Эр хүний “хэв шинжит дүр” ба Сарандаваа
Социализмын үед хувьсгалчдын, ажилчин ангийн, нэгдэлчдийн, тариаланчдын, өнөөгийн сэхээтний гэх мэтээр “хэв шинжит дүр” бүтээх тухай маш их ярьж бас бүтээж ч байлаа.
1.Урлаг дахь хэв шинжит дүр
Социализмын үед хувьсгалчдын, ажилчин ангийн, нэгдэлчдийн, тариаланчдын, өнөөгийн сэхээтний гэх мэтээр “хэв шинжит дүр” бүтээх тухай маш их ярьж бас бүтээж ч байлаа. Хөхөө гэрлэх дөхлөө, Хүргэн хүү, Нийслэл хүү гэх мэтээр маш урт жагсаалт гаргаж болно. Магад энэ бол социалист реализмын гол мөн чанар байсан ч байж мэднэ. Тэр цагт кинонд үзүүлээд зогсохгүй амьдрал дээр ч тийм хүний дүрийг бүтээдэг байлаа. Д.Сэнгээгээс эхлээд л Л.Түдэв Б.Явуухулан Ч.Чимэд Л.Ванган…гэх мэт шилдэг сэхээтнүүд элит хэсгийн цуваа, ажилчин ангийн дунд бол уурхайчин Д.Даваажав, хоньчин З.Очир, токарьчин Ц.Шархүү, нэхмэлчин Б. Гүнжинлхам…гэх мэт хэдэн зуун хөдөлмөрийн баатрууд гэх мэтээр үлгэрлэн дуураймаар нийгмийн хэв шинжит хүнийг бодлогоор “бүтээж” байсан билээ.
Ер нь хэв шинжит дүр гэгч ухагдахуун бол нийтээрээ ямар байгааг ямар болох гэж хүсэж тэмүүлж байгааг нэг хүнээр төлөөлөн үзүүлдэг нэг ёсны үлгэр жишээ, нөгөө талаараа үнэхээр ч нийгмийн ерөнхий шинжийн тусгал гэж ойлгож болно.
Дуу хөгжим нийтэд их түгдгээс гадна тэр үеийн хэв шинжийг тусгаж байдаг. 1960 аад оны манай нийтийн дуу ихэнхдээ вальсын хэмнэлтэй байдаг нь тэр цагт бүжиг их түгээмэл байсныг илтгэнэ. Мөн л тэр цагт “Нас тогтох сайхан” …гэх мэт тэгш амгалан сэтгэлийг их дуулдаг байсан байх жишээтэй гэх мэт.
Харин одоо нийтэд түгсэн дуугаар авч үзвэл “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин”… гэх буюу гүндүүгүй уужуу тайван монгол эрийн тухай дуу нэлээд элбэг таарна. Энэ нийтийн дуунд шингэсэн хэв шинжит эр хүн бол өнөөх л Ч.Лодойдамба агсны “Тунгалаг тамир”ын Цахиур Төмөр хэмээх сайн эр эсвэл Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”н Юндэнгээс улбаатай дүрүүд мэт. Ер нь ч тэр Юндэн ардын аман зохиолд гардаг Юндэн гөөгөөгөөс угшилтай ч байж ч мэднэ. Ийм дүрдээ орчхоод яваа өнөө цагийн нэг сайхан дуучин бол С.Жавхлан мөн билээ.
Залуусын дунд бол Д.Болд хэмээх дуучин дуурайх хүн болоод түүнд төрийн шагнал өгсөн байх. Мөн хөгжмийн зохиолч С.Балхжавыг бас мартах аргагүй.
Уран зурагт одоо цагт хүний дүр маш ховордсон. Голдуу абстракт уран зураг, баримал, арт үзүүлэх урлаг зонхилж байна. Сэтгэлгээний талыг барьдаг болсон гэх бөгөөд хүний хөрөг зураг, хүн төвтэй зохиомж цөөрчээ. Хэт субъектив хандлагатай ч болсон байж мэднэ. Соц-реализмын үед Монуманталь урлаг гэж хүчтэй урлаг байсны нэг том төлөөлөгч нь миний эцэг юм. Зайсан толгойн шигтгэмэлүүдийг Я.Үржнээтэй хамтарч бүтээсэн, 19 р хороололын дагуу байшингийн ханан дахь ажилчин, малчин, сэхээтэн, цэрэг улс төрийн баатруудын хэв шинжит дүрүүд тэнд эгнээд зогсож байгаа.
Хувь хүний тал дээр бол бүр дэлхийн оюунлаг хүмүүн хэмээн Британиас тодорхойлсон төрийн шагналт зураач С.Саранцацралтыг хэлж болно. (Түүний нөхөр Бат-Эрдэнэ мөн л хуучин цагт Нэг ангийн хоёр хэмээх кинонд тоглож байлаа), зохиолчидоос Г.Аюурзана яалтчгүй тод харагдана.
Өнөө цагийн урлагийн гол төлөөлөл хошин урлаг болжээ.Тэд ямар эр хүний хэв шинжит дүрийг бүтээж байгаа вэ гэвэл. Эр мөртлөө эм болсон чавганц, адайр ааштай эм дүр зонхилно. Эсвэл маазарсан, уймарсан, бүтэлгүй, арчаагүй, архичин, хадам эхээ хорлох санаатай , эхнэрээ хуурсан явган зальтай шог эрчүүд дийлэнх нь харагдах ажээ. Тэр эрчүүд салтаа байцаах газар гэх мэт зүйлс ярьж явдаг. Саяхан нэг өвөр монгол эмч аргадангуй учирласан л байна билээ.
Одоо бүх урлагийн нийлбэр кино урлагт социализмаас хойш ямар гээч эр хүний хэв шинжит дүр зонхилж байгааг харах гээд үзэе.
Гэтэл сүүлийн 25 жилд ямар хэв шинжит дүр хүсээд, бүтээгээд байгааг хархад их ойлгомж муутай. Хуучин социализмын үеийнх шиг сэтгэлд хоногшсон дүр санаанд буухгүй ажээ. Миний зохиолыг нь бичиж, найруулагч Ж.Сэнгэдорж найруулсан “Бодлын хулгайч” кинонд гарах С.Амарсайхны бүтээсэн дүрээр 90 ээд оны хэв шинжит дүрийг бүтээх гэж чармайснаа нуугаад яахав. Тэр цагт нийгэм тэр аяараа хулгай, луйвар, заль мэх байсан төдийгүй Америк гэж үлгэрийн орноос бөөн мөнгө орж ирнэ гэдэгт дээр дооргүй итгэсэн байсны тод томруун жишээ билээ. Өөрийн бичсэнийг өөрөө ярих нь аль ч талаараа зохисгүй тул ингэсгээд зогсож өөр хүмүүсийн бүтээсэн эр хүний дүрийг хайхаар цахим хуудсандаа мэргэн олноосоо дэмжлэг хүслээ.
Хариу нь бараг минийхтэй ижил тоймтой дүр хэлсэн хүн гарсангүй…Ёстой бодоод санаанд буух дүр алга,Хуучин цагаас гэвэл Гарьд Магнайн Молиго Очир, Хөх чоно, Цахиур Төмөр гээд л жинхэнэ Монгол Эрс ийм байдаг байх гэж бахархдаг байжээ. Одоо драмын театрын Цэрэнболд гээд монголжуу төрхтэй жүжигчин аймшгийн кинонд тоглосныг нь мэдэхийн… яг тийм хэв шинжит дүрийг нь санахгүй нь…Царай зүс нь Монгол эр хүний шинжтэй ч …Ер санаанд орж ирэхгүй юм…С.Болд-Эрдэнийн “Орхидос” киноны дүр орчин цагийн гэр бүл салалт, дагавар хүүхэдтэй эцэг хүний дүр хэв шинжит дүр байж болох уу? Ийм хүмүүс нийтлэг шүү дээ... Кино ийм л болжээ, сэтгэлд үлдэхээр бүтээсэн дүр алга, кино зохиолдоо байгаа юмуу жүжигчиндээ байгаа юмуу, уг нь Ариунбямба Цэрэнболд Мягмар гээд л тепаж сайтай чадварлаг жүжигчид байнаа, гэхдээ дүр гээд бодохоор сэтгэлд буух юм алгаа…Аравт киноны дүрүүдээс аль ч дээр юм бэ дээ…Нар сарны зааг УСК. Болд-Эрдэнийн Сэнгээгийн дvрийг авна уу даа…гэх мэтээр тун бага хүн хариу бичжээ .
Бас нэг цахим найз маань …Сүүлийн үеийн ихэнх кинон дээр мөнгөөр бүх асуудлыг шийдэж болдог гэсэн хандлагатай болж, том машин унасан компанийн эзэн, бизнесмен, эхнэр эсвэл найз бүсгүйтэй ч өөр хэн нэгэнтэй бас хайр сэтгэлийн холбоотой 30-40 насны эрэгтэй дүр их нийтлэг байгаа. Тийм эрийг л cool guy гэсэн хэвшмэл ойлголтыг ихэнх кино үзүүлж байна даа.
Урлаг нь угтаа нийгмийн амьдралын идеалыг тусгадаг ч манайд ийм л байх юм…гэж Чимгээ гэх цахим найз бичжээ. Нийгмийн сэтгэлгээ зүгээр л долларт шүтдэг, ашиг хардаг болсон болохоор дээр өгүүлсэн бүгд үнэн юм. Бараг одоогийн дийлэнх кино, хошин шог тийм л зүйлсийг л өгүүлж байгаа аж.
Америк эр хүний хэв шинжийг тэдний кино урлаг ихээхэн онцолдог. Ковбой гэх эхний хэв шинжит дүр байдаг нь жоохон ганцаардмал сайн эрийн, сүпермэний дүр. Жараад оноос маш хүчтэй бий болсон хэв шинжит Америк эрийн дүр бол Жэймс Бонд тэргүүтнүүд юм. Тагнуулч, эр зоригтой, ухаалаг маш царайлаг бас завхайдуу ийм баатрууд ар араасаа гарч ирсэн.
Дараа нь “Загалмайлсан эцэг” “ Америкд нэг удаа” зэрэг кинонуудын араас дээрэмчид, мафийн толгойлогч нар цуварсан.
Америкийн Том Круйз, Брюс Уийлс, Арнолд Шварцнегэр…гэх мэт жүжигчдийн бүтээсэн эх оронч, зоригтой, бусдад тус хүргээд явдаг баатарлаг Америк хүний супер хэв шинж одоо ч байсаар л байгаа. Тэдний араас Сүпермээн, Бэтмээн, Хүн аалз… гэх мэтээр маш урт цуваа болсныг бүгд мэдэх хойно үл өгүүлээд өөрсдийн тухай яриагаа үргэлжлүүлэе.
2. Нийгэм дэх хэв шинжит дүрүүд
Сарандаваа гэх авгайн жил бүр тавьдаг эмгэнэлт, инээдмийн жүжгийг Шекспирч бичиж чадахгүй, ямарч агуу найруулагч тэр олон мянган хүнийг тэгж үнэн тоглуулж чадахгүй.
Энэ бол агуу том шоу юм. Нэг удаагийн тоок шоу 30 000 төгрөгийн үнэтэй. Тэгээд ганц удаа амьдаар тавихад л 3000 хүн дор хаяж үзнэ гэхээр 90 сая төгрөгийг нэг “амьд тоок шоу” гаараа хоёхон цагт олж байна.
Аливаа урлаг ихэнхдээ өнгөрсөн цагийн тухай өгүүлсэн байх нь элбэг хэдий ч урлаг өөрөө сэтгэлийн авдрыг онгойлгодог түлхүүр атал өнөөдөр тийм дагаж дуурайж бахархам дүр, тэр сэтгэлийн авдрыг нээх уягын түлхүүр нь нэг иймэрхүү болчхоод байгааг дурдаад нийтлэлээ Сарандаваагийн “ток шоугаар” өндөрлөх маш гунигтай байна.
Хүүхдийн киноны талаар бол бүр ярих ч кино огт байхгүй болсон. Хүүхэд залуучуудын театраа Хаан банкинд зарчихаад АНУ гарчихсан И.Нямгаваа магадгүй хүн талаасаа нийгмийн хэв шинжит дүр өөрөө болсон байж мэднэ.
Карл Маркс гэдэг сэтгэгчийг бид " шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн " гэж хэлсэн балай этгээд хэмээн муучлан ярьдаг билээ. Гэтэл тэр яг юу гэж хэлсэн бэ? Тэрээр " Гегелийн эрхийн философийг шүүмжлэх нь " гэдэг зохиолдоо -"Ерөөс шашин гэгч нь дарлагдсан ядуусын санаа алдалт, зүрхгүй орчлонгийн зүрх, сүнсгvй амьдралын сүнс. Шашин бол ард түмний хар тамхи мөн" гэж хэлсэн ажээ. К.Маркс энэ үгээ Англид зэрлэг капитализм хүчээ авч байхад хэлсэн.
Өнөө цагийн өнцгөөр харвал Сарандавааг л хэлж байна шүү дээ.
Ийм хөрсөн дээр ийм л ургамал ургадаг аж. Гэхдээ Сарандавааг ч буруутгах аргагүй. Нээрээ тэнд нь суучихвал мөнгөтэй болчих ч юм болов уу, Монте Кристо болчхыг хэн байг гэхэв гэж цуглаж байгаа тэднийг ч буруутгах арга бас байхгүй юм.
Хэдийгээр кино биш зүгээр л реклам боловч “ Намайг Амраа гэдэг…” хэмээх реклам явж явж одоо цагийн хэв шинжит эр хүний дүр байж бас болох талтай. Ардчилалд итгэдэг хирнээ багтарсан, бухимдсан, өөрийгөө том гэж харуулах гэсэн комплекстой бас популист маягийн нөхрийн дүр өнөөгийн залуу эр хүний хэв шинжит дүрийг гаргасан байх өндөр магадлалтай санагддаг.
Энэ утгаар авч үзвэл Сарандаваа өөрөө одоогийн нийгмийн хэв шинжит дүр мөнөөсөө мөн билээ.
Хаана ч тэр, урлаг нийгмийн л тусгал байдаг.