“Ертөнц сайн сайхан зүйлсээр дутаагүй ээ, гагцхүү түүнийг олж харах нүд дутдаг” ажгуу.

21-р зууны түүх хэрхэх бол? Ер нь түүх яаж өрнөдөг юм бол, бид түүхийг залуурдаж болох уу, эсвэл гарцаагүй болох үйл явдлууд гэж байдаг уу, хүмүүс түүхийн дүрд тоглогчид л юм уу ... энэ эргэлзээнд яг таг хариу одоогоор хаана ч алга. Гэхдээ монголчууд бидэнд нэг үг бий ...
“Эзэн хичээвэл заяа хичээдэг”

Ганцхан зуун жилийн өмнө ... бид хүн төрөлхтний түүхээс арчигдах шахаж байлаа, өнөөдөр харин ямар байна Монгол Улс? дахин нэг зуун жилийн дараа дүр төрх яаж өөрчлөгдөх бол?
Өнгөрсөн зуунд цэцэглэж байсан үзэл суртал, –измүүдийн халааг энэ зуунд үндэсний үзэл залган авч, хаа сайгүй цэцэглэн дэлгэрч байна. Энэ үндэсний үзэл хийгээд ард түмний бусдаас онцгойрох гэсэн хүсэл эрмэлзэл ямар нэг арга хэлбэрээр илэрхийлэгдэж л таарна, аливаа нэгэн үзэл сурталын адилаар. Хэрэвзэ улс төржсөн байдлаар илрэн гарах аваас (нацизм, ари цус, дэлхийн 2-р дайн) ямар үр уршиг тарихыг хэлж мэдэхгүй... Ард түмний эрч хүчийг эдийн засгаа сэргээн босгох, соёлоо дээдлэн бахархах зэрэгт ашиглаж байх нь хавьгүй дээр биш үү... хүмүүс өөрийгөө онцгой төрсөн гэдгээ гайхуулахын тулд заавал нөгөө хүний хар бор арьстайг тодруулж, яс цуссар нь дээрэлхэж, шашин номыг нь гутаан доромжлох албагүй шүү дээ. Өөрийгөө илэрхийлж чадахгүй, бусдын анхаарлыг татаж дийлэхгүйдээ дэлхий даяар агсан тавьдаг энэ маягийн хөөрлийг өөр байдлаар илэрхийлж болдоггүй юм уу ... багтаж ядаад байдаг ааг омог байдаг юм бол ... магадгүй хавтгай дэлхий дээр хүмүүс гар утас, онгоц тээврийг ашиглаад эдийн засгийн санаархал, интернэтээр дамжуулж үндэсний үзэл язгуур соёлоо илэрхийлж сэтгэл ханамж авч байж болох ч юм билүү.
Зарим бие хүн улс гүрний асуудлыг шийдвэрлээд, өргөн далайцтай амьдарч чаддаг, тийм их нөөц эрч хүчтэй явдаг. Зарим хүн зарим үед өрөөлийн бүү хэл өөрийнхөө ч асуудлыг шийдэх тэнхэлгүй болчихдог. Түүнтэй л адил зарим улс үндэстэн гайхамшиг гайгамшиг-ийг бүтээж байхад, өөр зарим нь бараа бологсод аштай сүүдэрт нь алхасхийх. Компьютер зохион бүтээхүйц хүнээрээ буу зэвсэг зохиолгоод, толгой эрдэмтэдээ цөмийн бөмбөг хийхэд хүчлээд байх уу, эсвэл нано биотехнологи, сансар судлалд ашиглаж хөгжүүлсэн нь дээр үү ... Сүүхээтэй самбаатай хүнийг улс төрд хутгалдахаас өөр аргагүй байдалд оруулах уу, эсвэл эдийн засгийн талбарт олон улсын тавцанд өрсөлдүүлж, зоосны нүхээр овсгоотуулсан нь дээр үү ... аль нь хувь хүндээ ч улс гүрэндээ ч хүн төрөлхтөнд ч хэрэгтэй тустай вэ. Байгаа эрч хүч, нөөцийг юунд ямар арга замаар гаргаж ашиглах вэ эсвэл булшлаад дарчих уу гэдэг нь оюун ухаант хүмүүний өөрөө мэдээд шийдчихэж болох л асуудал, энэ утгаараа хүн та түүхийг залуурдаж чадах буюу.

Хавтгай дэлхий та тавтай морилно уу, 21-р зуунд түүхийг Бид захиалмаар байна.

PS: Фридманы метафор олон хүнийг сэдэлтэнд оруулж байх шиг байна. Бидний монголчууд энэ метафороос дэлхий дахинд юу болж өрнөөд байгааг гадарлах биз ээ. Санаандгүй ч гэхүү тохиолдлоор энэ ном өөрөө мөнөөх хавтгай дэлхийн замаар монгол уншигчдын гарт хүрч буй билээ. Таалан соёрхоно уу, зүс царайгаа харалцаагүй ч зорилго нэгдэн хамтарч ажилласан багийнхаа андуудад амжилт хүсье.
Энэхүү бүтээлийг орчуулах баг бүрдүүлж бүтээлч, оюунлаг, амбицлаг, чадварлаг загнасан Огоод хувиасаа талархах ёстой, ажил үйлсээр бялхаж, эрдэм оюун ундарч байдаг халуун дулаан гэр бүлд тань аз жаргал хүсье.