НЬЮ-ЙОРК ТАЙМС-ЫН БЭСТСЭЛЛЭР БҮТЭЭЛ

ДАНИЭЛ КАНЭМАН ЭНЭХҮҮ БҮТЭЭЛЭЭРЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫН НОБЕЛЫН ШАГНАЛЫГ ХҮРТЖЭЭ

Ер нь зохиолч хүн бичсэн номоо хэнд хэрэг болох талаар бодож тунгаадаг биз ээ. Миний ном өвөр хоорондын хов жив тасардаггүй оффисын ажилтнуудад хэрэг болно гэдэгт найдах юм. Энд би бээр хүний төсөөллийг аль болох нарийн дүрсэлж, аливаа компанийн шинэ бодлого, эсвэл хөрөнгө оруулалтын шийдвэрийг яаж гаргадаг тухай сайтар өгүүлэхийн тулд чадлынхаа хэрээр өргөн дэлгэр жишээ татахыг хичээсэн болно. Бусдын алдаа дутагдлыг олж тогтоох нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхөөс хувь илүү амар хялбар байдаг учраас хов жив гэдэг зүйл ихээхэн анхаарал татах ажээ. Цагаа тулсан үед өөрийн хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилд эргэлзэнэ гэдэг тун бэрх. Гэлээ ч бусдын ухаалаг үзэл бодол бидэнд ашиг тусаа өгөх нь бишгүй. Бид гаргасан шийдвэрээ найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсээрээ ямар нэгэн байдлаар үнэлүүлэх гэж хичээдэг нь нууц биш. Тиймээс ч тэдгээр хүний үнэлэлт дүгнэлт бидэнд маш чухал ач холбогдолтой байдаг. Ухаалгаар ярилцах нь зүйрлэвэл шинэ он гарахад өөртөө авсан ам тангаргаас илүүтэй өөрийгөө хянаж чиглүүлэхэд тустай болой.

Оношоо сайн тавьдаг эмч тухайн хүний өвчний үй олон хам шинж, учир шалтгаан, урьтач нөхцөлийг тогтоож, өвчин даамжирсан явц, түүний ур уршиг хийгээд эмчилгээний арга барилаа тодорхойлоод, өвчний урхагийг аль болох багасгах тал дээр илүүтэй анхаардаг. Анагаахын хэлийг судална гэдэг анагаахын ухааны салшгүй нэгэн хэсэг юм. Тэгэхээр хүний бодол санааг нарийн судлахад өдөр тутмын үг хэллэгээс илүү баялаг үгийн сан хэрэг болох нь зайлшгүй. Хүмүүс ер нь тодорхой нөхцөлд алдаж эндэх нь олонтаа байдаг. Өөр хоорондоо ялгагдаад байх юмгүй, ерөөс ижил тодорхой нөхцөлүүд араасаа гаж үзэгдэл хэмээн нэрлэгдсэн эдгээр алдаа эндэгдлийг үүсгэдэг аж. Жишээ нь, цугласан олны зүгээс нүдэнд дулаахан, өөртөө итгэлтэй хүний яриа хөөрөөг нааштай хүлээж авдаг нь тодорхой болсон билээ. Үзэмжээр нөлөөлөх хэмээх энэхүү үзэгдэл хэдийн судлагдаж тогтоогдсон тул хааяагүй ижил үр дагавартай, таамаглаж болохуйц нэгэн хэв шинж болжээ.

Та бодсон санаснаа энгийн үед торолгүй илэрхийлж чадна аа даа. Энэ тохиолдолд бидний бодол санаа хэрхэн үүсч бүрэлдсэн нь ихэд ойлгомжтой мэт санагддаг. Нэг бодлоос өөр нэгэн бодол хөврөн гардаг шүү дээ. Гэвч оюун бодол маань цаг үргэлжид энэ мэт ажилладаггүй. Их төлөв огт өөр маягаар ажилладаг бөлгөө. Бидэнд төрсөн дийлэнх бодол санаа бидний мэдэхгүй арга замаар үүсэн бүрэлдэх нь бий. Ширээн дээр чухамдаа ширээний гэрэл байна гэдгийг та яаж мэдэв? Эхнэр тань таньтай утсаар ярихдаа бага зэрэг бухимдангуй байгааг та яаж анзаарав? Эсвэл машин барьж явахдаа болзошгүй аюул ослыг олж харахаасаа өмнө түүнийг яаж мэдрэв? Төсөөлөл, зөн совин бий болгож, үй олон шийдвэр гаргахад түлхдэг оюун санааны тэрхүү үйл явц бидэнд ихэвчлэн анзаарагдахгүй өрнөдөг билээ.

Энэ номд ямар учраас буруу совин татдаг тухай дэлгэрүүлэн өгүүлэх юм. Тэглээ гээд би хүний оюун ухааныг дорд үзэх гэсэнгүй. Аливаа өвчин хуучийн талаар дэлгэрэнгүй хүүрнэх нь цаад утгаараа эрүүл бие, саруул ухаан зэрэгцэн оршдогийг ер үгүйсгэдэггүй шүү дээ. Бид дийлэнх тохиолдолд эрүүл ухаанаар сэтгэж, тухайн нөхцөлд тааруулан үйл хөдлөлөө хянан зохицуулдаг. Урьд өмнө таньж мэдсэн төсөөлөл, мэдрэмждээ хөтлөгдөн урагш тэмүүлдэг бөгөөд зөн совиндоо улам бүр итгэж үнэмшдэг. Гэвч зөн совиндоо цаг ямагт хөтлөгддөг гэвэл бас үгүй юм. Бусдын нүдээр харахад буруу бодож байгаа маань илхэн байхад үзэл бодолдоо бат итгэж суудаг тохиолдол бишгүй тохиолдоно.

Тиймээс энэ номыг уншсанаар юун түрүүнд өрөөлийн, улмаар өөрийнхөө алдаа дутагдал, эндүү үзэл бодлыг олж таньж сурна гэдэгт итгэж байна. Амьдралын алив нөхцөлд бий болох бодол төсөөллүүдийг би хэрэндээ тодорхой, нарийн дүрслэх гэж хичээлээ. Зарим тохиолдолд тухайн нөхцөл байдлыг нягт нямбай задлан шинжлэх нь түүнээс гарах арга зам олоход түлхэц болоод зогсохгүй эндүү ташаа үзэл бодлоос үүдэн бий болох хор уршгийг багасгахад дөхөмтэй ажээ.


7

Адгаж шийд гаргах нь

Хошин шогийн сайн жүжигчин Дэнни Кэй намайг залуу байхад өөрт нь таалагдаагүй нэгэн эмэгтэйн тухай “Зан байдлын хувьд уцаартай, үйл хөдлөлийн хувьд хөнгөн хуумгай” гэж хэлсэн нь одоо ч санаанаас гардаггүй. Статистик баримтад тулгуурласан аливаа таамаг бодитой байдаг эсэх тухай Амос Твэрскитэй анх удаа ярилцахдаа би тэр өгүүлбэрийг дурдаж байлаа. Одоо бодоход Дэнни Кэй нэгдүгээр системийн үйл ажиллагааг тодорхойлсон гэлтэй. Адгаж гаргасан шийд зөв зүйтэй байсан тохиолдолд ашиг тусаа өгөх нь мэдээж. Тэгэхдээ бага зэрэг алдвал байж болох зүйл гээд уужуу хандаж болно. Шийдээ хурдан гаргахад нэг талаар цаг хугацаа, нөгөө талаар эрч хүчээ алдахгүй сайн талтай. Харин дэнчин ихтэй, танил дасал бус нөхцөлд хангалттай мэдээлэл цуглуулах боломжгүй тохиолдолд асуудлыг яаруу сандруу шийдэх эрсдэлтэй. Ийм нөхцөлд буруу совин татах магадлал ихтэй тул хоёрдугаар системээ “сэрээх” шаардлагатай. 

 Сэтгэл хоёрдохыг үл тоож, эргэлзээгээ дарах нь

ABC
ЭНН мөнгөө банкинд хадгалдаг
121314

Зураг 6

Зургадугаар зурагт үзүүлсэн 3 нүдэнд ижил төстэй зүйл ажиглагдав уу гэвэл мэдээж үгүй. Та зүүн нүдэн дэх бичгийг “Эй-Би-Си”, баруун нүдэн дэх бичгийг “12-13-14” гэж уншсан байж таарна. Үүнчлэн та эдгээр нүдэнд бичсэн үсэг, тоог өөр хооронд нь дүйцүүлж, “А-13-С”, “12-В-14” гэж харах боломжтой. Нэг нүдэн дэх зүйлийг нөгөөд бичсэнтэй нь өөрийн эрхгүй дүйцүүлж мэднэ. Хэдийгээр хоёр нүдэн дэх бичээс ямар нэгэн холбоо хамааралтайг мэдэхгүй ч өөрийн мэдэлгүй хамааралтай мэт санаад “Тийм биш байлгүй” гэх бодол төрөхийн завдалгүй та түүнийг дараад авна.

Голын нүдэн дэх өгүүлбэрийг уншаад та теллер, мөнгө хадгалах савтай барилга байгууламжинд орж буй эмэгтэйг төсөөлөө буй заа. Гэсэн ч энэ өгүүлбэр дан ганц ийм утгатай гэвэл эргэлзээтэй. Банкинд гэхийн оронд зоориныхоо тавиур дээрх гэсэн холбоо үг уншсан бол огт өөр нөхцөл байдал төсөөлнө. (Шилэн савыг оросоор банка гэнэ. Зоориныхоо тавиур дээрх шилэн саванд буюу банкинд мөнгөө хадгалдаг гэвэл бидний мэдэх банк төсөөлөгдөхгүй нь мэдээж.) Нөхцөл байдал хоёрдмол шинжтэй байхад нэгдүгээр систем аль ойр төсөөлөгдөхийг нь автоматаар сонгоно. Банк гэсэн үгийг хараад бид өөр нөхцөл төсөөлөөгүй шүү дээ. Өөртөө итгэлгүй үед нэгдүгээр систем хураасан туршлагадаа тулгуурлан сонголт хийдэг. Чингэхдээ саяхан болж өнгөрсөн үйл явдал, өнөө бий болсон нөхцөл байдалд голчлон тулгуурлана. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой үйл явдал ойрын үед болж өнгөрөөгүй тохиолдолд нэлээн дээр болсон үйл явдлыг санана. Цагаан толгойн үсэгт 13 гэсэн тоо байхгүйг та хүнээр хэлүүлэлтгүй мэднэ.

Дээрх жишээнээс үзэхэд та байж болох төсөөллүүдээсээ сонголт хийсэн нь гарцаагүй үнэн. Танд банк санхүүгийн байгууллага төсөөлөгдсөн нь мэдээж. Түүнээс биш банка буюу шилэн сав бодогдоогүй нь лав. Нэгдүгээр систем байж болох магадлалуудыг авч үздэггүй, тийм магадлал бий гэж огтхон ч боддоггүйд л хамаг учир оршино. Энэ системд эргэлзэх гэсэн үйлдэл үгүй. Эргэлзэхийн тулд тухайн нөхцөлд таарч тохирч болох хэд хэдэн дүр зургийг санах ёстой. Гэтэл санана гэдэг ухамсартайгаар хийх үйлдэл. Эргэлзэж тээнэгэлзэх нь угтаа хоёрдугаар системийн үйлдэл аж.

Итгэл үнэмшлээ батлах гэж оролдох нь

Аз жаргалд хөл алдах нь нэртэй ном бичсэн сэтгэл судлаач Даниэл Гилбэрт нэгэнтээ Сэтгэхүйн систем аливаад хэрхэн итгэж үнэмшдэг тухай нийтлэл бичжээ. Нийтлэлдээ XVII зууны философич Барух Спинозагийн суурийг нь тавьсан итгэл, үл итгэлцлийн онолыг тайлбарласан байна. Гилбэртийн үзсэнээр аливааг батлах нь түүндээ итгэж үнэмших гэж оролдохоос эхтэй аж. Бид итгэх ёстой санаа оноо үнэн бодитой эсэхийг эхэлж нягтлаад, улмаар түүнд итгэх эсэхээ шийднэ. Нэгдүгээр систем нөхцөл байдлыг хамгийн түгээмэл хэлбэрээр төсөөлж, үзсэн сонссондоо даруй итгэх хандлагатай. Гилбэртийн хэлэх нь, бид ор үндэсгүй зүйл дуулсан ч анхандаа түүнд итгэх тал руугаа хэлбийдэг. Сагамхай загас чихэр иддэг гэсэн жишээ татъя. Та загас, чихэр төсөөлж, яах ийхийн зуургүй “Ийм загас чихэр идэх магадлалтай юу?” гэж эргэцүүлээд, загас чихэр идэж буйг холбож төсөөлөх гэж оролдоно. 

Гилбэрт эргэлзэх нь хоёрдугаар системийн үйлдэл гэж үзээд, үүнийгээ тун сонирхолтой туршилтаар баталжээ. Туршилтад оролцсон хүмүүст байж боломгүй холбоо үгсийг үзүүлж, дараа нь тухайн холбоо үг зөв утгатай эсэхийг үнэн, худал гэсэн хоёр үгээр харуулав. Дараа нь туршилтад оролцсон хүмүүсээс үнэн гэж тэмдэглэсэн холбоо үгсийг санаж байгаа эсэхийг нь асуув. Түүнчлэн холбоо үгэнд гарсан тоонуудыг тогтоо гэж хэлсний дараа худал гэж харуулсан холбоо үгсийг санахад бэрх болсон нь тогтоогдлоо. Хоёр дахь даалгаврын үеэр эхний даалгавартаа цуцсан хүмүүс худал холбоо үгсийг үнэн гэж андуурах нь ихэссэн байна. Ингэж үзвэл хоёрдугаар систем өөр зүйл дээр төвлөрсөн үедээ юунд ч хамаагүй итгэдэг болох нь тодорхой болох ажээ. Нэгдүгээр систем гэнэн итгэмтгий бол хоёрдугаар систем эргэлзэж тээнэгэлздэг. Гэтэл хоёрдугаар систем маань өөр зүйлд төвлөрч, аль эсвэл залхуурах нь олонтаа. Зар сурталчилгаа мэтийн утга учиргүй ч гэлээ итгэл төрүүлсэн үг өгүүлбэрт ядарч цуцсан хүмүүс илүү итгэдэг нь нотлогдсон юм.

Адилтгаж төсөөлөх ой санамжийн үйл ажиллагаа эргэлзээг үгүй хийдэг. “Сэм нийтэч зантай юу?” гэж асуухад “Сэм хэр ууртай вэ?” гэхээс огт ондоо зан байдал төсөөлөгдөнө. Хоёрдугаар систем санаа оноог батлах баримт нотолгоо хайхыг эерэг тестийн стратеги гэж нэрлэдэг. Онолын эрдэмтэд аливаа санааг үгүйсгэж нотлох учиртай гэж өгүүлдэг боловч ихэнх маань (зарим тохиолдолд судлаачид өөрсдөө) үзэл санаагаа батлах сэжүүр эрж хайдаг. Нэгдүгээр систем аливааг шүүмжлэлгүй хүлээж аваад, магадлал багатай үйл явдалд итгэх нь тун элбэг. Ирэх гучин жилд Калифорнид цунами болох магадлал хэр их вэ гэж асуувал та Гилбэртийн туршилтад оролцсон хүмүүс загас, чихэр хоёрыг төсөөлсөнтэй ижил цунамиг төсөөлж, байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэх магадлалыг өсгөх талтай.

Аливаад сэтгэлийн хөөрлөөр хандах (буюу үзэмжээрээ дүгнэх)

Ерөнхийлөгчийн улс төрийн бодлого танд таалагддаг бол түүний байр байдал, дуу хоолой мөн таалагддаг байж таарна. Тухайн хүний үзэмж, зан төлөвт сайнаар (буюу муугаар) хандахыг үзэмжээрээ дүгнэх гэж нэрлэдэг. Хэдийгээр сэтгэл судлалд ийм нэршил үүсээд зуу гаруй жил өнгөрсөн ч өдөр тутмын амьдралд энэ үг хэллэг тусгалаа олсонгүй. Хүн, юмст хандах бидний чиг хандлагыг тодорхойлоход дээрх нэршил чухал үүрэгтэй. Тухайн хүн аливааг яаж үзэж дүгнэж явдгаас шалтгаалж нэгдүгээр систем хүрээлэн буй орчныг хялбарчлаад, бодит байдлаас илүү утга уялдаатай болгон төсөөлдөг. 

Та үдэшлэг дээр Жоан нэртэй царайлаг, нийтэч бүсгүйтэй танилцжээ гэж бодъё. Сайн санааны үйлст хандив өргөсөн хүмүүсийг дурдахад Жоаны нэр дуулдлаа. Гэтэл та Жоан өглөгч хүн үү гэдгийг мэдэх бил үү гэвэл үгүй. Нийтэч хүмүүс буяны үйл ажиллагаанд ихээхэн хандив өргөдөг гэсэн баталгаа үгүй. Гэвч Жоан танд таалагдсан. Та түүнд татагдсан. Тусч, өглөгч хүмүүс танд таалагддаг. Иймээс та Жоаныг өглөгч гэж төсөөлөх болно. Эцсийн дүндээ та Жоаныг сайхан зан чанартай гэж төсөөлсөн учраас түүнд илүүтэй татагдана. 

Жоаны тухайд бол өгөөмөр сэтгэлтэй эсэх нь тодорхой бус атал та түүнд сэтгэлийн хөөрлөөр хандаж, үнэндээ тийм зан чанартай байгаасай гэж төсөөлжээ. Бусад тохиолдолд бид юмсын тухай мэдээ мэдээлэл цуглуулж тодорхой төсөөлөлтэй болдог ч үүнд анхны төсөөлөл ихээхэн нөлөөтэй юм. Соломон Ашийн сонгодог туршилтад хоёр хүний зан чанарыг:

Алан – ухаалаг – хичээнгүй – адгуу – нэхэл хатуутай – зөрүүд – атаач
Бэн – атаач – зөрүүд – нэхэл хатуутай – адгуу – хичээнгүй – ухаалаг
гэж дүрслээд тэдгээрийн тухай ямар сэтгэгдэл төрснийг асуужээ.

Та ихэнх хүмүүстэй ижилхэн зан төлөвтэй бол Аланд талтай хандсан нь мэдээж. Эхэлж дурдсан зан чанар дараа нь дурдсан зан чанаруудын утга агуулгыг өөрчилнө. Ухаалаг хүний зөрүүд занг зөвтгөж болмоор, зарим тохиолдолд хүндэлж болмоор боловч зөрүүд, атаач хүн ухаантай бол осолтой. Энд зөрүүд гэсэн үгийг ухаалаг гэсэнтэй уяж болохоор аж.

Дээр дурдсан туршилтыг олон янзын хувилбараар хийсэн бөгөөд зарим тохиолдолд туршилтад оролцсон хүмүүс эхний 3 зан чанар нь нэг хүнийх, дараагийн 3 нь өөр хүнийх гэж хэлж байлаа. Нэг хүн дээр бичсэн зургаан төрлийн зан чанартай байж болох уу гэхэд дийлэнх нь байж боломгүй гэж хариуллаа. 


НЭПКО хэвлэлийн газар