Монголчуудын “Алтан цаг” Л.Оюун-Эрдэнийн гарт байна
-Пүүшиг зуучихаад “Засгийн хашааны завсраар” шагайн “Яаж энэ улсыг хорлох вэ” гээд исгэрч суудаг ах нар хэдийнэ танигдсан-
“Огцордоггүй Засгийн газар” гэж байдаггүй юм аа, Л.Оюун-Эрдэнэ ээ. Олдсон “Алтан цаг”-аа л үр дүнтэй ашиглаж чадах нь чухал. Монголын ард түмэн Ерөнхий сайдаа хэзээ ч сонгож байгаагүй. “Өгөгдсөн” Ерөнхий сайдтай “зохицож” амьдарсаар ирсэн нь үнэн шүү дээ. Тиймээс зорилготой, зоригтой байж түүхээ үлдээж чадвал Төрийн ордны гуравдугаар давхраас “хөрөгөө дүүжлүүлэхдээ” сэтгэл хангалуун үлдэж чадна.
Анагаах ухааны хэллэгт “Алтан цаг” гэж ойлголт байдаг. Тухайн цаг мөчид нь хүний алтан амийг нь аварч амжих тэр эмзэг, нандин мөчийг юугаар ч үнэлж баршгүй, эргэж олддоггүйг бид ч мэднэ.
Яг түүн шиг төрийн шийдвэрт бас дахин олдохгүй, эргэж ирэхгүй “алтан цаг”-ийг мэдэрч чадна гэдэг түүхэн гавьяа байдаг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яг тийм мөчид тулж ирээд байна.
Уул усаараа холбогдсон хоёр хөрш 15 жил төмөр зам холбох гэгч нэг л зүйлийг ярилаа. Өргөн, нарийн, сайн муу гэж ярьж бичсээр байх зуур Орос, Хятад хоёр улс төмөр замаараа холбогдож, дунд нь Монгол Улс байгаа эсэх ч бүрхэг болоод явчих мэт нэг тийм гашуун мэдрэмж. Үүнийг ойлгож, зорьж чадсан нь сайн хэрэг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань болон “Чайна Энержи групп”-ийн туслах, ерөнхий захирал Кан Фэнвэй нартай уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боостын хил холболтын төмөр замын төслийн асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар уг хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэлээ УИХ-аар батлуулахаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барив.
Монголын төр, УИХ, Засгийн газар “Алтан цаг”-ийн үнэ цэнийг ойлгож, геополитикийн эмзэг, торгон мөчийг мэдрэхгүйгээр алдах аваас улсынхаа эдийн засгийг, экспортыг алдана гэдгээ ойлгож “нэг цэгт” төвлөрчээ.
УИХ 126 гишүүнтэй болж, улс төрийн гурван намаас бүрдсэн “сонгодог” гэдэгт тун дөхсөн гэж хэлж болохоор Засгийн газартай болсны хэрэг гарч байна. Цөөн хүний хүсэл зоригоос үл хамаарах институци Эвслийн гэрээ гэдэг дээвэр дор 14 мега төслөө хэрэгжүүлж эхэллээ. Эхний алхам Баялгийн сан. Хэчнээн шоолж, эсэргүүцэвч иргэн бүрийн дансанд баялгийн хувь орсныг цахимаар хараад сууцгааж үздэг юм байна. Энэ хувь хэмжээ улам нэмэгдэнэ. Амьдралд тус нэмэр болно. Алга ташилтын төлөө ч хөөрөхгүй, нулимах шүлсний дуслаас ч халшрахгүйгээр баялгийн хувийг нэмэгдүүлэх, өрх бүр, иргэн бүрийн амьдралд тустайгаар шийдвэрлэж чадлаа. Энэ л “стандарт бус” Засгийн газрын автор С.Баярын хэлсэн “Эвслийн гэрээ, хамтын ажиллагааны зорилт нь адгийн шаар томилсон ч хулгай хийж чадахгүй системийг бий болгоход л оршдог. Хүнээс хамаардаггүй систем гэдэг чинь энэ” гэдгийг бодит биелэл юм шүү дээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төслийн нэг болох Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаарх тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ тогтоолоо батлуулчихаад Францын “Орано Майнинг”-тай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгаж байгаад өнөөх баялгийн хувиа нэмэгдүүлэх гэж байгаа юм байна.
Оюутолгойгоос хойшхи хоёр дахь том Хөрөнгө оруулалтын гэрээгээ УИХ-ын 126 гишүүнээр батлуулах гэж буй нь энэ. “Анхны 126-ийн”гэж дурсах түүхэн гэрээ яах аргагүй мөн. Энэ удаад Оюутолгойн гэрээнээс хойшхи 15 жилийн туршлага шингэсэн, жигтэйхэн хашир, нарийн шүүлтүүртэй гэрээ болно гэж найдаж байна. Цаг хугацаа бүхнийг эмчилнэ гэдэг үнэн. Энэ ч бас дээрх “Алтан цаг”-тай холбоотой ойлголт. Өнөөдөр хэн нэгэн популист гарч ирээд ураны аюул, шар нунтгийн хор, үхсэн малын зураг үзүүлээд яриад нэмэргүй, иргэд мэдээлэл сайтай болсон. Юуг яаж ашиглах, үр дүн нь хаана хүргэх талаар ойлгодог болжээ.
Цаашилбал, 16 жил гацсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийн хэлэлцээрийг байгуулахдаа яаж батлахаа УИХ-аас “асуусан” тогтоолын төслийг Засгийн газар өргөн барилаа. Өнөөх л 126 гишүүнтэй парламент шийднэ. Эдгээрийг хэлэлцэж шийдэхийн өмнө УИХ-ын гишүүд Казахстаны ураны үйлдвэртэй, Хятадын “Чайна энержи”-ийнхэнтэй газар дээр нь очиж уулзаад, үзээд, шалгаагаад мэдээд ирж байгаа учраас хэлэлцэн батлахдаа арай өөр бодитой өнцгөөс хандаж шийдвэрлэх байх гэсэн найдлага төрж байна. Яагаад гэвэл 126 хүнийг “найрч болдоггүй” байхгүй юу. Тэд олон нийтийн нүдэн дээр, намынхныхаа илгээлтийг санаж, өөрсдийн итгэл үнэмшлээр уг асуудлыг дэмжих эсэхээ шийднэ шүү дээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын тухайд учир шалтгаан, үр дүн нь тун ойлгомжтой. Хэрэв энэ цаг үед л нүүрсээ экспортлохгүй бол, ганцхан дотооддоо зориулсан хуулиа тулгаад худалдаа хийхгүй бол биднийг тойроод л өнгөрнө. Улс орны эдийн засаг л экспортын орлогоороо дутна уу гэхээс Хятад манай нүүрсээр дутахгүйг дэндүү олон жилийн дараа, маш өндөр үнэ цэнээр ойлгож байгаа юм шүү.
Үр дүнд нь эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэнэ.
Үүний төлөө Монголын сайд нараас “Чайна энержи” юу хүссэн бэ гэвэл тогтвортой хууль эрх зүйн орчин, гэрээг хэрэгжүүлэх нөхцөлийг баталгаатай байлгах, урт хугацааны худалдааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан. Тэдгээрийн дотор нууц гэж үгүй. Бүгд сонгогчдын нүдэн дээр ил шийдэгдэнэ.
Монголчууд эх оронч нэрийг зээлдсэн “гацаагчид”-д итгэснийхээ буянд, “Багануурын станцыг барих хятадуудаас айсныхаа төлөөсөнд” өнөөдөр лаа барин тэмтчиж сууна. Гэтэл гацаагчид нь сайд, Ерөнхийлөгч болж, улмаар УИХ-д дархлагдсан. Тэд сонгуулиар “Бэлтэс мөрөн”-д итгээд байдгаа тавиад туучихдаг иргэдийн хүчинд УИХ-ын гишүүн болсон. “Банкны зээлийг чинь тэглэнэ” гээд байхаар нь манай экс Ерөнхийлөгч улс даяар тэтгэврийн зээлийг тэглэж байсан юм чинь малчдын зээлийг тэглэж чадна” гээд л Х.Баттулга, Ц.Даваасүрэн нарыг сонгосон биз. Энэ удаагийн Эвслийн Засгийн газарт тэд багтаагүй учраас “хашааны завсраар” шагайгаад “Яаж энэ улсыг хорлочих вэ, юуг гацааж, будилуулах вэ гэсэн мэт бүхнийг хараар будах ажлаа хийсээр байна.
Гэтэл тэдэнд хорлогдож “алтан цагаа алдаад” 16 жил болсон төмөр зам ч зэвэрч, эх орончид гэдэг үг ч үнэгүйдэж дээ. Өнгөрсөн хугацаанд төмөр замыг нарийн царигаар баригдвал зам барьдаг хятадууд танкаар дайраад ороод ирнэ гэж айсаар нүүрс ачсан вагоны цуваа авлигын хэрэгсэл болж, жолооч нар хилээр нэвтрэх дугаарлалтад хонож өнжин, тэр хавийн хөрс шороо талхлагдаж, цагаан тоос уушгийг хордуулсаар байна.
УИХ-ын тогтоолын төсөл батлагдаж Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулсан тохиолдолд төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая, түүнээс дээш тонн, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая тонн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж тооцсон аж. Тоо яах вэ, үр дүн нь нийт эдийн засгийн үзүүлэлтүүдэд, улмаар ААН бүрт, өрх бүрт мэдрэгдэх л чухал.
Монгол төрийн аливаа айлчлалаар гадны улс оронд очоод нэг ярьдаг хүсэлтээ тоть шиг давтмааргүй байна. Үр дүн ярьж, гайхуулж, дараагийн сюрпризээ барьдаг болмоор байна. Дахин хэлэхэд, “Огцордоггүй Засгийн газар” гэж байдаггүй юм аа, Л.Оюун-Эрдэнэ ээ. Олдсон “Алтан цаг”-аа л үр дүнтэй ашиглаж чадах нь чухал. Тиймээс зорилготой, зоригтой байж түүхээ үлдээж чадвал Төрийн ордны гуравдугаар давхраас “хөрөгөө дүүжлүүлэхдээ” сэтгэл хангалуун үлдэж чадна.