Б.Дэлгэрмаа: Пропорциональ хувилбар зөв ч Монголын онцлогт тохируулаагүй байна
УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаатай УИХ-ын сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.
-Зарим гишүүн 2008 оны УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн пропорциональ хувилбараар явуулах хуулийн төсөл санаачилжээ. Та энэ талаар АН-ын гишүүн бус, судлаачийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Дэлхийн улс орнуудад сонгуулийн үндсэн хоёр том тогтолцоо байдаг. Мажоритар, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн гэж. Мажоритар сонгуулийн тогтолцоо нь дотроо энгийн олон, 50 нэмэх нь 1, олон мандаттай, нэг мандаттай зэрэг хэд хэдэн хувилбартай. Пропорциональ тогтолцоо маш олон хувилбартай. Ихэнх улсад пропорционалийн арав гаруй хувилбарыг өөрийн орны онцлогт тохируулан илүүтэй хэрэглэж, бусад хувилбарууд нь тийм ч түгээмэл биш байдаг. Энгийнээр тайлбарлахад нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нь сонгогддогийг мажоритар тогтолцоо гэдэг. Манай УИХ-ын сонгуулиудад энэ хувилбарыг хэрэглэж ирсэн.
1992 оны сонгуулийг олон мандат бүхий томсгосон 26 тойргоор, 1996-2004 оны сонгуулийг нэг тойрог-нэг мандат бүхий мажоритараар явуулсан. Харин 2008 оны сонгуулийг 1992 оныхтой адилхан, олон мандат бүхий томсгосон тойргоор явуулахаар УИХ-аас 2005 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр хуульчилсан. Гэвч энэ нь нэг сонгогч-нэг санал гэсэн ардчилсан сонгуулийн үндсэн зарчмыг зөрчсөн, нэг гишүүний УИХ-д төлөөлөх сонгогчдын тоо харилцан адилгүй, Сонгуулийн ерөнхий хороонд хэт эрх мэдэл олгосон, хамгийн гол нь маш их савлагаатай буюу сонгогчдын төлөөллийг ихээр “гээгдүүлдэг” зэрэг сул тал олонтой. Тийм учраас гишүүд хэрэгжиж эхлээгүй энэ хуулиа өөрчлөхөөр төсөл өргөн барьсан болов уу. Төсөлд УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хувилбараар явуулна гэсэн нь зөв шийдэл байж болно. Пропорциональ хувилбарыг би улстөрчийнхөө хувьд ч, судлаачийнхаа хувьд ч бүрэн дэмжиж байгаа. Харин тогтолцооноос нь цааш харвал санал нийлэхгүй, пропорциональ хувилбарынхаа манай онцлогийг харж чадаагүй, дутуу дулимаг боловсруулсан зүйлүүд төсөлд байна.
-Пропорциональ хувилбар бол намын төлөө саналаа өгдөг тогтолцоо. Гэтэл манайх хүний төлөө саналаа өгөхөөр Үндсэн хуульд заасан байдаг. Тэгэхээр хувь тэнцүүлсэн хувилбар Үндсэн хуультай зөрчилдөх юм биш үү?
-Гишүүдийн өргөн барьсан төслөөс санал нийлэхгүй байгаа зүйлүүдийн нэг нь энэ. Манай улсад Үндсэн хуулиа батлахаас өмнө Улсын Бага Хурлыг бүрдүүлэхдээ пропорциональ хувилбараар сонгууль явуулж байсан. Сонгогчид намуудын төлөө саналаа өгч, тухайн намын авсан саналын хувиар парламентын суудлыг хуваарилахыг пропорциональ тогтолцоо гэдэг. Энэ хувилбараар сонгууль явуулахад хэдийгээр намуудын авсан саналаар парламентын суудлыг хуваарилах ч, УИХ-ын гишүүдийг тодруулахдаа Үндсэн хуульд нийцүүлж болно. Өөрөөр хэлбэл, пропорциональ тогтолцоо дотроо олон аргатай, тэдгээрээс бид Үндсэн хуульдаа нийцсэнийг нь сонгох ёстой.
-Тухайлбал ямар...?
-Өргөн барьсан төсөлд сонгогч намуудын гаргасан нэрсийн дагуу өөрийн дэмжиж буй намыг дугуйлна гэсэн байна лээ. Пропорциональ тогтолцооны загварт нэрсийн жагсаалт нээлттэй ба хаалттай гэж байдаг. Нээлттэй гэдэг нь нийт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг сонгогчдод өгч тэр дотроос нь тодорхой нэр дэвшигчийг сонгох боломжийг ард түмэнд өгдөг. Тэр ч утгаар хэрэв сонгогч нэг намыг дэмжсэн ч өөр намын хүнийг сонгох боломж олгодог “Панаше”-гийн зарчим ч гэж бий. Харин зөвхөн дэмжиж байгаа намаа дугуйлж, нэрсийн жагсаалтыг нам нь баталж байдаг “хаалттай” буюу “хатуу” нэрсийн жагсаалтыг маш цөөн оронд хэрэглэдэг.
Харамсалтай нь манайх энэ хувилбарыг сонгож авсан нь ард түмний сонголтыг хааж, дээр нь Үндсэн хуулийн “УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгоно” гэсэн заалтыг зөрчиж буй хэрэг болно. Зүй нь намууд УИХ-ын нийт гишүүдийн тоогоор буюу 76 хүртэлх нэр дэвшигчээ тодруулж тодорхой эрэмбэнд оруулж жагсаагаад СЕХ-оор батлуулах ёстой. Сонгуулийн дүнд авсан суудлынхаа тоогоор суудлын хуваарилалт хийхдээ намын нэрсийн жагсаалтын эрэмбэ, сонгогчдын саналын рейтинг хоёрыг үржүүлж дундаж рейтингийг тогтооно. Жишээ нь, А гэдэг нам намынхаа эрх барих дээд байгууллагаар 76 нэр дэвшигчээ тодруулаад тэдгээрийг намд оруулсан хувь нэмэр, олон түмний итгэлийг даах чадвар зэрэг улстөрчийн шинжээр нь чансаа шалгаж эрэмбэлсэн гэж үзье.
Ингээд сонгуулийн дүнд сонгогчдын 50 хувийн саналыг авсан бол УИХ-ын суудлын мөн тавин хувь буюу 38 суудлыг авна. Энэ 38 суудлаа хуваарилахдаа намын жагсаалтын эхний 38 хүн, мөн сонгогчдын саналаар хамгийн олон санал авсан 38 хүн энэ хоёрын дунджийг гаргана. Тэгэхээр магадгүй нам дотроо нэлээд өндөр рейтингтэй хүн сонгогчдын үнэлгээг авч чадаагүй, эсхүл эсрэгээр байж болно. Сонгогч ингэж намын төлөө санал өгөхийн зэрэгцээ намуудын жагсаасан 76 нэр дэвшигчээс нэгийг дугуйлж хүний төлөө саналаа өгч Үндсэн хуулийн эрхээ эдлэх боломжтой. Гэх мэтчилэн пропорционалийн нэг давуутай тал бол юуны өмнө нэг ч сонгогчийн саналыг гээхгүй, хоёрт, улс төрийн нам хэмээх иргэний нийгэм, төр хоёрыг холбож байдаг институцийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм. Гэтэл хаалттай нэрсийн жагсаалт бүхий хувилбарыг хэрэглэх нь улс төрийн намуудад ард олны зүгээс итгэх итгэл нэлээд алдарч буй энэ цаг үед УИХ-д суудалтай намууд хуйвалдаж энэ хуулийг гаргаж байна гэсэн ойлголтыг хүмүүсийн дунд бий болгох вий.
-УИХ-ыг ард түмэн сонгодог. Гэтэл тэр эрхийг намууд өөртөө авах гээд байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл, намууд 76 нэр дэвшигчээ тодруулахдаа дарга нараа, эсвэл олигархууд нь жагсаалтын эхэнд багтаж, жинхэнэ шударга нь жагсаалтын адагт бичигдэж болно шүү дээ?
-Харин тийм. Намууд авсан саналынхаа хувьд тохирох парламентын суудлыг хэрхэн хуваарилах нь хамгийн чухал. Хэрэв сонгуулийн хуулийг ач холбогдлоор нь жагсаавал пропорциональ хувилбар өөрөө нэгдүгээрт, ийм хувилбараар явуулсан сонгуулийн үр дүнгээр авсан хувьдаа харгалзах суудлыг намууд хэрхэн хуваарилах нь хоёрдугаарт орно. Намуудын гаргаж буй нэрсийн жагсаалт үнэхээр өөрийн чинь хэлдгээр намын удирдлага, эсвэл цөөн хүн, бүлэглэлийн үзэмжээр шийдэгдэх өндөр магадлалтай. Тэгээд ч дан ганц намын нэрсийн жагсаалтаар орж ирж буй УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудал ч босч ирнэ.
Мөн жагсаалтын эхний хорь гучин хүн, түүнчлэн тавиас хойш бичигдсэн нэр дэвшигчид сонгуулийн үеэр мажоритар шиг сонгуулийн тойрогт ажиллахгүй байж болох талтай. Эхнийх нь тэртээ тэргүй намын рейтинг өндөр байгаа учраас шууд сонгогдоно гээд, харин сүүлд бичигдсэн нь тэртэй тэргүй сонгогдохгүй учраас гэдэг шалтаг шалтгаанаар. Энэ нь өөрөө пропорциональ тогтолцооны сул тал. Гэхдээ энэ эрсдлээс гарах гарц бий. Сонгогч намын төлөө саналаа өгч, үүний сацуу нэг сонгогч нэг саналын эрхээр хангагдах буюу 76 хүнээс нэгийг нь дугуйлна гэж дээр өгүүлсэн санаа. Энэ бол манай Үндсэн хуульд нийцсэн, сонгогчдын шууд сонгох эрхэд халдаагүй хамгийн оновчтой арга. Сонгогчдын нэр дэвшигчийн төлөө саналаа өгч сонгох эрх хадгалагдана.
-Сонгогч 76 хүн дугуйлж болох уу, зарим хүн тэгж хэлээд байгаа?
-Болохгүй. Нэг сонгогч-нэг саналын эрх эдлэх зарчимтай. Тэгээд ч кабинд орчихоод 76 хүн дугуйлаад зогсч байх цаг хугацаа, техникийн боломж байхгүй.
-Гэхдээ босго гэж байна биз дээ?
-Пропорциональ тогтолцоонд намуудад тодорхой босго тавьдаг. Эс тэгвээс хэт олон жижиг намууд парламентад орж ирвэл засгаа байгуулж чадахгүйд хүрдэг. Үүний хамгийн том жишээ бол Израиль. Энэ улсын сонгуулийн хуульд нэг хувийн босго тавьсан байдаг. Харин хамгийн өндөр босго тавьсан улс бол Грек болов уу, 17 хувь байдаг. Ихэнх оронд таван хувь байна. УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд нийт сонгогчдын таван хувиас илүү санал авсан намууд парламентад суудал хуваарилна гэсэн байна лээ. Таван хувь гэдэг манай өнөөдрийн нөхцөлд тохирно. Нийт сонгогчийн таван хувийн саналыг авсан нам УИХ-ын 76 суудлын таван хувь буюу дөрвөн суудлыг авна гэсэн үг.
-Ингэж босго тогтоосны ач холбогдол юу вэ, босго заавал байх ёстой юу?
- Намуудын төлөө саналаа өгдөг тогтолцоог пропорциональ тогтолцоо гэдэг тухай хэлсэн. Сонгогчийн саналыг авч, итгэлийг нь хүлээж байгаа тэр нам нь улс орны бүхий л асуудлыг хамарсан мөрийн хөтөлбөр дэвшүүлж түүнийгээ хэрэгжүүлж чадахуйц үндэсний хэмжээний зохион байгуулалттай, үйл ажиллагаа нь тогтвортой байх ёстой. Улс төрийн системээ дархлаажуулахын тулд популист улстөрчдийг, нэг хүний, компанийн намуудыг УИХ-д орж ирээд улс орны хэмжээний асуудалд хувийн тоглолт хийх боломжийг босгоор хаадаг. Үүгээрээ пропорциональ тогтолцоо парламентын засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Манай улсад аажимдаа хүчирхэг 2-3 намын тогтолцоо бий болоход сонгуулийн энэ тогтолцоо чухал ач холбогдолтой.
-Нэр хүнд сайтай популистууд байна л даа. Жишээ нь, Л.Гүндалай, Б.Жаргалсайхан гэх мэт. Тэд таван хувийн босго давна даа?
- Босгын ялгааг сэтгүүлчид битий хэл, манай зарим улстөрч ялгаж салгахгүй байгаа юм. Босго бол зөвхөн намд л байна. Нэр дэвшигчдийн сонгогчдоос авах саналд ямар ч босго байхгүй. УИХ-ын суудыг зөвхөн намуудын авсан саналын хувьд харгалзуулан хуваарилна. Ингэж хуваарилахдаа таваас илүү хувийн санал аваагүй намд УИХ-ын суудал ногдохгүй. Харин намууд нийт сонгогчдоос авсан саналынхаа хувьд харгалзах суудлаа авсны дараа тэдгээрт суух хүмүүсээ сонгогчдоос авсан хамгийн олон саналынх нь дарааллаар эрэмбэлж тодруулна. Л.Гүндалай нийт сонгогчдын 30 хувийн саналыг авсан ч байж болно. Харин түүний нэрийг дэвшүүлсэн Ард түмний нам нийт сонгогчдын таван хувийн саналыг аваагүй л бол Л.Гүндалай УИХ-ын гишүүнээр сонгогдохгүй.
-Гишүүдийн өргөн барьсан төслөөс өөр юуг нь та дэмжихгүй байна вэ?
-Бие даан нэр дэвшиж болох талаар төсөлд тусгасан байна лээ. Нэгэнт намуудыг сонгодог болохоор пропорциональ хувилбарт бие даагч гэсэн ойлголт байдаггүй. Энэ хувилбар ганц хүн улс төр хийх биш, улс төрийг нийгэм дэх сонирхлыг өөртөө “цуглуулж” түүний илэрхийлэл нь болж байдаг улс төрийн нам хийдэг гэдэг сонгодог утгатай. Энэ өргөн барьсан хуулийн төслийг үзэж байхад дөрвөн хуудсанд л багтсан байна. Гэтэл пропорциональ системийг сонгож авч байгаа юм бол маш нарийн заалт бүхий байх ёстой. Бусад орны хуулиуд 100-200 гаруй хуудастай байдаг. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ хуулийн төсөл өнөөдөр түв түүхий байна л гэж хэлье дээ.
-Та пропорциональ тогтолцоо өөрөө олон давуу талтай гэсэн. Энэ хуулийн төслийг хөндөхгүйгээр тогтолцооных нь хувьд түүний өөр давуу байх талууд юу байна вэ?
-Хамгийн гол нь сонгогчдын санал парламентын гадна гээгдэхгүй. Савлалт байхгүй болно. Жишээ нь, 1992 оны УИХ-ын сонгуульд ардчиллын төлөөх намууд нийт сонгогчдын 47 хувийн саналыг авсан байдаг. МАХН 53 хувийн санал авсан. Гэтэл парламент дахь суудлын хуваарилалт нь МАХН 70, ардчиллын төлөөх намууд нь дөнгөж зургаан суудал. Ийм савлалт байхгүй болно. Нөгөө талаар 1996 оноос хойш гурван сонгуулийг бид 76 жижиг тойргоор явуулж ирсэн. УИХ-ын гишүүн бол бүх ард түмний элч төлөөлөгч байх, улс орон, нийт ард түмний төлөө ажиллах ёстой. Гэтэл нэр дэвшигчид, дараа нь сонгогдоод гараад ирсэн УИХ-ын гишүүд тойрогтоо арай л жорлонгийн нүхийг ухах нь дутуугүй байна.
Энэ хүн чинь улс үндэсний хэмжээний бодлого боловсруулж байх ёстой шүү дээ. Тэгэхээр жалга дов, хэдхэн сонгогчоос хамааралгүй болно, сонгогчдын саналыг худалдаж авдаг энэ гаж буруу практикаас ангижрана, дээр нь нөхөн сонгууль гэж маш их мөнгө зарцуулах явдал үгүй болно. Гаднын нөлөө, мөнгөтэй хүмүүсийн нөлөөнөөс харьцангуй дархлаажигдахаас гадна парламент хэтэрхий эрээвэр хураавар олон жижиг намгүй болж, нэг хүн өөртөө болон албан тушаалд зориулж нам байгуулж тоглохоос сэргийлнэ. УИХ-д сонгогдсон хойноо ямар нэгэн эрх ашгийн төлөө намаа сольдог гаж үзэгдэл алга болно.
-Сул тал нь?
-Аливаа юм хоёр талтай л байдаг. Пропорционалийн хувьд ч сул тал бий. Ялангуяа манайх шиг бага оврын парламентад үндсэндээ хоёр том намын тогтолцоо руу түлхэж байна гэсэн үг. Гэтэл магадгүй манайд гурав дахь хүчин үгүйлэгдэж байж болно шүү дээ. Мөн намууд нэрсийн жагсаалтаа хийхдээ тэр бүр ард олны сэтгэлд нийцэх нэрс гаргах гэдэг мөнхийн том асуудал болж байдаг.
зочин
их хурлын гишүүн