Бид цахим хувьсгалаас дахиад хоцорчихсон уу?!
Амьдрал хэтэрхий ухаалаг болохын хэрээр бид эргээд мунхаглал руу буцаад байх шиг.
Амьдрал хэтэрхий ухаалаг болохын хэрээр бид эргээд мунхаглал руу буцаад байх шиг. Хүний хэрэглээ хэтэрхий хялбар болохыг дагаад бид залхуурал руу живээд байна уу даа гэж харах юм. Ардчилалтай хамт ирсэн өнгөрсөн 26 жилийн хугацаанд нэгэн хүний амьдралд тохиолдсон гэхэд ахдам олон үйл явдал, хөгжил дэвшил бидэнд иржээ. Хол ойроос гахай гахайгаар бараа зөөж ирсэн хэдэн ганзагын наймаачин, гэртээ ч орцонд ч гараар үйл урлаж, бүтээгдэхүүн найруулж явсан хэдэн “үндэсний үйлдвэрлэгчид”-дээ талархнам. Тэд өнөөдрийн энэ хялбар, ухаалаг амьдралын хэв маягийг бидэнд бэлэглэсэн.
Өнөөдрийн гавьяа хэнийх юм бэ? Нэр төрлийг нь мэдэхгүй олон төрлийн хоол зооглож, хүрч очиж үзээгүй алс холын газраас зөөж ирсэн үнэтэй тансаг хувцас өмсөж, Дэлхийд нээлтээ хийсэн киног үзэж, хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг хамт хэрэглэж, дэлхийн хэмжээний том том юм яриад, дэлхийн хэмжээний хэрэглэгч болоод пээдийгээд сууж байгаа нь өнөөдөр бидний гавьяа биш, бид тэнгэр заяат болохоороо биш шүү дээ. Өнөөх бидний муучлаад, улстөрчдийн ад үзээд байдаг үндэсний үйлдвэрлэгчид, Монголын хөрөнгө оруулалттай компаниудын л ач гавьяа. Тэд өнөөдөр бизнестээ хэдий чинээ их хүч хаяж, хэдий чинээ их хөрөнгө оруулна түүнийг нь бид маргааш хэд нугалж төлнө. Тэглээ гээд өгөө авааны асуудал биш, бидэнд зарцуулсан бүхэн бидэнд шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ болон ирж, бидний гаргасан мөнгө маргаашын тав тух, тансаг хэрэглээ, орлогын эх үүсвэрийн суурь болно. Тэгвэл гадны хөрөнгө оруулалттай том том газрууд яах юм бэ? Өнөөдөр нэг их гоё дэлгүүрийн нээлт хийлээ, маргааш хамаг мөнгийг минь хуу хамаад гараад явна шүү дээ. Бидэнд нэг тийм Монгол сэтгэл, Монгол сэтгэлгээ дутагдаад байна. Дэмж дэмж дэнж хотойтол дэмж. Монгол хүнээ дэмж, үндэсний үйлдвэрлэлээ дэмж, үндэсний том копаниудаа дэмж. Дэмжих байтал улс төрчид маань олон нийтийн хэвлэл мэдээллээр амандаа багтсан бүхнийг хэлээд сууж байх нь хэр оновчтой вэ. Өнөөдөр хотын хамгийн гоё оффист, хамгийн соёлтой үйлчилгээ, чанартай үйлчилгээ, шинэ технологийг өөрийн эх орондоо санал болгож байгаа цөөхөн хэдэн топ аж ахуй нэгжүүддээ л өөриймсөг хайртай баймаар. Би нэг танилынхаа яриаг сонсож байсан юм. Нүд эрээлжилсэн олон ундаан дундаас өөрийн компанийн харьяа охин компанийн ундааг сонгож ууж байналээ. Яагаад гэж асуухад өөрт нь цалин өгдөг газрын салбар салаа газрууд нь ч өнгөтэй өөдтэй яваг гэнэлээ. Нээрээ л бид ийм л дэмжсэн сэтгэлгээтэй болох дутаад байна.
Монголын төр, бизнес, хувийн хэвшлийнхэн нэгэн зүйл дээр гар барин зогсож байгаа нь цахим хувьсгал. Цахим шилжилтийг хийхэд хоорондоо холбогдох нэн тэргүүний асуудал. Тэгвэл Юнител өнөөдөр өөрийн 120 тэрбум төгрөгөөр 4G сүлжээг байгуулж, Монголын 600мянган өрх интернэтэд холбогдох боломжийг нээсэн байна. Үр дүнд нь интернэтийг, олон сувгийг хүлээн авч үзэх нь өргөн уудам нутагтай нүүдэлчин монголчуудад асуудал болоод байсан нийгмийн байдал, орон зай,байршлын ялгаанаас болоод “тансаг хэрэглээ” мэт болчихоод байсан нь арилж ёстой л“бөмбөрцгийн хаана ч” байгаа хүссэн хүн рүүгээ холбогдох боломжтой болсон. Энэ бол баялаг үйлдвэрлэл. Ингэж монголчууд “соёлын хувьсгалаас” хойш хагас зууны дараа “цахим хувьсгал” хийж дэлхийтэй холбогдсон түүх бичигдсэн юм. Тэгэхээр бид илүү цахимжсан ирээдүйг авчирахад энэ дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг төр дахин хийх шаардлагагүй. Харин бодлогоор дэмжиж, харилцан уялдаатай ажиллах л чухал.
Өнөөдөр шүдний эмчид дугаарлахаас эхлээд эцэг эхийн хурлыг цахимаар хийж, автобусны төлбөрийг цахим картаар бүртгэж, номын сангаа хүртэл дижитал хэлбэрт шилжүүлэн, мэдээллийн сан, архив тэр чигээрээ найдвартай нэгдсэн сүлжээнд холбогдож буй нь бидний жирийн хэрэглээ юм. Дижитал шилжилтийг төр сонгосноор олон давуу талыг нэрлэж болохоос наад зах нь татвар төлөлтөөс эхлээд зарим бичиг цаас зөөдөг, ххүнд суртал учруулдаг нүсэр ажилдаа дижитал шилжилтийг нэвтрүүлснээр төрийн албан хаагчийн тоо цөөрнө. Тэр ч байтугай түгжрэлийг бууруулах гарцыг хүртэл төлөвлөчихөөд хэрэгжүүлж эхэлжээ. Энэ асуудлуудын шийдэл байсаар байтал бид утаан дундаа, түгжрэлд гацаад, уушигны хатгалгаанд бариулаад суугаад байх хэрэг үү?
Дахиад асууя. Бид цахим хувьсгалаас дахиад хоцорчихсон уу?! Дэлхий ертөнц биднээс түрүүлж эргээд эсвэл биднийг тойрч эргээд байгаа юм байхгүй. Бид зүгээр өөрсдийн цагийн бүсдээ л зөв байна. Монголын залуус өөрсдөө үүнийг хийх ёстой. Мэдээлэл технологийн салбарт ажиллах хүсэл сонирхол, боломж,тэр ч байтугай 2030 он хүртэл бий болгох ажлын байрны чинь 50 хувь нь энэ салбарт эзнээ хүлээж байгаа юм биш үү. Энэ бол дэлхийн хэмжээний өрсөлдөөн. Гэхдээ үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай компани ЯЛАГЧ байгаасай гэж үнэн голоосоо хүсч байна.