Хаалгаа хаасан ч цонхоо нээ гэж...
Бурхан хаалгаа хаасан ч цонхоо нээдэг гэж үг байдаг даа. Нэг боломж үгүй болоход дараагийн боломж бий болдог гэсэн үг. Саяхан хүртэл шүүх байгууллага гэдэг хаалттай ертөнц, тусдаа “вант улс” байлаа. Шүүхийн байшингийн хаалгыг дуртай хүн болгон татаж чаддаггүй байв.
Бурхан хаалгаа хаасан ч цонхоо нээдэг гэж үг байдаг даа. Нэг боломж үгүй болоход дараагийн боломж бий болдог гэсэн үг. Саяхан хүртэл шүүх байгууллага гэдэг хаалттай ертөнц, тусдаа “вант улс” байлаа. Шүүхийн байшингийн хаалгыг дуртай хүн болгон татаж чаддаггүй байв. Энэ бол шүүхийн үйлчилгээ авах гэж байгаа ирж шүүгдэгч, нэхэмжлэгч, хохирогч, хариуцагч нарын тухай биш. Харин тэр байгууллагад хэн ажиллах вэ гэдэг тухай асуудал. Шүүхэд шүүгчийн туслах, нарийн бичиг, эсвэл түүний ах дүү, хамаатан садан л ажилд орж, тухайн шүүгчийн ажил, албан тушаалыг өв залгамжлан авдаг тухай шүүмжилдэг байв. Тэгээд тэр нь явсаар шүүхийн “цус ойртолт” хэмээх зүйл болж, нэг шүүгч нь нөгөө шүүгчийнхээ нөлөөнд автсан шийдвэр гаргадаг, шүүхэд танилтай талтай хүний талд л шүүхийн шийдвэр гардаг гэх яриа оргүй зүйл биш.
Үүнийг өөрчилж, шүүхэд “шинэ цус” сэлбэхийн төлөөнөөс ч гэх юм уу, ерөөсөө шүүх байгууллагыг бүхэлд нь шинэчилж, Үндсэн хуульд заагдсан иргэдийн “шударга шүүхээр шийдүүлэх” эрхийг хангахын тулд эрх зүйч мэргэжил эзэмшиж, хуульчийн мэргэжлийн шалгалт өгөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх авсан бүх хүмүүст шүүгчээр ажиллах, шүүгчийн сонгон шалгаруулалтад орох эрх нь нээгдсэн. Өмнө нь бол шүүгчээр нэр дэвшигчдэд зөвхөн “мэргэжлээрээ ажилласан байх” гэдэг шаардлага тавьдаг, түүнд нь нөгөө шүүгчийн “суганд хавчуулагдаж” туслах, нарийн бичгээр нь ажиллаж байсан /эрх биш нэг эрх зүйч мэргэжлийн дипломтой байсан байх л даа/ бас нэг шүүгчийн хүү, охин, ах, дүү, хамаатан садан гуай л шүүгч болдог байж.
Гэхдээ хуульчийн мэргэжлийн шалгалтанд орохын тулд Хуульчдын холбооноос магадлан итгэмжилсэн сургуульд сурч төгссөн байхаас гадна ийм хэмжээний боловсрол, ур чадвартай хүнд хуульчийн гэрчилгээ олгож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгоно гэдэг шалгуур стандартыг ч гэсэн Хуульчдын холбооноос тогтоодог. Тэгээд хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, хуульчийн гэрчилгээ авсан хүн бол шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах, эсвэл хуулийн зөвлөгөө өгөх эрхтэй болж байгаа юм. Энэ жилийн байдлаар 5600 орчим хүн хуульчийн гэрчилгээ авсан байна гэж үзвэл тэд бүгдээрээ шүүгчээр ажиллахаар нэрээ дэвшүүлж, өрсөлдөх эрхтэй гэсэн үг. Энэ шударга биш гэж үү?
Өнгөрөгч гуравдугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ Улсын дээд шүүхэд гарсан дөрвөн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлажээ. Улсын дээд шүүх 24 шүүгчтэй. Үүнээс Захиргааны шүүхийн танхимд нэг, Иргэний танхимд хоёр, Эрүүгийн шүүхийн танхимд нэг шүүгчийн орон гарсан байна. Бодвол өмнөх шүүгчид нь тэтгэвэртээ гарсан юм биз дээ. Сонсоход 25-30 жил шүүгчээр ажиллачихсан тэр тооны хүмүүс Дээд шүүхэд ажилладаг, тэд нь учиргүй өндөр цалинтай гэж УИХ дээр шүүхийн төсөв хэлэлцэх үед яригдаж байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн цалин 2,7 сая, түүн дээр шүүгчээр таван жил ажилласнаасаа хойш жил бүр 2 хувийн нэмэгдэл авна гээд бодохоор овоо дажгүй тоо гарна. Шүүгчийн албан тушаал бол хуульч мэргэжлийн хамгийн өндөр карьер. Өрсөлдөөн ил тод, нээлттэй байж л шүүгчийн ур чадвар, ёс зүй өндөрсөж, тэгж байж бид ч гэсэн “шударга шүүхээр шүүлгэх” эрхээ эдлэх боломжтой болно шүү дээ.
Энэ удаагийн Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 19 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөнөөс 11 нь шалгалтандаа тэнцсэн байна. Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ бичих, эрх зүйн мэдлэг шалгах, Үндсэн хуулийн зүйл заалтад тайлбар бичих гэхчлэн мэргэжил, ур чадварын арав гаруй шалгуураар шүүлгэснээс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нар оноогоор тэргүүлсэн байна. /Сонгон шалгаруулалтын дүнг хавсаргав/ Харин өнгөрөгч долоо хоногт ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн дотор эдгээр багш нарын нэг нь ч багтсангүй. Тэдний оронд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч П.Соёл-Эрдэнийг УДШ-ийн захиргааны танхимын шүүгчид, давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа нарыг иргэний танхимын шүүгчид, давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч Ч.Хосбаярыг эрүүгийн шүүгчид тус тус нэр дэвшүүлсэн байна.
Үнэндээ ч ШЕЗ-ийн таван гишүүний гурвыг нь анхан, давах, хяналтын гэсэн гурван шатны шүүхээс төлөөлөл болгон оруулдаг. Хуульчдын холбооноос нэр дэвшүүлж оруулсан нэг гишүүн нь ч бас л Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад энэ ажилд томилогдсон байдаг. Тэгэхээр ШЕЗ доторх шүүгч болон бусад хуульч гэсэн харьцаа 4:1 болж байгаа юм. Санал хураалтын дүн ч гэсэн 4:1, 3:2 харьцаатайгаар шүүгчдийн талд гарсан байдаг.
Харин ШЕЗ-ийн даргын тайлбарласнаар бол “Сонгон шалгаруулалт бол хэлбэрийн төдий зүйл. Тэртэй тэргүй хуульчийн мэргэжил эзэмшээд эрхээ авчихсан хүмүүсээс бид энд мэргэжлийн шалгалт давхар аваад байх шаардлага ч байхгүй. Өөр бусад оронд ч ийм шалгалт авдаггүй. Тиймээс шүүгчээр ажилласан туршлага, ёс зүй, хувийн байдлыг нь харгалзаж үзээд нэр дэвшигчдийг тодруулсан” гэж байна. Тийм ч байж магадгүй. МУИС-ийн багш Ж.Эрдэнэбулган гэхэд эрүүгийн талдаа номер нэг өмгөөлөгч гэлцдэг юм билээ. Бусад багш нар нь ч гэсэн эрх зүйн онолоор доктор хамгаалчихсан, судалгаа шинжилгээгээрээ салбартаа хүлээн зөвшөөрөгдчихсөн хүмүүс байхад практик дээр ажиллаж байгаа нэг шүүгчтэй яаж эн зэрэгцэхэв.
Гэхдээ энд нэг зүйл байна. Хэрвээ шүүгчдийг сонгон шалгаруулалтаар гаргаж ирэх нь зөв байгаад шалгаруулалтаа шударгаар явуулья гэвэл шалгуураа өөрчлөх хэрэгтэй болж байна шүү дээ. “Зөвхөн таны шүүгчээр ажилласан байдал болоод ёс зүй, хувийн байдлыг чинь харна шүү” гэдэг ч юм уу Тэгвэл өч төчнөөн өдрөөр шалгалт шүүлэг өгч, мэдлэг ур чадвараа дайчлаад адагт нь үр дүнгүй үлдсэн гомдол ч гарахгүй, шударга шүү дээ. Нэг хэмжүүрээр сонгон шалгаруулалт явуулаад, өөр нэг хэмжүүрээр дүнгээ гаргана гэдэг ямар утгатай байж таарах вэ. Үүнийг “хэлбэрийн төдий шинэчлэл” гэж нэрлээд, “шүүгчид шүүгчдээ гаргаж ирлээ” гэж яриад байгаа багш нарын ч бас буруу биш.
Ер нь бол одоо мөрдөгдөж байгаа хуулиар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгуурыг зааж өгөхдөө “шүүгч бол давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байх, бусад хуульчийн хувьд хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан байх, судлаач, багш нарын хувьд Хуульчийн холбооноос магадлан итгэмжилсэн дээд сургууль төгссөн /мэдээж хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж хуульчийн гэрчилгээ авсан/ байх” гэх мэтчилэн тус тусын шалгуурыг зааж өгсөн байдаг аж. Энэ шалгуурыг хангасан хэн гуай ч шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй гэсэн үг. МУИС-ийн ХЗС-ийн багш нар ч гэсэн энэ шалгуурыг хангаж, сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүс. Гэтэл шүүгчээр ажиллаж байгаагүй гэдэг нь тэдний сул тал болох уу?
Харин ч эсрэгээрээ. Бусад шатны шүүхээс ялгаатай нь Дээд шүүхийг “онолын шүүх” гэж нэрийддэг. Өөрөөр хэлбэл хяналтын шатны шүүхийн үүрэг нь анхан болон давж заалдах шатны шүүхтэй адил тухайн тохиолдолд гэмт хэрэг үйлдэгдсэн үү үгүй юу, ямар ял оноох вэ гэдгийг шийдэх бус, харин анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь “материаллаг болон процессийн хэм хэмжээг зөрчсөн эсэх”-эд үнэлэлт дүгнэлт өгдөг. Илүү энгийнээр хэлбэл шүүгдэгчийн гэм бурууг шүүх биш, харин шүүхийн шийдвэрийг шүүнэ гэсэн үг. Эрүүгийн шүүхийн шийдвэр байлаа гэхэд Эрүүгийн хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн эсэх, гэмт хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон эсэх болон хэргийг шийдвэрлэхдээ ЭБШХ-ийн зүйл заалтыг зөрчсөн эсэхийг хянаж үзнэ гэсэн үг. “Булаах” гэдэг гэмт хэргийг “дээрмийн хэрэг” гээдзүйлчилчихсэн байвал “материаллаг хэм хэмжээг зөрчсөн” буюу Эрүүгийн хуулийг буруу хэр эглэснээс, харин энэ хэргийг шалгах явцдаа холбогдогчийг айлган сүрдүүлэх, эрүүдэн шүүх аргаар хэрэг хүлээлгэсэн бол ЭБШХ буюу “процессийн хэм хэмжээг зөрчсөн” гэж үзэж хяналтын шатны шүүх дүгнэлтээ гаргадаг.
Тийм учраас шат шатны шүүхээс гардаг шийдвэрийг ч гэсэн өөр өөрөөр нэрлэдэг. Анхан шатныхыг шүүхийн шийдвэр, давж заалдах шатныхыг шүүхийн магадлал гэж нэрлэдэг бол Дээд шүүх зөвхөн тогтоол гаргадаг. Ингэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох, эсвэл өөрчлөх тухай. Тиймээс Дээд шүүхийг “онолын шүүх” гэж нэрлэдэг. Дээд шүүх заримдаа хуулийн маргаантай зүйл заалтыг хүртэл тайлбарладаг. Энэ утгаараа саяын нэр дэвшилтийн тухайд практик дээр ажиллаж байсан шүүгчид гэхээсээ илүү эрх зүйн судлаачид, мэргэжилтнүүдэд нь Дээд шүүхэд түлхүү орж ирэх нь харин ч үр дүнтэй баймаар. Тийм ч учраас Дээд шүүхийн шийдвэр шүүх бүрэлдэхүүний олонхийн саналаар гардаг боловч эсрэг саналтай шүүгч нь “тусгай санал” бичиж болдог. Тэр нь нэг талаас эргээд шүүхийн практиктаа судлагдахуун болоод явдаг. Нөгөө талаас тухайн шүүгч хараат бусаар өөрийн шийдвэрийг гаргажээ гэдгийн нэг илэрхийлэл болдог.
Энэ талаас нь харвал, ялангуяа өнөөдөр Дээд шүүхийг, шүүгчдийг нь олон нийт нэг талд үйлчилдэг, хоёр талд үйлчилдэг гэж хардаж сэрддэг байгаа нөхцөлд тийшээ орж ирдэг шүүгчдийн хүрээ илүү олон талтай байх нь зөв юмаа л гэж харагдаад байгаа юм. Ядахдаа л “шүүгчээр он удаан жил ажилласан байх ёстой” гэдэг зөвхөн нэг шалгуурыг бусад шалгуураас нь өндөрт тавиад байж болохгүй л дээ. Саяхан Х.Тэмүүжин гишүүн хэлсэн байсан. Бид Үндсэн хуулиа өөрчлөхөөсөө гадна Үндсэн хуулинд ханддаг хуульчдынхаа хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Үндсэн хууль бол үзэл санаа болохоос үгээр хөөцөлддөг зүйл биш ээ гэж. Үүнтэй адил шүүхийн практик, уламжлалаа барьж шийдвэр гаргадаг шүүгчдээс гадна онолын маргаан өрнүүлж чаддаг, эрх зүйн бодлогоо, суурь зарчмаа барьж асуудалд ханддаг шүүгчид ч гэсэн ялангуяа Дээд шүүхэд хэрэгтэй шүү дээ. Онолын шүүх гэдэг нь үнэн юм бол...
Тийм ч учраас шүүхэд нүүрлэсэн “цус ойртолт”-ыг саармагжуулах, шинэ агаар салхи оруулах, ерөөсөө практик хуульчдыг биш, онолын хуульчдыг ч гэсэн шүүх рүү оруулж ирэхийн тулд “хуульчийн эрхтэй л бол шүүгчид нэр дэвшиж болно” гэдэг нэг “цонх” угаасаа хуулинд байгаа. Өмнө нь шүүхийн туслах, нарийн бичгээр ажиллаж байсан нөхдүүд “мэргэжлээрээ ажиллаж байсан” гэж тодорхойлогдоод шүүгчээр томилогдож болдог байсныг “Хуульчийн гэрчилгээтэй ёстой. Үүнд нь өмгөөлөгч, прокурор шүүгч болон судлаач мэргэжилтнүүд, хуулийн зөвлөхүүд орно” гээд нэг талаар босгыг нь жаахан өндөрсгөж, нөгөө талаар өрсөлдөөнийг илүү нээлттэй болгох гэж үзсэн. Гэтэл Цэц дээр нөгөө хуулийнх нь заалт унаад шүүхийн туслахууд, нарийн бичгүүд “суганд хавчуулагдаад” ороод ирэх үүд хаалга нь нээгдчихсэн. “Цус ойртолт” дахиад эхэлнэ ээ л гэсэн үг. Харин одоо шүүхэд шинэ агаар оруулж болох нэг “цонх” гэвэл бусад хуульчдыг шүүгчид нэр дэвшүүлж болох тухай хуулийн үндсэн заалт. Үнэхээр л шүүхийг шинэчилье гэж байгаа бол хүнээч гэсэн шинэчлэх хэрэгтэй шүү дээ. Хууль журмаа өчнөөн төчнөөнөөр нь өөрчиллөө, нэмэр алга. Хэрэгжүүлж байгаа хүмүүст ч бас асуудал байгаад байгаа юм биш үү.
Ер нь бол “Дээд шүүхийн шүүгчдийн ард бүхэл бүтэн өмгөөллийн баг ажилладаг юм байна. Тийм учраас шүүгчид нь нэг тал болж шийдвэрээ гаргадаг, эргээд өмгөөллийнхөө хөлсийг хуваадаг гэнэ” гэдэг яриа зөндөө л явдаг. Тиймдээ ч шүүхийнхэн заавал дотроосоо хүнээ тавих гэж улайрдаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол батлагдаагүй мэдээлэл. Баталгаатай байгаа зүйл гэвэл Дээд шүүхийн шүүгчээр нэр дэвшигчид хуулиар тавигдаж байгаа шалгуур, тэр шалгуурыг хангасан нэр дэвшигчдийн асуудал. Дунд сургуулийн хүүхэд шиг “арын хаалгаар” дүнгээ ахиулаад, “хаалгаар гаргахаар цонхоор ороод” ирж байгаа шүүгчдэд олон нийт тэгтлээ итгэж, шүүхэд ам сайтай байх нь юу л бол.
Зочин
ankhaar!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ankhaar!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ajiglagch
чингис
Зоригт
Зочин
Pk
Баатарсүх
Хууль дүрмээ мөрдөөсэй
zoligt