АМЬТНЫ НЭВТЭРХИЙ ТОЛЬ
Хачин сонин бүтэцтэй амьтдыг хараад манай анхдагчид хэрхэн будилж байсныг олж мэдэх соньхон. Гэхдээ чухам ямар замаар хөгжөөд амьтад тийм этгээд бүтэцтэй болсон эсэх үнэн зөв мэдлэгийг олно гэдэг сэтгэлд тун таатай.
“Амьтан”
“Улам гүнзгий таньж мэдэх учиртай зүйлс энэ хорвоод хэзээ ямагт оршсоор байдаг”
Дундад зууны европчуудын хувьд амьтан, ургамлын уг гарвалийг нь гүнзгийрүүлэн судлах нь шашин номд тэрсэлсэн асуудалд орох магадлалтай байжээ. Ямар арга замаар амьтан ургамал бий болж, үүсэж хөгжсөнийг тодруулан асуух нь загалмайтны шашны номлолын үндэс болох бүхнийг Бурхан бүтээсэн гэх үзэлд харш, бурханд тэрсэлсэн хэрэг болдог байв.
Гэвч яг тэр үед эмчийн гэр бүлээс гаралтай Чарлз Дарвин энэ тогтсон үзлийг эвдэн өөрийн онолыг боловсруулж эхэлснээр 1859 оны арван нэгдүгээр сарын 24-ний өдөр Байгалийн шалгарлаар бий болох зүйлийн үүсэл номоо хэвлүүлж, энэ салбарт хувьсал хийжээ. Тухайн үедээ түүний онол учир дутагдалтай тал байсан ч улам боловсронгуй болгож, хөгжүүлсээр байсан юм.
Түүний онол ёсоор орчин цагийн амьтад бүгд эртний амьтдаас эволюц буюу хувьсал хөгжлийн ачаар хувиран өөрчлөгдсөөр өнөөгийн шатанд хүрсэн. Ингэхдээ ганц бодгаль хувьсан өөрчлөгдөх боломжгүй, нийт төрөл зүйл нь олон үеийн туршид өөрчлөгдөн хувьсаж хөгжсөн. Өөрөөр хэлбэл амьтдын нийтлэг шинж чанар, биеийн бүтэц зэрэг нь тухайн амьтад нэг өвгөөс үүдсэн болохыг харуулна.Тухайлбал, удмын мод буюу кладограм зурах аргаар хөөж үзвэл шувууд нь эртний махчин үлэг гүрвэл болох тероподоос үүсэлтэй байна.
Хачин сонин бүтэцтэй амьтдыг хараад манай анхдагчид хэрхэн будилж байсныг олж мэдэх соньхон. Гэхдээ чухам ямар замаар хөгжөөд амьтад тийм этгээд бүтэцтэй болсон эсэх үнэн зөв мэдлэгийг олно гэдэг сэтгэлд тун таатай.
Тэгвэл DK хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Амьтан номд амьтдыг араг яс, хэлбэр хэмжээ, мэдрэхүй, ам ба эрүү, далавч ба шүхэр, өндөг ба үр төл гэх зэргээр ангилан өөр хаанаас ч үзэх боломжгүй, номын цаасан дээрээс өнхрөөд ирэх мэт тод дүрслэлтэй амьтдын зургаар дамжуулан уншигчийг амьтдын ертөнцөөр аялуулах нь.
“Амьтан гэж юу вэ” гэх энгийн асуултаас эхлэх тус ном амьтдын эволюц хувьсал, цаашлаад тэдний сонирхолтой амьдрал, хоорондын харилцаа холбоо, нэгэндээ ижилдэн дасах, бие махбодын онцлог шинж чанар гээд тун сонирхолтой түүхийг танд өгүүлнэ.
Үүнээс гадна уран зургийн түүхэнд үлдсэн амьтан, байгалийн тухай зургуудыг бүлэг тус бүрд түүхтэй нь хамт шигтгэж өгснөөр энэ нэвтэрхий толийг уншингаа нүд баясгах урлагийн түүхээр ч аялаад амжих нь. Балар цагийн урлагаас эхлээд Леонардо да Винчи, Албрэхт Дюрэрийн уран бүтээлийг амьтдын ертөнцтэй танилцангаа шимтэн сонирхоорой.