Энэ Элбэгээ Ерөнхийлөгчид нэг газар олгочихооч
Яг одоо энэ гарчигийг уншиж байгаа арван монгол хүн тутмын тал нь хараал урсгахад бэлэн байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл өөдөө гарсан болгоныг үзэн ядаж, болж л өгвөл бяц дэвсэлж бахаа хангадаг нь бидний араншин. “Энэ одоо юу вэ, Элбэгээд газар өгнө ч гэх шиг хуцаад...”гэх мэт хамаг муу үгс хэнхдэг цээжнээс нь түрэн наашилж байгаа.
Яг үнэндээ Элбэгээ маань Японы ерөнхий сайд Абэд шууд халзагнаад л гуйлга гуйчихсан юм билээ. Энд ямар нэг хэтийдүүлэн, дэгсдүүлсэн зүйл огт үгүй юм шүү. Мань эрийн эмчлүүлсэн эмнэлэгийн үйлчилгээ, чанар, техник, тоног төхөөрөмж, эмчилгээний арга технологи мэдээж Монголынхтой яаж дүйцүүлэх билээ. Мэс засалд орсныхоо маргааш нь гэхэд л хөл дээрээ босон, энэ тэрүүгээр сэлгүүцсэн шиг явахдаа Улаанбаатарт яаж нэг ийм эмнэлэгтэй болчих тухай бодож байж л дээ. Тэгээд овсгоотой, сэргэлэн загнаж эдгэрсэн даруйдаа Абэгаас шууд л яг ийм нэг эмнэлэгийг Монголд байгуулаад өгчихөөч гээд шалчихсан аж. Японы ерөнхий сайд түүний энэхүү гэнэтийн тулгалт, нөгөө талаар илэрхийлвэл эрээ цээргүй гуйлгаас нь татгалзаж чадалгүй зөвшөөрчээ.
Магадгүй зарим нэг нь Ц.Элбэгдоржийг ичгүүргүй энэ тэрээр дуудаж зүхэж байж мэдэх хэдий ч маний зүгээс түүний сэргэлэн бас түмэндээ сэтгэлтэй эцэг хүн шиг байж чадсанд нь талархаж байгаа юм аа. Урьд өмнөх манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар мөн л гадаад улс орнуудад эмчилгээ, асаргаа сувилгаа хийлгээд өчнөөн л явдаг байсан мөртөө өөр шигээ эдгэрээсэй илааршаасай хэмээн өрөөл бусдын талаар санаа тавьдаг байсан юм уу, мэдэхгүй. Ямар ч л байсан Элбэгээ нэг эмнэлэг “үүрээд” ирлээ. Ичгүүр сонжуурын талаар энд ярихын ч хэрэггүй. Болж л байна ш дээ. Суусан газраасаа шороо атгадаг чанарыг бид сайшаан үгүйлдэг ард түмэн атлаа, эмчлүүлсэн газраасаа эмнэлэг “үүрээд” ирсэн Элбэгээд яагаад баярлаж болохгүй гэж. Ингэж жаалж чаддаггүй болохоороо л бас бус улстөрч, эрх мэдэлтнүүдийн хор шар, атаа жөтөө асан авалцаад цаана чинь үхчих шахаж байгаа нь харин хараал, зүхэл барж мэдэхээр байна. Япончууд бол орос, монгол, хятад, солонгосчууд шиг хэдийд л бол хэдийд хэлснээсээ буцдаг, хуурдаг, хулхиддаг үндэстэн биш. “За” гэвэл ёстой харин ч нэг ”Ёо”гүй ард түмэн. Гэхдээ япончууд баргийн “За”гэж дуугардаггүй онцлогтойг бас ч гэж усыг нь ууж, ёсыг нь дагаж хэдэн жил арлын оронд амьдарсных мэдэх юм. Тэд бидэнд ямар ч үнэ төлбөргүйгээр, сохор зоос ч нэхэлгүйгээр тэр үйлчилгээ, эмчилгээний өндөр чанар, технологитой эмнэлэгийг бариад өгье гэсэн байна. Гагцхүү газар, байршлаа шийдээд бидэнд дуулга, басхүү энэ эмнэлэг маань хэн нэгэн “урт гар”-тай, “уужим халаас”-тай эрх мэдэлтний өмч болох ёсгүй бөгөөд өвдөж зовсон болгонд алаггүй, арын хаалгагүй үйлчлэх төрийн харьяаны эмнэлэг байхаас гадна басхүү эмч мэрэгжилтнүүдийг бэлтгэх сургалт, дадлагын бааз байна шүү гэсэн болзлыг тавьж. Энэ бол яах аргагүй япончуудын зан. Тэд илүү харж, билүү долоодог занд үнэн дургүй. Тэд хэдэн зуун сая долларын өртөгтэй , 200 хүний ортой, орчин үеийн эмнэлэгийг тоног, төхөөрөмжтэй нь бэлэглэхээс гадна,эхний хэдэн жилд эмч, мэрэгжилтнүүдээ ажиллуулан монголчуудад зааж, зөвлөн, сургаж дадлагажуулах юм. Элбэгээ ерөнхийлөгчийг эх орондоо ирсний маргаашаас нь л япончууд ажилдаа орж, эмнэлэгийнхээ зураг төслийг гарган Монголд судалгааныхаа багаа илгээж. Гэтэл тэднийг гайхшруулсан асуудал тулгарч, Ерөнхийлөгчийг ичгүүртэй байдалд оруулсан хэрэг явдлыг манайхан мандуулаад эхэлжээ. Нөгөө эмнэлэгээ барих газар Монголд олддоггүй гэвэл бид итгэх үү.
Нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд нэгд бичигддэг Монгол Улсад маань шүү дээ. Нэг эмнэлэг барьчих газар олдохгүй болчихож гээд боддоо. Жирийн нэг Бат, Дорж биш Монгол Улсын маань Ерөнхийлөгч өөрөө санаа тавин хөөцөлдөөд барахгүй байгаа гэвэл итгэх үү. Мэдээж энэ эмнэлэгийг аль тэр хол баруун Алтайн уулс дунд ч юм уу, эсвэл Дорнодын тал, Өмнийн говийн элсэн дунд байгуулалтай нь биш. Ер нь яагаад бид ийм уудам сайхан нутагт төрчихөөд газаргүй хүн шиг ямагт гуйлагчин царайлаад, хажуу бөөрнөөсөө хавчигдаж, ядуу, зүдүү амьдардаг юм вэ? гэдгээ бодох цаг болж.
Ерөнхийлөгч хийгээд япончуудын хүслээр бол энэ эмнэлгийг хэт ирээдүй, үр ашиг, ач холбогдол бүхнийг нь бодолцон эмч, эмнэлэгийн ажилтнуудыг бэлтгэн гаргадаг их сургуультай нь холбон дэргэд нь байгуулах гэсэн юм байна. Учир нь хөгжингүй орнуудын анагаахын их сургуулиуд бүгд өөрийн эмнэлэгтэй байдаг. Харамсалтай нь манайд ийм тогтолцоо алга.Их сургуулийнхаа харьяа эмнэлэгийн ач холбогдол нь төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын бааз болохын зэрэгцээ их сургууль өөрөө эрдмийн уурхай, оюуны цөм байдаг учраас шинэ технологи, нутагшуулахаас гадна эмнэлэгийн чанартай ,үр дүнтэй тусламж үйлчилгээг хүн ардад үзүүлдэг.
АНУ,ЯПОН, БНСУ зэрэг орны топ эмнэлэгүүд нь эрүүл мэндийн их сургуулийнхаа харьяанд байдаг учраас хамгийн шинэ технологийг туршин бүтээж, тэр нь эмнэлэгийн үйлчилгээний чанарт шууд нөлөөлдөг. Өнөөдөр манайд Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлэгүүдэд түшиглэн явуулж буй эмнэл зүйн сургалт,дадлага маш муу шүү дээ. Тийм болохоор сайн эмч, мэрэгжилтэн бэлтгэгдэж гардаггүй юм. Бусад орны анагаахын сургууль өөрийн сургалтын эмнэлэгтэй ,тэнд нь хамгийн шилдэг эмч ажилтантай, оношлогоо эмчилгээний чадамж сайн, эмчилгээ, тусламжийн үйлчилгээг ямагт чанартай үзүүлдэг. Монголчууд бидэнд боломж олдож байгаа дээр Ерөнхийлөгчөөрөө түрий бариад ийм бүтэцтэй болчихвол бидэнд нэн ач тустайсан. Өнөөдөр Сонгодо энэ тэр гээд эмнэлэгүүд байгуулагдсан ч хөрөнгө оруулсан хувь хүн, компанийн эрх ашгийг үйлчилгээнээсээ, нийтийн эрүүл мэндийн эрх ашгаас дээгүүр тавьсан үнэн хэрэгтэй зүгээр л бизнесийн байгууллагууд болоод хувирчихсан шүү дээ. Тэдэн шиг болгохгүйн тулд шинэ эмнэлэгийг Анагаах ухааны их сургуулийнхаа дэргэд байгуулах нь зөв юм. Төсөөлж байгаагаар эмнэлэг их сургууль хоёр хүзүүвчээр холбогдсон, ирээдүйд эмч болох оюутнууд нь хичээлийнхээ танхимаас шууд эмчилгээний практикт шилждэг байвал хамгийн үр дүнтэй байдаг болохыг өндөр хөгжилтэй орнуудын жишээ нотолдог. Тухайн эмнэлэгт хамгийн чадварлаг эмч нарын хийж байгаа нарийн мэс засал, эмчилгээг оюутнууд тусгай шилэн хананы цаанаас, эсвэл дэргэдээс нь яг бодитоор харж , чухам юун дээр алдаж, онож байгаагаа мэдэж, хэрхэн эмнэж байгаад суралцана гэдэг хамгийн чухал буюу. Мөн энд хамгийн орчин үеийн технологид суурилсан судалгаа шинжилгээ, оношлогооны лабораторт оюутнууд ажиллах боломжтой болно. Манайд ийм л сургалт дутагддаг. Тийм нөхцөл ч алга юм даа. Үүнийг л бий болгох гээд Элбэгдорж ерөнхийлөгч зүтгээд байгаа юм билээ л. Монголчууд бид гадагшаа явж оношлуулж, эмчлүүлэхдээ жил бүр 68 тэрбум төгрөг зарцуулж байдаг юм байна. Энэ их мөнгө Монголоос гараад явчихаж байна аа гэсэн үг. Япончуудын өгье гээд байгаа эмнэлгийг бид гялс хүлээгээд авчихвал ядаж л дээрх мөнгөний тал хувь нь Монголд үлдэх билээ. Уг нь өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг баймаар атал эсрэгээрээ бид гэдийгээд байгаа нь ойлгоход бэрх парадокс юм даа. Монголчууд бид хэрэггүй юман дээр улстөржиж , жагсаж, өлсөж чаддаг атлаа яг өөрсдийн амин чухал эрх ашгийнхаа төлөө үхрээс дор тэнэг царайлдаг өрөвдөлтэй ард түмэн. Одоо тэгээд ийм нэг эмнэлэгтэй болох гэтэл газаргүй гэдгээр буцаагаад алдчихвал бидний л хохь. Нийслэлийн холбогдох эрх мэдэлтнүүд энэ асуудал дээр хүрэл хөшөө лүгээ ам үл нээх. Ядаж Э.Бат-Үүл баатар хүртэл таг дуугүй байгааг үл ойлгох юм. Дам сургаар бол хотын төв тэр тусмаа шинэ эмнэлэгийг байгуулж болох газрыг урьд одоогийн хотын удирдлагууд зарж борлуулаад дуусгачихсан бололтой. Тэгээд ерөнхийлөгчид хотоос бүр зайдуу газар авбал ав гэсэн байдлаар хандаж байгаа аж. Эс бөгөөс Японоос эмнэлэг чирч ирснийхээ төлөө хотын төвд байгуулъя гэж байгаа бол тэр хавийн газрыг аль эрт өөрийн болгосон улстөрчдөөс өндөр үнээр худалдаж авахдаа тулж байна.Монголчууд бид өөрсдөө ийм залхагтаа дасчихсан болохоор тоож байгаа ч юм алга. Аягүй бол Элбэгдорж хувийнхаа эмнэлэгийг байгуулах гэж байгаа гээд ойлгочихсон тууж яваа. Энэ чинь бидэнд, Монголд хэрэгтэй юм гэдэг талаас харахыг ч хүсэхгүй байгаа нь эмгэнэлтэй. Япончууд харин биднийг хэрхэн ойлгохыг мэдэхгүй.Ерөнхийлөгч нь эмнэлэг өгөөч гэж гуйсан. Эмнэлэг өгье гэсэн. Гэтэл газар олдохгүй гээд асуудал үүсэж байгааг, манай эх оронч, ард түмэндээ хайртай улстөрчид эмнэлэгээ бэлэглэж байгаа бол бас байгуулах газраа худалдаж ав хэмээн хандаж байгааг тэд хэрхэн ойлгох бол. Үүнийг л гутамшиг гэхгүй юм бол өөр юуг гутамшиг гэх билээ. Нэг ийм явдал болоод байна аа, монголчууд аа. Энэ Элбэгээд нэг газар өгчихөө ч дээ.