Хуучин тогтолцооны үед Монголд гурван хүн тутмын нэг нь дарга байлаа. Ардчилалд шилжээд гурван хүн тутмын нэг нь захирал болов.  Албан тушаал нь төрийнх байвал “дарга”, хувийн хэвшлийнх бол  “захирал” гэж зааглав.
 Зах зээлийн нийгэм өөрөө хувийн хэвшилд суурилдаг учраас захирлын тоо нэмэгдэх нь эрүүл үзэгдэл. Хувийн хэвшил хүчирхэгжих тусам төр цомхон болох нь монголчуудын  байгуулж байгаа нийгмийн гол зам ажээ. Гэтэл 2004 оны УИХ-ын сонгуулийн дараагаас төрийн бүтэц хуучин нийгмийнхээсээ ч илүү данхайв.  УИХ-ын хоёр гишүүн тутмын нэг нь сайд болж тоглоллоо. 2004-2008 оны УИХ-ын  бүрэн эрхийн хугацааны эхний гурван жилд  давхардсан тоогоор 58 хүн ээлжлэн сайдаар томилогдов. Давхардсаныг нь хасвал гуравхан  жилийн хугацаанд  49 сайдыг томилжээ, энэ парламент.

Энэ  УИХ  хуулийн дагуу 76 гишүүнтэй.  Хуулийн сиймхийгээр өөртөө зориулж, бас сайдын суудлаар наймаалцах гэж  байгуулсантайгаа нийлээд долоон намын төлөөлөлтэй. Далан зургаан гишүүнийхээ 33-ыг сайд болгож амжив.  Тэдгээрээс Д.Дэмбэрэл, Ц.Мөнх-Оргил, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, У.Хүрэлсүх, М.Энхболд, Н.Энхболд, Б.Эрдэнэбат нарын найман гишүүн сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацаанд хоёр удаа сайдаар тодорсон давхардлыг нэмбэл, өнөөдрийн УИХ дотроо 41  сайдтай болж байна. Намын харьяаллаар нь харвал энд олонхи цөөнх, эрх баригчид, сөрөг хүчин гэсэн ялгаа гарсангүй. Хамгийн олон гишүүнтэй нь, сөрөг хүчин,   ганцхан суудалтай, нэг төлөөлөлтэй, компанийн гэх намууд бүгд засгийн эрх барилцлаа.   Бодлого ярьж, хууль батлахаасаа илүүгээр  “томиллоо, огцрууллаа” гэсэн дүрмээр тоглосны хүчинд парламент дахь нийт төлөөллөө БНН, ИЗН, ҮШН,  АТН-ууд зуу, Эх орон нам тавин хувь сайд болгож чадлаа. Эрх баригч МАХН-ын  39 гишүүний тавин нэгэн хувь буюу 20 нь сайдын дамжаа дүүргэв. Тус намын хувьд давтан суусан долоон гишүүнээ нэмбэл нийт  27 сайдтай болжээ.

УИХ-ын зарим гишүүдийн өргөн барьсан төсөл, МАХН-ын их хурлаар баталсан төрийн шинэтгэлийн хөтөлбөрт Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүд байж болно гэсэн заалт бий. Харин энэ УИХ-ын 76 гишүүний гуравны нэгээс илүү нь,   бараг хоёр гишүүн тутмын нэг нь төрийн сайдын суудалд түр боловч сууж үзлээ.

 Засгийн газрын гишүүдийн тоо, түүнд УИХ-ын гишүүдийн эзлэх хувь  сонгуулиас сонгуульд нэмэгдсээр ирлээ.  Энэ нь “баялуу” хуваах, намдаа азаргаладаг, эрх мэдэл бүхий цөөн хүнийг сонгуулийн шархаа нөхөх бололцоогоор хангах гэсэн   эрх баригч намуудын бодлого бололтой.

 Монголын парламентын түүхэнд хамгийн олон Засгийн газар сольсон хэмээх муу нэртэй 1996-2000 оны УИХ  хэдийгээр дөрвөн Ерөнхий сайдтай ч нийт сайд нар нь 29.  Тэдний ес нь  УИХ-ын гишүүд байв.  1996 онд парламентын үед есөн гишүүнтэй байсан Засгийн газар 2000 онд 13, 2004 онд 18 болж хоёр дахин данхайв.  Сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацанд сайд байсан УИХ-ын гишүүдийн тоо 1996, 2000 оны парламентад 9-5 байснаа энэ удаа давхардсан тоогоор 41 болж огцом өслөө.  Дээр нь улстөрийн албан тушаалтан, эсвэл төрийн албан хаагчийн аль нь үл мэдэгдэх, сайддаа “цай зөөж цүнхийг нь барьдаг” дэд сайд хэмээх шагналын албан тушаал 2000 оноос бий болов.    

 2004-2008 оны УИХ-ын дотроосоо томилсон, сонгосон дарга нарын тоо зөвхөн 33, давхардсан 41 сайдаараа зогсохгүй. УИХ-ын гурван дарга /Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан/, мөн гурван дэд дарга /Д.Лүндээжанцн, С.Оюун, Д.Идэвхтэн/-тай. Бас гурван Засгийн газартай. Ц.Элбэгдоржийн Засгийн газар 20 сар, М.Энхболдынх 22 сар ажиллаад огцорсон бол С.Баярын танхим зурган сар болоод ашгүй нэг юм энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусч байна. Хэрэв дахиад жаахан хугацаа байсан бол бас нэгэн гүйцэтгэх засгийн амыг барьж, хувийн намтартаа “Засгийн газрын гишүүн” гэсэн тодотгол нэмсэн гишүүдийн тоо 33-аас 50 болж өсч мэдэхээр байлаа.  

Ингэж  энэ удаагийн парламент нэр нь УИХ боловч нэдэр дээрээ огцорсон болон огцрохоо хүлээж байгаа сайд нарын цуглуулга болов. УИХ-ын гишүүн байх нь сайд болоход тавих хуулийн шалгуур мэт хүлээн зөвшөөрөгдлөө. Гүйцэтгэх засгалын үйл ажиллагаанд хяналт тавих чадвараа парламент алдаж, УИХ, Засгийн газар хоёр цус ойртов.


 Ер нь энэ УИХ-ын бүрэлдэхүүн төрд дэндүү  эрхэлж биеэ бөөцийлж ирэв. Сайд нарын ээлжилсэн томилгооноос гадна хөрөнгө оруулалт нэрээр анх гишүүн бүр тойрогтоо зуун сая төгрөг хуварилж байсан. Ард түмний нэрээр улсын төсвөөс авсан энэ авлига нь 2007 онд нэг гишүүнд  250 сая төгрөг болж өссөн. Энэ мөнгө “аймаг бүрт” гэж  өнгөө хувиргаад 500 сая төгрөг болтлоо өсөөд 2008 оны улсын төсөвт суучихсан л байгаа. Ирэх оны сонгууль томсгосон тойргоор, нэг аймгийг нэг тойрог гэж үзэх учраас энэ нь төр  эрхэм гишүүдэд  хувьд бусад өрсөлдөгчөөс нь давуу эрх олгож байгаатай ялгаагүй юм. Гишүүд төсөв баталж, орон нутагт хөрөнгө оруулалт хийх нь зөв л дөө. Хамгийн гол нь төрийн энэ шийдвэрийг гишүүдийн дараагийн сонгуульдаа бэлтгэх хэлбэрээр гаргаж байгаа нь өөрөө буруу юм. Өөрөөр хэлбэл, гаргаж байгаа шийдвэр нь хэлбэрийн хувьд хуульд, ард түмний эрх ашигт нийцэж байгаа ч, түүнийг УИХ-ын гишүүд өөртөө ашигтайгаар хэрэгжүүлэх бололцоог хуульчиллаа. Ингэснээр  сонгогдсон өдрөөсөө эхлээд улсын төсвийн хөрөнгөөр дараагийн сонгуульдаа бэлтгэдэг жишгийг энэ парламент тогтоолоо.   

Ард түмэн нь байгуулж байгаа нийгмийнхээ гол замар явах гээд байхад УИХ нь тэднийгээ салаа зам руу чирээд байж таарахгүй. Ард түмэн, ард түмнээс сонгогддог парламент хоёр хамтдаа нэг зүгт явж байж энэ Монгол Улс хөгжинө.  Үүний тулд УИХ-ын гишүүний суудлыг сайд гэж хардаг, дараагийн сонгуульдаа бэлтгэх мөнгийг төсвийн хөрөнгөөр босгодог улстөрчдийг дахин сонгохгүй байя.  

Казинод мөнгөө алдахгүй байх ганцхан арга бол тоглохгүй байх. Ард түмэнтэйгээ хамт явдаг парламентыг бүрдүүлэх ганц арга бол цадиггүй улстөрчдийг сонгохгүй байх. Үүний тулд сонгогдох эрхэнд нь халдахгүйгээр 2008 онд сонгож болохгүй цадиггүй улстөрчдийг сэтгүүлчид нэрлэж яагаад болохгүй гэж.