С.Баяр бол 17 жилийн өмнөх коммунист намын өнөөдрийн дарга. АН мөн ийм хугацааны өмнө Монголд ардчиллыг эхлүүлсэн улс төрийн хүчин. МАХН зүүний, АН барууны гэх боловч сонгуулийн үеэр энэ хоёр нам хоёулаа зүүнийх болдог. Засгийн газруудын “төрсөн өдөр” тохиож бялуу хуваах болохоор МАХН, АН хоёр нэг нам болох нь ч бий. Гэхдээ л аль аль нь ардчилалд үнэнч гэх үгэн тангараг, үзэл баримтлалтай.
 Улс орнууд уул уурхайн салбарыг бодлогын төвшинд анхаач,  манай улсын байгалийн баялагт хяналтаа тогтоох их гүрнүүдийн сонирхол идэвхжлээ. Монгол Улс ингэж мөнгөтэйн зовлонг үзэж эхлэв. Иймд Тавантолгойн ордыг зуун хувь төрийн мэдэлд авах дээр МАХН, АН-ын эвсэл бүхий эрх баригчид санал нэгдлээ. Уг нь тус ордын 14 хувийг “Энержи ресурс” компани буюу монголчууд эзэмшдэг. Хувийн хэвшлийнхэн ингэж төрийн өмнө хүчгүйн зовлонг амслаа. Энэ үйл явдлаар  коммунизмыг МАХН-аас биш, АН-аас санагалзав. Тавантолгойн ордыг төрийн мэдэлд буцаах дээр МАХН, АН хоёр санал нэгдсэн ч, “Энержи ресурс” компаниас 14 хувийг төрд хэрхэн  авах аргачлал өөр өөр байгаа нь ийм дүгнэлт хийхэд хүргэв. Тавантолгойн ордыг төр зуун хувь мэдэлдээ авах нь зөв буруугийн тухай биш, хувийн өмчид байгаа 14 хувийг төрд авах аргын тухайд харьцууллаа.  

Баримт 1. МАХН-ын дарга С.Баяр Ерөнхий сайд болсноосоо хойш  тав хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 27-нд “Энержи ресурс компанийнхантай уулзав. Тэрээр Тавантолгойн ордыг яаралтай ашиглаж эхлэх шаардлагатай байгаа талаар Засгийн газрынхаа байр суурийг илэрхийлэв. Мөн уг ордыг хэн ч сонирхохгүй, баялаг нь үнэгүй байх үед лицензийг нь авч, ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн дотоодын хөрөнгө оруулагчдын гавьяаг үнэлэхээ ч мартсангүй. Эцэст нь тус компанийн эзэмшлийн 14 хувийг төр мэдэлдээ авах, нөхөн төлбөр төлөх маягаар цаашид харилцан зөвшилцөх саналтай байгаагаа илэрхийллээ.   

Баримт 2. Ашигт малтмалын тухай хуульд “улсын төсвөөр нөөцийг нь тогтооосон орд”, “стратегийн ач холбогдол бүхий орд” гэсэн хоёр ойлголт бий. Эхнийхэд 51 хувь хүртэл, хоёр дахь төрлийн ордод 34 хүртэл хувиар төр оролцож болох тухай хуульчилсан. УИХ дахь АН-ын голдуу гишүүд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан дээрх ордуудад байх төрийн оролцоог нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачилжээ. УИХ-ын даргад хараахан өргөн  бариагүй байгаа уг төсөл одоогоор “УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр” гэсэн гарын үсэгтэйгээр түүний цүнхэнд явж байна. Энэ төслөөр бол улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтооосон ордын 51-ээс доошгүй, стратегийн ач холбогдол бүхий ордын 34-өөс доошгүй хувийг төр эзэмших юм байна.

51 ба 34-өөс дээш хэд ч байж болно гэсэн үг. Тавантолгойн орд бол улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд. Иймд 51 хувиас дээш гэж хуульчилбал ”Энержи ресурс”-ын эзэмшлийн 14 хувийг төрд авах боломж бүрдэж байгаа юм байна. Манайд ерөнхийдөө МАХН ба бусад нам гэсэн ангилал бий. МАХН-ыг хуучин коммунистууд, бусад намыг ардчиллагчид гэдэг. Энэ утгаараа, бас АН-ын дэд дарга явсан гэдгээрээ ч ардчиллын төлөөлөл гэж болох Ард түмний намын дарга Л.Гүндалай бас л хуулийн төсөл санаачилжээ. Түүний төслөөр бол улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг тогтоосон ордын 100, стратегийн ач холбогдол бүхий ордын 51 хувийг төр эзэмших юм байна. Л.Гүндалай гишүүн  энэ төслөө УИХ-д өргөн барьжээ.

Ардчилал ба коммунизмын ялгаа. Ардчилсан нийгэмд хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөг. Коммунист нийгэмд улсын ба нийтийн өмч л байдаг. Улсын /төрийн/ өмч нь хамгийн ашиггүй хэлбэр төдийгүй ард түмнийх нэрээр эрхтэн дархтнуудын л өмч, бизнес болдог. Яг л “Эрдэнэт” үйлдвэр шиг улстөрчдийн л шахааны газар болдог.  Ардчилал, чөлөөт нийгэм, хувийн өмч бол нэг тулгын гурван чулуу юм. Чөлөөт нийгэмгүй, хувийн өмчгүй ардчилал гэсэн ойлголт байхгүй. Хувийн өмчгүй чөлөөт нийгэм гэж бүр байдаггүй. Зарим эдийн засагч хувийн өмч бол  нийгмийн үндэс суурь төдийгүй, хүний эрхээс ч дээгүүрт тавигдах ёстой ойлголт гэж үздэг байна. Адам Смит “ямар нэгэн амьтан өөрийн дохио зангаагаар, эсвэл байгалийн зөнгөөрөө энэ минийх, тэр чинийх гэж байхыг хэн ч хараагүй” гэж бичжээ.

Энэ нь хувийн өмч бол  хүн төрөлхтөнийг дэлхий дээрх бусад амьтнаас ялгаж  байдаг гэсэн үг юм. Төр хэчнээн их өмчтэй байсан ч хоноцын л сэтгэлгээтэй. Харин хувийн өмчтөнгүүд ирээдүйд их орлого олж, эдийн засгийн бие даасан байдлаа удаан хадгалхыг хүсдэг эзний сэтгэлгээтэй. Тийм ч учраас хувийн өмчийн нийгмийн  үр ашиг нь эзэндээ  авчирч байгаа үр ашгаас хамаагүй илүү. Тодруулбал, өмчийн эзэн нэг хүн баяжихад  атаархаж сууснаас түүний өмчийн үр дүнг ард нийтээрээ хүртэх нь хамаагүй дээр. Хувийн өмч бол зөвхөн түүнийг эзэмшигчдэд л ашиг тустай эд биш. Хувийн өмч бол бизнес эрхлэгчдийг илүү хөдөлмөрлөж, хөрөнгө оруулалт хийх урам зоригийг төрүүлж байдгаараа улс орны эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болдог.

Үүний баталгаа бол манай улсын төсвийн 80-аас илүү хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байгаа явдал. Хүний зарцуулсан хөдөлмөр, хөлс хүч, цаг, хугацаа, авьяас чадварын шууд  үр дүн болох хувийн өмчид хэн ч халдах эрхгүй.  Энэ бол 1992 оны Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан сонголт, коммунизмаас ялгарах давуу тал билээ. Тийм учраас хувийн өмчийг төрд авах тухай ойлголт байдаггүй. Хэрэв тэгвэл коммуниз болохын нэг шинж. Харин хувь хүн, аж ахуйн нэгжүүд хувийн өмчөө төрд шилжүүлэх тухай тохиолдол байж болно.

С.Баяр ба Н.Батбаяр, Л.Гүндалай нарын ялгаа. Тавантолгойн ордын 14 хувь бол “Энержи ресус” компанийн эзэмшлийнх. Тус компанийн лицензийг нь эзэмшдэг ч, баялаг нь Үндсэн хуулиар ард түмнийх. Гэхдээ лицензийг нь хуулийн дагуу авч  эзэмшин хөрөнгө оруулалт хийсэн учраас уг ордын 14 хувь бол тус компанийн  хувийн өмч юм. Тийм учраас энэхүү хувийн өмчийг л төрд авахад Ерөнхий сайд С.Баярын уулзалт ч, Н.Батбаяр, Л.Гүндалай нарын санаачилсан хуулийн төсөл зориулагджээ. Ерөнхий сайд С.Баярын уулзалтыг “Энержи ресурс” компаниар 14 хувиа төрд өгүүлэх үйлдэл гэж ойлгож болмоор.

Өөрөөр хэлбэл, МАХН арван сайдаараа өргөдөл өгүүлж Ц.Элбэгдоржийн, М.Энхболдоор өргөдлийг нь бичүүлж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг огцруулж байсан арвин туршлагатай нам. Үүнтэйгээ адил “Энержи ресус” компанийг 14 хувиа өөрсдөөр нь  төрд өгүүлэх эхний алхмыг хийлээ гэж ардчилалд үнэнч хүмүүс харж найдаж байна. Энэ нь төр, “Энержи ресурс” компани хоёр харилцан зөвшилцөж шийдвэр гаргах эрхийг хувийн өмчийн эзэнд олгож байна гэсэн үг юм. Хувийн өмчийг дээдэлсэн ардчилсан нийгмийн шинжээ хадгалж үлдэх зөв гарцад хамгийн дөхсөн арга нь энэ юм. Харин Н.Батбаяр, Л.Гүндалай нарын арга бол шуудхан хэлэхэд хуулийн дарагуйлал. Хувийн өмчийг хуулийн хүчээр хурааж авах нь 1930-аад оны нийгэмчлэлээс огт ялгаагүй. Ардчилсан нийгэмд хувийн өмчид төрийн нэрээр /хуулийн хүчээр/ халдахыг  дээрэм гэж үздэг байна. Энэ нь хуулийн нэрэн дор хийдгээрээ жирийн хулгайг, дээрмээс ялгаатай ажээ.

Ийнхүү Тавантолгойн 14 хувь нь зөвхөн лиценз буцаах төдий биш, хувийн өмчид суурилсан Монголын ардчилалд тулгарсан сорилт боллоо. Аливаа хувьсгалд 15 жилийн дараа засвар ордог л гээд байсан. Харин түүнийг хийсэн улстөрчдийн үзэл бодолд засвар ордог юм