэлэлцээд, нягтлаад, буруу зөвийг нь шүүгээд УИХ-аар батлаад явсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсныг үгүйсгэх аргагүй юм. АН-ынхан ч МАН-ыгаа ажил хийлгэсэнгүй, хийсэнгүй гэж чичлэхгүй байсан байх. Нөгөө талаас УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулж эдгээр хуулийн төслийг хэлэлцэж, яаралтай батлах шаардлага үүссэнийг илэрхийлэхдээ МАН-ын зургаан сайдын асуудлыг давхар хөндсөн нь цаанаа шалтгаантай байж болох юм. Нэг ёсондоо МАН-ын зургаан сайдаар барьцаалж, нийгэмд хүлээлттэй байгаа гэх Эрүүгийн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслөө хамтраад батлах АН-ын даргын тактик байж болох талтай.

2

Анзаарсан бол УИХ-ын даргын яаралтай батлах шаардлагатай гэж тодотгосон хуулиудын дотор Өршөөлийн тухай хууль багтжээ. Ц.Оюунбаатар нарын гишүүдийн өргөсөн барьсан уг хуулийн төсөл саяхныг хүртэл усанд хаясан чулуу шиг хав дараатай байлаа. Харин Эрүүгийн хуулийн хэлэлцэх эхэлснээр хавчуурганд нь Байнгын хорооны босго давсан ч хойшилсон. Гэхдээ УИХ-ын даргын яаралтай гэх жагсаалтад үнэхээр Өршөөлийн хууль багтаж байгаа бол үүнийг “Шударга ёс эвсэл” тэр дундаа МАХН-ын бойкот гэж харахаас өөрцгүй.
Учир нь, хуулийн төслийг санаачилсан өдрөөс л МАХН-ын мандаттай УИХ-ын гишүүн болгон УИХ-аар батлах шаардлагатай хэмээн дуугардаг байлаа. Тухайн үед нийт масст хэрэгцээтэй хэмээн тодотгож байсан ч нэг л хүнд зориулсан хуулийн төсөл гэх хардлага улс төрийн хүрээнийхэн, саарал ордноор явдгаас үүдэлтэйгээр өнөөдрийг хүртэл хав дарагдсан байж болох. Харин өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд дөрөөлж хуулийн төслөө олонхиор хүч түрж батлуулах хүсэл МАХН-ынханд бий. Угаасаа МАХН-ынханд үлдэж байгаа, хийх ганц улстөр нь намын дарга Н.Энхбаярынхаа сонгогдох эрхийг сэргээх болов уу. Учир нь, Ерөнхийлөгч уучлал үзүүлснээс үл хамаарч МАХН-ын даргыг ялгүйд тооцох хугацаа 2017 оны төгсгөлөөр дуусгавар болох юм билээ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар шүүхээс ял сонссон хэнбугай ч ял шийтгэл нь дуусгавар болтол нэр дэвших, сонгогдох эрх нь Үндсэн хуулиар хаалттай. Тэгэхээр намын даргынхаа ялгүйд тооцогдох хугацааг дуусгавар болтол хүлээх нь МАХН-ынхны хүсээд байх зүйл биш. Цаашлаад “Шударга ёс” эвсэлд халтай байж мэдэх. Энэ бүх шалтгаанаас үүдэлтэйгээр Өршөөлийн хуулийг сонгуулиас өмнө магадгүй энэ ондоо багтааж УИХ-аар батлуулах нь МАХН-ын гол зорилго. Тиймдээ ч МАН-ын зургаан сайдыг огцруулсан ч Засгийн газрын үйл ажиллагаа алдагдахгүйгээр хэвийн үргэлжилнэ хэмээн гэдийх болсон АН-д МАХН, “Шударга ёс” эвсэл тулах хөл нь болж байгаа нь дамжиггүй. Үүгээр шалтаглаж Өршөөлийн хуулийг батлуулж, өөрсдөдөө ашигтай хувилбарыг бий болгохоо “Шударга ёс” эвслийнхэн ч эрхбиш гадарлаж суугаа л байх. Гагцхүү маргаашийн тэнгэр нартай эсвэл үүлтэй байх, улс төрд яаж эргэхийг таашгүй учир хөндлөнгөөс хараад суух л үлдэж байна.

Харин өнөөдөртөө бол МАН-ыг хүлэх АН-ын тактик нь зургаан сайдыг огцруулах бол засаг бүрдүүлэх тулгуур багана болчихоод байгаа “Шударга ёс эвсэл” хийгээд АН-д үзүүлэх МАХН-ын бойкот нь Өршөөлийн хууль гэсэн сцинараар улс төр өрнөх бололтой.

С.ГАНДӨЛ