Дөч давсан хэмийн халуунд хөглөрөн нозоорох Энэтхэг орон халуун там мэт. Нөгөө үлгэр туульс, дуу, шүлэг, уран зохиолд дүрслэгдээд байдаг ариун Жагарын талаарх бидний ойлголт ангид аж. Тэр хот, суурин, тосгод нь навсархай, балархай, эмх цэгц гэж үгүй. Орчноор нэг зүс гундуу, бие хатангир хүмүүс, мал амьтан, машин техниктэйгээ холилдон зүг чиггүй язганах. Амьсгалах агаар нь хүртэл шал өмхий, олны хөлөөр босох тоос шороо, хир буртаг, хүн малын ялгадасны тамтаггүй үнэр дотор муухайруулж, давчдуулсан юутай бохир. Зүйрлэвээс Энэтхэг орон уранхай ноолорхой хувцастай, өлөн зэлмэн, ногоон жур зам татуулсан баахан хүүхэд, нялхаст даруулаад, үүд хоймор нь үл ялгагдах, эзэн, эзэгтэй нь арчаагүй, ажилгүй зутранги , амьжиргаа дорой айл мэт ээ. Харахаас нүд далдирч, харц буруулам эрэмдэг зэрэмдэг гуйлагчин түүлэгчид хаана ч явсан сүг сүүдэр мэт энд тэндээс гарч ирэн дагаад, юм шалж нэхээд үл салах нь зовлонтой. Амьсгалах агаар, уух ус, идэх хоол, сэрүүцүүлэх ундаа нь хүртэл халуунаар хачирлагдсан Энэтхэг ороон гэж.

Тэрбум хүний бохир, нас барагсдын чандраар урсах Ганга мөрөн, ядуу, баяны ялгаа, гэмт хэрэг, бохир завааны туйл болсон энэ улсыг яагаад бид ариун дагшин хэмээн нэрлэдгийн учир үл ойлгогдоно. Бурхан мэндэлсэн “ариун” Жагарын орны тухай өөрт төрсөн сэтгэгдлийг ийн оршил болгоод үргэлжлийг хожим өгүүлэхээр хойш тавихын учир бий. Бид Дарамсалаг зорин урт бөгөөд зүдэргээтэй замыг эвхэн довтолгоно.

...Дээр хөхрөгч хязгааргүйд умбан үүлс, манангийн чөлөө, завсраар үе үе тэргүүн нь цавцайн тодрох Хималайн салбар уулсаас цэцэг, навчсын үнэрээр сэрүү татуулан сэнгэнэх жинхэнэ зэрлэг агаар. Ийм тунгалаг агаар гэж бас байдаг аа. Сэр, сэр салхитай сэрүүн Бумбын, бур, бур салхитай бурхан Бумбын орон гэдэг энэ үү.

Хойд Энэтхэгийн Дарамсалад суурьшаад 54 жил болж буй ХV Далай лам Данзанжамц тэргүүтэй төвд үндэстний амьдрал дунд гурав хонолоо. Делигээс 500 гаруй км- т, далайн түвшнээс дээш 1800 метрт орших уулын бүсийг 1959 онд Төвдийн дүрвэгсдэд Энэтхэгийн Засгийн газар 99 жилийн хугацаагаар түрээсэлсэн юм билээ. Их Британийн цэргийн хуаран байсан зэлүүд газрыг төвдүүд хагас зуун жилийн дотор гайхалтай өөрчилжээ. Битүү ой, хөвч бүхий сүрлэг уулсын онгон төрхийг алдагдуулахгүйгээр үндэснийхээ онцлог шингэсэн хийцтэй байшин барилга, сүм дуган, зам гүүр, дэд бүтэц бүхий ямар гоёмсог хотыг тэд цогцлоогоо вэ. Дарамсалаг тэнгэрийн хот гэлтэй. Өглөө эрт буурчын газраас гарахуйд тээр дор үүлс нүүж, моддын үзүүр өлмий шүргэн сэрвэлзэнэ. Өндөр уулсын бэлээс хэжин оройд хүрсэн цардмал замаар өгсөж, уруудах бүрийд над шиг өндрөөс айдаг өвчинтэй хүн зүрх алдан, хөл чичрэх. Техник гарч үл чадах ууланд орчин үеийн хот бий болгосон төвдүүдээс тал дээр хотоо байгуулж чадахгүй шавааралдуулж суугаа бидэнд сурах зүйл бишгүй юм аа. Төв Энэтхэгийн замбараагүй заваанаас төрсөн таагүй бодол сэтгэгдэл, урт аяны алжаал, ядаргаа энд эрхгүй мартагдаж, бодол санаа цэгцрэх нь гайхалтай. Бидний аялалын гол зорилго Дээрхийн гэгээнтэнд бараалхаж ярилцлага авахад байлаа. Бурханы шашинг шүтээд сүйд болдоггүй ч би Далай лам Данзанжамц гэдэг хувь хүнийг хүн төрөлхтний түүхэнд төрсөн гайхамшигтай, ер бусын суу билэгт нэгэн гэдгээр нь хайрлан хүндэлж, биширч , бурханы шашныг бус гэгээнтэнг шүтэж явдаг гэвэл магадгүй үнэнд арай ойрхон буй за. Тиймээс дэлхий дахинаа алдаршин хайрлан хүндлэгдсэн, энэрэн нигүүлсэхийн далай, төгс гэгээрсэн энэ их эрхэмтэй нүүр тулан учраад зогсохгүй үг, айлдварыг нь сонсож, ярилцах гэдэг тэнгэрийн доорхийг атгасантай адил агаад хэзээ ч үл мартагдах нэр төрийн хэрэг байлаа. Бид Монголоос 18-уулаа очсон. Замын туршид жаахан “ хайрцаглагдсан” удирдамжийг энэ аялалыг зохион байгуулагч “Дилав хутагт сан”-гийн эрхмүүдийн зүгээс бидэнд сануулж явлаа. Далай багшид улстөртэй холбоотой асуулт тавьж болохгүй ээ гэж. Хэрэв ийм асуулт тавьбал гэгээнтэнд таатай байдаггүй буюу ярилцлагаа ямар нэгэн байдлаар дуусгахын мөр болдог хэмээн зарим нэг жишээ татан ухуулахыг нь үл тоож байснаа нуух юун. Тэгээд бидний ярилцах сэдэв цэвэр шашин номын шинжтэй байх юм гэнэ. Уг нь хүн төрөлхтөнд хамгийн нөлөөтэй 100 эрхмийн нэгээр тодорсон, аливаа шашинг дага, шүт гэхээсээ илүү хайрлан энэрэх, нигүүлсэхийн мөн чанар, бидний амьдралын зорилго, утга учир, хүн байхын талаар айлдвараа айлддаг, шинжлэх ухаанч, энх тайвны зүтгэлтэн , магадгүй энэ дэлхий дээр хамгийн их зовлон үзэж яваа хүн гэдгээр нь Далай ламтай маш сонирхолтой, уйдамгүй сэдвээр ярилцаж болох байсан юм. Нэгэнт ганцаараа бус багаар яваа хойно миний мөрөөдөл очоод нурсан. Асуух гэж ам загатнуулаад байсан бүхнээ нийтийн эрх ашгийн төлөөнөө залгисан. Асуух тийм боломжгүйгээр зохион байгуулалтаа урьд орой нь хамтдаа хийцгээж , нэг сэтгүүлчид нэг асуулт хуваарилцгаалаа. Хоёр цаг үргэлжилсэн ярилцлагынхаа дараа бүгд машид хөхүүнээр бие биедээ баяр хүргэцгээж байхдаа ч миний хувьд сэтгэл дундуур байснаа өгүүлэх байна. Гэхдээ Далай гэгээнтэнтэй хийсэн уулзалт ярилцлага дан ганц сэдвээр хэдий ч гүн бишрэл хүндэтгэл, бахдал төрүүлэм болсоон. Уг хүний төрх байдал, гайхалтай өргөн ухаан, энгийн атлаа ойлгомжтой яриа, ер бусын инээмсэглэл, хөнгөн ёжлол, шооч алиа зан, басхүү гуниглал нь ховсдох лугаа сэтгэлд гэгээ татуулан, бодолд оч харвуулах ажгуу.

...Өглөө 11 цагт бид Дилав хутагтын буудалсан буудалд ирж хагас цаг ярилцаад Дээрхийн гэгээнтний өргөөг зорьлоо. Аль нэг улсын хил гаалиар орох мэт нарийн шалгуулаад дотогш нэвтрэх аж. Гэгээнтний уулзалтын өргөө нь энгийн агаад цэлгэр юм. Бүх цонхыг нь дэлгэн нээсэн болохоор удаан суухад жиндэх аястай. Диваажин л ийм байдаг болов уу, гэмээр тэр байгаль орчны зохилдлого энэ тэр янзтай. Далай гэгээнтний амь насанд халдах оролдлого нэг бус удаа гарч байсан юм билээ. Хамгийн сүүлд гэхэд 2011 онд Бангалорт мөргөлчидтэй уулзахад хоёр эмэгтэй мөргөлчин үсэндээ хор шингээж нэвтрэх гээд баригдсаныг сонслоо. Тэд нэвтэрсэн хойноо гараа норгон хортой үсэндээ хүргээд Далай багшийн мутарт наах зорилготой байж. Энэ явдлаас хойш аюулгүй байдлыг сахин хамгаалдаг албаныхан Далай багшийг мөргөлчидтэй гар барихыг нь болиулсан гэх. Хүн бүр л дотроо энэ эрхэм хүний мутарт хүрч, зураг татуулахыг ихэд хүсэж байсан хойно бас нэгэн зорилго нурав аа хэмээн бодоход хүрлээ.

Яг нэг цагт Дээрхийн гэгээнтэн ХV Далай лам Данзанжамц бидний суугаа уулзалтын өргөөндөө морилов. Өдгөө 78 насыг зооглож байгаа гэгээнтэн гэрэл цацруулах мэт инээмсэглэх нь танил агаад дотно...

Тэрбээр лавдангаа зүглэсэнгүй, хөнгөн алхлан шууд бидэн рүү зүглэхдээ бүгдийг дотночлон  харж хо, хо, хо... хэмээн хөхөрч байна. Тэр ийн хөхөрдөг аж. Манай багийг ахалж явсан Монгол Улсын СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар гуайн төрх байдал Далай гэгээнтэнд ер бусын санагдсан бололтой. Аанай л хо,хо хөхөрсөөр дөхөж Хүрлээ ахын соёо сахлыг барьж, тэврэн, гавьяатынх нь тэмдгийг хүртэл имэрч үзэх нь саваагүй хүүхэд мэт. Эндээс эхлээд төлөвлөсөн дэг өөрчлөгдөн Далай багш бидний хүн нэг бүртэй золгон гар барьж, адис жанлаваа хайрлав аа.

Дэлхийн улс гүрний тэргүүнүүд, шинжлэх ухааны сод эрдэмтэн мэргэд, нийгэм соёлын зүтгэлтнүүд, олны танил эрхмүүд энэ хүнийг хүндлэн урьж залан, хар, шар, цагаан хамаг арьстан, түмэн хэлийн хүмүүс айлдварыг нь сонсохыг хүсэн биширч, бүчин шавдаг нь аргагүй ажээ. Гэгээрэлд хүрсэн хүн л ийм болдог байх. Гайхамшигтай хүн. Түүний харц нь бүр ч онцгой  юм. Ямар их итгэл, урам зориг, үнэн шударга, цэвэр ариуныг илтгэнэ вэ?

Далай багш шашин гэхээсээ илүү хүмүүний ёс суртахууны талаар ярьж байна. Монголд Бурханы шашин яагаад хүндгүй байгааг, яагаад хуврагууд хүмүүсийн сэтгэл, бишрэл, хүндлэлийг хүлээж чадахгүй болсны учир шалтгаан түүний айлдварыг сонсохуй дор тодорхой ойлгогдов. Далай ламын сэтгэл бурханы шашин жинхэнэ мөн чанараасаа гажин гүрэм засал, хурал ном төдийгөөр хүмүүст төсөөлөгдөн, манай лам хуврагууд ч өөрсдөө ийм маягаар явцуу ойлгодогт ихэд чилдэг юм билээ. Яг үнэндээ манай одоогийн лам нар лам шиг байж, шашин нь ч шашин шиг байж чаддаггүй юм уу даа. Хэд хэдэн удаа Далай гэгээнтэн Монголын хуврагуудыг хатуухан шүүмжилсэн нь учиртай. Бидний олонх мухар сүсэгтнүүд болохоос мөн чанарыг нь ухаж ухаарсан нэгэн тун ховорхон. Үнэнийг хэлэхэд Монголд бурханы шашин жинхэнэ дэг жаягаараа хөгжихгүй байна. Шашин номд тустай бол 1000 хувилгаан ч ихэддэггүй, шашин номд тусгүй болвоос ганц хувилгаан ч ихэддэг хэмээн гэгээнтэн айлдана билээ.

“Өнөөдөр зөв явдал мөр, энэрэн нигүүлсэл болон бусдад туслах тусч сайхан сэтгэлд хүмүүс анхаарлаа хандуулах нь багасч байна. Мөн шашин хоорондын эв зохицол маш чухал байгаа тул энэ тал дээр сэтгүүлч та нөхөд анхаарлаа хандуулах хэрэгтэй” хэмээн бидэнд хандсан Далай ламын айлдварыг мэргэжил нэгтнүүддээ хүргэх байна.

Тэрбээр “Би сэтгүүлч нарт заан шиг урт хошуутай байх хэрэгтэй шүү гэж хэлдэг. Та нар бодит үнэн хаана байна тэр бүгдийг үнэртэх адил эрж олоод ард түмэнд мэдэгддэг байх хэрэгтэй гэж хэлдэг. Сэтгүүлч хүн шудрага байр сууринаас, аль нэгэн талд туйлшралгүй бодит байдал сайн байсан ч, муу байсан ч тэр бүгдийг үнэн зөвөөр нь ард түмэнд таниулах нь чухал юм шүү”гэсэн юм. Далай ламтай хийсэн ярилцлагыг товчлон дор сийрүүллээ.

-Таны айлдварын дунд шашнаас ангид ёс суртахууны талаар их гарах юм. Тэ дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

-Саяхан би мэдээнээс дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байгаагийн нэг тэрбум нь огт шашин шүтдэггүй гэсэн судалгааг олж харлаа. Хэрэв Бурхан багш энэ цаг үед морилсон бол “шашнаас ангид ёс суртахуун”-ыг зайлшгүй номлох байсан. Барууны орны зарим нэгэн шашны хүмүүс “шашнаас ангид” гэдгийг шашинд хүндэтгэлгүй хандаж байна гэсэн байр сууринаас хүлээн авч байгаа бол “шашнаас ангид” гэх энэ нэр томьёо Энэтхэгт одоогоос 3000 гаруй жилийн өмнө хэрэглэгдэж эхэлсэн юм. Энэтхэгт “secular” гэдэг үгийг бүх шашинд хүндэтгэлтэйгээр хандаж буй байдлаар хүлээн авдаг. Бүр шашин шүтдэггүй хүмүүст ч хүндэтгэлтэй хандсан ойлголт байдаг. Манай дэлхий дээр үүсээд буй асуудал бэрхшээлийн ихэнх нь зөв явдал мөр, сайхан сэтгэл, шудрага байдал дутагдсанаас үүсч байна. Худал хуурмаг, омог бардам, шудрага бус байдал маш их асуудал, бэрхшээлийг үүсгэж байна. Ямар нэгэн шашин шүтэж байгаа тохиолдолд тухайн шашин нь энэ бүгдийг хийж болохгүй гэж хорьсон байдаг. Харин шашин шүтдэггүй хүн “би худлаа хэлсэн ч болно, надад л ашиг гарч байвал үүнийг хийсэн ч яахав” гэж боддог. Тэр бүү хэл хутагт хувилгааны нэр зүүсэн хэрнээ худлаа хэлж, бусдыг хууран мэхлэж, хууль бус арга хэрэглэж байгаа хүн байна шүү дээ. Энэ нь өөрийн шашин, сургаал номлолдоо үнэн сэтгэлээсээ итгэл үнэмшил байхгүйн шинж юм.

Харин зөв явдал мөр, сайхан сэтгэл, шудрага байдал нь улс оронд, ард түмэнд, гэр бүлд, хувь хүнд тус болно. Энэ талаар нарийн ойлголт өгөх хэрэгтэй. Үүнийг ямар нэгэн шашинтай холбон тайлбарлавал шашин шүтдэггүй хүнд төдийлөн үр дүн гарахгүй. Тийм учраас энэ ойлголтыг шашнаас салгаж зөв явдал мөрөөр явах хэрэгтэй шүү, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй шүү гэх зэргийг ойлгуулах хэрэгтэй. Өнөөдөр шинжлэх ухааны, ялангуяа анагаах ухааны олон эрдэмтэд судалгаа хийсэн байгаа. Худал их хэлдэг хүнд стресс их үүсдэг, амин хувиа их хичээдэг хүнд цусны даралт ихсэх өвчин үүсдэг, мөн уур хилэн ихтэй хүний дархлааны систем доройтдог гэсэн судалгаа гаргасан юм. Тийм учраас шашны талаас бус өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, гэр бүлийнхээ төлөө худлаа хэлж болохгүй юм шүү гэж ойлгуулах хэрэгтэй. Ялангуяа шинжлэх ухааны судалгааг баримт болгон зайлшгүй шашнаар дамжуулалгүй энэ талын ойлголтыг бусдад суулгах хэрэгтэй. Үүнийг шашнаас ангид ёс суртахуун гэж нэрлэдэг.

-Төвд болон Таны талаар бид гайгүй сайн мэддэг гэж боддог байсан. Энэ   аялалын дараа тун бага мэддэг гэдгээ ойлголоо.

-Ерөнхийдөө бидний амьдрал гайгүй сайн гэж бодож байгаа. Олон жилийн турш цагаач бидэнтэй сэтгэл зүрхээрээ нэгдэн тууштай бидэнд туслаж ирсэн хүмүүс олон байдаг. Тэд биднийг “дэлхий дээрх хамгийн амжилттай дүрвэгсэдийн нийгэм” гэж дүгнэдэг. Энд Дарамсала хотын амьдралтай танилцсан төдийгөөр цагаач төвдүүдийн амьдралыг бүрэн дүүрэн мэдэх боломжгүй. Тийм учраас та нарын зарим нь өмнөд Энэтхэг дэх Төвдийн томоохон сүм хийдүүд, ялангуяа монгол лам хуврагуудын ном үзэн суралцаж байгаа хийдүүдээр аялан нэвтрүүлэг хийвэл сайн. Тэдний амьдрал ямаршуу байна, тэд үнэхээр ном үзэж суралцаж байна уу эсвэл зөвхөн гүрэм засал хийгээд сууж байна уу, гүн гүнзгий сургаал номлолд хэрхэн суралцаж байгаа талаар мэдэх хэрэгтэй. Орчин үеийн боловсролыг бид хэрхэн эзэмшиж байгааг Энэтхэгийн Варанас хот дахь Төвд судлалын их сургуульд очиж үзэж нэвтрүүлэг хийвэл сайн байна. Ингээд эртнээс нааш олон зуун жилийн турш уламжлагдаж ирсэн уламжлалт сургалтаа болон орчин үеийн мэдлэг боловсролыг хэрхэн олж авч байгаа талаар үзэж танилцаарай.

-Шинэ зуун гарснаар Монголоос арав гаруй хувилгаан тодорлоо. Хувилгаадын талаар ямар бодлого барьвал зохимжтой вэ?
-Хутагт хувилгаадад шашин болон амьтанд тус болж чадна гэсэн баталгаа хэрэгтэй гэж XIX зуунд Төвдийн нэгэн хувилгаан хэлсэн байдаг. Шашин хийгээд амьтанд тус болж чадаж байвал хэчнээн их байх тусмаа сайн бөгөөд хэрэв ийм үйл хэргийг хийж чадахгүй бол байхгүй байсан нь дээр гэж би боддог. Тийм учраас хутагт хувилгаад номд шамдан суралцах нь маш чухал байна.

-IX Богд гэгээнтэй Та их ойр холбоотой байсан. Гэгээнтний талаар дурсамжаа хуваалцана уу?

-IX Жавзундамба хутагтыг би маш багаасаа мэддэг байсан. Намайг бага байх үеэс л түүнийг Жавзундамба хутагтын хойд дүр гэж ярьцгаадаг байсан юм. Намайг 12 настай байх үед тэрбээр 15 орчим настай байж. Бид ийм багаасаа бие биенээ мэддэг байлаа. Монгол оронд бурханы шашин дэлгэрэхийн төлөө санаа зовнин, агуу их ерөөл тавьж явсан хүн. Хожим нас сүүдэр маш өндөр болсон хойноо надад нэгэн захидал явуулсан байсан. Тэрхүү захидалдаа нас өндөр болсон тухайгаа, хэзээ, хаана насан эцэслэхээ асуусан байлаа. Би тэр үед “Та Монголд таалал төгсвөл сайн бөгөөд одоо жилийн төгсгөл болж байгаа тул ирэх жилийн эхээр байвал сайн байна” гэж хариу өгсөн. Төдөлгүй тэрбээр нирваан дүрийг үзүүлсэн бөгөөд тэр нь миний хэлсэнтэй яв цав таарсан юм. Энэ үйл явцыг гаднаас харвал Жавзундамба хутагт робот мэт, түүнийг Дарамсалагаас удирдсан мэт байдаг /инээв/. Хожим намайг насан эцэслэх үед хэн намайг удирдах бол доо /инээв/.

-Танд бурханы шашны сургаал номлолд итгэл алдрах үе гарч байсан уу. Хэрвээ байсан бол тэр үед ямар шийдэлд хүрч байсан бэ?
-Нэг зүйлийг онцлоход би дэлхий дээр бурханы шашныг дэлгэрүүлээгүй шүү. Би өөр өөрдсийн шашнаа шүтэх нь зүйтэй гэж хэлдэг. Бурханы шашны талаар үнэн зөв ойлголттой болоод ирэх үед энэ шашинд эргэлзэх зүйл гарахгүй. Учир нь бурханы шашинд бүх сургаал номлолыг учир шалтгааны үүднээс нотлон тайлбарладаг. Учир шалтгаан нь буруу бол Бурхан багш айлдсан байсан ч бид дагах шаардлага байхгүй. Жишээлбэл, би Сүмбэр уул гэдгийг хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй. Ингэснээрээ би бурханы шашинтан биш болчихгүй. Богд Зонхов “Учир шалтгааны ухаантай харшлах аваас номлогч тэрбээр шалгарсан дээд төрөлхтөн нэгэн бус болой” хэмээн айлдсан байгаа. Тийм учраас надад бурханы шашинд эргэлзэх шалтгаан нэгээхэн ч байхгүй ээ. Харин бурханы шашны талаар ойлголт муутай байвал асуудал өөр байх болно. Жишээлбэл Хятадын шоронд хоригдож байсан төвд лам хуврагуудад шоронгийн харгалзагч нар хоол унд өгөхгүй их зовоодог байсан бөгөөд “Та нарт бид нар хоол унд өгөхгүй, танай бурхан чинь та нарт хоол өгөх байлгүй” хэмээн тавлаж байсан гэдэг. Ийм нөхцөл байдал Монголд ч гэсэн гарч байсан биз. Бурханы шашны талаар төдийлөн ойлголт муутай хүн байвал энэ үед нээрээ юу ч билээ дээ гэж бодож магадгүй. Ойлголт муутай хүн бурхан аврана гэхээр шууд татаад авчих мэт боддог ба ингэхгүй үед үнэхээр бурхан чухам дээр байгаа юм уу үгүй юм уу, би бишгүй их аврал айлтгалаа, надад нэг ч тус гарсангүй гэх эргэлзээ тэдэнд төрөх болно.

-Таны хойд дүр хаана төрөх бол. Мөн Таны дээд удмыг монгол хүн байсан гэж сонссон.
-Хойд дүрийн хувьд бол ямар нэгэн улс үндэстний ялгаа гэж байхгүй. Хойд дүр хаана төрөхийг би шийдэж чадахгүй. Шийдэж чадах байсан ч одоо арай эрт байна. Хоёр жилийн өмнө Америкт нэгэн сэтгүүлч надаас мөн л хойд дүрийн талаар асуусан юм. Тэр үед би нүдний шилээ аваад “Миний нүүр царайг хар даа. Хойд дүрийн талаар ярихад арай эрт байгаа юм биш үү” гэж хэлж байсан юм. Төвдийн томоохон хутагт хувилгаад ойр ойрхон цуглаж хурал хийдэг. Тэр хурал дээр Далай ламын хойд дүрийн талаар хэд хэдэн удаа яригдаж байсан. Хоёр жилийн өмнө болсон хурал дээр “Далай ламыг 90 насыг зооглох үед хойд дүрийн талаар тодорхой шийдэлд хүрнэ” гэсэн шийдвэр гаргасан байгаа.

-Шинэ мянганд монголчуудын бурханы шашныг шүтэх чиг хандлага ямар байвал зохистой вэ?

-Хамгийн гол нь ард түмэнд бурханы шашны талаар зөв ойлголт өгөх нь их чухал байна. Бурханы шашин гэхээр ихэнх хүмүүс хурал ном хурах төдийхнөөр ойлгож байна. Бурханы шашин гэдэг нь өөрийн дотоод сэтгэлээ засахыг хэлдэг. Тийм учраас бурханы шашны талаар суралцах нь маш чухал ба үүнийгээ дагаад бурханы шашны талаарх зөв ойлголтыг таниулан тайлбарлах нь үнэхээр чухал байна.

-Та өнөөдөр Монголын сүсэгтэн олондоо хандан сургаалиа айлдахгүй юу?

-Миний бичсэн олон ном байгаа. Зарим нь англи хэл дээр, зарим нь төвд хэл дээр бий. Тэдгээрийг монгол хэл дээр орчуулан гаргавал сайнсан. Мэдээллийн сувгуудаар миний хэлсэн зүйлүүдийг гаргаж болж байвал гаргаад хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцож байвал сайн байна. Шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзсан уулзалт дээр хэлсэн миний үгийг та нар сонирхон судлаж, ярилцаж хэлэлцэж байвал тус болох болов уу гэж бодож байна. Мөн шашин шүтдэг ба шүтдэггүй ямар ч хүнд хэрэг болох миний байнга хэлж байдаг зөв явдал, сайхан сэтгэл гэх мэтийн талаар хэлэлцүүлэг явуулбал сайн байна.


Тэрбээр ийн ярилцахдаа хэлмэрч бидний асуултыг орчуулах зуурт хүн бүрийг нүдээ жонийлгон ихэд тогтоож буй мэт харах юм. Ярихдаа намуухан, үе үе англи үг хэллэг оруулан үг өгүүлбэрийг тод ойлгомжтой дуудна. Гарын хөдөлгөөн дадал болсон агаад баруун гарын долоовор хуруугаараа занган, агаарт дохиж, зурах аж. Төвдүүд Далай гэгээнтнээс хойш хэрхэх бол гэсэн бодол яагаад ч юм үл сална.