Ухаантнаас эхэлж адгийн шаараар дуусдаг шинэчлэл
Ардчиллынхнаас Баабар, МАХН-аас Н.Багабандийн жишээлэн татдаг нэг үг бий.
МАХН-ынхан хамгийн сүүлчийн их хурлаа шинэчлэлийн гэж тодотгодог. Дээрээс нь товлон зохион байгуулаагүй, ээлжит бусаар хийсэн энэ их хурлыг хуралдуулах тухай гишүүдийнх нь санаачилга, шаардлага шинэчлэлийн аястай, МАХН дотроо л багахан “хувьсгал”-ын шинжтэй байв. Энэ шинэчлэлийг хэн сэдэж, хэн хэрэгжүүлж, үр дүнг нь хэн хүртэв ээ гэдгийг С.Баярын Засгийн газрыг тойруулан тоймлож болох юм. Шинэчлэлийг эхлүүлэх гол сэдэл нь МАХН-ын ээлжит бус их хурлыг хуралдуулах явдал байлаа. Үүнийг санаачлагчид нь Онц их хурлын төлөө хөдөлгөөн, жигүүр, бусад хөдөлгөөн байж, тэднийг С.Баяр, Ё.Даш-Ёндон, Н.Багабанди, Л.Түдэв гээд энэ намын тулхтай лидерүүд ил, далдаар зөвлөн дэмжсэн билээ. Иймд эдгээр хүмүүс хийгээд МАХН доторхи хөдөлгөөнүүд бол шинэчлэлийн их хурлыг сэдсэн ухаантнууд байх эрхтэй. Тэдний сэдсэнийг эцсийн мөчид хэрэгжүүлсэн фанатууд нь Ч.Улаан тэргүүтэй “Элсний 13”-ынхан, Н.Болормаа, Д.Загджав, Э.Мөнх-Очир нарын хотын хурал дахь Ерөнхийлөгчийн бүлгийнхэн. Хэрэв ийм фанатууд байгаагүй бол өнөөдөр МАХН хуучин даргатайгаа, Монгол Улс М.Энхболд гэж Ерөнхий сайдтай 2008 онтой золгох байлаа.
Харин “хувьсгал”-ын үр дүнг хүртсэн адгийн шаарууд гэдэгт идэвхгүй сууж байгаад МАХН-ын их хурлын шууд үр дүнгээр намын болон төрийн албан тушаалд томилогдсон хүмүүсийг хэлнэ. Мэдээж бүгдээрээ биш. Ямар ч гэсэн Ерөнхий сайд С.Баяр хувьсгалыг сэдсэн ухаантнуудаасаа ганц хоёрыг, хэрэгжүүлсэн фанатуудаасаа цөөвтөрийг, адгийн шааруудаас ахиухныг албан тушаалд томиллоо. Түүнийг ийм томилгоо хийлгүүлсэн бүлэг фракц, албан тушаалтан бий нь ч үнэн юмдаг.
Гэхдээ Ерөнхий сайдын УИХ-ын чуулган дээр тунхагласан их зорилго бүхий таван төгөлдөржилтийнх нь дэргэд хэдэн адгийн шаарт түр зуурын “бялуу” хүртээх нь С.Баярт хэтэрхий жижиг байсан болов уу гэж олон хүн найдаж харж байна. МАХН-ын ээлжит бус их хурлын үр дүнг хэдхэн улстөрч биш, монголчууд нийтээрээ хүртэх тийм зорилтыг Ерөнхий сайд С.Баяр тунхагласан нь олон түмэнд ийм итгэл төрүүллээ. Эдгээр том зорилтууд нь МАХН-ын рейтингийг тогтворжуулж С.Баярыг “Шилдэг-10” улстөрчийн хоёрдугаарт жагсаалаа. Ард түмэн Ерөнхий сайдын таван төгөлдөржилтийг дэмжиж, С.Баяраас ихийг хүлээж буйгаа үүгээр илэрхийллээ.
Даврагсдад мартсан даруулгыг нь Ерөнхий сайд санууллаа. Төр төмбөгөр болохыг С.Баяр зарим хүнд мэдрүүлж байна. Олон жилийн турш хариуцлагаас тойрч дархлагдсан энэ жишгийг нэг хоёр сарын дотор эвдэж, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх нь амаргүй. Тийм учраас том зорилгоо хэрэгжүүлэх арга дээрээ алдаж буй оноог нь эрүүлээр харах нь түүний Засгийн газарт үзүүлж буй том дэмжлэг юм. “Тоглолтын цаг” хараахан дуусах болоогүй учир алдсан оноогоо нөхөх боломж С.Баярт бий. Иймд ганцхан сарын “настай” яваа Ерөнхий сайдад элдэв нэр хоч өгч, ажилласан хугацаанд нь ахадсан дүгнэлт хийх нь арай эртэднэ.
Доод албан тушаалтнууд нь ч Ерөнхий сайдынхаа зөв шийдвэр, санаачилгыг хэрэгжүүлэх арга дээрээ алдаа гаргаж эхлэв. Жишээ нь, Ерөнхий сайдын тунхагласан таван төгөлдөржилтийн нэг болох сонгуулийн хуулийн тогтолцоо унах тийшээ хандлаа. Унадаггүй юмаа гэхэд 2008 оны сонгуулийг пропорциональ хувилбараар явуулах боломжгүй болов. С.Баярын санал болгосон сонгуулийн пропорциональ тогтолцоог олон хүн дэмжиж хууль болохыг нь хүсэн хүлээж байлаа. Гэвч зөв санаачилгыг буруу аргаар хийх гэж оролдохоос болоод 2008 оны сонгууль мөнгөний хүлээсэнд баригдсан хуучин тогтолцоотойгоо үлдэв. МАХН-ын даргын санаачилсан сонгуулийн хувилбарыг яахаараа Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ын голдуу улстөрчид хууль болгохоор төсөл санаачилдаг юм, яахаараа нөгөө намынхаа даргыг эзгүйчилсэн юм шиг орлон тоглогчидтой нь зөвшилцөх гэж үзсэн юм, бүү мэд. Эдгээр нь пропорциональ хувилбарыг үгүйсгэх шалтаг төдий л байх. Одоо УИХ-д байгаа гишүүд намын листийн эхний хэсэгт бичигдэх давуу эрхтэй учраас л МАХН, АН-ын бүлэг зөвлөлүүд өргөн барьсан төслийг зуун хувь дэмжлээ. Түүнээс биш, парламентыг шууд сонгох ард түмний эрхийг нам өөртөө авсан хуулийн төсөл нь пропорциональ хувилбарыг унагаж, олон түмнээс ч дэмжлэггүй боллоо. Хэрэв анхнаасаа л сонгогч намын төлөө биш, хүний төлөө саналаа өгдөг пропорциональ хувилбарын аргыг хуульчлахаар оруулаад ирсэн бол зуун хувь дэмжээд байсан зөвлөлийн гишүүдийнхээ байр суурийг Ц.Элбэгдорж ганцаараа эргүүлж чадахгүй ч байсан байж магад. Ц.Элбэгдоржийг ядаж л иргэдийн нэрийг барьж ярих боломж, сэдэвгүй болгох байв. Гэтэл сонгогчдод биш, намд зориулсан сонгуулийн хуулийн төсөл боловсруулсан учраас С.Баярын зөв санаачилга хэрэгжүүлэх буруу аргаасаа болоод ийнхүү бүдэрлээ.
Бас ийм нэгэн буруу аргаас болоод МАХН орон нутгийн бие даасан эрх мэдэлд халдсан буруутан болов. Энэ нь хотын Засаг даргыг огцруулж чадахгүй долоо хоног сунжирч байгаа нийслэлийн ИТХ юм.
М.Энхболд МАХН-ыг ямар нэгэн хэмжээгээр дотоод ардчилалтай болгож, олон жил хараат явсан нэг хүнээс нь бага боловч салгаж чадсан гавьяатай. Тэрээр энэ гавьяандаа нэрвүүлж, хоёр өндөр албан тушаалаасаа зэрэг огцорсон гэх тайлбарт таамгаасаа үнэний хувь нь их бий. Үүнтэй адилтган хотын хурлыг харвал С.Баяр Шадар сайдаар М.Энхболдыг авч үлдсэнийхээ горыг амсч Ц.Батбаярыг Засаг даргаас огцруулж чадахгүй байгаа мэт. Дүр зураг нь ийм байж болох ч, үйл явдал нь өөр. МАХН 1990 оноос хойш бүхлээрээ хэзээ ч нэг баг байгаагүй. Одоо ч тийм. Иймд С.Баяр үнэхээр л намын дарга, Ерөнхий сайд нь үнэн юм бол хотыг, хотын намын хороог нам доторхи өөрийнхөө багийн хүнээр удирдуулах нь улстөрийн утгаар буруугүй. Зөв нь дийлнэ. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Үе үеийн намын дарга, Ерөнхий сайд нар ийм л байсан. Н.Энхбаярын үед ч, М.Энхболдын үед ч өөрийнх нь хүмүүс л нийслэлийн Засаг даргаар ажиллаж, хотын намын хороог удирдаж байсан. Энэ цаг үеэс л хотын даргыг МАХН-ын удирдах зөвлөлөөс томилж, огцруулж түүнийг нь ИТХ ёсчилдог буруу жишиг бараг хуульчлагдсан билээ. Тэгэхээр С.Баяр Шадар сайдаар М.Энхболдыг авсныхаа биш, МАХН-д олон жил уламжлагдаж ирсэн буруу жишгийн горыг хот дээр амсч байна. Хотын ИТХ-ын төлөөлөгчид Н.Энхбаяр, М.Энхболд нарын үед эрх үүргээ мартаад, С.Баярын үед гэнэт санаж эхэллээ. Хамгийн гол нь С.Баяраас өмнөх Ерөнхий сайд нарын үед Удирдах зөвлөлийн шийдвэрийг ИТХ-ын төлөөлөгчид хуульд нийцүүлэн зөв аргаар хэрэгжүүлдэг байлаа. ИТХ-ын төлөөлөгчид харин одоо бол Засаг даргыг огцруулдаг хуулийн заалтуудыг МАХН-ын удирдах зөвлөлийн шийдвэрт нийцүүлэх гэж зөрүүдэлж байгаа нь өнөөдрийн гацааг үүсгэлээ.
Монголчуудын ярьдгаар урагшгүй албат гэдэг зөвхөн ухаангүй ноёнд л байдаггүй бололтой. Эрүүл, хүсмээр санаачилгуудыг ч урагшгүй албат нар л унагадаг байна. Өөрөөр хэлбэл, ийм албатууд хувьсгалын үр дүнг нийтэд хүртээж чадалгүй замд нь ингэж унагадаг учраас л тэднийг “адгийн шаарууд” гэдэг ажээ.