АР ҮЗЭГДЭЛ ХЭМЭЭГЧ
"Болсон явдал" хийгээд "Роман" тодорхой хэмжээнд салаад биеэ даасан тус тусдаа өөр өөрийн үүрэг гүйцэтгэдэг, ойлголт болчихсон. Бүр мөсөн биш юмаа гэхэд урьдынх шигээ нарийн нягт холбоотой байхаа больчихсон.
Хятадын орчин үеийн уран зохиол” гэж хичээлийг удирдагч багш, яруу найрагч Хайрхан доктор ордог байв. Гурван цагаар долоо хоногт хоёр удаа. Хайрхан багш дэгжин гэж жигтэйхэн. Хичээлийн цагаас хоцорно гэдэг ховор. Чих давсан үс нь сор гүйцсэн үнэг, сорлосон булга шиг л халиурч намираад байдаг гэж ярих юм биш. Орж ирж суумагцаа л нойтон салфетка гаргаж ирээд л эхлээд ширээнийхээ тавцанг, ахин нэгийг гаргаж усны сав, номын гадар, гараа арчаад л. Тэр гараараа хувцасныхаа тоос шороог аяархан “сар сар” хйитэл гөвөөд л тэгж тэгж арай чүү нэг юм сууна даа. Анх харж байгаа хүнд төвөгтэй ч гэмээр, ухантсан. Тэгээд болоогүй өөр нэг алчуур энгэрийнхээ халааснаас гаргаж ирмэгцээ л хэд хэд сэгсэрнэ. Багшийг тэгж алчуураа гөвөхөөр цонхны наранд тоос пургина. Тэгээд тэр алчуураараа нүдний шилээ арчиж арчиж зүүнэ. Заа ингээд л номоо хөтлөөд тайлбарлаж гарна даа. Би яриаг нь анхандаа сайн ойлгодоггүй байв шүү. Багш юм ярьж байгаад л “Тийнши, тийнши л” гэж лавлаад байх. Би хажууд суугаа Улаанхадын оюутнаас “энэ багш сая юу гэчхэв” гэж шивэгнэхээр “тийм үү? Биш үү? Тийм биз?” гэсэн үгээ, чи төхөөрөхгүй байна уу гээд гайхах. Ингээд ээдрээ нэг муу юм тайлагдаад цаашаа явж байтал “Шарх сорвийн уран зохиол” гэдэг ч юм уу эс ойлгогдох зүйлс мундахгүй. Миний мэдлэг хомсын гайгаар мундахгүй ихээр гарч ирдэг ойлголтуудаас “Ар үзэгдэл” хэмээгчийн талаар бичье гэж бодлоо. Хайрхан багш ам нээх тоолондоо “Ар үзэгдэл” гэх нь халаг хүн. А л гэвэл “Ар үзэгдэл” гээд унаж байдаг гэх нь хаашаа юм. Ер нь л зохиол бүтээлд ар үзэгдэл чухал л гэж үглэх. Би тухайн үед ойлгоогүй, ойлгоё ч гэж хичээгээгүй бүр хэзээ хойно мэр сэр орчуулгатай зууралдаж эхэлснийхээ дараа учрыг ухаж, хужрыг тунгааж билээ. 背景 - bèi jǐng гэдэг үгийг үгчилж “Ар үзэгдэл” гээд байсан юм билээ. Тайз дэлгэц, гэрэл зураг, уран зураг гээд олон салбартай холбогдох үг. Уран зохиолын ар үзэгдэл гэвэл дүр, үйл явдлын объектив нөхцөл байдал, түүхэн үндэслэлийг заадаг. Уншигчдад ойр баймуужин хэмээн жишээлэн тайлбарлах гээд оролдъё. Жишээ нь : Үй Хуа: Амьдрахуй – Төмөр хайлуулах
Энэ үйл явдал “Амьдрахуй” романы монгол хэвлэлийн 89 дүгээр хуудаснаас эхэлдэг. “Орой болж манааны ээлжээ хүлээлцэв. Би ус нэмж, Фэн Шиа гал сэвүүрдэж, нөгөө хоёр маань унанги мөчир, гишүү түүнэ. Ийм янзаар ажилласаар шөнө дундлахад тосгоны бүх айл унтсан байв. Би гурван ч удаа ус нэмж, тэвэр тэврээр түлээ өрдсөөр суулаа. Гэвч төмөр хайлсангүй, бахь байдгаараа. Хөлс нь цувсан Жиа Жэн мод түшин суужээ.” 98-р тал. Ээлжтэй хоносон энэ шөнө эхнэр нь тамираа тасартал ажиллаж, хэвтэрт ордог. Зохиолч Фэн Шиагийн ямаршуу нөр их хөдөлмөрлөснийг гал түлж байсан төмөр торх цоорсноор л харуулчихсан нь гоё уран санаа. Эхнэрээ яах учраа олохгүй бас торх цоолсон ялд унах болчхоод байсан Фу Гүйг азын тэнгэр ивээхэд шатаасан тогоо нь хагас дутуу хайлчихсан тосгоны дарга түүгээр машид бахархангуй энэ лав гурван ширхэг их бууны сум болно. Бүгдийг нь Тайван руу буудах хуна. Дээшээ дуулгамаар баярт явдал болоо гэчихсэн зогсож байдаг хэсэг л дээ.
Үүний “ар үзэгдэл”Мао удирдагч аль 1953 оноос дотроо боловсруулж дарс шиг дарж яваад 1958 оны тав дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн “Их үсрэнгүй давшилт”-ын нэгээхэн хэсэг. Мао аж үйлдвэржүүлэх хөтөлбөрийг 10-15 жилд амжуулна гэж байснаа 7-8 жил хангалттай гэснээ бүр сүүлдээ ЗХУ-аас техник технологи авчих юм бол манайх ганцхан үсрэлтээр л хүрчихнэ. “Манай ард түмэн атомтой төстэй” гэсэн мэдэгдэл хийж байв.
Мао үлгэр жишээ тосгон байгуулж нэг мү талбайгаас 70тн хүртэлх ургац авлаа /хэвийнхээс хэдэн зуу дахин их/ хэмээн сонин сэтгүүлээр сэвүүлж, тариачдыг ургацаа нуун дарагдуулж байна. Коммунист үзэл санаа алга. Хоолоо хас, зутангаа улам шингэн хийж уу, бага идсэний буруу гэж байхгүй. Биелүүлэхгүй бол хүчээр гүйцэлдүүл гэх зэргээр ард түмнээ тэрэгний луус, тээрмийн илжиг болгож байсан жилүүд. Чухамдаа ард түмний чадамжийн хэр хэмжээ чухал бус Маогийн хүсэл санаанд хүрэх нь л чухал байв. Яг л манайд мал сүргийг тоо толгойг 200 саяд хүргэхийг шахаж шаардаж байсан шиг, бас манайхан адууны дэл, тэмээний шил зогдор, малын эвэр, сарлагийн хөөвөр, ямааны ноос ноолуур, хонины ноосыг жинлэн авч жиндээ хүрэхгүй бол танай манай аав, өвөө харганы ноос түүж, хажуу айлаасаа гуйж түүж явсан шиг л юм. Хувьдаа хоёр үнээтэй гэсэн байна. Энэ хоёрын чинь сүү хаа байна гэж нэхэж авч, та бидний эцэг эхийг цайны сүүгүй үлдээж байсан шиг л юм. Одоогоор бол тэрбум мод гэдэг бүтэшгүй хөтөлбөртэй дүйцүүлмээр юм уу даа.
Ингээд 1959 оны 4 сар гэхэд л 15 мужийн 28 сая хүн өлсгөлөнд нэрвэгдчихээд байлаа. Хүмүүс олноор үрэгдэж байгаа тухай тосгоны дарга хэлбэл намын эсрэг үзэлтэн болж, туулаад гар гэсэн л тушаалтай буцаж ирж байсан он жилүүд. Энэ “Их үсрэнгүй давшилт” хэмээгчийн нэг гол үйл явдал бол Хрушевийн “Цайны халуун тогоо” хэмээн ёжилж асан домен зуух, төмөр хайлуулагч торхнууд юм. Мао ган хайлуулалтаар АНУ-ыг ардаа орхих болно хэмээн сагсалзаж, төмөр хайлуулах зуух 90 саяыг барихыг тушаасан. Тушаал ёсоор гүйцэтгэхийн тулд айл бүр зуух барьж тогоо, шанага, савх сэрээ төмөр нэртэй юу л байна уу бүгдийг нь тушааж үсний хавчаар, хаалганы бариулаа хүртэл жилд хайлуулах 10тн ганд нэмэр болгох гэж өгч байсан гэдэг. “Нэг зүү нууж авч үлдэнэ гэдэг бол нэг хувьсгалын эсэргүүг нууж байгаа явдал” гэдэг агуу уриа лоозон гарч хүмүүс сэтэрхий сүүгүй, хугархай тэвнэгүй үлдэж байсан өдрүүд. Дэд бүтэц байхгүй хүний олноор хийх гэсэн мунхаглалдаа хэдэн зуун сая тариачдыг татан оролцуулсан нь “Амьдрахуй” романд ч тосгоны бүх айлуудыг оролцуулж байгаагаас тодхон харагддаг. Зай завсаргүй гал өрдөж байх хэрэгтэй тул түлээ түлш зэнгэхгүй. Ойр хавийн уулын мод, ургамлыг хуу хядаж/үүний уршгаар удалгүй их үерийн гамшиг тохиосон. Манайд ч мөн Туул голын эхээс мод хяргаж, хэдэн жил Туулаар сал хөвүүлсний гайгаар байгалийн тэнцвэрт байдал алдагдаж жаран хэдэн оны гамшигт үе болсон/ сүүлдээ бүр тариачдын байшингийн дээвэр, хана зэргийг хуу татаж түлээд олон мянган тариачин ард орох оронгүй, оочих аягагүй болсон. Мао “ардын коммун” гэж нэрлэсэн эдгээр хүмүүсээ овог нэрээс нь хүртэл салгаж, тоогоор дугаарлаж байсан гэдэг. 1960 он гэхэд өлсгөлөн туйлдаа хүрлээ. 1960 онд гэхэд л хүний мах идсэн хүмүүсийн тоо 63 бүртгэгдэж, хүүхдээ хороож идсэн тохиолдол ч гарч байжээ. Энэ тариачин ард хүний махан идэштэйдээ биш тийм аймшигт сонголт руу түлхсэн төр засгийн харалган шийдвэрийн урхаг. Маогийн хүслээр гэрийн нөхцөлд хайлуулаад гардаг ган ч гэж юу байх билээ. Бүгд бүтэлгүйтсэн. Хүмүүсийн хөлс хөдөлмөр, амьдрал ахуй, амь насыг үрсэн каннибализм л болсон. 38 сая хүн энэ хэдхэн жилийн дотор амь насаа алдсан. Энэ мэтээр тус романд дурдагдаж буй үйл явдлын мод бүхнийг ганхуулж үзвэл дээрх лүгээ адил “түүхийн” жимс унан ирэх бөлгөө. Романы үйл явдлын “чулуу” бүхнийг сөхөн үзвэл доор нь аанай л дундад улсын өнгөрсөн зууны түүх байх авай.
Үй Хуа第七天 буюу "Долоо дахь өдөр" романаасаа найман жилийн дараа 2020 онд "Вэн хот" романаа хэвлүүлсэн юм. Энүүхэндээ гэхэд нөхрийг харимал бөх болсон хүн амьтан шуугиулахаар юм бичсэн нь юу л бол "兄弟‘’ буюу "Ахан дүүс" романаараа ер нь дуусчихсан даа гэж их л хүлээлт багатай орчуулж эхэлсэн ч энэ романаараа Үй Хуа зодог тайлаагүйгээ зарлажянзын эргэн эрэлт хийжээ.
Линь Шянфу хэмээх хойд нутгийн эр Вэн хэмээх өмнөд нутгийн нэгэн хотыг насан туршдаа хайдаг. Угтаа хаана ч оршин байхгүй хот. Угтаа Линь Шянфугийн сэтгэл төсөөлөл дотор л буй хот. Үүгээрээ Калвиногийн "Үл үзэгдэх хотууд" романы 55 хотын аль нэг хотыг санагдуулам. Шянфу зөв газраа олсон ч эрэлээ олоогүй. Учир нь 18 өдрийн их цаснаар Вэн хотоос олж уулзах учиртай хуримласан хань, охины ээж Шиао Мэй бараг түүний нүдэн дээр шахуу үхчихдэг. Энэхүү 18 өдөр орсон их цасны тухай санааг Үй Хуа Чин гүрний Каншигийн үед Тайху нуурын орчимд 40 өдөр цас орсон гэх архивийн баримтаас санаа авсан гэдэг. Зохиолд буй энэ мэт олон үйл явдлыг тэр архиваас авснаа дурссан байна билээ. Зохиолч тус романы түүхэн үндэслэл болгон ашигласан үйл явдал, газар орон, цаг хугацаа тэр бүр зохиолчийн хүрээд байдаггүй түүхийн үе. Үй Хуа “Их үсрэнгүй давшилт” “Соёлын хувьсгал” зэргийг л тойрч бичдэг. Романы эхлэл хэсэгт 20 дугаар зууны эхэн үеийн цаг төрийн байдал хойно өрнөх зохиолын гол өрнөлийн удирдтгал маягаар цухас дурдагдах төдий зурвасхан өгүүлэгддэг. Харин Вэн хот дээр зохиолч тэр бүр гар хүрээд байдаггүй түүхэн цаг үеийг сонгосон нь сонирхолтой.
Чин гүрний төгсгөл үе, бүгд найрамдах улс байгуулагдахын эхэн үеийн ороо бусгаа, дайн дажин үймээн самуун, дотоодын болон гадны дайснууд бужигнасан улс төрийн тогтворгүй цаг үед өрнөдөг. Товчхондоо 1912-1945 оны үйл явдал. Хятадын эзэн хаант төр нуран унасан. Чин гүрний засаглал мөхөж сүүлчийн эзэн хаан Пү И зугтаасан. Сун Ятсэн 1912 онд Нанжинь хотод “Бүгд найрамдах улс”-ыг тунхагласан. Цэргийн генерал Юан Ши Кай өөрийгөө эзэн хаанаар зарласан. Нас барсан. Хятад улс төвлөрсөн захиргаагүй муж бүрийг цэргийн эрхтнүүд захирч байсан “Цэргийн жанждын эрин үе”. Түүний дараах хятадын иргэний дайны үе. Гоминдан буюу үндэсний нам-Коммунистуудын хагарал. Чан Кай Ши, Мао Зэ Дун хоёрын тэмцэл. 1930 он гарч Япончууд, Дундад улсын зүүн хойт хэсэг рүү халдан довтолж Манжуурыг булаан эзэлсэн үйл явдал. Мао толгойлон хийсэн “Урт марш” хэмээн тэмдэглэсэн үйл явдал ч тус романд буй. “Вэн хот” романд гарах дээрэмчдийн бүлгэмийн нэг толгойлогчийн дүр ч магад Мао Зэ Дунээс сэдэвлэсэн байхыг үгүйсгэхгүй. Тэр 1933-1936 оны хооронд хийсэн олон удаагийн их аяны дундаа уулархаг нутгаар бүгж, дээрэм тонуул хийж, газрын эздийн өмчийг булааж, шинэ эхнэртэй ч болоод амжсан. Энэ л он жилүүдэд тэр тариачдаар хүчээ зузаатгаж, хүрээгээ тэлж, зэр зэвсэг, хоол хүнс, цэрэг армиа сайтар бэхжүүлсэн зэрэг явдлууд энэхүү романд ёгтлогдсон гэмээр. Түүхэн үндэслэлийг энэ мэтээр гарамгай ашигладаг нь түүний болоод тэдний үеийн хятад зохиолчдын онцлог юм уу даа.
Манай кино урлаг болоод уран зохиолд түүхэн үндэслэлийг дээрх мэт ашиглахдаа маруухан. Бас их болхи. Түүхэн дүр сонгож аваад түүхэн үйл явдлаа дагаад явчихдаг. Эсвэл өвгөчүүл самгачуулын хууч яриа цуглуулаад ар араас нь залгаад биччихдэг. Тухайн өвгөн эмгэн тархиа яаж ч угаалгаж өссөн хүн байж болно. Сүхбаатар жанжныг маань сохор Богдын оточ хорлоод алчихсан гэж итгэж явдаг хүн байж болно. Тэгэхээр хууч яриаг, хэн нэгний ярьсан болсон явдлыг түүхэн үндэслэл юм уу? Уран зохиол мэт ойлгох нь өрөөсгөл. "Болсон явдал" хийгээд "Роман" тодорхой хэмжээнд салаад биеэ даасан тус тусдаа өөр өөрийн үүрэг гүйцэтгэдэг, ойлголт болчихсон. Бүр мөсөн биш юмаа гэхэд урьдынх шигээ нарийн нягт холбоотой байхаа больчихсон. Үүнийг "яруу найраг" "дууны шүлэг" гэсэн жишээгээр тайлбарлаж болох юм. Дууны шүлэг болчихсон сайхан яруу найраг байдаг. Яруу найраг шиг сайхан дууны шүлгүүд ч байдаг. Гэтэл дууны шүлэг болохооргүй атлаа сайхан яруу найраг байдаг. Ямар ч яруу найргийн шинж чанаргүй дууны шүлэг ч байдаг. Дууны шүлэг болохгүй болохоор нь түүнийг яруу найраг биш гэх өрөөсгөл. Яруу найраг шиг уншигдахгүй болохоор түүнийг дууны шүлэг биш гэх нь ч өрөөсгөл. Энэ хоёр өрх тусгаарлаад, биеээ дагаад өөр өөрийн замаар яваад удсан. Давхцах газар байна хавьтахгүй, хамааралгүй холын цэгүүд ч дууны шүлэг, яруу найраг хоёрын дунд бий.
Зохиол, болсон явдал хоёр мөн ийм. Уран зохиолыг дан ганц амьдралаас сэдэвлэсэн. Болсон явдал, түүхээс сэдэвлэсэн байх ёстой гэвэл дэндүү арга ядсан ажил. Уран зөгнөлт, ШУ-ны, сүлжээний гээд өчнөөн зүйлс үүний цаана байгаа. Сэтгэл татам болсон явдал, түүх болгон уран зохиол биш. Хэдийгээр аль нь ч өргөн утгаараа түүхийн хүрээнд хамаарах ч уламжлалт романы хил хязгаарыг даван гарч ирсэн, шинэ өгүүлэх хэлбэрүүд.Тэгэхээр манай уран бүтээлчидэд түүхийг харах өөр өөрийн хараас, өөр өөрийн өнцөг дутмаг байгаа ч юм шиг. Үй Хуа жишээ нь түүхэн хүнийг биш түүхэн үйл явдлыг, тухайн цаг үеийн төрөөс барьсан бодлогын тусгал, ойлтыг авч ашигладаг зохиолч. Ганц ч түүхэн бодит дүр үгүй атлаа 20-р зуунд дундад улсын ард иргэдийн туулсан амьдралыг харуулдаг.
Эргээд яриандаа оръё. Үй Хуагийн зохиолын баатруудын өмнө хүнд бэрх, зовлон зүдгүүр, дайн самуун хэдий чинээ их тулгарна дүр төдий чинээ домгийн шинжтэй болж дүрийн өмнө босох давашгүй давааг санаанд оромгүй гэнэтийн, ид шидийн байдлаар даван туулах болдог. Үүнээс гадна дүрийн хэв маяг, ааш араншин маш тогтсон тодорхой болж байдагчлан гол дүр болох Шянфу ч дэндүү сайхан сэтгэлтэй, дэндүү уужуу, дэндүү романтик, дэндүү өршөөмтгий нэгэн байсан энэ дүрийг машид домоглог шинжтэй болгож өгсөн бол эсрэгээрээ Шиао Мэйн дүр сайн, муу гэж аль нэг талд багтааж боломгүй сэтгэл санаа, ааш зан дэгэлзэж хэлбэлзсэн нэгэн байснаараа хүмүүс бид нартай илүү ижилхэн, илүү ойр зөвтгөж буруутгахын эцэсгүй дүр байсан. Хятад зохиолд ажиглагддаг эмгэнэлт шинж их байх тусам ид шид, домгийн шинжээр түүнийг давж гарч романтик болгож байдаг уламжлал ч зохиолын төгсгөлд Шянфугийн шарилыг аваад хойд нутаг руугаа буцаж байх замд насаараа хайсан эхнэрийнх нь булштай таарч буйгаас харж болохуйц.
Үй Хуагийн сюреалист маягийн зохиолд үйл явдал нь дүрийг хөдлөгөдөг. Өөрөөр хэлбэл үйл явдал нь дүрээ захирдаг. Тэр ч утгаараа дүр энгийн шинж чанар, тод сэтгэл хөдлөлтэй хэв шинжит дүрүүд байдаг. Харин реалист маягийн зохиолуудад дүр нь үйл явдлаа хөтлөдөг. Дүрээ ашиглан үйл явдлаа өрнүүлдэг гэж болно. Ж нь Цусаа худалдсан тэмдэглэл романы Шү Сангуан бол үйл явдлаа өрнүүлж, хөтөлж яваа нэгэн гэж болохуйц. Тэгвэл энэ зохиолын гол дүр Шянфу бол өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн байх гэсэн, хайр сэтгэлийнхээ төлөө хэдэн мянган бээрийг туулж чадах,эрэлээ олохын төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн гэх энэ шинж чанраараа Амьдрахуй романы хувь тавилан юу ч өгсөн хүлээж аваад сууж байдаг Фу Гүй өвгөнөөс эрс өөр. Фу Гүй амьд байгаа учраас амьдарч оршиж байдаг болохоос түүнд тэмцэл, хүсэл мөрөөдөл гэж зүйл байдаггүй. Харин Вэн хот романы Шянфу түүний эсрэг гэж болохуйц тэмцэгч, сөрөгч дүр үүгээрээ түүний романы дүрийн хэв шинжүүд ялгарч байна.
МӨ.БАТБАЯР
19-р бүлэг
Арван найман өдрийн их цасны түрүүч хаялахад Ши балгасныхан зуд зурхан, гай гамшиг гэдгийг санасангүй, өвлийн анхны цас л гэж боджээ. Галууны өд адил цасан юу юугүй байшингийн дээвэр, гудамж талбайг цагаанаар хучихад ч хүмүүс аанай л өнөөх янзаараа өглөө гэхэд зогсчих байх, нар гарахаар аясаараа хайлчих биз хэмээн итгэж байв. Тэгтэл их цас зогссонгүй, нар ч үзэгдэхээ больж үүнээс хойш арван найман өдөр тасралтгүй нэг үе лавсаж, нэг үе бударч түр зогсосхийвч бүрхэг саарал тэнгэр огторгуй цэлмэсэнгүй зэгэл саарал огторгуй Ши балгасыг нөмрөв.
Шянфу охиноо тэвэрч, улмаас улам зузаарч хүн явахад бүр л бэрх болоод буй гудамжаар охиндоо сүү хайж бэдэрнэ. Тухайн үед Шянфу хөвөнтэй дээлээрээ өмнөө үүрсэн хөвөнтэй богцтой охиноо давхарлан цуглаад өвдөгцөө цасанд зоогдон урагшилж, лавсах цас түүний үс толгой, хувцас хунаргүй цөмийг хучиж цагаахан нам гүмд тэр живнэ.
Хүний бараагүй гудамжаар Шянфу урагшилна, охин нь уйлна, энэ бол өлсгөлөнгийн дуу чимээ. Тэр зүдрэн зүтгэхийн сацуу хоёр талын байшингаас хүүхдийн уйлах дуу сонсогдох нь уу? гэж чих тавин чагнаархаж явна. Хэрэв уйлах чимээ сонсдог л юм бол тэр айлын хаалгыг очиж тогших ёстой.
Орсон хойноо алган дээрээ хүрэл зоостой баруун гараа урагш сунгаж охиныг минь хөхүүлээд өгөөч! гэж царайчилсан харц асгахад тэдний эрчүүл нь түүний алган дээрээс зоосыг авна. Зоос авах нь гуйлгыг зөвшөөрч байгааг илтгэх тул түүний нүүрэнд уужрал баяслын шинж тодорно. Тэр өмнөө үүрсэн богцоо буулгаж охиноо гаргаж өгөөд эмэгтэйн халуун тэвэрт очиж байгаа үрээ харахуй түүний дотор сэтгэлээс нэгээхэн бүлээхэн аялгуу урсах шиг ээ. Охин нь тэр эмэгтэйчүүдийн тэвэрт тарвалзахад аньсага нь чийгтэнэ.
Цас мөсөн Ши балгас өдөр бүр үүрийн гэгээ, бүрхэг тэнгэрийн цаанаа гийж үдэш бүрийн шаргал гэгээ бүрхэг тэнгэрийн цаана шингэнэ. Шөнө нь одгүй, саргүй Ши балгас гүн цүнхээл адил харанхуйд унажээ.
Ши балгасны хүмүүс лавсан малгайлах цасан тэдний амьдрал адил цаашид мөн үргэлжлэх нь гэж бодож эхлэхүй шаналгаат сэтгэл тэдний цээжийг тогшиход тэд эргэлзэнгүйгээр, өөд нар үзэх заяа байна уу, эс байна уу? мэдэх юм алга гэж хэлэлцэх болжээ. Иймэрхүү сэтгэлийн байр байдал хижиг тахал адил тархан дэлгэрч Шянфуг хаалга түлхээд ормогц л Ши балгасны эрчүүд халагласан өнгөөр түүнээс:
-Цас хэзээ зогсох шиг байна? гэхэд Шянфу толгой сэгсэрнэ. Тэр ч мэдэхгүй. Охин тэвэрсэн Шянфу Ши балгасаар хэдэнтээ эргэж айл айлын хаалга тогшин явна. Ши балгасны эмэгтэйчүүл цас зудтай нүүр тулахад эрчүүлээсээ илүү тэвчээртэй болоод тайван. Хэдийгээр тэд өнгөн дээрээ мэлэрч мангайсан царай гаргавч ар гэрээ хэнээр ч заалгахгүй аваад явчихна. Тэд гэртээ чөлөөгүй хавирч байгаа цагт Шянфуд хөлдөж царцсан Ши балгасанд хүмүүний амьсгал тасраагүй байгаа гэсэн уур амьсгалыг мэдрүүлнэ.
Энэ нэгэн өдөр Шянфу Ши балгасны худалдаачдын эвлэлийн дарга Гү Иминий гэрт очив. Гү Имин болбоос панз үсэргэдэг нэгэн. Угтаа мөнгөний пүүсийн эзэн бас баруун уулын алтны уурхайн эзнээр тогтохгүй, Ши балгас Шэнь хотод торго дурданы худалдаа нээсэн агаад Шанхай, Сүжөү, Ханжөү нутгаас торго татаж ирнэ. Бусад пүүс худалдаануудаас ялгаатай нь тэдний ажилчид үйлчлүүлэгчдээ татахын тулд бараа бүтээгдэхүүнийхээ дээжээс бариад гудамж гудамжаар явах нь элбэг.
Шянфу анх энэ гуч гарч яваа эртэй уулзах үедээ түүний энэ тосгондоо за гэвэл ёогүй гэгддэг эр гэж мэдсэнгүй. Хуучин янзаараа л хүүхдийн уйлах дуунд хөтлөгдөөд нэгэн цэлгэр том хашаа руу ороод явчихлаа. Шянфу өндөр бас урт хэрэм хашааг туулах үедээ дотор буй аварга модыг цас сагсаргалан дарсан байхыг харав. Улаан дааман хаалгаа дангинатал хаалгүй завсар үлдээж доторх хашаа байшинг дарсан цасыг цэмцийтэл цэвэрлэснийг харахын сацуу тэр зүгээс хүүхдийн уйлах дуу түгэхэд Шянфу эргэлзэн байгаад явж орлоо.
Тэр хоёр бүдүүн гуалин баганаар дээд нуруу модыг тулсан үүдний цэлгэр том танхимд ороход арав гаруй хүн хоёр талаар нь сандалд сууж, зургаан зуух хоёр эгнээ болгон тавиад, галын нөөлөг илчинд төөнүүлэн суугсдын дунд туранхай хар хөх эр голын эзний суудалд тухлана. Тэд ямархан нэг зүйлийн талаар ярилцаж байснаа Шянфуг орж ирэхэд дуугаа хураацгаан гэнэтийн урилгагүй зочныг гайхан харна. Шянфу баруун гар дээрээ хүрэл зоосоо тавин сунгаад өөрийнхөө энд ирсэн түүхийг өчихөд Гү Имин гэх туранхай биетэй эр эргэж зарц руугаа:
-Эхийг дууд гэж хэлэв.
Зарц яваад, эх гарч ирэв. Мах мариатай эмэгтэй Шянфугийн өмнө ирж гар дээрх зоосыг нь хяламсхийн хараад охиныг тосон авч эргэж дотор байшин руу оров. Шянфу гараа сунган зогссоор, эх түүний хүрэл зоосыг авсангүй. Зочны өрөөнд байсан хүмүүс ахин түүнийг анхаарахаа болиод саяны яриагаа үргэлжлүүлэв. Шянфу тэдний шулгануур түргэн яриаг сонсоод арван таван өдрийн цас зудны талаар болохыг ойлгов.
Том өрөөнд суугчид цөмөөрөө Ши балгасны нэртэй төртэй иргэд агаад тэд гурван амьтан гаргаж хөх тэнгэрийг тайж тахих талаар итгэл төгс ярилцаж, тахилга хийсний дараа цас зуд лавтай зогсоно гэж санана. Тухайн үед тэд ахин дахин санаа алдаж мал адгуус хөлдөж үхээд барагдлаа хэнийд амьтай голтой амьтан байгаа бол гэж сүүрслэнэ.
Эдгээр эрчүүд ярих үедээ цөмөөрөө өхийж гал руу шигдэж байхад гагц тэр туранхай хөх Гү Имин л сандал дээрээ цэх сууж хоёр гараа ч урагш галд ээхгүй сандлын түшлэг дээр тавьж амнаасаа халуун уур савсуулан бодолхийлэн сонсож суув.
Энэ үед эх гарч ирж Шянфу сүүндээ цадаад дугжирсан охиноо тосож авлаа. Эх явсан хойно ч тэр зоостой гараа сунгасаар байсан нь түүнд ялимгүй зовлонтой байв. Гү Имин түүний гаднах байдлыг ажиж түүн рүү хандан толгой дохисонд Шянфу энэ зоосыг буцааж халаасандаа хийхийг зөвшөөрч байна гэдгийг мэдлээ.
Гү Имин ярьж эхэллээ. Энэ буурь суурьтай эрийн өгүүлэх нь огтхон ч эргэлзэж будилсан юмгүй аж.Тэрбээр:
-Тахилгын түлээ мод, гаргах мал амьтан цөмийг би бэлдсэн, хотын сүмийн санваартанд ч хэл дуулгасан. Маргааш тахихад болохгүй гэх газаргүй, аль болох удаан тахина. Ерийн тахилгаас ялгаатай нар, сар, өвөг дээдэс, газар шороогоо тахиж тайна. Ганцхан өдөр тахисан болоод орхихгүй. Хуучны үгэнд хүний сайныг ханилан байж мэднэ гэдэг шиг тэнгэртэй ч бас тэгж удаан сүжрэх хэрэгтэй.
Үүнээс хойш гурван өдөр Шянфу өлсгөлөн охиноо тэвэрч цас дарсан хүний бараагүй гудамжаар бядаж сүмийн өмнөх хоосон талбайд хүрэхэд Ши балгасныхан дарвилдаж байв.
Эхний өдөр урт бандан ширээ тойроод хэдэн арван хүн цасанд дагжин зогсоно. Ширээн дээр нэг хонь авчирж тавихад Шянфу гаргуулахын өмнөх хонины нүд тунгалагхан мэлтэгнэж байгаад хутга биед нь дүрсэн хойно сүүмийн сүүтийж эхлэхийг харав. Хойно нь нэг бодон ширээн дээр гаргаж тавихад ширээний тавцан мөстэй гөлийгөөд бодон нь дээш доош гулсаж холбироод хэд хэдэн удаа нааш цааш болгосны дараа өнөөх бодонгийн тарчилсан дуу зовлонт инээд ч болоод хувирчих шиг болоход бужигнах хүмүүсийн дундаас ч мөн хөхрөлдөх дуулдав. Энэ бол Шянфугийн хувьдэнд ирснээр сонсож буй эхний инээд юм. Хойно нь найман бадриун эр гахайн дөрвөн шийрийг дарж байгаад хутга дүрж орхиход бодонгийн цус олгойдож хүмүүс рүү цацарч цастай газар дээр асгарав. Хамгийн сүүлд нь тэд нэг үхэр ширээн дээр гаргав. Хэт удаан хүлээснээс болоод үхэр нь бараг осгоод годойх шахаж. Үхэр нүдээ хагас анисан агаад харц нь унтах гэж буй адил зөөлөн. Балиус цээжинд нь зоогдоход үхэр яг л цочин сэрж байгаа аятай годхийгээд уртаа гэгчийн шүүрслэх амьсгаа сонсогдов.
Хоёр дахь өдөр Шянфу сүмийн дэргэдүүр өнгөрвөл дүүрэн хүн сөгдөн мөргөж байв. Дээр нь нэг асар том тогоонд өнөө гурваа чанах агаад таатай сэнхэг үнэр сэвэлзэнэ. Сүмийн дунд санваартнууд баруун зүүндээ хуваагдаж зогсоод лимбэ, босоо лимбэ, бялар бишгүүр, ганди хөгжимдөнө. Гандийн айзам хэмнэл хөндлөн босоо лимбэ, бишгүүр бялрын дуутай зохироод, тулгуур багануудын дундуур дуурьсаад, лавсах цасан дунд эгшиглэнэ. Дотор сөхөрч суусан хүмүүс ёслон мөргөж, өндийх нь хөгжмийн айзмаар яг л давлагаа адил нэгэн жигдээр ханарч босно.
Гурав дахь өдөр тахилгын хүмүүс улам олширч сүмийн гаднах талбайд зуу гаруй хүмүүс сөхөрч суугаад тэнгэрээ тахиж хөгжмийн аясаар тэдний бие найгана. Эндхийн цасыг тахилгын өмнө цэвэрлэсэн боловч гурван өдөр хүрэлгүй өвдгөөр татахуйц болсон нь яг л тэдний хөлийг доогуур нь тайрчихсан мэт харагдана. Хүмүүсийн амнаас савсах уур утаа униар адил нэгдэн дэгдээд бүүдгэр саарал тэнгэрт хоолны уур адил сэвсэнэ.
Үй Хуа “Вэн хот” романы хэсгээс